МУИС-ийн профессор Т.Доржтой ярилцлаа.
-Эдийн засаг сэргэж эхэлсэн ч гурван хүний нэг нь ядуу байна гэсэн харамсалтай статистик мэдээллийг мэргэжлийн байгууллага өгсөн. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг их бага хэмжээгээр өссөн атал үүнтэй зуузай холбон ядуурал тэлсээр байгааг бүгд харж байна. Хэрвээ эдийн засгийн өсөлт ядуурлаас ангижрах шийдэл биш бол тэр өөрөө асуудал болж таарна. Эдийн засгийн өсөлт нийгэмд орлогын ялгарлыг дэндүү их нэмэгдүүлж байгаад асуудал байгаа юм. Тэр нь эдийн засгийн ямар ч сайн үзүүлэлтийг өршөөлгүй залгих аюултай.
Нэгдүгээрт, өрөөр санхүүжигдсэн “халамжийн” эдийн засагт үзүүлж байгаа дарамт жилээс жилд нэмэгдэж байгаа нь “сууж буй модоо хөрөөдөж’’ буйтай адил. Хоёрдугаарт, халамж эргээд нийгмээ өвчлүүлэх аюултайг мартаж болохгүй. Тодорхой төвшинд хүрэхийн хэрээр халамж үйлчилгээ нь зориулагдсан эздэдээ бус, албан тушаалтнуудын авлига хүртэх эх булаг, гар доорх хэрэгсэл, дарангуйллын “үйлчилгээ” болон хувирсаар олон жил боллоо шүү дээ.
-Үүнээс гарахын тулд яах ёстой вэ?
-Хамгийн гол нь монгол ажиллах хүчний өрсөлдөх чадвар дорой байгаатай холбоотой юм. Гол дайсантай дайн зарлах эхний стратеги бол ажилчдыг чанаржуулах явдал. Ядууст мэргэжлийн наад захын боловсрол олгох, ур чадварыг нь дээшлүүлэх сургалт, давтан сургалтууд туйлаас чухал. Бүр тодруулбал, ядуусаа өөрсдийг нь өөрчлөхгүйгээр, өөрчлөгдөхөд нь төр тусалж дэмжихгүйгээр энэ мухардлаасаа бид хэзээ ч гарахгүй.
Ядуурлыг ажлын байртай холбон шийдэхдээ хувийн хэвшлийг өөгшүүлэн дэмжих дорвитой арга хэмжээг давхар хэрэгжүүлэх учиртай. Татварыг бууруулан хувийн секторыг дэмжин хөгжүүлэх онцгой шаардлага байна. Татвар буурна гэдэг нь мөнгө чөлөөлөгдөж байгаа хэрэг. Энэ нь хэрэглээг нэмэгдүүлнэ. Тэр утгаараа эрэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болох ёстой. Гэхдээ энд нэг зүйл байгаа юм.
Ядуучууд талдаа хэрэглээ нэмэгдээд харин хөрөнгө оруулалт нь бизнес эрхлэгчдэд очиж байна.Ингээд харахаар эдийн засгийн өсөлт нийгэмд баян ядуугийн ялгааг асар ихээр нэмэгдүүлж байна. Ядуу хүний хэрэглээн дээр нэг хэсэг нь баяжиж байгаа хэрэг. Эдийн засаг өсөлттэй байхад ядуурал буурахгүй байгаагийн гол шалтгаан энэ.
-Ирэх жилүүдэд Монголын эдийн засаг өснө гэж олон улсын судалгааны байгууллагууд таамагласан. Учир нь олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн эрэлттэй байгаа. Дээрээс нь “Оюутолгой” болон “Тавантолгой”-н төсөл эдийн засаг өсөхөд гол нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Өөрчлөлт гарна гэж хэлэхэд хэцүү юм. Гадаад орчин хүндхэн байна. Тиймээс хүндхэн жил үргэлжлэх болов уу. Нөгөө талаас дотоод орчин ч бас тогтворгүй байгаа учир хөрөнгө оруулалт буурах хандлагатай байна. Зээлжих зэрэглэл ирэх хоёр жилдээ өсөхгүй. Эдийн засгийн 17 орчим хувийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж байсан 2012 онд манай улсын зээлжих зэрэглэл В1 ангилалд буюу сайн зээлдэгч байлаа.
Сайн нэр хүндийг олж авахад хэцүү, мууг олоход амархан гэгчээр ердөө дөрөвхөн жилийн дотор зээлжих зэрэглэл Саа1 болж, төсвийн тогтворгүй байдлаараа дэлхийд аман хүзүүдэх хэмжээний улс болсон. Эхний ээлжинд өрийн хэмжээг тогтворжуулахын тулд 2019 он гэхэд шинээр өндөр үнэтэй өр үүсгэхгүй байх хэрэгтэй Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгцээ шаардлагыг дахин үнэлж, шинээр төсөл эхлүүлэхгүй байх арга хэмжээг эхний ээлжинд авах хэрэгтэй байна.
