Ердөө хоёрхон хоногийн өмнө Монголын нийгмийн хамгийн сөрөг дүр болоод байсан УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн төдийгөөр “Ардын баатар” шахуу болж үзэгдэж эхэллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүнийг “бандааш” хэмээх хоч нэр өгөн элэглэж байсан нөхөд эргээд “залуу хүний алдаа байлаа, замын хүзүү урт даа” хэмээн ерөөх шахуу болж байна. Гэсэн ч УИХ түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хараахан авч хэлэлцээгүй байна. Үйл явдал бүрэн дуусаагүй гэсэн үг.
Өмнөх парламентын үед УИХ Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авалгүй суудалд нь үлдээж байсан түүхтэй. Мөн Д.Гантулгын гаргасан гэнэтийн энэ шийдвэрийг “МАН МАХН хоёр тохироо хийгээд тойргийг нь У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарт суллаж өглөө” гэсэн яриа ч гараад байгаа.
Гэхдээ ямар ч тохиолдолд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш түүнийг дагаж буй “хүчиндэгч” гэх нэр олон нийтийн өмнө байж, нэр хүндтэй алба хашиж буй залуу хүний хувьд дааж давшгүй ачаа байсан нь лавтай. Ялангуяа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан УИХ-ын шийдвэр, уг шийдвэрт дургүйцсэн олон нийтийн бухимдал шүүмжлэл болоод УИХ дахь эмэгтэй гишүүдийн сөрөг дайралт түүнийг буцах газаргүй болгосон нь тодорхой.
Гэвч үнэнийг хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал УИХ-ын гишүүдэд өгсөн сануулга гэхээсээ илүү тэднийг энэ суудалд суулгадаг иргэдийг өөрсдийг нь хийж буй сонголтондоо илүү ул суурьтай хандахыг сануулсан хэрэг болов. Яагаад гэвэл Д.Гантулга, Д.Мурат нар энэ парламентын адаг нь биш, аврал нь ч биш. Яг сайхан алтан дундаж нь. (“Эрдэнэт”-ийн хэрэгт нэр холбогдсон, оффшор данстай гишүүдээ ч гэсэн адилхан шалгаарай гэсэн Д.Оюун-Эрдэнэ гишүүний үг үүнийг нотолно) Гагцхүү энэ хоёр хүний хуулийн байгууллагад шалгагдаж буй хэргийн шинж байдал бусдаасаа арай өөр. Нэг тийм зэрлэг бүдүүлэг, адал балмад талдаа.
Түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс “УИХ-д нэр дэвшүүлэх босгыг өндөрсгөе, наад зах нь 45 нас хүрсэн байх шалгуур тавья. Тэгэхгүй бол 25 хүрсэн, төлөвшиж амжаагүй хүүхдүүд төрөөр тоглоод дууслаа” гэдэг үг яриа ч гаргаж байсан. Гэтэл Д.Гантулгатай яг ижил хэрэгт буруутгагдаад байгаа Д.Мурат гишүүн бараг түүний аав шиг хүн байх жишээтэй. Тэгэхээр хүний төлөвшил гэдэг зүйл түүний нас болоод туулсан амьдралаас нэг их шалтгаалдаггүй бололтой. Гагцхүү түүнийг нэр дэвшүүлж байгаа нам нь нэр дэвшүүлсэн этгээдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, сонгож байгаа сонгогчид нь ч сонголтондоо хариуцлагатай ханддаг болох хэрэгтэй юм даа. Хэрэв тэгж чадахгүй бол энэ зэргийн ичгүүр юу ч биш л болох болов уу.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)