Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилээс эхлэн сэргэж эхэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа юм. Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн валютын орох урсгал 2017 оны сүүлийн хоёр сард 583 сая ам.доллараар нэмэгдэж, төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарсаныг өчигдөр Төрийн ордонд болсон эдийн засгийн чуулганы үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцлов.
Тиймээс Засгийн газар Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгийг санаачилж, Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг болох “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэргийг танилцуулж хэлэлцүүллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого, ”Шударга ёсыг дээдэлсэн сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлж, энэ хүрээнд 27 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газар татварын багц хуулийн төсөлд зарим нэр төрлийн татварыг бууруулахаар тусгаж, бэлэн болгожээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар Татварын хуульд дараах өөрчлөлтүүд тусчээ. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор болж байгаа юм байна. Мөн татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцөлийг бүрдүүлэх явдлыг таслан зогсоох гэнэ. Цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломж олгох аж. Мөн иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээр болсон зэрэг олон чухал заалт Татварын багц хуулинд багтжээ. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд “Уул уурхай ба үр өгөөж”, “Түлш, утаа, түгжрэл, шийдэл”, “Тогтвортой хөдөө аж ахуй-Хөгжлийн тулгуур”, “Хувьчлал ба шинэчлэл”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдийн засгийн чуулганы үеэр оролцогчдоос байр суурийг нь сонслоо.
Сангийн Дэд сайд Х.Булгантуяа: Бид “Айвенхоу майнз” компаниас татвар авч чадаагүй
-Уул уурхайгаас улсын төсөвт маш их орлого ордог. Гэвч тэр орлого нь эдийн засгийг дэмжих чиглэлд зарцуулагддаггүй. Бүр төсвийн зарлага нь орлогоосоо илүү гарчихдаг. Үүнийг зохицуулах тал дээр яах ёстой вэ. Ер нь уул уурхайн хамаарлаас гарахын тулд Засгийн газар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа вэ?
-Төсвийн орлогоосоо давсан зарлагыг сүүлийн хэдэн жил баталсаар ирсэн. Монгол Улсын төсөв хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдалтай, хуримтлагдсан өр 24 их наяд төгрөг болсон нь үнэн. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарсан байдлыг арилгахын тулд төрөлжсөн эдийн засгийг бий болгох ёстой. Ингэхийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татах ёстой талаарх зөвлөмжийг ОУВС-гаас байнга өгдөг. Энэ тал дээр тодорхой ажлууд хийж байгаа. Хятад улсаас авсан нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд Монгол Улсаас экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт Хөвсгөл, Хэнтий аймагт Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр жуулчлалын төвүүдийг бий болгохоор болсон. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг дагалдан гарах баримт бичигт чиг үүргийг нь тодорхой болгосон. Өмнө нь бодлогын олон бичиг баримттай байсан ч зарим тохиолдолд аль нэг байгууллага, яам нь дангаараа аваад хийчихдэг. Бусад байгууллагын оролцоог хангахдаа тааруухан байлаа. Санхүүжилтийн эх үүсвэр тавигдаагүйгээс болж хэрэгжих боломж муу байсан. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг дагалдан хөрөнгө оруулалтын томоохон баримт бичиг батлагдана. Дараагийн таван жилд Засгийн газар дэд бүтэц, хөрөнгө оруулалт хийхийг тодорхой болгосон баримт бичиг гарах юм. Жишээ нь, Газрын тосны үйлдвэрлэл барих, Технологийн парк өргөтгөх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц гэх мэт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Татварын багц хуультай холбоотойгоор уул уурхайн салбарын цэвэр ашгаас арван хувийн татвар авахаар болсон. Мөн НӨАТ-ын босгыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа.
-Лицензийн наймаа Монголоос гараад гадаад орнуудад явагдах болсон. Жилд 100 орчим лицензийн худалдаа хийдгийг Ашигт малтмалын газраас мэдээлсэн. Тиймээс лицензээ худалдсан компаниас татвар авч чаддаггүй шүү дээ. Татварын багц хуулинд энэ асуудлыг тусгасан уу?
-Эцсийн эзэмшигчийн асуудлыг Татварын багц хуулинд нэмж тусгасан. Гадаадад явагдаж байгаа томоохон лицензийн наймааг хэрхэн зохицуулах вэ гэхээр худалдаж авч байгаа талыг үүрэгжүүлнэ. “Хэрвээ таны худалдаж авсан лиценз дээр худалдсан тал нь татвараа төлөөгүй бол та өөрөө лицензээ алдах үр дагавартай. Тиймээс гэрээгээ хийхдээ татвараа төлсөн гэдэг баримтаа ав” гэдгийг оруулж өгсөн. Мөн Хилийн чанадад хийсэн худалдааны талаарх мэдээллийг олон улсын байгууллагуудаас хүсэлт гарган авах боломжтой. Жишээ нь, “Оюутолгой”-н лицензийг “Айвенхоу майнз” компани “рио тинто” группт худалдахад бид ямар ч татвар авч чадаагүй.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: 2020 онд дНБ-ийг 4020 ам.долларт хүргэнэ
-Танайх “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, Засгийн газраар батлуулсан юм байна. Энэ бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хийх вэ?
-Санхүүжилтийн эх үүсвэр энд яригдана. Манай газар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хариуцдаг. Үүнээс гадна дэд бүтцийн томоохон төслүүд бий. Үүнийг Үндэсний хөгжлийн газар зөв зохион байгуулаад авч явж чадвал том төслүүд хөдөлнө. Тухайлбал, утааг бууруулах чиглэлээр гурван үе шаттай төсөл хэрэгжүүлнэ. Мөн Нийслэлийн дагуул хот байгуулах болон 21 аймагт хэрэгжүүлэх “Шинэ хөдөө” төсөл, Усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл, Тавантолгойн багц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын нэгдүгээр үе шат 2020 онд дуусна. 2020 он хүртэл эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар зургаан хувьд хүргэж, нэг хүнд ногдох ДНБ 4020 ам.долларт хүрч, 263 мянган ажлын байр бий болгоно.
