УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр прокурор, АТГ-ын удирдлага мөн шүүгчдийг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрхзүйн орчин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бий болж байна. Дээрх хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр ямар нөхцөл байдал бий болно гэж та харж байна вэ?
- ҮАБЗ-ийн гишүүн гэх гурван улстөрч шүүгч, прокуроруудад “Дургүй хүргэвэл та нараар оролдох эрхтэй боллоо” гэдгээ заралчихлаа. Үндсэндээ хуулийн салбар дотор ҮАБЗ гэх гурван хүнд хэн сайн үйлчлэх, тал засах уралдаан заралчихлаа. Уралдааны шагнал нь үнэнч байвал ажлын байранд чинь хэвээр үлдээнэ, эс дагавал чөлөөлнө шүү гэдэг айдсын хачиртай. Ер нь ҮАБЗ ямар байгууллага, юу хийдэг байсныг судлаад үзэхэд гэмгүй.
Миний мэдэхийн 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нэр бүхий нэг хоёр сайд Засгийн газрын эрх мэдлийн ажил, шийдвэр гаргах эрх хэмжээний асуудлыг гадагш чирж, Засгийн газрын кабинетаас гадуур Ерөнхий сайдыг давуулж ҮАБЗ дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёроор шийдүүлэх гэж оролдож байв. Тэр шийдвэрүүд нь том мөнгөн дүнтэй, Монгол Улсын эдийн засагт их жин дарах төсөл хөтөлбөрүүд байдаг байлаа. Нөгөө ҮАБЗ нь үндэсний аюулгүй байдлын чиглэлд ажиллахаас илүүтэй том мөнгөний араас хөөцөлддөг, шийдвэр гаргадаг механизм болж хувирсан. Тэгээд болоогүй ҮАБЗ-өөс шийдвэр гаргасан учраас “Та нар шийдвэрийг нь баталгаажуулах ёстой, үг дуугүй дагах ёстой” гэх ухааны юм яриад кабинетын нэг сайд Засгийн газраа шахдаг, дарамталдаг, Ерөнхий сайддаа тулгалт хийдэг болж хувирсан.
Тийм туршлагатай нөхөд өнөөдөр тэнд үүрэлчихсэн томоохон хэрэг маргаануудыг ҮАБЗ-өөр хянан шийдвэрлэдэг эрхтэй болохоор зүтгэж байна. Анхандаа ҮАБЗ дээр мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргах гэж оролдож байсан бол одоо том хэргүүдийг шийдвэрлэдэг болчих шиг боллоо.
-ҮАБЗ бол зөвлөх чиг үүрэгтэй институц. Ийм чиг үүрэгтэй институцэд шүүх эрх мэдлийн бүх томилгоонд оролцох эрх өгч байгаа нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг булааж авч байгаа хэлбэр гэдгийг зарим хуульчид хэлж байгаа?
-Томилох биш, огцруулах, өөрчлөх эрхтэй болсон. ҮАБЗ Үндсэн хуульд нэр дурдагдсан байгууллага болохоос Үндсэн хуулийн институт огт биш. Үндсэн хуулийн суурь гол зарчим нь эрх мэдлийг хуваарилах, харилцан тэнцвэр хяналттай байлгах. Гэтэл эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, эвдэж байгаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд зөв, буруу болох талаар нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх завдал өгөлгүй баталлаа. УИХ, Засгийн газар, шүүх гэх институтэд хуваарилагдсан чиг үүргүүдийг гурван хувь улстөрч бөөгнүүлж нэг гарт авчихлаа. Монгол Улс бүхэлдээ улс төрийн нөлөөтэй хуулийн байгууллагатай албан ёсоор болчихлоо гэсэн үг. Монгол Улсын ардчилал, хууль ёс маш аюултай, хэцүүхэн сорилттой тулж байна даа.
Өмнөх Ерөнхийлөгч нарын ҮАБЗ гэдэг нэрийн дор халхавчилж эрх мэдлээ нэмэгдүүлэх, тэлэх гэсэн санаархлыг үе үеийн УИХ барьж тогтоож чаддаг байсан юм. Харамсалтай нь өнөөдөр парламентат ёс нь үгүй болж байх шиг байна. Хагас ухаантай, утсан хүүхэлдэй төдий УИХ-ын дарга парламентат ёсыг үгүй хийчихлээ л дээ. Ийм УИХ-ын даргатай, дээр нь УИХ-ын 49 гишүүн нь ЖДҮДС-гаас хулгай хийж, хийсэн гэмт хэргээрээ өлгөгдчихөөд хуулийн хариуцлагыг өөрсдөөсөө холдуулж л байвал юу ч байсан дэмжихэд бэлэн, барьцаалуулчихсан олонхи цаашид улс орноо зарахад ч бэлэн болчихож.
-Болж буй үйл явцыг харахад манай улс парламентын засаглалтай улс орон мөн эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Магадгүй энэ нь яваа яваандаа Ерөнхийлөгчийн засаглалд ойртохыг үгүйсгэхгүй?
-УИХ-д 65 суудал авсан МАН парламентыг үндсэндээ устгачихав уу даа. Цэрэг болж тоглох насаа хаяж чадаагүй нэг нөхөр энэ улс орныг хээрийн сургуулалтын талбай шиг болгочихоор тэр дунд нь алиа салбадай шиг нэг нөхөр УИХ-ын толгойд очиод суучихлаа. Гишүүд гээд гэмт хэрэгтнүүд нь олонхи болчихсон бүлэг популистууд. Тэд гэмт хэрэгтээ барьцаалагдчихаад төмсгийг нь чангахан атгасан нэг дарангуйлагчийн үгээр кнопоо дарж байхад тэдний яриад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг юм болох биз.
Уг нь Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх замаар засаглалын гажигаа засна гэсэн утгатай зүйл хэлнэ лээ. Гэтэл гажиг засах биш бүр гажигтуулаад ҮАБЗ шүүхийг орлохоор болгочихов уу даа. Ийм дутуу ухаантай, асуудлаа ойлгодоггүй Үндсэн хуулийн суурь үзэл санаа, онол зарчмаа итгэл үнэмшил болгоогүй албан тушаалд очиж байвал түүнийхээ төлөө юуг ч зольж, сольж чадах хүн Үндсэн хуулийг зөв өөрчилнө гэдэг худлаа. Ерөнхийлөгчдөө өр төлөөд нэг хүний засаглал руу түлхчихнэ.
-Х.Баттулга Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон. Ерөнхийлөгчийг дээрх хуулийн төслийг санаачилсанд танай намын олон гишүүн харамсаж байгаагаа хэлсэн?
-Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дэвшүүлэхэд хамгийн болгоомжилсон хүн нь нам дотор би байсан байх. Асуудлыг гэмт хэрэгтэн шиг шийддэг, хулгайн мөртэй, дарангуйлагчийн ааш аягтай хүн төрийн толгойд гарахаараа тэр аргаараа ажиллана. Хуулийн байгууллагуудыг хулгайчдаар дүүргэнэ. Тэр шударга ёс гэдгийг өөрийнх нь нөмөр нөөлөгт байгаа хулгайчийг хамгаалах, өөр бусдаас өш авах гэж ойлгоно. Х.Баттулгын үйлдлийг гайхаад байх зүйл биш. "Шударга ёс гэдэг чинь өш авах л юм билээ ш дээ" гэдэг хүмүүсийн нэг.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хоригдож байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан дээрх хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгож байгаа?
-Олон нийтэд тэр бичлэгээ ил болгох хэрэгтэй. Хууль зөрчиж, хүнд эрүү шүүлт тулгаж байгаа хүмүүс хэн бэ гэдгийг хувь хүнийх нь хувьд зарлах төвөгтэй байгаа бол ядаж аль байгууллагад харьяалагддаг алба хаагч вэ гэдгийг нь ил болгох ёстой. Би буруу санаагүй бол Ц.Нямдорж Хууль зүйн сайд, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа сөрөг хүчнийхээ даргад С.Зоригийн хэргийг тохох гэж хэрэг зохиогоод Францаас хүн хулгайлж авчираад эрүүдэн шүүгээд үхүүлчихэж билээ. Гаднаас хулгайлан авчирч, эрүүдэн шүүсэн хүмүүс нь Тагнуулын байгууллагатай холбоотой байсан. Дараа нь “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Энхбатыг хойд хил дээр цагдаагийнханд хүлээлгэн өгөөд хийсэн үйлдлээ цагдаагийн байгууллага руу түлхчихсэн.
