Хорихын эмч нарын шаардлагаар өчигдөр орой хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн Ч.Сайханбилэгийг маргааш төлөвлөгөөт хагалгаанд оруулахаар болжээ.
Тус эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баясгалан түүнийг ямар хагалгаа хийлгэх талаар хариулахаас татгалзаж “хувь хүний нууцад хамаарах мэдээлэл” гэв. Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа С.Баярын эрүүл мэнд сайжирч байгаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээ үргэлжлүүлэн авах шаардлагатай гэсэн байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс болж Монгол Улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайханы хамт цагдан хориод байгаа АТГ өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд уг хэргийн талаар нэг ч удаа мэдээлэл хийсэнгүй. Б.Бямбасайхан ч мөн хоригдож байх хугацаандаа бие нь муудаж хорих ангийн эмнэлэгт хэвтээд байгаа гэх бөгөөд цагдан хоригдсон дөрвөн хүнээс ганц С.Баярцогт л чимээгүй байна.
Б.ГАЛ