Монголчуудын хорсол стрессийн төрх–Эх орныхоо баялгийг хулгайлж, эгэл олноо гуйлгачин болгосон буруутан нь МАНАН! Цуцалтгүй хөдөлмөрлөөд байхад нь хөдөлмөрийнх нь үр шимийг хулгайлаад байсан муусайн хулгайч нар! Цаазалж албал таарна! Монголчууд бултаараа залхуу, арчаагүй, ажил хөдөлмөрт хатуужаагүй, ертөнцөд шал сондгой үндэстэн, ийм үндэстэнд ийм л төр-засаг лидер заяана гэдгийг монгол хүн сэхээрэх мэдрэх цаг болоогүй.
“Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна” гэх алдарт афоризмаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлснээрээ манай улс ядууралтайгаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулснаар нь засаг даргын ажлыг дүгнэнэ” хэмээн орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөлгөөнд мэдэгдсэн нь үнэхээр шинэлэг зоримог үүрэг. Хөлөө олохгүй тэмтчин яваа дарга нарт өгсөн хатуу даалгавар байх болтугай!
Дэлхийн нийт хүн амын 41.69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол арван хэдэн жилийн дараа гэхэд 25.19 болтлоо буурсан байтал харин манай оронд ядуурлын хувь огтхон ч буурдаггүй, харин өссөөр байх нь гайхалтай. Ядуурлынхаа үзүүлэлтээр бид Сахаарын цөлөөс өмнөшөө орших Африкийн иргэний дайн, байгалийн их гамшиг, өвчин тахалд нэрвэгдсэн орнуудтай ойролцоо дөхөж очихоор. Монгол оронд ямар ч дайн байлдаан, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт, гэнэтийн дайрлага тахал, үй олны өлсгөлөн дайраагүй байхад өөрсдөө л зөнгөөрөө ядуураад байдаг.
Шалтгааныг нь хайсан ээлжит цухалдлаа нийтлэл болгон бичихдээ гарчгийг хэргээр этгээдээр сонгож авсан ухаантай. “Төөрсөөр төрөлдөө” хэмээх МУСК-ноос эшлэе: Чамд зориг ч байна, тэнхээ ч байна, ганцхан бодол алга. Юун бодол? Хүлээж бай, цаг нь болоогүй байна гэх яриа хоёр нөхрийн хооронд гардаг даа.
Монгол маань яг ийм л болчихоод байна. Төрийн ордонд эгэлгүй сайхан аавын хүү, ээжийн охин төр түшилцэхээр очдог, явахдаа ард түмэндээ ихэнхи нь үзэн ядагдаад буцдаг. УИХ-ын гишүүн байсан нөхөр арай албан газрын жижүүр, харуул манаа хийж явна гэж дуулдсангүй, хөлсний жолооч болчихсон цохиж яваа ганц нэг хүн байна. Хөөрхий ордноос явахдаа тэд эгэл боргил амьдрал руу шингээд алга болдог. Бодлогогүй, бодолгүй, үзэл санаагүй явсны л гай шүү дээ, дээрээ ч дороо ч.
Бодлогын баримт бичиг гэж дээрээс үүрэг өгч яамдаар боловсруулуулсан, бүр Ерөнхийлөгч оролцож батлаж гийгүүлсэн (жишээ нь Н.Энхбаярын үед би нэг багт нь орж ажиллаад мөнгөншагнал хүртэл хүртэж байв) бодлогын баримт бичиг чамгүй олон, бүр 160 гаруй гэв үү дээ ярьж байх юм. Чухам яг мөрдөж байгаа нь эргэлзээтэй. Цаасан дээрээ бол бодлого байна. Чамгүй олон. Гайгүй боловсруулсан нь ч бий. Гэтэл Монголын улс төрийн парадокс нь бодлогын ямар ч баримт бичгийг мөрдөх албагүй, хэн төр барьж байна, тэр л бодлогоо явуулах ёстой гэсэн мэт.
Бүр сонин парадокс байна. Монголчуудын үндэснийх нь ориг ментилатетаас гаралтай. Жалга довын, бие биенээ үл зөвшөөрөх араншингаас нь үүдэлтэй. Ерөнхийлөгч гэх Төрийн тэргүүний алба 5 дахь нөхрийнхөө нүүрийг үзэж байна. Очирбатыг нь МАН үзэж чадахгүй, Багабандийг Энхбаяр нь үзэж чадахгүй, Энхбаярыгаа Элбэгдорж нь үзэж чадахгүй, Элбэгдоржийгоо Баттулга нь үзэж чадахгүй яваагийн гайгаар тэдний өнгөн дээр МОНГОЛ ТӨР-ийн хийсэн бүтээсэн, ялангуяа боловсруулсан санаачилсан бүх бодлого цаасны хог дээр хаягдах дээрээ овооордог. Баттулгыгаа дараагийн нөхөр нь яах юм, бүү мэд?
Жишээ нь би өөрөө гар бие оролцож боловсруулалцсан, ноён Ц.Элбэгдорж гагцаараа бус тэр үедээ төр, ГЯЯ нь бодлого болгон ажилласан “Байнга төвийг сахих” тухай үзэл баримтлалыг Элбэгдоржийн хувийн (бараг гэр дотроосоо хийсэн) хортой хогийн бодлого, АСЕМ бол Элбэгдорж хийлгэсэн учраас дан хулгай гарлага, Монголын ядууралд юу ч өгөөгүй гэх хийрхлийг нийгэмд нэг мэдэхнээ түгээчихээд байна. Элбэгдорж гэдэг ганц бие хүндээ огт биш юм аа. Тэр нөхөр 8 жил Ерөнхийлөгч байсан (ард түмнээсээ хоёр удаа сонгогдсон), тэр 8 жилд нь Монголын төр-засаг ажиллаж байсан, ГХЯ нь гадаад бодлогоо явуулж байсанд л хамаг гол учир оршдог юм. Тэр 8 жилд Монгол төрийн гадаад, дотоод бодлогод ноцтой, хортой, завхруулсан ямар гай уршиг тарьсан юм бэ? Нэрлэ л дээ. Эзнийг нь шүүхэд өг л дөө.Тэгж ухах аваас УИХ-ыг 4 жил тасалдуулалгүй, ном журмаар нь толгойлсон З.Энхболд “хам хэрэгтэн” болчих юм биш үү? “Байнга төвийг сахих” тухай ҮАБЗ-ийн зөвлөмж дээр түүний гарын үсэг дурайтлаа зурагдсан байгаа.
Мөнөөхөн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд УИХ-ын шинэхэн дарга үг хэлж байх юм. Хоёр чихээрээ сонсоод гайхах ба дээр бичсэнээ батлахад шүүрээд авмаар үгс хэлчихлээ:–28 жил өнгөрсний дараа эргэн харахад улс төрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ гэжээ.
Зоригтой л хүлээн зөвшөөрчээ. Гэм нь ядуурлын гол шалтгаан нь монголчуудын залхуурал, арчаагүйтэлтэй ихээхэн холбоотой гэж хэлчихэж зүрхэлсэнгүй.
Залхуурал, арчаагүйтлээсээ болоод бид дэлхийд хөдөлмөрийн бүтээмжээрээ нойл зааж яваа, төрийн бодлого мэдээж чухал, тэрийг үгүйсгэхгүй. Манай хойд хөрш Орос нь хөдөлмөрийн бүтээмжээрээ хөгжингүй орнуудаас 10 жилээр хоцорч яваа хэмээн ОХУ-ын Тооллогын танхимын дарга Алексей Кудрин хэлснийг үзэхүл Монгол хэдэн арван жилээр бараагүй хаягдсан байх. Бодлогогүйн л гай. Бас залхуу арчаагүйгийнх.
Улс төрчид хариуцлагагүй гэснийг нь манай иргэний хөдөлгөөнүүд, тэмцэгчид шүүрэн аваад “Саарал ордон”-оос ял нэхээд суучихна, тэрийг нь олон түмэн дэмжээд Элбэгдорж, Гончигдорж, Сайханбилэг, Баяр, Энхсайхан, Баярцогт, Эрдэнэтийн 49... нарыг талбай дээр ил шүүж ял оноохоос нааш би ажил хийхгүй, ядуугаараа байсаар байх болно гээд тэрийгээдхэвчихнэ. Худлаа биш харж байгаарай!