-Монгол Улс том өрүүдээ 2020 хүртэл хойшлуулсан. Дээрээс нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байна. Нэг ёсондоо олон улсын өмнө маш том үүрэг хүлээсэн гэсэн үг. Мөн FATF-ын хар, саарал жагсаалтад орох эрсдэлийн өмнө нүүр тулаад байгаа. Тэгэхээр танаас юу гэж асуух гээд байна вэ гэхээр бидний энэ байдал дэлхийн улс орнуудаас тусгаарлагдах хэмжээнд хүрэх вий гэдэг айдас төрж байна. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?
-Монгол Улсад сүүлийн 7-8 жилийн хугацаанд өрийн хэмжээ огцом өссөн. Өрийн бүтцийг үзвэл нийт өрийн дотор Засгийн газрын өр 31.63 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар байна. Хувийн хэвшлийн өр “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн үеэс огцом нэмэгдсэн бол Засгийн газрын өр Монгол Улс арилжааны зээл буюу бонд босгох болсон 2012 оноос эрс өссөн.
“Economist" сэтгүүлийн 2017 оны дэлхийн эдийн засгийн халаасны лавлахад Монгол Улс гадаадын өрийн дарамтыг ДНБ-тэй харьцуулснаар улс орнуудын дотор хойноосоо нэгдүгээрт, экспортод харьцуулснаар хоёрдугаарт, өрийн үйлчилгээний дарамтаар аравдугаар байранд оруулсан байсан.
Зээлийн зэрэглэлээр Б хасах, С зэрэг үнэлгээтэй байгаа. Өрийн төвшинг үнэлэхдээ Дэлхийн банк эдийн засгийн чадамж сайтай, дунд, муухан гэж ангилан хэсэг тус бүрд нь тохирсон шалгуур үзүүлэлт тавьсан байдаг. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн нормыг манай улс аль хэдийнээ давсан байгаа юм.
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа нь эдийн засаг сэргэхэд нөлөөлсөн шүү дээ. Үүнд таны бодлыг сонсмоор байна?
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засаг агшина. Төлбөрийн балансын зохистой харьцааг хангаж, төсвийн алдагдлыг буурууддаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг. Гэхдээ урт хугацаандаа эдийн засгийг өөдрөгөөр харж байна.
Төсвийн сахилга бат сайжирч, төр бизнестэйгээ хутгалдахгүй, сонгогчдод үнэгүй бяслаг амласан улс төрийн хүчнийг сонгож хавханд ордоггүй болсон цагт эдийн засаг сайжирна. Ирэх жилүүдэд зэс, нүүрсний үнэ тогтвортой өсөх хандлагатай байна. Зөвхөн ОУВС-гийн хөтөлбөрт найдаад юу ч урагшлахгүй.
Энэ хөтөлбөр бүх өвчнийг анагаадаг шидэт эм биш. Хамгийн гол нь, эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрөөс үл хамаарч заавал хийх учиртай хэдэн алхмууд бий.Тухайлбал, бизнесийнхэнд учирч буй хүнд суртлыг бууруулах, уул уурхайн салбараар дамжуулан хөрөнгө оруулалт татах, бусад салбартаа инноваци шингэсэн шинэ технологи нэвтрүүлэх, гадагшаа том зах зээл рүү давших зэрэг бодлого явуулах ёстой. Ингэж байж л эдийн засаг сэргэнэ.
-Монголбанк өөрт оногдсон үүргээ биелүүлж чадаж байгаа юу. Ер нь өнгөрсөн хугацаанд хангалттай ажиллаж чадсан уу?
-Чөлөөт зах зээл бүхий эдийн засагтай аливаа улсын Төв банк нь үнийн төвшний тогтвортой байдал болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтот мөнгөний бодлого, бусад дагалдах үйл ажиллагаагаар дамжуулан улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог чухал үүрэг, оролцоотой байгууллага байдаг. Төв банк Засгийн газар солигдох бүрт түүний ая дагасан бодлогод автаж үндсэн үүргээ дутуу дулимаг гүйцэтгэж ирлээ.
Төв банк бол арилжааны банкны өрсөлдөгч биш. Гэтэл Н.Золжаргал ерөнхийлөгчийн үед гаргасан үнэ тогтворжуулах зорилгоор гурван их наяд төгрөгийн зээл гаргасан. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд “Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төв банкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрч, дөрвөн их наяд төгрөгийн өртэй болохыг тогтоосон.
