Монголчууд нэг жилд үс арчилгааны бүтээгдэхүүн авахад 83 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тооцоо бий. Үүний гуравны нэг нь зөвхөн шампуны зах зээл бөгөөд 90 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Тэгвэл энэ салбарт үндэсний брэндийн орон зайг тэлэх, гадагш гарч буй валютын урсгалыг эдийн засагтаа шингээх боломж бий юү. Энэ сэдвээр “Монкрем” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, химийн ухааны доктор Э.Уранчимэгтэй ярилцлаа.
-Та шилжилтийн үед бизнесээ эхэлж, өнөөг хүртэл тууштай авч яваа хүмүүсийн нэг. 30 жилийн түүхтэй танай компанийн амжилтын түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Манай компани 1989 онд байгуулагдсан. Энэ цаг хугацаа шилжилтийн үед таарсан. Тухайн үед би Прага хотод Хими технологийн дээд сургуулийг Хими технологич мэргэжлээр төгсөж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны боловсон хүчнээр ирсэн юм.
Ингэхдээ яамны харьяа хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Удалгүй яам маань татан буугдахад нь “Гоо сайхан” нэртэй хувиараа эрхлэх аж ахуйг байгуулсан даа. Хотш банкнаас 800 мянган төгрөгийн зээл авснаар Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авч, түүхий эдээ Европоос татсанаар анхны үйлдвэрлэлийнхээ шанг татаж байлаа.
Компаниа зоригтой байгуулж чадсан нууц минь гэвэл миний эзэмшсэн мэргэжил, чадвар байсан гэж боддог юм. Бизнес маань арьс арчилгааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр эхэлсэн. 2005 оноос хойш үс арчилгааны бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэж байна.
Манай компани дан ганц бизнесийн байгууллага гэдгээсээ илүүтэйгээр хоорондоо нягт уялдаатай эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээг хослуулдаг нь тогтвортой хөгжлийн үндэс болсон гэж харж байгаа.
-Таны бизнесийн зарчим юу вэ?
-Ерөөсөө л тууштай байх. Энэ бол нь миний зарчим.
-Танай компани 30 жилийн турш “Халгай” брэндийн бүтээгдэхүүнийг гаргахад зориулж, чамгүй амжилт олсон байна. Япон, АНУ-д ч экспортлоод эхэллээ. Бүтээгдэхүүнийг брэнд болтол нь хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой юм бол?
-Бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гаргалаа гээд тэр чигт нь орхичихож болохгүй. Амьдралын хэмнэлээс авахуулаад цаг уур, түүхий эдийн сонголт хүртэл байнга өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр брэнд гэдэг маань бидний үр хүүхэд шиг энэ өөрчлөлт дунд тогтмол асаргаа, халамж хэрэгтэй. Ингэж байж л брэнд сая нэг урт настай болдог. Түүнээс биш зах зээлээ дагаад, нэг юм хийснээ тэрнийгээ орхиод, дахиад нэг юм хийгээд байвал тэр нь хэзээ ч брэнд болж чадахгүй.
-Судалгаа, шинжилгээ бол танай бизнесийн үндэс. Үүнд ч чамгүй хөрөнгө оруулалт шаарддаг байх. Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас шийдэж байна вэ?
-Судалгаа, шинжилгээ гэдэг бол угаасаа л их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ хөрөнгийг бид дандаа л банкны бизнесийн зээлээр л шийдэж байна.
Бизнесээ дөнгөж эхэлж байх үед зээлийг барьцаагүй олгодог байлаа. 2000 оны дунд үед зээлийн олдоц муудсан. Гоо сайхны үйлдвэрлэлийн хөгжил ийм удаан байна гэдэг нь бага хүүтэй, урт хугацааны зээл олгодоггүйтэй холбоотой. Нөгөөтэйгүүр гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдийн боловсруулах үйлдвэр, сав баглааны үйлдвэр Монголд хөгжөөгүй байна. Энэ салбарын хөгжлийн удаашрал нь хөрөнгө мөнгөний хомсдолтой холбоотой юм уу гэж харж байна даа.
-Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа бол хязгааргүй нөөц бололцоотой салбар гэж эдийн засагчид хардаг юм билээ. Гэвч лангуун дээрх ихэнх бараа нь гадны импортын хаяг, шошготой байх юм. Монголдоо энэ салбарыг өрсөлдөхүйц хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой юм бол?
-Энэ салбарын үйлдвэрлэл хөгжихийн тулд улсаас бодлого хэрэгтэй байна. Монголчууд нэг жилд зөвхөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахад 83 тэрбум төгрөг зарцуулж байна.
Үүний 24 тэрбум төгрөг нь зөвхөн шампуны зах зээлд эргэлдэж байна. Энд их сонирхолтой нэг тоо байсан. Монголчууд бид 300 ширхэг гурван өрөө стандарт байр авах мөнгөөр толгойгоо угааж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл манайд худалдаалагдаж байгаа нийт энэ төрлийн барааны дийлэнх нь гадаадынх. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний валют гадагшаа урсаж, энэ хэмжээний ажлын байраа бид алдаж байна гэсэн үг.
-Дотоодын зах зээлд үс арчилгааны бүтээгдэхүүн 83 тэрбум төгрөг эзэлж байна. Тэгвэл танайх үүний хэдэн хувийг бүрдүүлж байна вэ?
-Манай компани шампунь болон үс арчилгааны 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгэхээр бид одоогоор зөвхөн шампуны зах зээлийн таван хувийг бүрдүүлж байна. Цаашид дотоодын зах зээлээ нэлээн тэлэх бодолтой байгаа.
-Гадаад улсуудад тантай ижил бизнес эрхэлж буй хүмүүсийг улс орноос нь хэрхэн яаж дэмждэг юм бол. Бас зээлийн хувьд ямар хөнгөлөлт байдаг юм бол?
-Солонгос, Япон, Хятадад бизнесийн зээлийг маш бага хүүтэй, эсвэл бараг хүүгүй гэж хэлж болохоор төвшинд, урт хугацаагаар олгож байна. Бидэнд урт хугацаатай, бага хүүтэй зээл хэрэгтэй байна. Гоо сайхны үйлдвэрлэл хөгжихөд шаардлагатай байгаа түүхий эдийн боловсруулах үйлдвэр үнэхээр хэрэгтэй байгаа. Манай компанийн хувьд байгалийн гаралтай түүхий эдээ өөрсдөө боловсруулж байна. Ингэхдээ Хими, технологийн хүрээлэнгийн эрдэмтдэд захиалга өгч түүхий эдийнхээ боловсруулалтын нэг хэсгийг хийлгэж байгаа. Эх орныхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад зах зээл дээр өрсөлдөх боломжтой манай салбарт дэмжлэг их хэрэгтэй байна даа.
-Бизнесийн зээлийн хүү хэдтэй байна?
-Өмнө нь манайх банкнаас сарын 1.9 хувийн хүүтэй зээл авч байлаа. Жилийн 22.8 гаруй хувийн хүүтэй авсан гэсэн үг. Одоо бид “Улаанбаатар” банкнаас сарын нэг хувийн хүүтэй, жилийн 12 хувийн хүүтэй зээл авч байна.
-Танай компани өнгөрсөн жил нэлээн том төсөл хэрэгжүүлсэн талаар эрдэмтэд ярьдаг юм билээ. Энэ талаараа танилцуулаач?
-Бид МУИС, АШУҮИС-ийн эрдэмтэдтэй хамтран өнгөрсөн жил “Халгай” бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад үсэнд гарч байгаа өөрчлөлтийн судалгаа хийсэн юм. Судалгааны дүнд хуйх бүрэн цэвэрлэгдээд, үсний нягтаршил буюу өтгөрөлт 17.3, нэгж үсний бүдүүрэлт 16.7 , үсний ургалт биологийн ургалтаасаа 27.3 хувиар нэмэгдсэнийг олж тогтоосон. Харин энэ онд бид “Халгай” бүтээгдэхүүн үсний эрт бууралтахад хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Үсээ арчилж, эмчилснээр үс эрт бууралтах үйл явцыг эмчлэхэд бид анхаарч байна даа.
-Монголчууд буурал үс гараад ирэхэд нь шууд л будаг шүүрч авах нь их. Тэгэхээр үсний будагнаас өөр бүтээгдэхүүнээр үсний бууралталтыг эмчлэх юм байна гэж ойлголоо.
-Үс эрт бууралтахыг эмчлэхийн тулд манай компани эрүүл арчилгааг л санал болгож байгаа. Судалгаанаас харахад үс бууралталтыг будахаас илүү эрүүлээр шийдэх боломж байна. Үүнийг зөвхөн органик бүтээгдэхүүнээр л шийднэ. Нэгэнт үсээ бууралтчихсаны дараа эмчлэхээсээ илүүтэйгээр өдөр тутамдаа эрүүл арчилгааг хэвшил болгох нь чухал юм. Үсний будаг гэхэд, үсний эхний давхаргыг түлж, хоёр дахь давхаргыг нь идэж байж сая өнгө оруулж байгаа юм. Ийм эмчилгээ, арчилгааны бүтээгдэхүүнээ бид энэ оны эхний хагаст багтааж хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.
-Ер нь халгай гэдэг ургамал маань ямар ид шидтэй учраас ийм үр дүн өгөөд байна вэ. Энэ талаар тодруулж өгөөч?
-Зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн агууламж халгайнд маш өндөр байдаг. Цайр, зэс, төмөр, манган гэх мэтийн шим тэжээлийн агууламж маш өндөр. Үсний халзралт, уналт нь эрдэс, элементийн өөрчлөлтөөс болдог гэж үздэг. Үүнээс гадна В-гийн төрлийн витамины найрлага, А, С аминдэмийн найрлага өндөр. Мөн амин хүчлүүд нь уургийн нийлэгжилтэд оролцдог. Тиймээс уургийн нийлэгжилтэд сайнаар нөлөөлж байгаа юм. Үс бол өөрөө уураглаг бүтэцтэй. Үсний уургийн хэрэгцээг сайн нөхөж чадвал эрүүл үс ургана, үс өтгөрнө.
-Танай бүтээгдэхүүн Япон, АНУ-д экспортод гарч байна. Эдгээр улсын хэрэглэгчдийн хандлага ямар байна вэ?
-Энэ улсуудад органик буюу байгалийн чанараа алдаагүй гоо сайхны барааны эрэлт, хүлээлт өндөр байна. Химийн найрлагатай бүтээгдэхүүн үсний бүтцийг өөрчилж гэмтээдэг. Хэдийгээр маш хурдан үр дүн өгч байгаа мэт боловч дараагийн сөрөг үр дагавар нь тооцоолохооргүй их байна. Үс унаж, нарийсаж, бүтцээ алдаж байна гээд олон сөрөг үр дагавар бий. Тиймээс цаашид химийн найрлагатай бүтээгдэхүүний зах зээл их хэцүү болох байх.
-Тэгвэл танай бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадвар хэр байна гэж та харж байна?
-Хангалттай сайн хэмжээнд байгаа гэж харж байгаа. Бид бүтээгдэхүүнийхээ байгалийн үр өгөөж, шим тэжээллэг чанарыг нь монголчууддаа илүү сайн ойлгуулж чадвал илүү том үр дүнг бий болгох байх.
-Таны бодлоор өрсөлдөх чадвар, маркетинг хоёрын аль нь чухал вэ?
-Мэдээж, өрсөлдөх чадвар чухал. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргачихсан бол маркетинг үнэхээр чухал. Гэвч маркетинг гэдэг зүйл их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Бид монголчууддаа зориулаад маш сайн бүтээгдэхүүн хийгээд, өрсөлдөх чадварыг нь бүрдүүлчихсэн хэр нь олон нийтэд таниулах ажил санхүүжилтийн улмаас хоцроод л явж байна.
Энэ зах зээл хөгжөөд өгөөжөө өгөөд эхэлбэл, Монголын мөнгөний урсгалд уул уурхайгаас гадна бас нэгэн томоохон эх үүсвэр болж өснө гэж итгэдэг.
Зууны мэдээ