Өнгөрсөн гуравдугаар сараас хойш эзэнгүй байсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар томилжээ. Өмнө тус газрыг даргаар ажиллаж байсан Р.Содхүүг 2018 оны гуравдугаар сарын 30-нд үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш хоёр сар гаруйн хугацаанд энэ суудал эзгүй байсан билээ. ОӨУМЕГ-ын даргад шинээр томилогдож буй Б.Баасандорж нь 1979 онд төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай юм байна.
Б.Туяа