Ийм алдагдалд орсон нь Төв банкны тухай хуулийг зөрчиж. Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирснийг нотолсон. Энэ хугацаанд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэгт зориулж зээл олгоход хууль зөрчиж, зээлийн хүүг бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд тогтоож, уламжлалт бус арга хэрэгслээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, алдагдалд орсон.
Үүний зэрэгцээ ямар ч тооцоо судалгаагүй, богино хугацаатай, өндөр хүүтэй авсан “Чингис бонд”-ын хүүгийн зардал, дотоодын банкуудад давхардсан тоогоор 1,673 тэрбум юань, 8,9 тэрбум ам.доллар, 17,5 тэрбум төгрөгийн своп хэмээх хэлцлийг Хятадын Ардын банктай хийж, ханшийн зөрүүгээс нийт 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. Тиймээс Төв банкны үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгах ёстой.
-Зээлийн хүүг хүчээр буулгах нь зөв гэж байна. Харин нөгөө хэсэг нь зах зээлийн жамаар буулгах ёстой гэж ярьдаг. Аль нь зөв шийдэл юм бэ?
-Зээлийн хүүг бууруулах тухай сүүлийн жилүүдэд эдийн засагчид, судлаачид янз бүрийн тайлбар хийж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги" хүртэл боловсруулсан. Өнөөдөр зээлийн хүүг “захиргаадалтын” аргаар бууруулж болохгүй. Зах зээлээр тогтоогдох учиртай зээлийн хүү бол өөрөө мөнгөний үнэ цэнэ байх ёстой. Бусад таваарын үнэ өсөөд, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй байгаа ийм үед бууруулах боломжгүй.
-Монгол Улс өнгөрсөн хугацаанд тоо томшгүй лиценз олгосоор ирсэн. Үүнд олон ч сөрөг үр дагавар гарч байлаа. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр Монголд газрын наймаа, ашигт малтмалын ар араасаа цуварсан тусгай зөвшөөрлийн асуудал ард түмнийг бухимдуулж, шударга ёсыг зөрчсөөр байгаа юм. Энэ замбараагүй олон лицензийн дунд ард иргэд уул уурхайгаас олох өгөөж гэдэг зүйлийг хүртэхгүй байна. Банкууд хүртэл зээлэнд барьцаалсан болон бас маш олон лицензтэй, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээллүүд ч байна.
2018 оны хоёрдугаар сард байгалийн баялгийг хамгийн ихээр ашиглаж байгаа компаниудыг АТГ-аас шалгахад нэг компанид 200 гаруй ашиглалт, хайгуулын лиценз олгосон байна. Үүний ард авлига хээл хахуулын асуудал ч байгаа нь тодорхой. Уул уурхайн үйл ажиллагаатай холбогдон гарч буй бас нэг сөрөг дагавар бол, сүүлийн жилүүдэд эрчимжиж экологийн өөрчлөлт, цаг агаарын тогтворгүй байдалтай холбоотой бас манай улсын уламжлалт нүүдлийн аж ахуй эрхэлж байгаа ард иргэдэд бэлчээрийн орон зай хумигдаж, хүндээр тусч байна.
30 жилийн хугацаанд манай улсын газар нутгийн дөрөвний нэг нь цөлжиж, 850 нуур ширгэж, 2000 гол горхи үгүй болсон нь нүүдэллэн мал маллахад улам бүр бэрх болсон. Энэ нь цаашлаад Монголчууд бидний бахархдаг нүүдлийн аж ахуй, түүнийг дагасан соёл устах аюултай юм. Энэ сөрөг зүйлүүд улс орны хөгжилд чөдөр болж буй учир төрийн оновчтой зохицуулалтаар асуудлыг шийдэх хэрэгтэй.
-Таныг гурван улсын эдийн засгийн коридорын Тээврийн дэд бүтцийн төмөр замын төв коридорын асуудлыг хариуцсан судалгааны ажлыг хийж байгаа гэж дуулсан. Судалгааны баг ямар ажил хийж байна. Гурван улсын эдийн засгийн коридорын асуудал аль шатандаа явж байгаа вэ?
-Ташкент хотноо 2016 оны зургадугаар сард Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүн эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх юм. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн баримт бичигт Тээврийн дэд бүтцийн төмөр замын төв коридорын асуудал тусгагдсан.
Энэ төслийн хүрээнд Орос, Монгол, Хятадын судлаачдын баг Монголын төмөр замын төв коридорын судалгаа хийж, үр дүнгийн талаар ОХУ-ын Иркутск, Улаан-Үүд, Монголын Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлсний дээр ном, сэтгүүл, сонинуудад ч хэвлэгдсэн. Судалгааны ажлын үр дүн гурван улсын эдийн засгийн коридорын асуудлаар шийдвэр гаргагчдад бага ч гэсэн тус болох болов уу гэж найдаж байгаа.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН