Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор УЕП-ын орлогч, С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат уригджээ. Ярилцлагын үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон нийтэд ил болоогүй зарим мэдээллийг дэлгэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдлаа.
Хаалттай хуралдааны өмнө УИХ-ын гишүүн, Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцуулав.
Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон улсын Парламентын холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсхүл уг асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав.
Харин энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны төвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай УИХ-ын төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэв.
Хаалтай хуралдаан хоёр цаг орчим үргэлжилж, хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлаар УИХ-ын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй гэх шийдэлд хүрчээ.
Сэтгэгдэл (9)