“Эрдэнэт ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоочихлоо. Тэгэх зайлшгүй шаардлага байв уу?
-Таны асуултад хариулахын тулд ЖДҮ, "Жаран тэрбум"-ыг ярих учиртай. ЖДҮ бол тодорхой эзэн, шалтгаан, жагсаалттай ил болчихсон явдал. Гэтэл М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргын суудлаас унагаад бүх асуудлаа шийдсэн юм шиг тайвширчихсан. Өнөөдөр ЖДҮ-ийг санаж яваа хүн илт цөөрчихлөө. Манай иргэд ч гэсэн аливаад амархан хөөрч, хурдан мартдаг болчихож. Суртал ухуулгад хялбархан автдаг болсоны шинж юм болов уу. Сүүлдээ бүр иймэрхүү юм бодож, гайхаж сууна. Тэрний өмнө 60 тэрбум гэж хэсэг шуугьсан. Нам нь албан тушаал, нэр дэвших эрхийг зарсан үйл явдал. Жаран тэрбумыг намдаа тушааж эрх мэдэлд хүрсэн улс шархаа нөхөхөөр улайрч таарна. Ингэж улайрсан хүмүүс хараа хяналтгүй, манаач муутай газруудаас л хөрөнгө хамах боломжтой. Эхлээд ЖДҮ-ийг онилсон нь ийм учиртай. Гэвч баригдчихсан.
-ЖДҮ-ийн дараагийн бай “Эрдэнэт” байх нь ээ?
-Ойлгомжтой. Ер нь улстөрчдийн шархаа нөхөх боломжтой газар нь улсын өмч. Тийм учраас коммунист сэтгэлгээтэй хүмүүс хэзээнээсээ хувьчлалд дургүй байдаг.
Онцгой байдал зарлах асуудлын тухайд үйлдвэрийн дарга, гүйцэтгэх удирдлага, захирал, инженер гээд үйлдвэр доторх хүмүүсийн хүсэлтээр шийдэгддэг. Төсөвт олон зуун сая ам.долларын орлого өгч яваа компанид ямар нэг ноцтой асуудал гарсан гэвэл хэн ч итгэхгүй. Ажил нь муудаагүй, ямар нэг эрсдэлд ороогүй. Ийм тохиолдолд онцгой байдал зарлах шаардлага хэтээсээ байхгүй.
Эрдэнэт хотод үер болж, газар хөдөлж, бөмбөг тэсэрч, тахал гараагүй. Тодорхой хугацаанд үйлдвэрийн удирдлагыг эзгүйдүүлэх санаагаар онцгой байдал тогтоосон гэж харж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өмчлөгчид 2016 оноос өнөөг хүртэл хоёр жил хагасын хугацаанд оновчтой хяналт тавьж, ашгийг хоёр, гурав дахин өсгөснийг статистикаас харчихаж болно. Хувьчлалаас хойш өнөөдрийг хүртэл ийм амжилттай ажиллаж ирсэн менежмэнтийн багт цааш ажиллах бололцоо олгохгүйг хичээж байна. Бүр тодруулж хэлбэл онцгой байдал нэрээр үйлдвэрийг эзэнгүйдүүлээд сонгуулиас өмнө өөрсдөдөө ашигтай хэдэн гэрээ хийх нь гэж хардахаас аргагүй нөхцөл үүсгэчихлээ.
-“Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээс хойш ашиг нь хоёроос гурав дахин өссөн шалтгаан улстөрчдийн элдэв шахаа татарснаас үүдэлтэй нь тодорхой. Үйлдвэрлэлийн хэмжээ өссөн гэх мэт өөр шалтгаан бий юу?
-“Эрдэнэт” өмнө нь үйлдвэрлэсээр ирсэн хэмжээндээ л үйл ажиллагаагаа явуулж байгаа. 49 хувийн хувьчлалаас хойш ашиг нь хоёр, гурав дахин өссөн гол шалтгаан гэвэл хяналт сайжирч, үргүй зардал багассан. Эрх мэдэлтэй улстөрчид, дарга нарын идэж уудаг явдал, тансаг хэрэглээ, гадаад томилолт, шахаа хумигдсан учраас “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажилласан юм. Хувьчлалаас өмнө “Эрдэнэт”-ийн энэ ашиг эрх мэдэлд хүрсэн цөөхөн хүмүүсийн тухлаг амьдралын баталгаа болж байсан бол өнөөдөр төсөвт төвлөрөх болсон. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль, зам гээд иргэдийн тухтай амьдруулах орчныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ийн ашиг иргэдэд очдог болсон. Ялгаа нь ердөө энэ.
-Засгийн газар “Стандарт” банкнаас эхлээд олон зуун сая ам.долларын өр, асуудлыг дарж, мартагнуулахын тулд “Эрдэнэт” дээр ийм ажиллагаа явууллаа гэж харах хэсэг ч байна...?
-Нөгөө талд нь маш тод харагдаж байгаа асуудал шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө болсон хэрэг. Хувийн өмчийн компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшин орж ирж хяналтанд нь хүмүүсээ тавьсан учраас энэ хэрэг илэрсэн юм. Тэгээгүй бол дуусан дуустлаа нуух байсан. Төрийн өмчийн компани хувийн компанид хэзээ ч баталгаа гаргаж өгөх ёсгүй. Тийм атал баталгаа гаргаад өгчихсөн. Баталгаа гаргуулсан компани нь дампуурсан учраас өнөөдрийн байдалд хүрсэн хэрэг. Олон зуун сая ам.доллар гэдэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсантай дүйх хэмжээний асар том мөнгө. Ийм мөнгийг эрх мэдэлтнүүд хурууныхаа салаагаар урсгачихсан байна. Төрийн өмч ийм л байдаг. Ийм том гарз хохирол үүсэх шалтгааныг бий болгосон, шийдвэр гаргасан, тохирсон, өгсөн, авсан хүмүүс ЖДҮ-тэй адилхан нэр ус, албан тушаалтайгаа тодорхой атал яагаад ил болгохгүй байна вэ гэдэг орхиж болохгүй асуулт. Дахиад хэлье. Засгийн газар 49 хувийн өмчлөл рүү улайрч дайраад байгаагийн цаана 2018 оноос өмнөх сонгуулиудын 60 тэрбумын шархыг нөхөх зорилго л бий. Төрд байгаа салбар явдаггүйн тод жишээ бол эрчим хүч. Шинэ станц барина гэж ярьсаар өнөөг хүрсэн ч шав тавихаас хэтэрсэнгүй. За тэгээд нийтийн аж ахуй, хог, бохир гээд төрд данстай бүхэн урагшилдаггүй жишээг тоочвол өчнөөн. “Говь” компани хувьд очоод яаж өөдөлсөн нь олны нүдэнд ил байна. Арилжааны банкуудын тухайд хувьд очсон нь хөгжиж, төрд үлдсэн нь дампуурсан. Хувьд очоод өөдөлсөн жишээ мундахгүй олон. Улсын юмыг эрх мэдэлтэй улстөрчид идээд байдаг учраас зам, нефтийн үйлдвэр, шинэ сургууль барья гэхэд үргэлж мөнгө дутдаг.
- “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мөнгөөр авсан гэж шуугиад байх юм. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?
-Улсын мөнгө гэж та сая хэллээ. Улсын мөнгө гэдэг чинь овоон дээр тавьсан мөнгө шиг тийм хялбархан авч болдог эд үү. Энгийн логикоор бодоход л эрх мэдэлтэй олон хүний өчнөөн гарын үсэг дамжиж байж авах зүйл биз дээ. Улсын мөнгө авсан гэж ярьж суугаа бол өгсөн хүн нь хаана байна вэ гэсэн асуулт зайлшгүй тавигдана. Ардчилсан нийгэмд бүх асуудлыг шүүхээр шийддэг жамтай. Гэтэл буруу, зөвөө ялгах сөхөөгүй нөхдөөр тусгайгийнхныг удирдуулж гэм зэм нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүст сүр хүчийг үзүүлж байна. Засгийн газар нь олон нийтийн мэдээллийн сувгаар мэдэгдэл хийнгүүтээ маргааш нь Арабын алан хядагчдад ажиллагаа явуулж байгаа аятай сүржин драм тавих нь хууль, шүүхтэй улсад хэр зөв үзэгдэл вэ. Хууль бус энэ үйл ажиллагааг нь зүв зүгээр юу ч болоогүй мэт ажиглаад суудаг Хууль зүйн сайд нь яг үнэндээ хэн бэ? Хуулийн салбарыг нь хариуцсан сайд хүн ингээд сууж таарахгүй. Гайхаад барахгүй үзэгдэл өрнөж байна.
МАН засаглаад хоёр жил гаруй болчихлоо. Ерөнхий сайд нь солигдсон ч нэг намын улс засаг барьсаар ирлээ. Монголбанкны удирдлагууд хоёр жил гаруйн хугацаанд “Манай мөнгө алга болсон байна” гэж түгшүүр зарласан уу. Үгүй. Төсвөөс мөнгө авсан юм бол Сангийн яам мэдэгдэл хийчихсэн байгаа. Гэтэл тэгээгүй. Ч.Сайханбилэгийн үед мөнгө гаргаад өгчихөж гээд бөөн юм болох ёстой. Хэрвээ үнэхээр тэгсэн бол тухайн үеийн эрх мэдэлтнүүдийг шүүхэд өгчихсөн байх учиртай. Тэгсэн тохиолдолд шүүх асуудлыг хэлэлцээд буруутай гэсэн шийдвэр гаргавал өөр хэрэг. Ийм нөхцөлд өмчийг хурааж авна гэвэл ярих юм алга. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутай этгээд гэж зарлаж болохгүй.
-Өнгөрсөн долоо хоногт Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч, удирдлага, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирлыг шүүхийн шийдвэргүйгээр баривчлаад дараа нь суллачихлаа. Засгийн газар нь шүүхийн шийдвэр рүүгээ нулимсан алхмыг удаа дараа хийх хөрөнгө оруулагчдад айхавтар сөрөг дохио шүү...?
-Хамгийн наад захын сөрөг дохио. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ их зальтай мэдэгдэл хийснийг анзаарсан нь хэд бол. Ярианыхаа төгсгөлд “Шүүхээр нотлогдвол” гэчихнэ лээ. Авсан гэдэг нь шүүхээр нотлогдоогүй болохоор тэгж хэлэхээс аргагүй шүү дээ. Хоёр шүүх бүх шатныхаа шийдвэрийг гаргачихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн өмч хувьчлалд буруу юм алга, бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн гээд дүгнэчихсэн.
-Төсвөөс мөнгө гаргасан бол тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг хамгийн түрүүнд буруутгах ёстой гэсэн таны үг анхаарал татаж байна. Илт буруутгаж болох асуудал дээр нөгөө намынхаа улсыг уухайн тас шүүхэд өгмөөр юм...?
-Тэгэхээр төрийн ямар ч мөнгө алга болоогүй гэсэн үг.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэх мөнгөн дээр нууц мэдээллийн 20 хувийг нь л үзүүллээ, цаана нь бүр айхавтар асуудал бий гээд байгаа. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь тодорхой, олон компаниар дамжсан луйвар энэ тэр гээд сүртэй мэдэгдлүүд хийгээд яваа нь ямар учиртай юм бол. Ямартаа ч цаадах 80 хувьд нь ямар нууц байна аа гэсэн эргэлзээг олон нийтэд төрүүлчихлээ?
-Хагас нууц, хагас үнэн гэдэг чинь худлаа хэлсэнтэй ялгаагүй эд. 100 хувь үнэнийг дэлгэж байж үнэн болно. Түүнээс биш нэг том хэрэг дотроос цөөхөн хуудас харуулчихаад “Миний ярьсан бүхэн үнэн” гэж хэлж таарахгүй. Тэгэхээр улсын мөнгөөр авсан, олон компаниар дамжуулсан гэдэг дүгнэлт нь худлаа болчихож байгаа юм. Бүр тодруулж хэлбэл Л.Оюун-Эрдэнэ нарийн мэдээлэлгүй, юм мэдэхгүй хүмүүст үнэн юм шиг харагдах олон өнгөтэй хүснэгт схем харуулж худлаа мэдээлэл өгч байна. Энгийн зүйрлэл хэлье. Хэсэг гэмт хэрэгтэн машин ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж бодъё. Л.Оюун-Эрдэнэ машиныг нь л яриад байна. Машин унасан хүн бүр гэмт хэрэгтэн гэж яриад сууна л даа. Үнэн хэрэгтээ машинтай хүн бүр гэмт хэрэгтэн биш. Гагцхүү хэн ямар гэмт хэрэг хийснийг үнэн мөнөөр нь хуулийн өмнө нотлох ёстой. Түүнээс биш хэргийн газрын ойролцоо машин унаж явсан хүн бүрийг гэмт хэрэгтэн гэж ойлгож, мэдээлж болохгүй. Мэдлэг дутуу, боловсрол бага ард түмний толгойг хагас үнэнээр эргүүлэх арга гэж бий. Тэр аргыг хэрэглээд байна. Өнөөгийн Монгол Улсыг бүтэн зургаар нь харвал эдийн засгийн хууль зүйн тогтолцоо төгс төгөлдөр болж амжаагүй. Ихэнхдээ жижиг дунд төслүүдэд тохирсон хуулиудтай. М.Энхсайханы хэлдгээр мега төсөлд огт тохироогүй хууль зүйн тогтолцоо үйлчилдэг. Тийм учраас компаниуд хууль зөрчсөн гэхээс илүү хуульдаа тохируулж ажилладаг. Энэ бол хуулиа сайжруулахын оронд сиймхийг нь ашиглаж ашиг мөнгө хайж амьдардаг Ц.Нямдоржийн буруу.
-Онцгой байдал зарласан хугацаанд эрх баригчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах нь гэсэн хардлага биеллээ оллоо гэж бодъё. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг өмчлөгч тал зүгээр суухгүй байх, тийм үү?
-“Монголын зэс корпораци” шүүхэд хандах замаар асуудлыг шийдүүлэх байх. Онцгой байдал тогтоох үед гарах янз бүрийн шийдвэрүүдийг зогсоох, буруу шийдвэр гарах юм бол хариуцлага тооцох асуудал яригдаж таарна. Ер нь иймэрхүү үйл явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-д хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Онцгой байдал зарлана гэдэг бол ямар ч хүнийг гаргахгүй, оруулахгүй гэсэн үг. Би гэхэд л энэ үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн гэсэн сэтэртэй. Хоёр жил хуралдаж чадахгүй явна. Сүүлдээ өмчийнх нь эздийг оруулахгүй гээд онцгой байдал зарлаж байна. Нэг зүйлийг онцлоход төрийн өмчийн 51 хувийг томилох, хувийн өмчийн 49 хувийн төлөөллийг чөлөөлөх гэх мэт шийдвэрийг гаргадаг эрх бүхий байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Гэтэл энэ байгууллагын дарга нь ЖДҮ-ээс хууль бусаар мөнгө завшаад огцорчихсон. Иймэрхүү л хүмүүс “Эрдэнэт”-ийг ингэж байна шүү дээ.
-Үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл болж ажиллаж яваа удирдах албан тушаалтнуудын өрөөг битүүмжилчихлээ. Одоо тэдний оронд өмнөх шигээ төрийн талын төлөөллийг томилоод явах уу?
- Тэгэх өндөр магадлалтай. Дур мэдэн баахан хүмүүс томилж зарлах байх. Таны хэлсэнчлэн өмнө нь буюу 2017 онд биднийг хөөгөөд өөр хүн тавьсан түүх бий. Шүүхийн шийдвэр гарч байж томилсон хүмүүс нь ажлаа өгсөн. Бид ажлаа буцааж аваад 2018 оны нэгдүгээр сард хоёр өдөр хуралдаж төсвөө баталж байлаа.
-Та нарыг маргааш нь дахиад хөөчихсөн билүү?
-Тэгсэн. Ингээд харахаар “Эрдэнэт”-д төрийн, эрх мэдэлтэй улстөрчдийн маш том сонирхол байгаа биз. Мэдээж амттанд дурлаад хайрцагтай чихэр онгойлгоод идэх төдийхөн хэрэг биш. Маш том мөнгөний сонирхол яваа учраас ингэж улайраад байна л даа. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 49:51 гэдэг бол ТУЗ-ийн хурлын үеэр санал хураахад л хэргээ өгдөг. Түүнээс биш үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлдөг, оролцдог зүйл огт биш. ТУЗ-өөр үйлдвэрийн төсөв, хойтон жилийн ажлын төлөвлөгөөг нь баталсан нөхцөлд гүйцэтгэх бүх эрх мэдэл Х.Бадамсүрэнд очдог. Гүйцэтгэх захирал бүх асуудлыг толгойгоороо хариуцаад ТУЗ-ийнхөө өмнө тайлангаа тавьдаг, ийм л жишигтэй ажилладаг.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл луйвар болсон гэж хамгийн чанга дуугардаг гишүүн бол Ц.Нямдорж. Энэ хүнд ямар сонирхол байгаад ингэж яриад суудаг тухай өчнөөн мэдээлэл олонд ил болчихсон. Таны хувьд Ц.Нямдоржийн байр суурийг яаж хардаг вэ?
-Юуг нь ярих юм. Ийм жижиг асуудал ярих хэрэг байна уу.
-Олонх Хууль зүйн сайдыг мундаг, эх оронч гэж харж яваа үед учир мэдэх улс энэ хүний тухай ярих ёстой гэдэг утгаар асууж байна л даа?
-Ерөөсөө л шахаа. Шударга хүний маск зүүсэн хэсэг улс эзгүй өмчийг улам төгөлдөржүүлэх гээд байна. Ганц хүний тухай жижиг сэдэв уг нь яримааргүй байна. Хоцрогдлын эдийн засаг гэж ойлголт бий. Манай эдийн засаг яг тийм болчихсон. Ц.Нямдоржоос илүү том, хэрэгтэй сэдэв. Аль ч улс оронд өөр өөр үзэл бодолтой хүмүүс байх нь хорвоогийн жам. Ц.Нямдорж өнөөдөр албан тушаалтай, зөв буруугаа түүхээр дүгнүүлээгүй үедээ яваа. 1939 оны есдүгээр сарын 1-нд Адольф Гитлер ямар хүн бэ гэсэн социологийн судалгааг Германы иргэдээс аваад үз дээ. Тийм асуудал тавьсаныхаа төлөө эсэргүүцэлтэй тулгарна. Германыг босгосон сэргээсэн, сахилгажуулсан, ажлын байр бий болгосон агуу удирдагчийг юу гэнэ вэ хэмээн хөмсгөө зангидах хүмүүстэй нүүр тулна. Таван жилийн дараа тэр асуултаа давтвал харин өөр хариу хэлнэ. Гитлер тэр үед өөрийгөө ч өмөөрч чадахгүй хор уугаад үхчихсэн байсан. Миний сая ярьсан зүйл таны асуугаад байгаа Ц.Нямдоржийн хувьд хэтэрхий том жишээ л дээ. Гэхдээ зарчим нь энэ.
-Ц.Нямдоржийн хувьд дүгнүүлэхээр хугацаа болчихсон юм биш үү. Наад зах нь Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүн шүү дээ?
