АТГ-ын дарга Х.Энхжаргалд өнөөдөр "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн" - өөс мэдэгдэл хүргүүллээ.
Мэдэгдэлд: "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын гурван хүнийг албан тушаалаас нь чөлөөлж, шалгуулах шаардлагыг хүргүүлжээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар хэлэхдээ: -"Би Оюу толгойн Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Саяхан Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Оюу толгойн Ажлын хэсэг хаалттай хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, Оюу толгойн 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн болох Н.Багабанди, Ч.Алтаннар, Б.Мөнхбаатар нар жилд 240 сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл Оюу толгойн 66 хувийн эзэмшигч талаас гадаад улсын аль нэг банкнаас зээл авахын өмнө албан бичгээр дээрх гурван хүнээр дамжуулан Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж байсан байна. Харин энэ талаар иргэдэд тухай бүрт нь мэдэгдээгүй, хууль бус гэрээг өөхшүүлсэн. Тэд хөрөнгө оруулагч нэртэй, эдийн засгийн алуурчдын гар хөл болж, улс эх орныхоо эрх ашгийг доогуур тавьсан. Үүнээс болж бид хоногт гурван сая ам.долларын өрөнд орж байна. Тэд зөвхөн сахиулын үүрэг л гүйцэтгэж байна. Тэднийг АТГ-аас шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэлээ.
Мөн "Оюу толгойн" хөрөнгө оруулалтын гэрээг шалгах, судлах эрх бүхий Ажлын хэсгийг ч шүүмжиллээ. Тэрээр "Энэ ажлын хэсэг хэлбэр төдий. Оюу толгойн далд уурхайг ажиллуулах санаархалтай. Ямар ч ажлын төлөвлөгөө байхгүй. Юу ч шалгаагүй, ажлын төлөвлөгөө байхгүй хэрнээ бид нараар хүчээр гарын үсэг зуруулж, УИХ-аар оруулж ирэх гэж байна. Өнөөдөр АТГ-ын дарга гэдэг хариуцлагагүй нөхөр ажлаа хийхгүй байна. Бид шаардлагаа 10 хоногийн хугацаатай хүргүүлж байна. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй бол АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах хүртэлх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын гурван нөхрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдан хорьж шалгахгүй боол дараагийн алхамдаа орно" гэв.
Сэтгэгдэл (5)