“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилжээ. Энэ бол өнгөрсөн хоёр өдрийн улс төрийн хүрээнд сонирхол татах шинэ мэдээ байв. Учир нь “Эрдэнэс Монгол” компани “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ Овоо”, нүүрс тээвэрлэлтийн 239 км замыг эзэмших эрх бүхий “Гашуун сухайт авто зам”, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Мон Атом” зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн хувь эзэмшлийг нэгтгэн хариуцдаг.
Түүнээс ч илүү сонирхолтой нь Монголын талын 34 хувийг Оюутолгойн ТУЗ-д төлөөлөн суугаа гурван гишүүний нэгийг өөрчлөх тухай яриа гарав. Оюутолгойн гэрээг байгуулсан хийгээд нэмэлт өөрчлөлт оруулсан хоёр ч Ерөнхий сайдыг хууль хяналтын байгууллагаас саатуулж, шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан энэ үед Оюутолгойн ТУЗ-д өөрчлөлт оруулах болсон нь сонирхол татна. Оюутолгойн ТУЗ есөн гишүүнтэй. ТУЗ-ийн дарга Г.Батсүхээс гадна Монголын талын 34 хувийг гурван гишүүн төлөөлдөг. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди, нийслэлийн Засаг даргын орлогч асан өдгөө “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар ажиллаж байгаа Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нар. Тэдний хэн нь ТУЗ-ийг орхих бол?
Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн хувьд Монголын 34 хувийг төлөөлж хоёр дахиа ТУЗ-д сууж байгаа, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарын хувьд шинэ гишүүн. Улс төрчийн нэр хүнд, тойрон хүрээллээс нь харвал Н.Баганбанди лав ТУЗ-өөс өөрөө явахгүй. Тиймээс Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарын хэн нь Оюутолгойн ТУЗ-ийг орхих вэ? гэдэг асуултын хариу олон нийтийн анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (1)