-Болоогүй. Огцроод, өөрөө өөрийгөө өмөөрч чадахаа больсоных нь дараа төрийн хүнийг цаг үе нь дүгнэдэг.
-Арай том, алсын дүгнэлт байна. “Эрдэнэт”-д эх орончийн үүднээс биш, хувийн сонирхлоор хандаж байгаагийнх нь ойрхоны бодитой дүгнэлт хүүгийнх нь тендер биш үү?
-Хүн бүр мэднэ шүү дээ. Хүүхдийнхээ төлөө юм гуйх нь эцэг хүний ёс гэж яриа биз дээ. Давтах шаардлага юу байна. Зарчим, үнэ цэнийн тухай ярианы дэргэд жижиг сэдэв. Заавал ярих гээд байгаа бол Монголд хамгийн бага шинэчлэгдсэн, төгөлдөржөөгүй салбар бол хууль зүй. Хууль зүйн тогтолцоо төгөлдөржөөгүй, шүүмжлэх зүйл ихтэй.
-Шүүхийн шинэчлэлийг гацааж байгаа гол хүн гэсэн үгийг энэ салбарт шинэчлэл хийх гээд бараагүй Х.Тэмүүжин саяхан хэлчихсэн. Та тэр утгаар нь хэлж байна уу?
-Маргаад байх юмгүй үнэн. Энэ салбарын сайдаар хамгийн олон удаа ажилласан хүн шүү дээ. Шоронд нь хүн үхэж байна. Нэрд гараагүй, жирийн эрүүгийн хэрэгтнүүдийн хувьд иймэрхүү явдал маш олон байдаг гэж сонссон. Зодоон нүдээн, доромжлол гүтгэлгийн тухай бол бүр ярих юм биш. Одоо хоёулаа арай өргөн сэдэв рүү оръё. Хүн төрөлхтөн, улс орнуудын түүхийг харахад үзэл бодлуудын уралдаан өрнөсөөр өнөөг хүрсэн. Байр сууриудын өрсөлдөөн, сөргөлдөөний оргил хэлбэр нь иргэний дайн. Америк гэхэд л умард, өрнөдөөрөө талцаж үзээд боолын нийгмийг халж сонгодог капитализм байгуулах үзэл ялсан. Тэгээд өнөөдрийн Америк бий болсон. Орост ч бас улаантан, цагаантан болоод үзэж байсан түүх бий. Хориод оны үед Монгол гэдэг улс харанхуй, болхи байсан ч асар хурдан дэвшсэн. Хөгжил дорой, иргэд нь боловсроогүй харанхуй улс орнуудын хувьд төрийн нэгдсэн удирдлага, хатуу чанд гар, дарангуйлал тодорхой хугацаанд хэргээ өгдгийг нотолсон жишээ. Хятад ч гэсэн хүн амынх нь дийлэнх харанхуй байсан үед Коммунист намын удирдлага дор маш хатуу, харгис дэглэмээр улс орноо босгосон түүхтэй. Сингапур Тайвань ч тийм. Гэхдээ энэ арга тодорхой түвшин хүртэл үр дүнтэйг улс орнуудын түүхээс харж болно. Өнөөдөр Солонгосыг Пак генерал шиг хүнээр удирдуулъя гэвэл иргэд нь хүлээж авахгүй. Чан Кай Шигийн харгис дэглэм дор босч ирсэн Тайвань өнөөдөр хатуу чанд гарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад ч гэсэн тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх нь ойлгомжтой. Тэрийгээ нуухгүй ярьдаг. Монгол ч гэсэн өнөөдөр дарангуйлагчийг хүлээж авахгүй. Тийм орон зай байхгүй.
-Чан Кай Ши гэх мэт хатуу гараар улсаа босгосон удирдагчдад тэгэх түүхэн зайлшгүй шалтгаан байжээ гэж ойлголоо. Баруун, зүүн үзэлтнүүдийн аль аль нь ийм замыг туулсан гэсэн үг үү?
-Та зөв анзаарсан байна. Чан Кай Ши зэрэг удирдагчид дарангуйллын аргаар явсан нь цаанаа учир шалтгаантай. Хөгжлийнхөө эрхээр, хүн амын дийлэнх нь харанхуй, мэдлэггүй, хөгжлийн доод шатанд яваа үед баруун зүүний аль аль нь дарангуйллын аргыг хэрэглэх нь олонтаа байдаг юм. Сонгодог коммунизм үйлчилж байх үед хуулийн нэрийн өмнөөс гээд хүнийг буудах, хорих гэх мэт элдэв хатуу, харгис арга хэрэглэж хоцрогдлоос гаргачихдаг байсан. Харин өнөөдрийн хувьд коммунизм устаад 30 жил болчихсон. Ийм атал коммунист сэтгэлгээтэй хүмүүс хуучнаараа сэтгэж, буруу арга барилаар ажиллаад байна. Шинэ ном уншихгүй, шинэ хандлагыг мэдрэхгүй, шинэ орчиндоо дасахгүй байгаагийн л шинж. Н.Энхбаяр нэгэн үе дарангуйлал тогтоох гэж, шүүх, цагдаа, прокурорыг атгах гэж үзсэн. Дараагийн тод жишээ нь Ц.Нямдорж. Гэхдээ тэдний энэ арга Монголд явахгүй. Бүр тодруулж хэлбэл бүхнийг төрд буцааж авдаг, төрд төвлөрүүлдэг зарчим Монголд ажиллахгүй.
-Төрд бүгдийг авах гэсэн улайрал харин ч хүчээ аваад байгаа юм биш үү?
-Та бод доо, 30 жилийн дотор бүхэл бүтэн үе өнгөрчихсөн байна. Эвлэл, пионер, намын төв хороог мэдэхгүй өссөн хоёр бүтэн үе гудамжаар алхаж яваа. Зөв буруу, сайхан муухай гэдэг дүгнэлтийг хэн нэгнээр биш, өөрөө хийгээд сурчихсан хэсэг насанд хүрсэн хүн амын дор хаяад гуравны нэг нь болчихсон. Тэд хэзээ ч Ц.Нямдоржийнх шиг юм уу Н.Энхбаярынх шиг дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Он жил улирах тусам цоо шинэ задгай сэтгэлгээтэй залуусын тоо улам өснө.
-Америкт нэгэн цагт үүсч байсан үзэл бодлуудын мөргөлдөөн сөргөлдөөн манайд дуусаагүй үргэлжилж яваа гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Америк, Энэтхэг гээд дэлхийн олон улс иргэний байр суурийн том мөргөлдөөнийг туулаад гарсан. Монголд тэр тэмцэл дуусаагүй явна.
-Бүхнийг төрд гэсэн улайрал, дарангуйллын маягийн хандлага жамаараа ялагдана гэж ойлголоо?
-Энэ хүмүүс ялагдаж таарна. Цагийн юм цагаараа гэдэг шүү дээ. Ямар ч нийгэмд үеүдийн хоорондох өрсөлдөөн эцэс төгсгөлгүй өрнөж байдаг. Боловсролгүй, харанхуй, бүдүүлэг хүнд эрх мэдэл өгөх ямар аюултайг Монголын хүн амын гуравны нэг нь харж байна. Иймэрхүү хүмүүс эрх мэдэлд очихоороо ямар зоригтой цөстэй болдгийг нийтээрээ харж байна. Ер нь дэлхийн түүхийг анзаарахад боловсролгүй, харанхуй хүмүүс төрийн эрхэнд гарахаараа асуудлыг хууль, шүүхээр шийдэхээс илүү баривчлах, хорих, болж өгвөл буудах дүүжлэх аргаар ажиллахыг урьтал болгодог.
Үргэлжлэл бий. Ц.Баасансүрэн "Өдрийн сонин"
Сэтгэгдэл (108)