Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр ЗГХЭГ-ын дарга асан прокурорын саналаар Сангийн сайд асан С.Баярцогт болон “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн нэг сараар цагдан хорих прокурорын саналыг хүлээн зөвшөөрлөө.
Шүүх хуралд яллагдагч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас нэг нэгээрээ онлайнаар оролцсон юм.
Тэднийг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаж, цагдан хориод байгаа юм.
Шүүх хуралд оролцох прокурорын зүгээс С.Батжаргал шүүгчээс татгалзжээ. Шүүх дээрх татгалзлыг хүлээн авч өөр шүүгч томилсон байна. Прокурор яагаад С.Батжаргал шүүгчээс татгалзав. Үүний учир шалтгааныг өнгөрсөн долоо хоногт Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорионы шүүх хуралтай холбоотой гэж хардаж байна. Учир нь, С.Батжаргал шүүгч дээрх хоёр эрхмийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг эс зөвшөөрч, тэднийг батлан даалтад гаргах захирамж гаргасан юм. Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий шүүгчид нь эсэргүүцэл бичсэн бөгөөд шүүх энэ асуудлыг дахин авч хэлэлцээд үдээс хойш Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан билээ.
Шүүх сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сараар цагдан хорих прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн нь С.Батжаргал шүүгч солигдсонтой холбоотой юу, прокурорын санал хуульд заасан шаардлагыг хангасантай холбоотой юу ?
Ямартай ч цаг хугацааны дарааллын хувьд прокурорын шүүгчээс татгалзсаны дараа С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарч буй нь үнэн.