Түүх, археологийн хүрээлэнгийн ЭШТА, УБИС-ийн дэд захирал, доктор, профессор С.Цолмонтой Монголын эзэнт гүрний үеийн түүхийн сурвалжуудын талаар ярилцжээ.
-Та Монголын түүхийн аль үеийг голчлон судалдаг вэ?
-Монголын түүх археологийн хүрээлэн бол нэн эртний үеэс эдүгээ хүртэлх бүх түүхэн цаг үеийг хамруулан судалдаг. Би Монголын дундад зууны үеийн түүхийг судалдаг. 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэхэд Түүхийн хүрээлэнгээс Монголын эзэнт гүрний таван ботийг хэвлэж гаргасан. Тэр дотроос Алтан ордны улсын түүхийг бичсэн юм. Бидний энэ ажил шилдэг бүтээлийн шагналыг авсан. Энэ жил мөн монголчууд бидний хувьд бас нэгэн түүхэн жил болж байна. Энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ой тохиож байгаа түүхэн жил юм. Алтан ордны улсын эрхшээлд буюу Кипчакийн тал нутагт байсан олон улсууд тэмдэглэхээр зэхэж байна. Монголын төр засгийн зүгээс одоохондоо энэ талаар мэдээ алга байна. Харин манай хүрээлэнгээс дээрх таван ботио нэмж засварлан хэвлэн гаргах гэж байна. Эхний удаа таван боть гарснаас хойших 13 жилийн хугацаанд маш их судалгааны материалууд нэмэгдсэн учраас дахин засварлаж хэвлэнэ.
-Монголын эзэнт гүрний үеийн гол онцлог, түүхэнд үзүүлсэн нөлөө нь юу вэ?
-Монголын эзэнт гүрэн бол монгол хүн бүрийн бахархал. Америк, Австрали тив нээгдээгүй байхад Евразийн уудам тал нутгийн ихэнх хувийг эзлэн оршиж байсан их гүрэн. Өрнө Дорно хоёрыг бүхий л талаар холбож байснаараа түүхэн дэвшилтэт үе юм. Ийм цөөхөн монголчууд яаж тийм том гүрнийг байгуулж чадав аа гэдэг нууцыг тайлахаар өнөө хүртэл эрдэмтэд судалсаар байна. Монголын эзэнт гүрэн бол хамгийн удаан оршин тогтносон гүрнүүдийн нэг юм. Мөн хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байжээ. Судалгаагаар 24 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай байсан гэж тогтоосон. Нэгэн үед Монголын эзэнт гүрний түүхийг зөвхөн байлдан дагууллын түүхээр харж байсан. Байлдан дагуулалтын түүх нь тавиадхан жилийг эзэлдэг учраас энэ үеийн Монголын түүхийг дахин шинээр авч үзэх шаардлагатай юм байна гэдгийг дэлхийн эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрсөн. Учир нь Монголын эзэнт гүрэн 250 гаруй жил оршин тогтносон. Энэ 200 гаруй жилийн монголчуудын түүх дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж тооцогддог. Байлдан дагуулалтын түүхийг аваад үзвэл 1211 онд Алтан улсыг дайлаар мордсон. Түүний бэлтгэл болгож Тангуд улсыг 1205,1207, 1209 онд дайлсан байдаг. Энэ бол суурин орныг яаж эзлэх вэ гэдэг арга тактикаа боловсруулсан дайн. Чингис хаан 1215 онд Алтан улсыг эзэлсэн. Гэхдээ Алтан улсын хаан нийслэлээ нүүлгээд зугтсан учраас Алтан улс мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай гэж хэлжээ. Өгөдэйгийн үед буюу 1245 онд Алтан улсыг бүрмөсөн эзэлсэн. 1225 он буюу Чингис хаан дөрвөн хүүхдээ асар том газар нутгийг хувь болгож өгснөөр Зүчийн улс байгуулагдсан. Алтан ордны улсын нэрийг 1566 онд гарсан “Казаны түүх” гэдэг номонд Зүчийн улс бол алт маш ихээр хэрэглэдэг баян тансаг гэж тэмдэглэснээс үүсэлтэй. Түүнээс хойш дэлхийн түүхэнд “Золотая Орда” гэх мэт нэрээр маш хурдан түгсэн.
-Энэ жил 750 жилийн ой нь тохиож байгаа Алтан ордны улсын тухай товчхон ярина уу?
-Монголын эзэнт гүрэн бол Их Монгол улс, Алтан ордны улс, Цагаадайн хаант улс, Ил хаант улс, Юань гээд нэг толгойт дөрвөн бүрэлдэхүүнт нэгдсэн улс байсан. Энэ таван улс дотроо Алтан ордны улс нь хамгийн том газар нутагтай хүн амаараа хоёрдугаарт орж байж. Өрнө Дорныг холбох зааг газар нутагт Алтан ордны улс оршин тогтнож байсан учраас хамгийн гол харилцаа холбооны зангилаа болж байв. Энэ улс нь Хархорум руу эсвэл Дайду хот руу явдаг худалдааны гол зам нь байсан. Каспийн тэнгисийн хөвөөнд Сарай хотыг байгуулснаар Хархорум, Дайду хотоос Сарайг Өрнө Дорныг бүхий л бараа таваараар тасралтгүй хангаснаар худалдааны эргэлтийн хугацаа хэд дахин богиноссон байна. Италийн хотууд Алтан ордны улстай худалдааны гэрээ хэлэлцээр байгуулж тус тусдаа худалдааны чөлөөт бүсийг байгуулж байжээ. Хоёр улсын сүлдийг хаалган дээрээ хадаад Алтан ордны хаадаас худалдаа хийх боломжуудыг олгосон 22 төрлийн бичгийг авч байсан байна. Энэ бичиг нь перс, саратин зэрэг янз бүрийн хэлээр байсныг нь латин хэлээр орчуулж өөрсдийнхөө нутаг руу явуулж байсан нь энэ үе хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Алтан ордны улсын гол бодлого нь Их Монгол Улсын төрийн алтан аргамжааг ягштал биелүүлж байсанд оршино. Зарим хүн Чингис хаан бие барсны дараа Хувилай хаан нийслэлээ нүүлгэн шилжүүлснээс хойш Эзэнт гүрний улсууд нь биеэ даагаад тусдаа улс болсон юм шиг ярьж, бичдэг. Ийм байгаагүй гэдэг нь түүхэн баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл тухайн үед холбооны улс шиг зарчмаар бүрэлдэхүүнт улс байдлаар оршиж байсан. Эзэнт гүрний эдийн засгийн бодлогын хяналт шалгалт маш сайн байсан. Сүүл үе рүүгээ энэ байдал алдагдаад татвар, торгууль завших, хахууль маягийн сонирхлууд гадны түшмэдүүдээс их гарах болсноор суларч эхэлсэн байна. Эзэнт гүрний бутралын хувьд гэвэл 1480 онд гол хүчээ алдаад 1502 онд хамгийн сүүлийн улс нь задарсан гэж үздэг.
-Эзэнт гүрний үе буюу Чингис хааны хаанчлалын үеийн түүхийг монголчууд хамгийн сайн мэддэг. Гэхдээ зарим нэг хүн Хархорум хот бол шашны төв байсан, мөнгөн мод зохиомол зүйл гэж бичсэн байхыг харлаа. Энэ талаарх судалгааны түүхэн гол баримт нь юу байдаг вэ?
-Хархорум хотын 800 жилийн ой нь ирэх жил болох гэж байна. Хархорум хотыг хамгаалах Юнескод бүртгүүлэхэд Япон улс чухал үүрэг гүйцэтгэж байгаа. 2003 оноос Монгол Германы экспедиц Хархорум хотын судалгааг хийж маш том амжилт гаргалаа. 1949 онд Оросын эрдэмтэн С.В.Киселев судалгааныхаа багтай ирж малтлага хийгээд 64 баганатай Өгөдэй хааны ордны туурь байна гэсэн. Энэ дүгнэлт 50 гаруй жил судалгаанд байсан. Харин 2006 оны судалгаагаар Тогоонтөмөр хааны үед их хэмжээний мөнгө гаргаад засвар хийсэн байна. Тэр тухай бичсэн бичигт чулуун хөшөөний хугархайнуудыг олж Японы эрдэмтэн Мицүкава тайлж уншсан. Энэ бол хааны ордны туурь биш буддын маш том хийдийн суурь байна гэж үзсэн. 1225 оны луу жил Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсан. Дараа нь буддын хийд болгож засчээ гэж үзсэн. Тэгвэл хааны ордны суурь хаана байна вэ гэдэг асуулт гарна. Хэд хэдэн судалгаагаар Эрдэнэзуугийн Чогчин дуганыг байгуулахдаа чулуунуудыг нь ашиглаж хааны ордны суурин дээр барьсан байж магадгүй гэж таамагладаг.
Рубрук гэдэг хүн Францын хааны элчээр ирэхдээ Мөнгөн модны тухай цорын ганц тэмдэглэлийг үлдээсэн хүн юм. Рубрук гэдэг нь үнэндээ хотынх нь нэр юм билээ. Рубрук хотын Гийом Де гэсэн үг юм байна. Тэр хүн аялж явсаар байгаад Хархорумд ирсэн тухайгаа тодорхой бичжээ. Тэр Хархорум хотыг дөрвөн хаалгатай, Мөнгөн модноос айраг цагаа ууж дайллага хийсэн тухай бичсэн.
Хамгийн гол нь буддын сүм нь яагаад хааны ордны туурь биш гэдгийг мэдсэн гэхээр Мөнгөн модны газар доорх шахуурган хөөрөгнүүдийг олоогүй. Харин сүмийн шүншгийг олсон. Дэлхийн судлаачид Хархорум хот болон Мөнгөн модыг баттай байсан. Харин энэ судалгааг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж үздэг. Хархорум хот хэсэг хугацаанд Өрнө Дорныг холбосон өвөрмөц өнгө аястай төв байсан гэдгийг баталдаг.
-Та түүхэн судалгааг хэдэн жил хийж байгаа вэ? Дундад зууны түүхийн гол сурвалж бичгүүд нь юу юу байдаг вэ?
-Би 1976 оноос одоог хүртэл түүхэн судалгаа хийж байна. Намайг анх Түүх археологийн хүрээлэнд ирж байхад Чингис хаантай холбоотой түүхийг судлахад хумигдмал цаг үе байсан. Академич Ш.Нацагдорж багш маань дэлхийд Чингис хааны тухай ном гараад байхад монголчууд бид өөрсдөө ном гаргах юмсан гэдэг байсан. 1990-ээд оноос хойш дэлгэрэнгүй сайхан цаг ирлээ. Түүхэн гол эх сурвалжууд гэвэл “Монголын Нууц Товчоо”, “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх” гэдэг сурвалжууд байна даа. Эдгээр номууд бол тухайн үедээ бичигдсэн. Хожуу үе буюу 16-19 зуунд олон зохиолууд бичигдсэн. Ялангуяа Өвөр Монголд маш олон түүхэн сурвалжууд байдаг. Мөн хятад, перс, араб, турк, солонгос, орос гэх мэт олон түүхэн сурвалжуудаас олдоно шүү дээ. Ер нь бичгийн болон археологийн судалгаанууд эх сурвалж болдог.
-Монголын түүхгүйгээр дэлхийн түүх бичигддэггүй гэдэг. Өнөө үед Эзэнт гүрний түүх судалгаа шинжилгээ талаасаа дэлхийн түүхэнд хэрхэн бичигддэг вэ?