Тийм юм давтуулахгүйн тулд хэн эрүүдэн шүүв гэдгийг асуух ёстой. Дахиад Тагнуулын байгууллага хийчихсэн юм биш биз, дахиад ногоон малгайтны арга барилаар ажилласан юм биш биз. Үнэнийг олж хариуцлага нэхэх л учиртай. Үе үеийн Тагнуулын дарга нар хэн хэн байв, яагаад энэ байгууллагад иргэнээ эрүүдэн шүүх ажиллагаа явагдаад байдаг юм, мөрдөн шалгах эрх энэ байгууллагад байж болж байна уу гэх зэргийг ул суурьтай бодох ёстой. Бусад улсад Тагнуулын байгууллага яагаад зөвхөн гадаад тагнуулаа хийдэг болохыг бас анзаарах л учиртай.
Хуучин, хуучин ч гэж дээ одоо ч үйлчилж байгаа Эрүүгийн процессын хуульд иргэнийг эрүүдэн шүүх, хэрэг зохиох, хэлмэгдүүлэх, барьж хорьчихоод гүйцэтгэх ажил явуулж өөрөөр нь гэмт хэргийг нотлуулах, гэр бүлээр нь оролдох зэрэг хүний ёсноос гадуур ажиллах боломж байгаад байгаа учраас үүнийг 2013-2015 онд өөрчлөх гэж оролдсон. Хэн энэ өөрчлөлтийн эсрэг зогсож, одоо матрын нулимс унагааж, энэ салбар ямар аймшигтай болсон тухай ямар чангаар хашгична вэ. Хуулийг өөрчилж, хууль сахиулагчдын дур зоргыг хязгаарлаж, хуульчдыг дэгтэй, хариуцлагтай, эрх мэдлийн төвлөрөл багатай болгож байж л хүний эрхийг баталгаажуулна. Гэтэл үүнийг хийх гэхэд улдан эсэргүүцэж зогсоож байсан нөхдүүд гэнэт өнөөдөр ухаан орж, эрүүдэн шүүдэг, хүн хэлмэгдүүлдгийг цоо шинээр таньж мэдэж байна.
Хамгийн харамсалтай нь тэдний энэ ухаарал асуудлаа шийдэх биш Үндсэн хуульд заасан Шүүхийн байгууллтыг нурааж, эрх мэдлийн хуваарилалтыг эвдэхэд ашиглагдихлаа. Тэгээд үр дүн нь шинэ дарангуйлагч, гутгаар “хаан”-ыг өргөмжилж, тэс өмнөө зорилгод тусалчихлаа даа.
-Яг зөв голдрилоор нь асуудлыг шийдсэн бол ямар гарц байсан бэ?
-Эхлээд үнэнийг хэлэх ёстой. Хэн эрүүдэн шүүв, аль байгууллагын албан хаагчид вэ гэдгийг ил тод зарлах. Ингэж тодорхой болгосны дараа нь шүүхийн алдаа юм уу, Засгийн газрын харьяа байгууллагын завхрал юм уу, хуульдаа байна уу, хуульчиддаа байна уу, эсвэл улс төрчиддөө байв уу гээд энэ үзэгдлийнхээ анатомийг зөв задлах учиртай. Худал хий хоосон хөөсрүүлж ямаа ярьж байснаа тэмээ хулгайлж болохгүй. Асуудал шийдэх бус эрх мэдэлтэнд эрх мэдэл нэмэх шоу Монголд хор л болно.
-Бүхэл бүтэн салбарын сайдынх нь хувьд эрүүдэн шүүсэн үйл ажиллагааг мэдэхгүй байх боломж бий юу?
-Бий. Гүйцэтгэх ажлын тухай гээд дэлхийд байхгүй тэнэг хуультай улс шүү дээ бид чинь. Намайг өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байхад Ерөнхий прокурор болон цагдаагийн дарга гээд нэр бүхий хэсэг хурандаа нар хууль бусаар гүйцэтгэх ажил явуулж өнөөх алдарт хонгил руугаа чирэх гэж үзэж байв. Тухайн ажиллагааг гардан гүйцэтгэсэн нэг хоёр хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд тухайн үеийн Ерөнхийлөгч дуудаад "Зоригийн ажлын хэсгийн гол хүнийг халлаа, ҮАБЗ-ын хяналт анхааралд байдаг нэг л хэрэг бий, тэр бол Зоригийн хэрэг" гэх ухааны юм яриад аашилж байв.
-Тэгээд та юу гэж хариулсан?
-Тийм бол албан бичгээр наадахаа хэлчих ээ л гэсэн.
-С.Зориг агсны хэрэг ҮАБЗ-ийн хяналтад байдаг цорын ганц хэрэг гэж сонссон. Гэтэл гэмт хэргийг илрүүлэх болон мөрдөн шалгах, хэрэг бүртгэх үйл ажиллагаанд төрийн өндөр аль ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцож болохгүйг хуулиар хориглосон байдаг биз дээ?
-Тийм ээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гишүүд гээд төрийн өндөр албан тушаалтан, иргэн байгууллага хэн ч бай хөндлөнгөөс үл оролцоно гэсэн хуультай. Гэтэл энэ хуулийг зөрчөөд тодорхой нэг хэргийг ҮАБЗ-д хянаад сууж байна гэдэг нь завхрал байхгүй юу. Одоо тэр завхрал нь бусдад өгөөш болоод улс төр хийж эрх мэдэл төвлөрүүлэх шалтаг болчихсон явна. Одоо бүр хэтрээд ҮАБЗ нь Монголын бүх хэргийг өөр дээрээ авч хянах хууль санаачилчихлаа. Энэ нь асуудлыг шийдэх бус гай түйтгэрийг улам бүр томруулна л даа.
-28 жилийн өмнө Ардчиллыг бий болгосон С.Зориг агсны хэргээс үүдэж өнөөдөр ардчиллыг буцаагаад үгүй хийх гэж байна гэдгийг олон хүн шүүмжилж буй. Нөгөө талаас С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг үеийн үед сэдэв болгож попордог ийм байдал бүр дадал боллоо?
-Энэ гэмт хэрэг өөрөө улс төрийн сэдэв болж хувираад зарим нэг хүмүүсийг 20 гаруй жил төрийн өндөр албан тушаалтай байлгаж буй нь үнэн. Энэ хэргийг дахин дахин ярьж, олны анхаарлын төвд авчирдаг ч хэргийг илрүүлж, мухарлах гэж чармайдаггүй, тэгсэн атлаа "Зоригийн ажлын хэсэг" нэрээр өөр бусад хууль бус ажил амжуулдаг хуулийн байгууллагын ажилтнууд бий болчихоод байгаа нь бас үнэн.
Уг хэрэг шалгагдаад шүүхээс шийдвэр гарахад би хоёр зүйлд эргэлзсэн. Нэгд шүүхээс захиалагчийг нь илрүүлж тогтоогоогүй байж захиалгаар хүн алсан гээд ялласан нь Эрүүгийн хуулийг маш буруу хэрэглэсэн явдал болсон. Энэ нь тухайн гэмт хэргийг бүрэн дүүрэн илрүүлсэн, зөв шийдвэрлэсэн эсэхэд хангалттай эргэлзээ үүсгэнэ. Хоёрт шүүх хуралдаан дууссаны дараа олон нийтэд мэдээллийг хүргэхдээ өмгөөлөх талын үгийг хориод, яллах тал нь баримтуудаа бүтэн дэлгэж, тв шоу шиг юм хийсэн нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим илт зөрчигдсөн юм биш үү гэж бодоход хүргэсэн.
Процессын шударга ёс гэх ойлголт бий. Тэр хангагдахгүй бол ялласан төрийн үйл ажиллагаа өөрөө хуулийнхаа дагуу явсан эсэх эргэлзээтэй. Хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол төр нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ төр өөрөө зохих ёсоор гүйцэтгээгүй бол нөгөө талд хүн хэлмэгдээгүй гэж хэн ч хэлж чадахгүй. Нэгэнт эргэлзээтэй байдал үүсгэчихвэл ард нь тоглох улс төрийн чононцоруудын хууль нураах тоглоом л болно. Асуудлыг үнэн мөнөөр нь шийдэхээс илүүтэй үүн дээр нь тулгуурлаж шүүхийг атгая, хуулийн байгууллагыг нураая, Монгол Улсын Үндсэн хуульт байгууллыг эвдье гэдэг атга санаатай хүмүүсийн өгөөш болчихоор маш харамсалтай.
