Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй Үндсэн хуулинд оруулах зарим нэмэлт өөрчлөлтийн талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын дэд хэсэгт ажиллаж байгаа аж.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсны шалтгаан нь юу вэ?
-Юуны түрүүнд засаглалын хямрал үүсэх шалтгааныг арилгах гэсэн үндэслэл байна. 1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн баталснаас хойш Засгийн газар дунджаар 1.6 жилийн настай байна. Энэ бол Засгийн газрын тогтворгүй байдлын илэрхийлэл, цаана нь төрийн тогтолцоо, шийдвэр, бодлого залгамж халаа болон Засгийн газраас томилдог албан тушаалтнуудын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас энд өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүний хамгийн тод, хурц илрэл нь саяхан Их хурлын дарга болон Ерөнхий сайд нарын хооронд өрнөсөн зөрчил тогтолцооны гажуудал үүсч засаглал тогтворгүй болсныг илэрхийллээ. Тэгэхээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хамгийн эхний шалтгаан бол засаглалын хямралтай холбоотой юм. Дараагийн асуудал Үндсэн хууль 1992 онд батлагдаад 27 жил боллоо. Энэ хугацаанд шийдвэрлэх ёстой зарим асуудлууд хуримтлагдсан байна.
-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд одоогийн дөрвөн жилээр сонгож байгаа Засгийн газрыг илүү урт хугацаагаар сонгох юм уу. Яг ямар өөрчлөлт оруулахаар тусгасан юм бол?
-Манай улс парламентын засаглалтай улс. Тиймээс парламентын засаглалаа бэхжүүлэх нь чухал. Яагаад Засгийн газар тогтворгүй байна гэхээр Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдийг шууд томилох эрхгүй байна. Сонгодог парламентын засаглалтай улсад Засгийн газартаа буюу Ерөнхий сайддаа багаа бүрдүүлэх эрх мэдлийг нь өгдөг. Энэ жишгийн дагуу Ерөнхий сайдад кабинетээ бүрдүүлэх эрхийг нь олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөлд байгаа. Засгийн газар тогтворгүй байгаа бас нэг шалтгаан нь УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэгэн зэрэг хаших боломжтой 2000 оны өөрчлөлтөөр оруулсан зохицулалт байна. Яагаад гэхээр яамдын тоог хуульчлан заагаагүй учраас УИХ-аас хэдэн яамтай байхаа өөрсдөө шийддэг. Тэгэхээр магадгүй УИХ-ын 76 гишүүний тодорхой хувь нь давхар сайдын албан тушаал хаших боломжтой болоод байна. Засгийн газрын гишүүд бүхэлдээ УИХ-ын гишүүн байх боломжтой. Уг нь дундад зууны үеэс үүсэж өнөөдрийг хүртэл уламжилж яваа төрийн эрх мэдлийг хувиарлах онолоор “Нэг нь хууль тогтоож, нөгөөдөх нь хэрэгжүүлж, болохгүй бол түүнийг нь хянадаг тогтолцоо нь эрх мэдлийг тэнцвэржүүлнэ, хянана” гэж үзсэн. Тэгтэл манайд эсрэгээрээ нэг хүн хоёр тал руу хараад ажиллаж байгаа нь тогтворгүй байдалд шууд нөлөөлж байна. “Давхар дээл”-ийг хязгаарласнаар амбицгүй ажлаа хийх, эрх мэдлийн хувьд хяналт- тэнцэлтэй ажиллах боломжтой болно. 2000 онд оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд “Дордохын долоо” нэртэй болоод удаж байна. Тиймээс эдгээр өөрчлөлтүүдээс зарим хэсгийг нь өөрчлөх саналтай байгаагийн нэг нь энэ. УИХ-ын гишүүн, Засгийн газарт давхар албан тушаал хашихыг нь бүрмөсөн хориглодоггүй юмаа гэхэд тоонд нь хязгаарлалт хийх 1/3аас хэтрэхгүй давхар дээлтэй байх боломжийг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл 12 сайд байлаа гэхэд түүний дөрөв нь л УИХ гишүүн байхаар гэсэн үг. Мөн УИХ-аас Засгийн газрыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг заавал хамт дэвшүүлэхээр төсөлд санал бий. Өнөөдөр Засгийн газраа огцруулсны дараа, хэн гэгч дараагийн Засгийн газрыг удирдах талаар асуудлыг шийдвэрлэдэг..
-Шүүх эрх мэдэлтэй холбоотой ямар өөрчлөлт орж ирэх вэ. Сүүлийн үед иргэд шүүхийн байгууллагыг хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны халаасанд багтсан гэж хардаж, итгэх итгэл нь сулраад байгаа шүү дээ?
