УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд шинээр томилогдох нэр дэвшигчдийг хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар Цэцийн есөн гишүүний дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа. УИХ-ын дарга М.Энхболд Цэцийн гишүүн Д.Сугарын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлсэн байна.
2012 онд УИХ-аас нэр дэвшиж Цэцийн гишүүнээр томилогдсон Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-нд дуусчээ. Энэ бүрэн эрхийн хугацаанд түүнийг АТГ-аас нэлээн олон удаа дуудаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Цэцийн гишүүний бүрэн эрхээр халхавчлагдан үлдсэнээр "Сугардаггүй Сугар" нэр аваад байсан билээ.
Мөн адил бүрэн эрхийн хугацаа нь дуусаад байгаа Цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын нарын оронд Ерөнхийлөгч Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болсон гэв. Ц.Нанзаддоржийн хувьд Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан, Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Харин Б.Буяндэлгэрийн хувьд АИХ-ын депутат байсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга. Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэн томилдог. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийх заалттай. Цэцийн шинэ гишүүдийг УИХ-аар хэлэлцэн томилох хүртэл одоогийн гишүүд үүрэгт ажлаа хийнэ.
Б.ЗАЯА