Бас нэг чухал эшлэл ба эшлэл дэх баримт. “Монгол бол хэвлэлийн эрх чөлөөтэй орон” гэсэн ярилцлагадаа Баабар бодлогогүй, бодолгүйг нүднээ буутал энгийн жишээгээр ярьсан байсан. Түүний ярьснаас:–Хангай газар 20 километр, говь газар 50-60 километр бие биенээсээ алслан амьдарч байгаа айл гэр чинь бүх юмтай байх ёстой болно. Саяхан болтол хөдөө гутлын хэвтэй айл олон байлаа. Өөрөө гутлаа хийгээд авгай хүүхэддээ өмсгөчихнө. Бүх юмтай болоод ирэхээрээ биенээсээ гуйх юм байхгүй. Хамаарал, хүлцэл бараг үгүй болно. Ийм үед биенийхээ дээр гарах гэсэн нэг уралдаан гарч ирнэ ээ дээ. Тийм ч учраас монголчууд хүүхэддээ, “хүний дор оров” гэж захицгаадаг. Манай аав ээж ч хэлдэг байсан, танай аав ээж ч хэлдэг байсан байх. “Алалц” л гэсэн үг шүү дээ. Одоо энэ одонд оочирлож, цол хэргэмд шунадаг чинь тэр сэтгэлгээнээсээ салаагүй байгаагийн илрэл. Цөмөөрөө доктор болоод байгаа чинь үүний л илрэл. 10 мянган хүнд оногдох оюутан, доктор, профессорын тоогоор дандаа нэгд орж байгаа шүү дээ манайх. Доктор болохгүй бол нэг л хүний дор орчих гээд байгаа юм шиг гэжээ.
Миний нэмэлт. Xаяагаа манасан, жалга довын “бодлого, бодол” бидэнд байх нь байна. “Нэг бол дээрэлхэ”, “нэг бол дээрэлхүүл” гэсэн байгалийн хуулиар амьдарч ирсэн, тэр нь нийгэм-улс төрд нь шингэчихснийг би Баабарынх дээр нэмчихмээр байна.
Тэрээр цааш нь:–Хөдөлмөрийн хуваарь дээр буулгаад харахаар бүр ч хэцүүхэн дүр зураг харагдана. 1937-1938 онд 6500 байшин нураасан. Тэнд монголчуудын барьсан нэг ч байшин байхгүй. Бүр дээр үеэсээ барилга байшин барих ажлыг боолын, олзлогдогсдын хөдөлмөр гэж үздэг байсан. Тийм учраас монголчууд биеийн хөдөлмөрийг “хар ажил” гэдэг. Мал маллавал цагаан ажил, байшин барьвал хар ажил. Ийм шалтгаанаас болоод нүүдэлчдийн харилцаанд дээр үеэсээ эхлээд эдийн засгийн утга байгаагүй юм. Престиж, нэр хүндийн утга л байсан. Тийм ч учраас манайд улс төрийн нам 30 гараад явчихлаа. Төрийн бус байгууллага 24 мянга байдаг. Лавтай гол, ус, нуурыг хамгаалах төрийн бус байгууллага 600 гаруй бий. Монголын бүх гол, нуурууд нийлээд 600 хүрэхгүй. Дээд сургуулийн тоо 200 хүрч явсан, одоо 100 орчим болсон байх. 60 сая хүнтэй Англи 88 дээд сургуультай л даа гэжээ.
Миний тайлбар. Хаяагаа манасан, жалга довын, маш өчүүхэн бодлого бодол биднийг хэрж ирсэнийг л дээр баримтаар хэлчихлээ. Бүр хөгийн ичиж үхмээр. Гэхдээ ичнэ гэдэг ойлголт манайханд арай өөр. Престиж, нэр хүндийн утга нь мөнгө босгодоггүй, ядуурлыг арилгахад өчүүхэн ч дэм болдоггүй.
Одоо Баабар бодлогогүйг яг онож хэлнэ:–Суманд залуус өвөө, эмээгийнхээ тэтгэврээр л амьдарч байгаа шүү дээ. Гол гудмандаа нэг ширээ тавьчихсан өдөржингөө билльярд цохиод л. Салбараад таниартай болчихсон хөзөр тоглоод суудаг. Улаанбаатарт 80 гаруй мянган өрх толгойлсон ганц бие эмэгтэй байна. Мөн төдий тооны ганц бие залуу сумаар дүүрэн байна. Хэн тоодог юм тэднийг. Хүүхнүүд тэдэнтэй суусан дор орвол нохой тэжээсэн нь дээр гэж байна. Одоо тэдэнд төрийн алба хаах, эсвэл эх эцгийнхээ мөнгөөр амьдрахаас өөр ямар ч арга байхгүй. Хөдөө гараад мал маллахгүй, суман дээрээ шигдээд л суугаад байна. Хамгийн доод талын сум 100 сая, томоохон сум тэрбумыг зарцуулж байна. Тэр бүгд цалинд явж байгаа. Хэрэвзээ зах зээлийн зарчим үйлчилсэн бол сумууд аль хэдийн байхгүй болох байсан. Гэтэл эндээс, төрөөс тэжээгээд байгаа байхгүй юу. Тэжээгээд байгаа учраас л 80-90 мянган ажилгүй залуу тэндээ байж байх нь гоё гэж бодсоор өтөлж байна. Хэдэн зуун жилийн өмнө ядахнаа мал малладаг байсан. Одоо бүр мал ч маллахгүй байна. Сэлэнгэд явж байгаад хэдэн шуудай төмс машинд ачуулах гээд 20 мянган төгрөг өгье, ачаад өгөөч гэхэд хөдлөх хүн гарахгүй байсантай таарч байлаа. Тэрүүгээр дүүрэн ажилгүй залуучууд байсан. “Гай байгаа даа. Чиний зарц уу” гэх янзтай. Дөрвөн жил хоёр удаа сонгууль өгдөг, цагаан ажилтай улс. Ах эгч, хамаатан садныхаа өмнө хар ажил хийж доош орох гээд болдоггүй. Өнөөдөр Солонгост очиж ажиллах, Монголд барилга дээр ажиллах хоёрт цалин бараг адилхан болсон. Яагаад гэхээр Монголд хар ажил хийх хүн олдохгүй учир үнэлгээ өсчихсөн. Яг энэ сууж байгаа барилгыг барьсан компани 60-70 мянгыг өдөрт өгье гэхэд хүн олдохгүй, ирсэн улсууд нь хулгай хийгээд дуусдаг. Намар энэ байшинг барьж байсан улс бүгд алга болчихлоо гэнэ. Сураг сонсох нь ээ, Турк хямралд ороод цөмөөрөө тийшээ гараад нисчихэж. Тэндээс юм авч ирж наймаалах чинь цагаан ажил байхгүй юу гэжээ.
Төр нь бодлогогүй, бодлогын залгамжлалгүй, бас бодолгүй, үзэл санаагүйн гайгаар хүн нь хүний дор орохгүй гээд гүрийтлээ ядуу байж байгаа нь энэ. Сумын төв нь балгас, архины үүр, сум аймаг алин нь ч ялгаагүй хөдөлмөрийн бүтээмжийн нойл заалт, нуль улсаар тэжээлгэсэн, ихэрхсэн ажилгүйчүүд. Төр-засаг нь ажил хийгээч ээ хэмээн гуйгч ятгагч. Төрийн бодлого байхгүйн л гай шүү дээ. Албадлага урамшууллаар, төрийн хатуу хуулиар ажилгүйдэл ядууралтай тэмцэхгүй бол (ардчилал, хүний эрх тусдаа) дэлхийгээс хоцорлоо. Ядуурал чинь улс орныг маань нураах хэмжээ рүү дөхөж явнаа хэмээн бичдэгээ л энд өчиж байгаа хэрэг шүү дээ.
