x

Ц.Мөнхдүүрэн: Бөхчүүд ард түмний хайр хишигт хариу барих ёстой

Ар болон Өвөрмонголын үндэсний бөхчүүд оролцсон Монгол туургатны бөхийн барилдаан манай улсад цөөнгүй болдог. Дэлхийд тархан суурьшсан монголчуудыг ёс заншлаараа нэгтгэх хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй үндэсний бөх. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард ӨМӨЗО-ны Улаанхад хотод хасар бөхийн барилдаан болж, хоёр улсын хүчтэнүүд бяр тулсан удаатай. Барилдаанд манай улсаас улсын харцага Н.Батзаяа, начин Б.Сугаржаргал, Д.Анар, Б.Серик нар зодоглож байв.

ӨМӨЗО-ны Улаанхад тэр дундаа Архорчин хошуу нь монгол үндэстний түүх, уламжлалт соёлоо үеэс үе дамжуулж өдийг хүрсний нэг нь монгол үндэсний бөх аж. Монголын сэтгүүлчдийн баг тус хошуунд ажиллах (10.28-11.11) үеэр Өвөрмонголын гарьд Цэрэндоржийн Мөнхдүүрэнтэй ярилцсаныг сийрүүлэн, уншигч танд хүргэж байна.

-Бөхчүүд дийлэнхдээ удам дагадаг шүү дээ. Таны хувьд?

-Нагацын талд барилддаг хоёр, гурван хүн бий. Харин аавын минь удамд бөх хүн байхгүй. Миний бие Улаанхад хотын Архорчин хошуугаар нутагтай, өөрийн сэтгэл зүрхээ дагаж үндэсний бөхөөр барилдаж яваа жирийн нэгэн залуу. Хар багаасаа монгол бөхөд дурлаж, 18 настайгаасаа барилдаж эхлээд өсөн жил болж байна.

-Сайн бөх болохын тулд сайн багштай байх нь дамжиггүй. Таныг өдий дайнд хүргэсэн багшийнхаа тухай яриач?

-Багш маань Архорчин нутагтаа танигдсан, Дундад улсын жүдо бөхийн тамирчин Жигмэдцэрэн гэж хүн бий. Багштайгаа 2011 онд танилцаж, удирдлага дор нь одоог хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж, гарьд цол хүртсэн.

-Ар, өвөрмонгол бөхчүүдийн барилдаан манай улсад олон болдог. Монголд очиж барилдаж байв уу?

-Ар Монголд очиж барилдаагүй. Гэсэн ч миний сэтгэлд бүх монголчууд нэг гэр бүл. Ар монгол, өвөрмонгол гэж ялгадаггүй тул Монгол Улсаас ирсэн бөхчүүдэд хүндэтгэлтэй хандаж явдаг юм.

-Манай бөхчүүдээс хэн, хэнтэй нь учраа таарч байв?

-Монгол Улсын аварга Н.Батсуурь, гарьд Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Б.Амарзаяа, Д.Анар, Э.Даш зэрэг бөхтэй барилдаж байсан.

-Барилдаан хэр болж, ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ? 

-Монгол бөхчүүд бяр ихтэй, бэлтгэл сайтай. Манай Өвөрмонголын бөхчүүд тэдэн шиг олон наадамд барилдаж, бэлтгэл хангаад байвал бяр суух юм шиг санагдсан.

-Монгол бөхчүүдээс үлгэр дуурайлал болгож, түүн шиг барилдах юмсан гэж боддог, хүндэтгэдэг бөх байгаа юу?

-Аварга Ч.Санжаадамбыг их хүндэтгэдэг. Тэрбээр Өвөрмонголд болсон гурван том барилдаанд ирж барилдаад, гурвууланд нь түрүүлсэн. Бидний үеийн залуу бөхчүүд Ч.Санжаадамба аваргыг ихэд биширдэг.

-Бөхчүүд гал болж хөдөө бэлтгэл сургуулилтаа хийдэг. Та бүхэн бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?

-Манай бөхчүүд өвөл, хаврын бэлтгэл их хийдэг. Мөн ар Монголд очиж бэлтгэл хийж байгаа бөхчүүд ч бий. Сүүлийн жилүүдэд танай бөхчүүдтэй солилцоо хийж, туршлагажиж солилцож байгаа.