-Энэ тал дээр шүүгчийг сонгон шалгаруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах асуудлыг шинээр оруулж ирж байна. Одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй. Энэ тоо нэгдүгээрт хэтэрхий цөөхөн байна. Аль ч талаас нь харахад дээрх таван гишүүний гурвынх нь саналаар буюу олонхын саналаар шийдвэр гаргах учраас гурван хүнд нөлөөлөх боломж өндөр байх магадлалтай. Тиймээс энэ шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулъя. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог олон болгож, төрөл бүрийн төлөөллийг хангасан байдлаар зөвхөн нэг удаагийн бүрэн эрхийн хугацаанд ажиллах санал тусгасан. Мөн шүүгч болох насыг таван насаар нэмэх асуудлыг ярьж байна.
-Засаг даргыг иргэдээсээ сонгодог байх асуудал маргаан дагуулаад байгаа гэсэн. Энэ тал дээр ямар нөхцөл үүсээд байна?
-Нутгийн удирдлагын хэсэг дээр маш зөрчилдөөнтэй саналууд байна. Аль ч шатанд улс төржих явдлыг багасгая гэдэг санал хэлдэг. Төв Засгийн түвшинд өрнөөд байгаа хямрал, бүхий л асуудал доод шатанд, орон нутагт мөн л адил өрнөдөг.Засаг дарга нь өөрийнхөөрөө шийдвэр гаргах гэхээр иргэдийн хурал нь албан тушаалыг нь барьцаалж “Чамайг унагах, огцруулах асуудал ярина” гэдэг, тиймээс ажил явуулахад хүндрэлтэй байна гэдэг. Тэгэхээр тэд орон нутгийнхаа иргэдийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ асуудлыг сум, аймаг, дүүргийн Засаг дарга нар нь өөрсдөө хэлж байна. Үүнийг шийдвэрлэх арга зам нь УИХ-ын 67 гишүүний 2018 оны зургадугаар сард дэмжсэн Үндсэн хуулийн төслийн хувилбар дээр “Сумынхаа засаг даргыг шууд иргэдээсээ сонгодог байх”-аар оруулсан. Энэ шийдвэрт судлаачдын ажлын хэсэг эрс өөр байр суурьтай байна. Яагаад гэхээр одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн 59.1-т “Хосолмол удирдлагыг орон нутагт хэрэгжүүлнэ” хэмээн зарчмыг заасан. Өөрөөр хэлбэл иргэдээсээ сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжиж байгаагийн илрэл. Төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг төрийн төлөөлөгч нь Засаг дарга байна. Энэ хоёр хамтраад нутагтаа удирдлагыг нь хэрэгжүүлэх ёстой байдаг. Энэ зарчим хэвээр байгаа. Энэ зарчим өөрчлөгдөөгүй цагт Засаг даргыг шууд сонгож таарахгүй. Тиймээс сумын Засаг даргыг шууд сонгох хувилбараар явбал маш ойлгомжгүй нөхцөл үүснэ. Иргэдийн хурлаа ч, Засаг даргаа ч шууд иргэдээсээ сонгох юм бол энэ хоёр хоорондоо хэрхэн харьцах вэ. Хоёулаа иргэдээсээ мандат авчихсан. Манай улс бүх шатандаа нэгдмэл бодлого баримталдаг, нэгдмэл төрийн байгууламжтай улс. Сонгосон сумын Засаг даргтай газар төв засгийн бодлогыг хэн нь төлөөлөх вэ. УИХ-ын гишүүд дараа дахин сонгогдохоо бодоод данх, битон тараадагтай адил сонгогдсон сумын Засаг дарга бас нутаг дэвсгэрийн хүн амын ашиг сонирхлыг бодохоос илүүтэй явцуу бодлогоор дараа дахин сонгогдохоо бодно.
Мөн уул уурхайн олборлолт, хайгуултай холбоотойгоор сумдын засаг дарга нар компаниас хамааралтай болж эхлэх аюултай. Яагаад гэхээр тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутгийнхантай хэл амаа ололцохын тулд, ашиг сонирхлоо төлөөлүүлэх хэрэгцээ үүснэ. Тиймээс тэдэнд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан Засаг даргыг гаргаж ирэх аюул тулгарч байна. Эсвэл жалга довны үзэл давамгайлсан гэр бүлсэг, нутгархах газар магадгүй хэн нэгэн эрх ашгаа төлөөлөх хүнийг гаргах бүрэн боломжтой, эрсдэлтэй, аюултай учраас сумын засаг даргыг иргэдээсээ шууд сонгож огт болохгүй. Одоо лав биш. Арга зам нь ч биш. Засаг даргыг шууд сонгосноороо улс төржилт багасаад, орон нутгийхаа иргэдийн төлөө шууд үйлчлээд эхэлнэ гэвэл худлаа. Магадгүй дараагийн ашиг сонирхлууд гарч ирээд тэр нь өмнөхөөсөө ч дор байхыг үгүйсгэхгүй. Харин бид эсрэгээр нь улс төрийн намынхаа үйл ажиллагаа санхүүжилтийг нь ил тод болгох, татан буулгах, хариуцлага тооцох аргыг нь ил тодоор Үндсэн хуулиндаа заах талаар санал оруулсан. Үүнийг тодорхой болгочихвол намын үйл ажиллагаа яваандаа өөрчлөгдөх магадлалтай.
-Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх нь УИХ-ын гишүүдийн гарт байгаа гэсэн үг үү?
-Үндсэн хууль гэдэг бол байшингаар бодоход суурийг нь цутгаад баганаа өрөх ажил. Харин дотор нь мод, банз, тоосго, блокоор чигжиж өрөх,шавар зуурмагийг нь тааруулж бүрэн бүтэн байшин босгох нь бусад ердийн хуулийн үүрэг. Тэгэхээр суурийг нь сайн тавихгүй бол бусад хуулиуд ганхаж, тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд “долоо хэмжиж нэг огтлохын ухаан”-аар хандах ёстой. Үндсэн хууль гэдэг бол “Өдөр бүр энэ нь болохгүй байна. Үүнийг өөрчилье” гэж болдоггүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг өөрчилсөн асуудлаар найман жилд дахин өөрчлөх эрхгүй. Тиймээс маш хянуур хандах хэрэгтэй. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулж болох боловч мөн л УИХ-ын гишүүдийн шийдвэрээр л хэрэгжих боломжтой. Одоо өргөн барих өөрчлөлтийг ч мөн адил УИХ-ын гишүүдийн олонхын саналаар батлах ёстой. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн бол өөр хууль хэлэлцэх ёсгүй. Зөвхөн энэ хуулийг гурван хэлэлцүүлгээр хэлэлцэнэ гэх мэт онцлог журмын дагуу явагдана.
-УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байх ашиг сонирхол байх боломжтой юу?
-Энэ бол маш төвөгтэй. Яагаад гэвэл 2020 оны УИХ-ын гишүүний сонгууль ойртчихсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Сонгуулийн тогтолцоог хуулиар заана” гэсэн заалт оруулах саналтай байгаа.
Яагаад гэхээр өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн пропорционал тогтолцоог Үндсэн хуульд нийцээгүй гэж шийдвэрлэсэн тул одоо сонгуулийн жижиг мажоритор тогтолцоо хүчин төгөлдөр байга атул холимог юм уу, пропорциональ тогтолцоог хэрэглэж чадахгүй нөхцөлд хүрчихсэн. Жижиг можаритор тогтолцооны горыг бүгдээрээ амсаж байгаа нь бэлэг тараах буюу “Тойргоо услах” тогтолцоо газар авснаас харж болно. Өөрөөр хэлбэл цагаан сар, наадам, овооны баяр гэх мэт баяраар нь очиж баахан шагнал гардуулдаг. Тухайлбал Дундговь аймгаас сонгогдсон гишүүний тодруулсан алдарт уяачид, гавьяат дуучин, түрүүлсэн морины тоо гэх мэтийг өөрийн ажлын тайлан гэж үзэж байгаагаас тодорхой харж болно. Энэ бол жижиг мажоритор тогтолцооны гай. Хэрэв пропорционал тогтолцоотой байсан бол тухайн нэр дэвшигч зөвхөн намтайгаа ажиллана. Намын гишүүд хоорондоо өрсөлдөнө, намаас нэрийг нь дэвшүүлнэ, нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлогоо хэрэгжүүлэх ёстой гэх мэтээр намын систем сайжирдаг. Тэгэхээр одоо цаг хугацааны хувьд УИХ-ын гишүүд 2020 оны сонгуулийн үр дүнг тооцоод Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үгүйг сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй бараг гурван жил ажиллах хугацаандаа алдарт саальчин, уяач, дуучин цөөнгүй төрүүлчихсэн хүмүүс түүнийхээ ид шидийг үзмээр байгааг үгүйсгэхгүй. Ийм л эгзэгтэй байдал үүсээд байна. Уг нь нэг нам 64 суудалтай, үнэмлэхүй олонх болчихсон энэ үе бол Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тааламжтай цаг үе мөн. Харин зарим судлаачдын үзэж байгаагаар энэ удаагийн парламентын гишүүдээс ёс зүйн асуудалд олонтаа орсон ийм гишүүдтэй УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулах нь зөв эсвэл буруу талаар олон санал гарч байгаа. Тухайлбал ЖДҮ дэмжих сангаас авсан хөнгөлттэй зээлтэй нэр холбогдсон гишүүдийг хэлж байгаа юм. Тэд өөрсдөө ийм ёс зүйгүй үйлдэл гаргачихаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батална гэдэг нь ёс зүйн хувьд хэр зохистой вэ гэдэг асуудлыг хөндөж буй хүмүүс ч бий.
-ЖДҮ дэмжих сангаас зээл авсан эрх мэдэлтнүүдийн учруулсан хор хөнөөлийг та юу гэж харж байна?
-Хамгийн түрүүнд ярих ёстой, УИХ-ын гишүүдийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг асуудал бол ёс зүй. Бусад мэргэжилд ч ёс зүй байдаг.
Түүнтэй адил УИХ-ын гишүүн гэсэн улс төрийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг заасан. Түүнийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд “Өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж өөртөө давуу байдал олж болохгүй” гээд тодорхой заачихсан. Бидний нэрлэж заншсанаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд “Хувийн аж ахуйн нэгж байгуулж болохгүй, төрөл төрөгсөд, хамаарал бүхий этгээдүүддээ төсөл хөтөлбөр олж өгөх, зуучлахыг хориглоно” гэж заасан. Мөн Эрүүгийн тухай хуульд “Эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх” талаар заасан.
Гэтэл энэ бүхэнд илэрхий баримттай зүйл болоод байна. Заавал хуульчид баталж нотлоод байх шаардлагагүй. Энэ өөрөө нийгмийн эрх зүйн ухамсарт маш сөргөөг нөлөөлж байна Иргэд тэдэнд итгэхээ болилоо. “Тэд бидний төлөө ажиллаж байна гэж үү. Би лав итгэхгүй байна. Хэн чадаж байгаа нь л эрх мэдлээ урвуулан ашигладаг юм байна шүү дээ” гэсэн байдал бий боллоо. Энэ нь иргэд төрд, УИХ-ын гишүүн, шүүх засаглалд ч итгэхээ больж жирийн иргэд бид бүх хууль дүрмийг сахих албатай юм уу” гэсэн ойлголттой болж байна. Энэ бол нийгэмд маш хор уршигтай гинжин нөлөө. Үүний цаана бас нэг томоохон хохирол үүссэн нь эдийн засгийн хор нөлөө. ЖДҮ-ээс зээл авах хүсэлтээ ирүүлсэн 1200 гаруй аж ахуйн нэгжүүдийн нийт дүн эрх мэдлээ урвуулан ашигласан эрх мэдэлтнүүдийн авсан дүнгээс илүү гарахааргүй үнийн дүн байх жишээний. Энэ зээл жинхэнэ эздэдээ очсон бол хэчнээн айл өрх амьжиргаагаа дээшлүүлж, хэдэн хүн ажлын байртай болж, хэдэн хүүхдийн ирээдүй өөрчлөгдөх байсан бол. Тэгэхээр биднийг төлөөлж буй эрхэм гишүүд жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан ёс зүйгүй үйлдэл шүү дээ.