Төрийн бодлогын залгамжлал яаж завхардаг тухай өөр дээрээ өөр нэг түүх сөхье. Би гэж нийтлэлч, өмнө нь дипломатч явсан, бүр эрхт улсаа төлөөлөн Элчин сайд хийж явсан хүний хувьд там туулсан нэгэн түүхээ ичихгүй энд өгүүлье. Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгчөөс буусных нь дараа түүнтэй зөвлөлдөөд Египет, Ливанд айлчлуулчихдаг юм байна. Хэрэв Очирбат, Багабанди нар айлчлая гэсэнсэн бол миний үндсэн үүрэг гээд л эргэлзээгүйхэрэгжүүлчихнэ. Надад цаад бие хүний хэн байх нь хамаагүй, Монгол Төрийн тэргүүн явсных нь хувьд айлчлуулах, айлчлалыг нь нэр төртэй зохицуулж зохион байгуулах нь Элчин сайдын үүрэг хэмээн би хүлээн авсан, тэр дагуу ч айлчлалууд тун амжилттай хэрэгжсэн. Ноён Энхбаярыг Оманд урилгын дагуу айлчлуулах гэж байтал тэрээр хэрэгт орчихдог юм.Ингээд “Энхбаярын хүн” гэдэг лут им тамгатай болоод авлаа. Монголдоо эргэж ирээд ажил алба ч үгүй, гурван жил гэртээ сууж цаас (ном, нийтлэл) эрээчлээ. Энхбаярт өшчихсөн Элбэгдоржид “Би Энхбаярын хүн биш ээ” гэдгийг ойлгуулж мэдрүүлэх гэж чилийсэн гурван жилийг үдэж, тэр хооронд Ц.Элбэгдорж, Лу.Болд, Лү.Пүрэвсүрэн нарт байнга хардагдаж явсаар 2015 онд нэг юм ГХЯ-ныхаа босгыг эргэж давлаа. 2016 он болоход “Энхбаярын хүн биш юм байнаа” гэх итгэлийг эргүүлж олж авлаа. Яг сайхан найрамдаад явж байтал 2017 оны сонгууль болоод нөгөө итгэл тээж эхэлсэн Элбэгдорж нь яваад өглөө. Дараагийн нь Ерөнхийлөгч ба ЕТГ хавьд “Энэ Баярхүү Элбэгдоржийн хүн” гэсэн хий сүүдэр туслаа, бас л баахан хардлага. ШХАБ-д элсэх цаг нь болоогүй ээ, ШХАБ биднийг мөнгөөр угжиж, ажил хийж өгөхгүй ээ, ШХАБ цэгцрээгүй байнаа гэж би бичдэг, бас II хүйтэн дайны зөрчил дунд Орос-Америкийн хооронд, хөршүүд ба өрнөдийн хооронд төвийг сахихаас өөр замгүй ээ хэмээн бичдэг ярьдаг хүний хувьд “Элбэгдоржийн хүн” хүн болж яг харагдахгүй юү дээ.
Би олон улсын харилцааны түүхч, судлаач-нийтлэлч, тэр дундаа геополитикийн судлаач, 20 гаруй ном бүтээл туурвисан болох нь ер падгүй, ерөөсөө л “Элбэгдоржийн хүн”. “Элбэгдоржийн хүн биш ээ” хэмээн цайруулах гэж одоо махарч мачийж явах болох нээ. Би тэгж ярьсаар, бичсээр, судалсаар байгаа нь миний мэргэжлийн өгөгдөхүүн болохоос Элбэгдоржид үнэндээ ямар ч падлийгүй шүү дээ. Элбэгдорж олон улсын харилцаа судалсан мэдсэн байх нь миний буруу биш!
Харин гурван улсын эдийн засгийн хонгил, Нэг бүс-Нэг зам, Дорнын эдийн засгийн форум, эдийн засгийг солонгоруулах тухай ярьж бичсэнэрээ, бас олонтаа эшлэснээрээ хэдэн жилийн дараа “Энэ Баярхүү Батттулгын хүн” гэж дараагийн Ерөнхийлөгчид нь хардагдаж, тэр хардлагыг цайруулах гэж махарч явтал миний нас дуусах юм байна.
Монголчуудын тамын тогооны ердийн нэг үлгэр, ерөөсөө “Төрийн бодлого”-ыг бие хүнд наадаг нөгөөх жалга довын үл зөвшөөрөх араншинг нь жишээлж нэрлэж бичсэнийг минь хүлцэн хүлээн авах, жигшин зэвүүцэх эрх нь уншигч Танд бий шүү!
О.Баярхүү /baabar.mn/
Сэтгэгдэл (7)