-Өвөрмонгол бөхийн зодог, шуудаг манайхаас их өөр. Өмсгөлөө тайлбарлаж өгөхгүй юу?

-Өвөрмонголд бөхийн олон төрөл бий. Хөлөнбуйр, Ордос нутаг, баруун аймаг гээд бүгд өөр, өөр өмсгөлтэй. Тухайлбал, одоо барилдаж байгаа бөхийн нэг төрлийг урьд Чингис хааны үеийн бөөгөөс эхлэлтэй гэж үздэг. Өмсгөл нь үүнийг илэрхийлнэ. Энэ мэт бөхийн өмсгөлүүд олон янз.

-Таныг үндэсний бөхөөр барилдахаас гадна хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян зохион байгуулдаг гэж сонссон. Хэзээнээс энэ ажлыг хийж эхэлсэн бэ?

-Эцсийн эцэст бөхчүүд бид ард түмнийхээ хайр хишиг, дэмжлэгээр амьдарч байгаа улс гэж би боддог. Тэднийхээ дэмээр цол, шагнал авч байна. Тиймээс хариу барих ёстой. Зон олны үеэс үе дамжиж ирсэн найр наадам, зан заншил үгүй бол бөхчүүдийн ахуй амьдрал ямар түвшинд байхыг хэлж мэдэхгүй.

Би 2016 оны хавраас өөрийнхөө “Говийн наран” санг байгуулсан. Манай сан хошууныхаа ядуу, өвчтэй, эцэг эх нь нас барсан хүүхдүүдэд тусалж, хайр халамж үзүүлэх аян өрнүүлдэг юм. Хэдхэн хоногийн өмнө хошууныхаа нэгэн гэр бүлд тусаллаа. Энэ айлын 15-хан настай охин ясны сүрьеэгээр өвдөж, шаналж байна.

Гэтэл гэр бүлийнхэн нь эмнэлгийн төлбөрийг нь төлж чадахгүй хүндхэн байдалд орж. Иймээс бид мөнгө цуглуулж өгсөн.

-Хүмүүнлэгийн ажил өрнүүлэхэд хүндрэлтэй олон зүйл тулгардаг. Та хандив тусламжаа хэрхэн цуглуулж байна вэ?

-Ганц хүн олон хүнд тусална гэдэг амаргүй. Тиймээс интернетийн сүлжээ ашиглаж, wechat-ын шууд дамжуулалтаар (live) сайн үйлсийн аяныхаа уриалгыг явуулж, бусдадаа туслахыг гуйдаг. Монгол хүн монгол хүндээ хайртай байх ёстой, тийм болохоор зүдэрч яваа нэгэндээ тусалъя гэж хичээдэг юм.

Сайн үйлсийн цахим бүлгэм маань 2,000 гаруй хүнтэй. Ямар нэгэн аян өрнүүлье, арга хэмжээ зохион байгуулъя гэвэл тэр хүмүүс хамгийн түрүүнд нэгддэг. Энэ 2,000 хүн мөнгөтэйдөө нэгдсэн юм биш шүү. Тэдний дунд эгэл даруухнаар хөдөө амьдардаг нь олон хүн бий. Өөрөөр хэлбэл, “зовлон” нэгтэй учраас бие биенээ дэмжиж, ойлгож байна. Тэд намайг чиг болгож, олон сайхан аяныг өрнүүлж яваа.

-Ирэх зун ямар барилдаанд зодоглохоор төлөвлөж байна вэ?

-Мэдээж Өвөрмонголын зуны наадмууд бий. Танайхаар бол аймаг, сумын наадам. Ер нь зуны гурван cap зав чөлөөгүй өнгөрдөг юм.

-Таны малгай манай бөхчүүдийнхтэй ижилхэн юм байна. Хаана хийлгэсэн бэ?

-Монголд Улсад хийлгэж авчруулсан. Хоёр жил болж байна.

-Ар Монголд очиж барилдах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Дан ганц барилдахаас гадна очиж бэлтгэл хийхийг их хүсдэг.

-Манай улсын бөхчүүдээс хэнтэй нь барилдмаар байна?

-Xарцaгa О.Хангайтай барилдмаар санагддаг. Тэрбээр Өвөрмонголд хоёр удаа ирж, нэг найрын түрүүг авч байсан удаатай. Харин нөгөөд нь Өвөрмонголын их аварга Баярбаатар, Гэгээрэх нарт унаж, өвдөг шороодсон.

-Таныг бэлтгэлдээ гарсан гэж дуулсан юм. Ойрын барилдаан хэзээ вэ?

-Би энэ жилийн өвлийн бэлтгэлээ Соёл, Оюунбат багшийн удирдлага дор өөр хотод хийж байгаа. Хавраас хөдөө гарч, адуу малтай ноцолдоно. Энэ жилийн Цагаан сараар Хөлөнбуйрд том барилдаан болох учир тийшээ явна.

-Өөрийн тань дархан мэх юу вэ?

-Залуу бөх болохоор өөрт суулгасан дархан мэх одоогоор байхгүй л байна. Яваандаа дархан мэхтэй болох байх аа.

-Та түрүүн хамгийн том зорилго минь монгол бөхөөрөө сайхан барилддаг болох гэж хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Тийм ээ, миний зорилго бол тэр. Энэ хэрээр монгол соёлоо хүмүүст таниулах юм. Нөгөө талаас барилдах хугацаандаа хүнийг таньж, мэдэн сайхан нөхөрлөхийг хүсдэг дээ.

-Таны бодлоор Өвөрмонголд монгол үндэсний бөхийн спорт хэр хөгжиж байна?

-Дундад улс бол маш том гүрэн. Өвөрмонголдоо бид үндэсний бөхөөрөө барилдаж, тодорхой хэмжээнд танигдсан ч эндээс холдвол биднийг хэн ч танихгүй. Хэдий тийм ч сүүлийн жилүүдэд монгол бөх хөгжиж, өргөн дэлгэрсэн.

Монгол бөх, бөхчүүдийг анхаардаг хүн олон болж. Телевизийн монгол сувгаар монгол бөхийн тухай олонтаа мэдээлж байна. Цахим сүлжээгээр дамжуулаад нийгэмд нэн сайхнаар хүргэж байна. Цаашлаад бөхчүүд нэгдэж, нэг чигтэй болно байх.

Яг одоогоор манай оронд монгол бөхөөр барилдаж байгаа залуус олон ч, идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж байгаа нь цөөн. Бидний хувьд ажлынхаа зав зайгаар бэлтгэл хийдэг. Ар Монголын бөхчүүд шиг цолонд хүрвэл өндөр шагнал, хангамжтай болно гэсэн юм байхгүй.

-Монгол бөхийн спорт аль нутгаар ил үү хөгжиж байна?

-Ер нь бол бөхийн өлгийг Шилийн гол гэж ярьдаг. Мөн Үзэмчин хошуунууд монгол бөхийн спортыг орхиогүй. Олон сайхан бөхчүүд тэндээс төрдөг. Түүнчлэн манай Улаанхадад Шилийн голоос дутахааргүй сайхан бөхчүүд гарч ирж байна.

-Залуу бөхчүүд хэр хүч түрэн гарч ирж байна вэ?

-Залуу үе шинээр гарч ирэлгүй яах вэ. Тэд хуучны бөхчүүддээ үлгэр дуурайлал болох нь ч бий. Бие бялдар ч сайтай болсон.

-Манай улсад тухайн бөх дэвжээн дээр заавал өвдөг шороодож байж унасанд тооцдог. Харин танайд гар, тохой газар шүргэх төдийд л унасанд тооцдог байх аа?

-Тийм ээ, манайд тохой, өвдөг газарт хүрсэн төдийд унасанд тооцно. Cap гаруйн өмнө Монгол бөхийн нийгэмлэг хурал хийсэн. Энэ хурлаар цол олгох талаар ярьж, дараа жилийн долдугаар сараас Өвөрмонголын бөхийн дүрмийг нэгтгэн цэгцлэхээр боллоо. Тэгэхгүй бол аймаг бүр өөр, өөрийн дүрэмтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, бусад аймаг хошуунд очиж барилдахад тэр газрын дүрмийг мөрдөхгүй бол болохгүй. Иймээс ар Монгол шиг бөхийн нэгдсэн дүрэмтэй болох нь зүйтэй гэж үзсэн юм.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 29 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 39 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 43 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 49 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 56 мин 2006 он: Эргэлтийн цэг 2 цаг 2 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 13 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 16 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 20 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 23 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 33 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 55 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 29 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 17 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 33 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 46 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 20 цаг 2 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 15 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top