-Тэр жирийн иргэдийн боломжийг хулгайлсан гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ? Зарим гишүүд би зээлээ төлчихсөн одоо гэм буруугүй гэж арьсаа хамгаалаад байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Энэ асуудал дээр Захиргааны хэргийн шүүхээс ямар нэгэн шийдвэр гарна гэж хүлээж байна. Хэрэв хууль бус гэдгийг нь албан ёсоор тогтоочихвол авсан зээлийг нь эргүүлэн төлүүлж жинхэнэ эздэд нь дахин хуваарилах гэх мэтээр ажиллагаа явагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үйлдэл үйлдлээрээ үлдэнэ. Хулгайч хүн авсан хулгайн зүйлээ буцаагаад өгчихөөр хэрэг биш болдоггүйтэй адил. Хэрэг хуучирдаггүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй тохиолдолд УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь дууссан цагт ч болов шалгах боломжтой л байх болно.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эрх үүсэх нөхцөл өөрөө арай л ээдрээтэй юү. Гишүүнийг эгүүлэн татах тал дээр юу ярьж байна?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ярьж байгаа нэг асуудал бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал. Яагаад гэхээр иргэд тэднээс хариуцлага нэхэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярихаар улс төрөөс ангид баймаар байна. Иргэдийн амьдралд тустай байх гэдгийг онцолж байна. Хоёрдугаарт: УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэг болооч ээ. Хэн ч хариуцлага хүлээхгүй байна гэдгийг хэлж байна. 2018 оны зургадугаар сард УИХ-ын гишүүдийн 67 нь гарын үсэг зурсан хувилбар дээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг оруулъя гэсэн. Мөн биечлэн кнопоо дардаг байх талаар оруулахаар тусгасан. Энэ Үндсэн хуулиар зохицуулах хэмжээний асуудал мөн үү гэдэгт дүгнэлт хийх ёстой. Энэ бол бага ангийн хүүхдүүдэд ангидаа орохдоо ханаа дагаж жагсаж орно. Ангидаа ороод хоёр хоёроороо суух ёстой гэсэнтэй агаар нэг ичмээр энгийн асуудал. Та зөвхөн өөрийнхөө кнопыг дарна шүү. Өөр хүнийхийг дарж болохгүй шүү гэдгийг Үндсэн хуулийн төвшинд зохицуулдаг асуудал биш. Мөн гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх асуудал дээр УИХ-ын гишүүн хууль зөрчсөн үйлдэл хийж байх үед нь нотлох баримттай бол шууд шалгана. Бусад үед УИХ-ын хуралдаанаар оруулна гэж байгааг яваандаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Энэ байдлыг гишүүд бамбай болгоод барьчихсан. УИХ-ын гишүүн байх хугацаандаа мөрдөн шалгах үйл ажиллагаанаас ангид байна гээд итгэчихсэн. Ийм байж таарахгүй ээ. Одоо бие биенээ хамгаалж үлдэх сүргийн системтэй л байна. Өмнө нь миний санаж байгаагаар зарим нэг гишүүдийн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссаны дараа гэмт хэрэгт сэжиглэж шалгаж байсан тохиолдлууд бийн
-УИХ хууль тогтоох байгууллага, Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага. Хэрэв хууль зөрчигдвөл хянах эрх нь шүүх болон Үндсэн хуулийн цэцэд бий. Тэгтэл Үндсэн хуулийн цэц өнөөдөр хараат бус ажиллаж чадаж байна уу?
-Энэ үйл явц бие биенээсээ хараат болсон. Улс төрийн хүчин зүйлийн нөлөө их болсон. Үндсэн хуулийн цэцэд хэнийг төлөөлсөн ямар эрх бүхий хүн байна гэдгийг харах ёстой болсон. Тэр хүнийг томилж байгаа нам, УИХ-ын гишүүн нь хэн байна гэдгийг харах ёстой болсон. Энэ байдлаас харахад олон жилийн дүнгээр сонгогчдын боловсрол, намын тогтолцоог цаашид өөрчлөх боломжтой гэж судлаачийн хувьд харж байна. Сонгогчид нэр дэвшигчдийн ятгалга, авилгад автахаа больж өөрсдийн үнэт зүйлдээ тулгуурлаж сонголтоо хийдэг болсон цагт л эрүүл тогтолцоотой болно. Иргэд “Төр, засаг болохгүй байна, тогтолцоог нь өөрчилмөөр байна” гэж шүүмжилдэг. Харин өөрсдөөсөө “Энэ өөрчлөлтийн төлөө юу хийв” гэдгээ асуух хэрэгтэй. Магадгүй нэр дэвшигчийн хэн нэгнээр дамжуулж өгсөн тав, арван мянган төгрөгийг нь авчхаад тэр хүнд саналаа өгсөн бол та өөрөө ч бас энэ системийг өөгшүүлсэн л гэсэн үг болно биз дээ.
-Энэ байдал чинь сонгогчийн боловсролтой шууд холбоотой биз дээ. Сонгогчийг хараат бус сонголт хийх боловсролтой байлгах нь төрийн үүрэг баймаар. Төрийн эрх барьж байгаа хүмүүст сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сонирхол байхгүй юм биш үү?
-Тийм л дээ. Тэд, иргэд сонголтоо хараат бусаар хийх боловсролтой болоод бидний үйл ажиллагаанд хяналт тавьж, шахаж ажиллаасай гэх хүсэл байгаад итгэлтэй биш байна. Иргэдийн сонгуулийн боловсролд түлхүү төрийн бус байгууллагуудын санаачилгаар энэ ажил явж ирсэн л гэж хардаг.
П.Батзаяа