ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” Олон улсын чуулга уулзалт өндөрлөлөө.
Хууль тогтоох засаглалын нийгэмд болон дэлхий дахины эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэх үүрэг, аюулгүй байдлыг хангах, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тэргүүн туршлагаа харилцан солилцох, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг олон талт асуудлаар хоёр өдөр чуулсан чуулганаас Тунхаглал гаргалаа.
Монгол Улсын парламентын төлөөлөгчид чуулганы нээлт, хаалт, үндсэн болон салбар хуралдаануудад идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Чуулганы үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийсний дотор ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл, Төрийн Дум, Засгийн газрын удирдлагууд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөлтэй хийсэн уулзалтууд, хөндөж ярилцсан асуудлууд чухал ач холбогдолтой болов.