Ер нь асуудал болоод байгаа хонгилоо нураая гэвэл Үндсэн хуулиас гадуур бусад хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой. Мөн ҮАБЗ гэдэг байгууллага дотор УИХ-ын дарга нь орж суучихаад, УИХ-аас гадна шийдвэр гаргалцчихаад, хурал даргалагчийнхаа хувьд буцаад УИХ-аа “ингэж шийдэх ёстой” гээд тулгадаг байж болохгүй.
-ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг гаргах ёстой гэдгийг та хэлж байна уу?
-Тийм ээ. ҮАБЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлийн салаа мөчрүүдийн уялдааг нь хангах, Засгийн газрын түвшинд ажиллах ёстой байгууллага. Түүнээс биш хууль тогтоох байгууллагын толгой дээр гарч сууж болохгүй, хамгийн том аюул нь энэ. ҮАБЗ-ийг нэр дурдаад орхих биш, энэ байгууллага юу хийж болох, болохгүйг нь нарийн заахгүй бол ердийн хуулиар тэд Үндсэн хуулийг үгүйсгэх хэмжээний эрх мэдлийг цуглуулах гэж оролдож байна. Эргээд харахад, өмнө нь Засгийн газарт байхдаа Ерөнхий сайдаасаа давж ҮАБЗ-ийг ашиглаад сурчихсан нөхдүүд өнөөдөр ҮАБЗ-д шавж очоод энэ байгууллагын нэрээр Үндсэн хуулиас давж ажиллах гэж оролдож байна.
-Гаднын парламентын засаглалтай улс орнуудад ҮАБЗ нь ямар чиг үүргээр ажилладаг вэ?
-Гаднын улсад ҮАБЗ-ийг толгойлдог хүн нь Ерөнхий сайд байх нь дийлэнх. Дотор нь Дотоод хэргийн сайд, Тагнуул, Цагдаа, Батлан хамгаалах гээд тусгай чиг үүргийн байгууллагуудаа оруулаад аюулгүй байдлын чиглэлээр хамтын зохион байгуулалт хийх, салбаруудын уялдааг хангах зорилготой ажилладаг. Хамтын зохион байгуулалтын байгууллагаасаа зөвлөмж гаргадаг. Яагаад гэвэл ҮАБЗ нь Ерөнхий сайд, Засгийн газар, хууль тогтоох байгууллагынхаа эрх мэдлийг булааж хэрэгжүүлж болохгүй учраас ердөө зөвлөмж гаргадаг.
Гэтэл манайд энэ байгууллагыг хэтэрхий томруулчихлаа. Дээр хэлсэнчлэн үе үеийн ерөнхийлөгч нар өөрсдийнхөө эрх мэдлийг тэлэх гол хэрэгслээ ҮАБЗ гэдэг нэрээр халхавчилдаг. Энэ гажиг нь одоо хуульчлагдах хэмжээнд хүртлээ гажуудлаа. Өмнөх Ерөнхийлөгч нар эхний бүрэн эрхээ дуустал би хаан болъё гэж хэлдэггүй байсан. Ардчиллын замаар гарч ирдэг болохоор ардчиллаас ухаръя гэж шууд хэлэхээс ичдэг байлгүй дээ, ядаж. Их эрх мэдэлд дасаад, тойрон хүрээлэгчдээрээ магтуулаад эзний өвчинд автаад ирэхээрээ л хаан болох гээд эхэлдэг. Одоогийн Ерөнхийлөгч маань харин эхний жилээсээ л хаан болохоор шийдчих шиг болсон.
-Өнөөдөр засаглалын болоод эдийн засгийн хямрал, нийгэмд гарч буй олон асуудал, алдааны үндэсийг Үндсэн хууль руу буруутгагдах болчихсон. Өнөөгийн Үндсэн хуулийн чадамжид та ямар хариулт өгөх вэ?
-1992 оны Үндсэн хууль шилжилтийн маягийн Үндсэн хууль учраас учир дутагдалтай байгаа нь үнэн. Засаглалд гарч буй гажиг зарим талаараа Үндсэн хуулиас улбаатай. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалан өөр хоорондоо талцаж зодолддог нь уламжлал болчихлоо. Хамтарч нийлэхээрээ хулгайлчих гээд, хагарч, талцахаараа улсаа тараачих гээд зовлонтой. Одоо байгаа гурвын хамтрал Үндсэн хууль хулгайлчихав уу даа.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл (26)