-Томоохон төслүүд дээр хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байна вэ?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2.5 дахин өссөн. Дэлхий нийтийн уул уурхайн үнэ цэнэ өссөнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид сонирхож байгаа. Энэ эрчээ алдахгүйгээр өнөөдөр зарласан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Татварын шинэчлэлийн асуудлыг маш сайн хэлэлцүүлэх ёстой. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд нефьт импортлогч компаниуд консорциум байгуулаад оролцох сонирхолтой байдаг. Нефьт импортлогч компаниуд төр, засагтай хамтарч Газрын тосны үйлдвэр барих санал ирүүлсэн үү?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын хэсэг гарсан. Манайхаас техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байна. Цаашид үйлдвэр барих төслийн хэрэгжилтийг хянаж ажиллана.
-Багануурын 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын концессийн шалгаруулалтанд БНХАУ-ын “Пинггао групп” компани шалгарсан. Гэрээнд туссан зарим зүйл заалт нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг олон хүн хэлж байгаа?
-Гэрээнд айхтар зүйл заалт байхгүй. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажилд Хятадын компаниас санал ирүүлдэг. Ер нь төсөл хэрэгжүүлэгчийг балансжуулах ёстой л доо.
-Төв цэвэрлэх байгууламжийг барих хөрөнгийг “Мянганы сорилтын сан” гаргаж байгаа юм уу?
-”Мянганы сорилтын сан”-гийн хөрөнгөөр баригдахгүй. Цэвэр Хятадын хөрөнгө оруулалтаар хийгдэхээр ажлын хэсэг байгуулагдсан.
-Эрчим хүчний төсөлд Оюутолгой багтаж байгаа юу?
-Манай улс эрчим хүч үйлдвэрлэх асар их нөөцтэй орон. Гол нь үүнийхээ байршлыг зөв тодорхойлж цахилгаан станц байгуулах ёстой. Баруун бүсийн эрчим хүчийг хангахын тулд ОХУ-аас эрчим хүч экспортолдог. Харин Оюутолгой төслийн эрчим хүчийг БНХАУ-аас импортолж байгаа. Тийм учраас дотоодынхоо нөөцийг ашигладаг болох нь чухал байгаа юм. Оюутолгойг Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний эх үүсвэрээс хангах нь зөв юм аа гэсэн бодлогыг салбарын яам нь барьж байгаа.
“Эрдэнэс тавантолгой” компани 1072 ширхэг хувьцааг баланстаа бүртгэжээ
Эдийн засгийн чуулганы “Уул уурхай ба үр өгөөж” салбар хурлдааны үеэр “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд оролцож илтгэл тавьсан юм. Тэрбээр иргэдэд хүлээлт үүсгээд байгаа 1072 ширхэг хувьцааг энэ сарын 1-ний Засгийн газрын тогтоолоор компанийнхаа баланст бүртгэсэн талаар мэдээллийг өгөв. Иргэд тус компанийн 20 хувийг эзэмших бөгөөд хөрөнгийн зах зээл дээр гарсан тохиолдолд хувьцаагаа хөдөлгөх боломжтой болох юм. Түүнчлэн илтгэлдээ Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг төлж дуусгасан тухай мэдээллийг өглөө. “Эрдэнэс тавантолгой” компани Чалько компанид 100 гаржй сая ам.долларын өртэй байсныгаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд төлж бүрэн барагдуулжээ. Тэрбээр “Хөгжлийн банкинд 200 сая ам.долларын өр байсан. Эхний ээлжинд 100 сая долларын зээлээ төлсөн. Хоёр сар гаруйн өмнө 50 сая ам.долларыг барагдуулсан, харин хоёр хоногийн өмнө үлдэгдэл 50 сая долларыг төлж, дуусгалаа. Одоо зээлийн хүү нь гэж багахан хэмжээний өр бий. 10-20 сая ам.долларын л өр үлдсэн. Ойрын хугацаанд барагдуулж дуусгана. Хөгжлийн банкнаас зээл авснаас хойш хүүг нь огт төлж байгаагүй юм билээ. Бид тус банктай гэрээ байгуулаад тодорхой графикын дагуу үлдсэн хүүгийн төлбөрийг хийнэ” гэсэн юм.
Эдийн засгийн чуулганы хаалтын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв. Тэрбээр “Монголын хамгийн том дайсан бол авлига, хээл хахууль. Шударга ёсыг сахиулахгүйгээр бизнес цэцэглэхгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хүчнийхэн бизнес эрхлэгчдийг байнга дарамталдаг. Татвар төлөгчдөө дарамталж байж, цэцэглэн хөгжинө гэж байгүй. Зовж зүдэрч олсон мөнгөө төрийн албан хаагчид тушаах сонирхол байхгүй. Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мэргэжлийн холбоод зонхилох оролцоотой байхаар зохицуулалт хийхийг хүсэж байна. Татварын тайлангаа өгөхийн тулд заавал татварын байцаагчтай уулзах шаардлагагүй. Аялал жуулчлалын бодлогоо энэ хавар батлуул. Өмнө хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлээч ээ” гэлээ. Төр, хувийн хэвшлийн эдийн засгийн чуулганд 900 гаруй төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг ирэх тавдугаар сарын 21-22-ны өдөр Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан