Өнөөдөр 2019 оны 112 дахь өдөр, харин шинэ он хүртэл 253 хоног үлдлээ.
Өнөөдрийн баяр:
Эх болсон эх дэлхийн өдөр
Өнөөдөр хамгийн том даяарчлалын баярыг зарласан тогтоолд Дэлхий ба түүний Экосистем нь бидний орон гэр учраас эдийн засаг, нийгэм болон экологийн хэрэглээний тэнцвэрийг барьж байх ёстойг заажээ.
"Эх болсон эх дэлхийн" ойлголт нь хүн ба бусад амьтад дэлхийд хандах хандлыг нэрлэсэн нийтлэг нэр юм. АНУ-ын Висконсин мужийн сенатор Г. Нельсон (Gaylord Nelson) Дэлхийн өдөр (Earth Day) гэх энэ баярыг анх 1970 онд санаачилжээ.
Дэлхийн хойд хэсэгт энэ баярыг хавар, өмнөд хэсэгт нь намар тэмдэглэдэг байна.
Сонирхолтой баримтууд:
- Манай цэнхэр гариг бараг 4,5 тэрбум жилийн настай. Алс хотын нарны системд дэлхийн ижил гараг байдаг гэж одон орончид таамагладаг.
- Хэрэв зээ та дэлхийг экватороор нь тойроно гэвэл 40010 км замыг туулна.
- Газрын гадаргаас төв нь хүртэл 6378 километр. Хатуу гадарга литосфера нь дөгөж 70 кмын зузаан давхрага болдог.
- Калифорнийн Үхлийн хөндий (Цельсийн +55.8 градус), Ливийн Эль Азизия (Цельсийн +57.8 градус) хоёр нь дэлхийн хамгийн халуун газрууд юм.
- Хамгийн хүйтэн газар нь Антарктика.
- Манай гараг эрдэс баялагаар арвин. Тэдний 4000 төрлөөс 200 орчим нь ашиглагддаг.
- Манай гараг Сар гэсэн ганцхан дагуултай.
Сонирхолтой түүх:
Бастилийн цайзыг босгож эхэлжээ
1370 оны дөрөвдүгээр сарын 22-нд Францын хаан V Карлын тушаалаар өөрийн ханаар британичуудаас Парисыг хамгаалах Бастилийн цайзын суурийн анхны чулууг тавьжээ. "Вastille" гэх энэ үг хамгаалалт гэсэн нэр болон хувирсан юм.
Бастилия нь дөрвөн өнцөгт сүрлэг байшин юм. Түүний найман цамхаг нь 30 метр гаруй ижил өндөртэй ханаар холбогдсон байв. Бастилийг 25 метрийн өргөн, найман метрийн гүнтэй шуудуугаар бүсэлсэн ба тэр бүгдийг зөвхөн хаалгатай ханаар хүрээлүүлжээ. Тухайн цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг цайз болсон түүнийг хоёр зууны дотор босгожээ. Карлын үеэс л элдэв үймээн самуунаас тэнд дээдэс нуугддаг байлаа.
Харин IV Генрихийн үеэс цайзын цэргийн санаа нь алдагдан тэнд тэрслүү нарыг хорьдог болж эхэлжээ. Кардинал Ришельегийн үеэр XVII зуунд Бастилия байнгын шорон болсон ба голчлон улс төрийн хоригдлуудыг хорьдог болов.
Цамхаг тус бүрийнх нь эхний таван давхарт шоронгийн өрөөнүүд байрлана. Бастилия шоронд 42 хоригдол авах боломжтой байлаа. Цайзыг бариулсан Гюго Обрио анхны хоригдол нь болсон байна. Түүнийг завхай амьдралтай, еврей хүүхэнтэй амьдардаг гэж яллан хорьжээ. Ард олны самуунаар түүнийг дөрвөн жилийн дараа 1381 онд чөлөөлсөн байдаг.
Тэнд өндөр язгуурт олон цуутай хүмүүс хоригдсон юм. Түүгээр сайд Фуке, маршал де Бассомпьер, кардинал де Роган, гүн де Мирабо, Д’Арманьяк, Бомелле, аббат Морелле, Калиостро, гүнгийн ахайтан де Ламотт, герцог де Немур зэргийн язгууртнууд дамжсан аж.
Гүн ухаантан Вольтер тэнд хоёр ч удаа хоригджээ. Тэнд бараг гучаад жил хоригдсоныхоо таван жилийг алдартай дуулианч маркиз де Сад өнгөрөөсөн байдаг.
Хамгийн алдартай хоригдол нь Төмөр баг байсан ба хэн ч түүний нэр, дууг сонсоогүй. Хориглуудыг салхилуулахдаа торгон амны хаалт зүүлгэж байсан аж.
Бастилийн харуул, хамгаалалт улсад нэлээдгүй үнэтэйгээр тусч байв. Хааны гарын үсэг авахаар явуулж байсан нууц захидлын практикийг зогсоосны дараа шоронгийн хоригдлуудын тоо эрс буурсан байлаа. Венсенийн цайзын шоронг татан буулгасан Сангийн сайд Неккер Бастилийг бас тэр замаар оруулах гэж байгаад харин амжаагүй юм.
1789 оны долдугаар сарын хувьсгалын эхээр цайзыг хувьсгалчид эзлээд түүнийг буулгахаар шийджээ. Бастилийн сүүлчийн долоон хоригдлуудыг чөлөөлөн тавьсан байлаа. Цайзыг гурван жилийн турш 800 ажилчин буулгасан ба түүний бууринд “Одооноос энд бүжиглэх болно” гэсэн самбар тавьсан байна. Одоо шоронгийн буурин дээр тавигдсан замын чулуун өрлөгүүд нь түүний зураглалын дүрсийг нь харуулдаг.
Нураан буулгагдсан цайзын талбай одоо хэдэн арван гудамжнуудын нийлбэр болсон ба төвд нь эрх чөлөөний төлөө амиа өгсөн хохирогчдын дурсгалын хүндэтгэх багана байдаг байна.
Сирус шуудангийн хөлөг онгоц Атлантын далайг анх удаа зогсолтгүйгээр гаталжээ
1838 он: Америкийн Нью-Жерси мужийн Санди-Хук боомтод Ирландын Куинстаун хотоос дөрөвдүгээр сарын 4-нд гарсан шуудан ба зорчигчдын “Сириус” гэх хөлөг онгоц хүрэлцэн иржээ.
Энэ нь Атлантын далай зогсолтгүй туулсан анхны уурын хөдөлгүүртэй хөлөг онгоц байлаа. Атлантыг гатлахад “Сириус” 18 хоног 10 цаг зарцуулжээ. Үүнээс зургаан жилийн өмнө английн “Радамантус” уурын онгоц хамгийн анх Атлантын далайг гаталсан боловч замдаа уурын тогоогоо далайн давснаас цэвэрлэхээр хэд хэдэн удаа зогсолт хийж байсан аж.
Өнөөдөр түүхэнд:
1348 он: “Энэ тухай муугаар бодсон хүн бүрт ичгүүр” гэсэн үгтэйгээр Солсберийн гүнгийн ахайтны унагасан зүүлтийг Английн хаан III Эдуард шалнаас авч өгөв. Үүнийхээ дараа тэр Английн шагналын системийн оргил болсон Зүүлтийн гэх одонг бий болгожээ.
1500 он: Ирээдүйн Бразилийн эрэгт орчимд өмнөд өргөрөгийн 17 дахь градуст Португалийн адмирал Педру Албариш Кабралагийн эскадр зангуу хаян зогссон гэдэг. Португаличууд Энэтхэгийн зүг явж байсан ба Ногоон хошууны арлуудаас замаа алдан баруун тийш хөвж яваад өмнө нь мэдэгдэхгүй байсан эх газрыг олж нээн Терра-да-Вера-Круш (Ариун загалмайн газар) гэж нэрлээд Португалийн эзэмшил гэж зарлажээ. Бразилид анх португали офицер Николау Коэлью ба африк боол Гаспар да Гама хоёр хөл тавьсан ба тэд энэ газар нутагт шинэ үндэстэнг үндэслэгчид нь болсон юм.
Колончлогчдын хамгийн анхны олз нь улаан, цэнхэр будаг гарган авдаг зандан мод (pau-brasil) байсан ба тэр нэрнээс Бразили үүсчээ. Зөвхөн 1530 оос шинэ нутаг орныг төлөвлөгөөтэйгээр эзэмших ажил эхлэн анхны оршин суугчид Португалиас мал, суулгац, үр тариатайгаар хүрэлцэн ирцгээв. Тэд газар тариаланг чухалчилсан ба сахарын нишинг суулгаж эхэлжээ. Томоохон эдлэн фазенда бүрийн дэргэд сахарын үйлдвэр "энженьо" байгуулж байлаа. Европт эрэлт ихтэй цагаан будаа, тамхи, шош, төмс, хөвөн ургуулж эхэлжээ. Аралд байгуулсан португаличуудын цэргийн лагерь Сан-Себастьян-де-Рио-де-Жанейро суурины цөм болсон байна. Рио-де-Жанейро байгуулагдсанаар Ариун загалмайн газрын түүх төгсч Бразилийн түүх эхэлсэн юм.
1529 он: Сарагос хотноо Испани, Португали хоёр дэлхийн зүүн хэсэгт нөлөөгөө хуваах тухай гэрээнд гарын үсэг зурагдав. Энэ баримт нь 1494 оны Тордесильясын гэх алдартай гэрээний нэмэлт болсон байна. Шинэ гэрээ нь зөвхөн баруун хэсгийн нөлөөний хилийг тогтоожээ.
Хуваалтын шинэ шугам Молуккийн арлуудаас арай баруун талаар татагдсан ба түүнээс зүүн талын бүх нутаг, далай тэнгис испаничуудад, баруун тал нь португаличуудад хамрагдахаар болсон байна. Энэ хуваалтаар дэлхийн бөмбөрцгийн 45 хувийг Испани, 55 хувийг Португали авсан тэнцвэргүй хуваалт нэг мөр тогтсон ба зөвхөн 1777 онд талууд сарагосын баримтыг хүчингүйд тооцжээ.
1760 он: Лондоны нэгэн хөгжмийн үдэшлэг дээр ролик тэшүүр танилцуулагджээ.
Бельгийн залуу хөгжимчин Жозеф Мерлин танхимд гартаа хийл барин өөрийн зохиосон хөдөлгөөний хэрэгсэлтэйгээр танхимд орж ирэн тоглолтоороо гайхуулахын оронд толь мөргөн унаад анхны ролик тэшүүрийг нийтэд үзүүлжээ.
Италийн бүжгин жүжигчин Мария Тальони таалал төгсөв
Романтизмын эриний бүжгин жүжгийн гол хүн Мария Тальони (1804.04.23-1884.04.22), 1804 оны дөрөвдүгээр сарын 23-нд бүжиг дэглэгч, балетмейстер Филипп Тильонийн гэр бүлд төржээ. Эцэг нь түүнийг бүжгин жүжигчин болгох хүсэлтэй байсан гэх. Балетийн бие галбир ба төрх байгаагүй ч охиноо Вена, Стокгольм, Парист сургаж, өөрөө ч хичээллүүлдэг байлаа. Тэрээр 1822 онд «Терпсихорагийн ордонд залуухан дагиныг хүлээн авсан нь» бүжгин жүжгийг тавин Вена хотноо Мариягийн анхны тоглолтыг хийлгэжээ. Тэрээр өөрийн партийг хөнгөн даруухан даашинзтай бүжиглэн тэр үеийн хүнд хувцас, хиймэл үстэй бүжигчдээс ялгарч байлаа. Мария Парисийг 1827 онд «Венецийн багт наадам» бүжгин жүжгээрээ байлдан дагуулжээ.
Тэнд 1832 оны гуравдугаар сард балетийн романтизмыг эхлүүлсэн Сильфида жүжгийн анхны тоглолт Мариягийн гоцлолтойгоор хийгдлээ. Яг тэр үеэр л Мария Тальони бүжгин жүжигт пачка гэх шаахай, пуанта гэх сэвсгэр банзалыг оруулж иржээ. Дараагийн 15 жилд нь тэрээр Европоор тойрон тоглолт хийжээ. Домогт Мариус Петипа түүнд зориулан олон бүжгийг бэлтгэж байв. Мария 1832 онд гүн де Ваузентай гэрлэсэн ч тайзаа орхисонгүй. Театрын карьераа тэрээр 1847 онд дуусгасан байлаа. Италид амьдарч хувиараа хичээл зааж байлаа.
Мария Тальони 1884 оны дөрөвдүгээр сарын 22-нд Марсель хотноо таалал төгсчээ. Энэ эмэгтэйн Пер-Лашезийн оршуулгын газар дахь булшны чулуун дээр “Газар түүнийг битгий хүчтэй дараарай, тэрээр өөр дээр чинь тийм хөнгөхөн гишиглэж явсан шүү дээ” гэсэн үгийг сийлсэн байдаг.
1809 он: Регенсбург хотод болсон тулаанд Наполеоны удирдсан Францын арми Австрийн армийг буулган авчээ.
1814 он: Францтай ялалтын гэрээ байгуулсанд зориулсан ёслолын буудлагаар 324 удаа салют хийж Петербург хотноо тэмдэглэсэн байна. Энэ нь Оросын түүхэнд төрийн ёслолын анхны буудлага болжээ.
1864 он: АНУ-д нэг ба хоёр центын хүрэл зоос зутгаж эхлэжээ. Хоёр центын зоос дээр тэр үеийн Сангийн сайд Салман Портлэнд Чейзын тушаалаар “In God We Trast” /Бид бурханд итгэнэ/ гэсэн үгийг сийлсэн нь хожим цаасан мөнгөн тэмдэгтүүдэд бичигджээ.
Үүнтэй зэрэгцэн хувиар зоос зутгахыг хориглосон байна. “Никелийн лоббийн” шахалтаар 1865-1866 онуудад гурав ба таван центын хүрэл-никель зоос гаргах хуулийг баталж байсан гэнэ. Өдгөө эдгээр зоосноос нэг ба таван центын зоос гүйлгээнд байдаг.
1908 он: Зөгнөлт зохиолч, палентлогч Иван Антонович Ефремов 1908 оны дөрөвдүгээр сарын 22-нд төржээ. Энэ хүн Монголын говийн үлэг гүрвэлийн булшийг нээсэн гэдгээрээ алдартай. Говьд малтлаг хийсэн тухай өгүүлсэн “Салхины зам” ном нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг.
1914 он: Дэлхийн нэгдүгээр дайны үеэр германы генерал Фалькехайны тушаалаар Бельгийн Ипр хотын ойролцоо баруун фронт дээр түүхэнд анхных болох хорт хийн довтолгоо хийжээ. Барагцаалбал зургаан км орчимын фронтод 180 тонн хлорыг немцүүд хэрэглэжээ.15 мянга орчим хүн хийн атакт нэрвэгдэж тэдний 5000 орчим нь үрэгдсэн байна.
Жилийн дараа энд немцүүд дахин нэг хийн атак хийж гашуун гичийн хий хэрэглэжээ. Энэ хорт хийг хожуу Ипр хотын нэрээр ипритийн хий гэх болсон байна.
1930 он: Лондонгийн тунхаг ёсоор дайны хөлөг онгоц, хөлөг онгоц угсрах үйлдвэрийг хянаж, тодорхой тоонд барьж байхаар Их Британи, Япон, АНУ тохиролцжээ.
1945 он: Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Гитлерийг амиа хорлон нас барсан болохыг ЗХУ-ын армийн шинжээчид тогтоов.
1948 он: Араб-Израилийн дайн: Израйлийн хамгийн чухал боомт болох Хайфа боомтыг Арабын цэргийн хүч эзлэн авчээ.
1951 он: Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын Ардын сайн дурын арми Австралийн армид цохилт өгөв.
1969 он: Британийн усан онгоц үйлдвэрлэгч Сир Робин Нокс-Жонстон ганцаараа зогсолтгүй дэлхийг тойрч эх нутагтаа эргэн иржээ.
1972 он: Вьетнамын дайн: Америкийн нисэх хүчин Вьетнамыг бөмбөгдөж буйг эсэргүүцэн Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско хотуудад дайны эсрэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулжээ.
1977 он: Телефон утасны шугамыг анх удаа шилэн кабельд холбов.
1983 он: Германы "Штерн" сэтгүүлд "Гитлерийн өдрийн тэмдэглэл" материал нийтлэгдэв. Зүүн Германы нэгэн балгасаас олдсон Гитлерийн өдрийн тэмдэглэл нийтлэгдсэнийхээ дараа ихээхэн маргаан дагуулан юм.
1992 он: Мексикийн Гуадалахара хотод газрын тосны агуулах дэлбэрсний улмаас 206 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархаджээ. Түүнчлэн 15,000 хүн орох оронгүй болсон байна.
2004 он: Хойд Солонгосын төмөр зам дээр бензин ба шахмал хий ачсан хоёр галт тэрэг мөргөлдөж 3000 орчим хүнийг нэрвэжээ. Хятадын хилээс 50 км-ын зайтай болсон энэ ослын утаа униар Хятадад хүрч байлаа.
2008 он: АНУ-ын Нисэх хүчин дэлхийн анхны үл үзэгдэгч болох "F-117 Шөнийн харцага" сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг зэвсэглэлээс хасчээ.
2016 он: Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын тунхаг" албан ёсоор хэрэгжиж эхлэв.