-Яах аргагүй Монголын эзэнт гүрний эрхшээлд байсан улсууд Монголын түүхгүйгээр өөрийнхөө түүхийг бичих боломжгүй. Гэхдээ энэ түүх гурван янзаар л бичигдсэн байдаг. Бодитой болон муугаар бас сайнаар бичигдэх нь мэдээж. Энэ дундаас л бодит түүх тодорно. Өнөө үед Монголын эзэнт гүрэн бол дэлхийд өртөө зам гэдэг гайхамшигтай зүйлийг байгуулсан гавьяатай бичигддэг. Манай түүхэнд өртөөг 1235 онд Өгөдэй хаан анх байгуулсан гэж бичигдсэн. Гэхдээ энэ нь судалгаа жаахан гүехэн байх үеийн үнэлэмж л дээ. Чингис хаан Чанчунь бомбо гэдэг хүнийг урьсан. Чанчунь бомбо Афганистаны Гиндукуш ууланд байхад нь явсаар байгаад очиж уулзсан байдаг. Энэ тухай бараа бологчид, шавь нар нь тэр өртөөнд очив, энэ өртөөнд хоноглов гэх мэтээр тов тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. Өгөдэйн өртөө замын тухай асуудал бол эзэмшил нутагтаа өртөө замыг өргөтгөх тухай Даландавааны хуралдаан дээр хэлэлцсэн түүхтэй. Өртөө яваагүй газраа Уургын улаа гэж байж. БНСУ-ын судлаач Монголын эзэнт гүрэн дэлхийд интернэтийн үүргийг гүйцэтгэж байсан гэж бичсэн нь бий. Өмнөд Сүн улсын орой хураасан жимс өглөө нь Хувилай хааны ширээн дээр байдаг гэдэг үг бол энэ хурдыг нь хэлсэн хэрэг л дээ. Монголчууд энэ үедээ зочид буудал, шуудан холбоо, гадаад паспортын эхлэл, дипломат харилцаа, цэрэг дайны маш том стратеги, тактик, арга техникийг хөгжүүлсэн зэргээрээ дэлхийн түүхэнд хувь нэмрийг оруулж хүлээн зөвшөөрөгдсөн том түүх юм. Монгол морины хурдыг тооцоолж чадаагүйгээсээ болоод ялагдсан улс орнууд ч байдаг. Эзэнт гүрний үе бол дэлхийн шилдэг, ололт, дэвшилттэй бүхний дээжсийг цуглуулж чаддаг байсан маш нарийн бодлоготой, шударга ёсыг тогтоосон, эрх чөлөөт бас эрхзүйт төр байжээ. Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрэн дэлхийн хэмжээний бодлогыг явуулдаг байсан. Дэлхийн шилдэг оюун санаануудыг хурааж чадаж байсан нь Чингис хааны төрийн бодлого байсан байна. Чингис хааныг оюун санааны удирдагч гэж үздэг нь үндэслэлтэй.
-Түүхэн судлаачийн хувьд түүхийг гуйвуулсан уран сайхны бүтээлүүд төрж мөн судлаач биш хүмүүс өөр өөрийнхөөрөө түүхэн тайлбар хийж энэ бүхнийг нь залуу үеийнхэн үзэж, уншиж байгаад эмзэглэдэг үү?
-Түүхэн судалгаа хийж байгаа хүн хэчнээн сайхан юм байсан ч биднийх гэж хэлж болохгүй. Баримтад л тулгуурлахгүй бол бусад ардын түмний бүтээсэн үнэт зүйлсийг өөртөө наах эрхгүй. Баримтыг л баримтлах зарчимтай. Хүмүүс түүхээ сонирхоод янз бүрээр бичиж, үзүүлж байгаа нь сайн хэрэг боловч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь зөв. Түүхийг буруу ойлгуулаад хүнд хүргэчихсэн уран бүтээлийн үр дагаврыг залруулахад маш хэцүү. Түүхийг гажуудуулж, гуйвуулж зохиол бүтээл хийснээс хийхгүй, гаргахгүй байсан нь дээр. Зарим хүмүүс бүх л юмыг Монголынх болгочихдог. Түүхэн хөгжил гэдэг бол тодорхой хугацааны дараа давтагддаг учраас л түүхийг судлах, мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл түүхийн суурин дээрээ хөгжлийг бичнэ. Бутралын үеийн сургамжийг өнөө цаг дээр авчирч хараасай гэж хэлмээр байна. Түүхэн баримтыг гажуудуулахгүй бүтээл туурвих боломжтой. Ялангуяа уран бүтээлчид түүхчдийг зөвлөхөөр авч хамтарч ажилладаг болсон нь их зөв гэж боддог. Төрөөс дэмжээд түүхэн монгол контентуудыг маш ихээр бүтээгээсэй гэж хүсдэг.
А.Мөнхжин