Засгийн газар өнөөдөр Тавантолгойн төслийг хэрхэн хөдөлгөх талаарх шийдлээ УИХ дахь намын бүлгээрээ хэлэлцүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ тухай “Тавантолгойн асуудлыг намын бүлгээр хэлэлцүүлж, уг төслийг хөдөлгөх үү, үгүй гэдэг дээр улс төрийн шийдвэр гаргах ёстой. Олон жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой” гэсэн байна.
Хэрэв МАН-ын бүлэг Засгийн газраас дэвшүүлж буй Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг дэмжвэл УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх боломжтой болох юм. Засгийн газрын зүгээс Тавантолгой төслийг хөдөлгөх 2-3 хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна. Хувилбарт, Тавантолгой төсөлд Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг татан оролцуулж хамтран ажиллах, “Эрдэнэс-Тавантолгой”, БНХАУ-тай хамтран ажиллах талаар хувилбарууд багтжээ.