Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Ингэснээр хууль, хяналтынхан түүнийг шалгах эрх зүйн орчин нээлттэй болсон билээ.
Учир нь, түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбоотой гэж олон хүн үздэг юм. АТГ-аас ч "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Д.Сугарыг дуудаж, байцаалт авахаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд "Цагдаагийн байгууллагаас өмнө нь Д.Сугараас "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан нэг удаа байцаалт авсан. Энэ хэрэг дээр дуудаж мэдүүлэг, тайлбар авна" гэсэн юм.
Зарим хэвлэлээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарыг өнгөрсөн баасан гарагт цагдан хорьсон гэх мэдээлэл гарчээ. Тэгвэл энэ талаар АТГ-аас тодруулахад "Д.Сугарыг цагдан хориогүй, ташаа мэдээлэл" гэх тайлбарыг өглөө.