ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий Улсын их хурлын гишүүдээс Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг Эрдэнэтийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийсэн. Иймээс үүнтэй холбоотой тайлбар авахаар шүүгч М.Батсуурьтай ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?
Би Хаад боржигоны Мишигийн Батсуурь. Булган аймагт төрсөн. Шихихутаг, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи төгссөн, Хуульч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэр бүлтэй, 4 дэх хүүхдээ хүлээж байгаа 3 хүүхдийн аав. Миний эхнэр гадны хөрөнгө оруулалттай компанид зөвлөгөө өгдөг хүн бий. Товчоор танилцуулахад ийм л байна.
- МУИСд багшилдаг, хэд хэдэн ном гаргасан гэдгээр хуульч нар их мэддэг юм байна лээ?
Тиймээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2001 онд захирал Академич С.Нарангэрэл, дэд захирал доктор Н.Лүндэндорж нарын туслахаар ажилд орж, 2009 он хүртэл тэндээ башилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Одоо гэхдээ багшлах, ном бичих ажлаа бүрэн орхиогүй байгаа. Шүүгч, хуульч нарт хичээлээ заагаад, номоо гаргаад л яваа. Сүүлд “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл” номыг гаргахад хамтран ажиллалаа. Нийт 20 гаруй ном дангаараа болон хамтран бүтээлцсэн байна. Шүүгч байнга өөрийгөө хөгжүүлэх ёстой учир эрдэм номын ажлаа хаяахгүйг хичээгээд л яваа.
- Яагаад сургуулиас гарч, Худалдаа хөгжлийн банканд ажиллах болсон бэ?
Би ихэвчлэн онолын хичээл зааж байсан. Учир нь хуулийн практик надад бага байсан юм. Тийм учраас сургуулиас гарахгүй, давхар ажиллах санаатай хэд хэдэн байгууллагатай уулзаж байснаас Худалдаа хөгжлийн банктай тохиролцож, тэгээд хөдөлмөрийн гэрээ биш, харин контракт гэрээ байгуулаад ажилласан. Энэ нь хөдөлмөрийн гэрээг бодвол богино хугацаатай, тодорхой асуудал дээр хамтран ажилладгаараа ялгаатай. Харин сургуулийн удирдлага ятгасан учир тухайн үед сургуулиа орхихоос өөр аргагүй болсон. Миний өөрийн сонирхол эхнээсээ л нийтийн албанд байх. Тиймээс гэрээгээ дуусах үед шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, шүүгч болсон.
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХын чуулганы үеэр өөрийн чинь талаар ярихдаа их залуугаараа карьер хийсэн гэж удаа дараа хэлж байхыг сонссон?
Шүүх нь Улсын их хурал, Засгийн газар шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвших замаар явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгөөд, тэнцсэн нь дэвшээд л явдаг байгууллага. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, дээд шүүх гээд шат бүрт нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг “Кран” шүүхэд байдаггүй.
- Өөрийн чинь шийдвэрлэсэн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар их яригдаад байгаа. Шүүгч хүнээс хэргийн талаар хамаагүй асууж болдог юм болов уу?
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Тэнд шүүгчийг шийдсэн хэрэгтээ нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг хориглодог. Энэ нь шүүгч ирээдүйдээ итгэлтэй байж, айдаст автахгүй, хараат бусаар маргаан шийдэх даатгал юм. Харин шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншаад ойлгохоор үндэслэлээ сайтар бичиж, ил тод байлгах учиртай. Уг нь хэргийн шийдвэрийн талаар асуухаас илүү шүүхийн шийдвэрийн үндэслэл тойрч ярьдаг бол шударга ёс илүү тодроно гэж боддог.
- Гэхдээ Та ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шүү дээ?
Өмнө нь миний оролцоотой шийдвэрлэсэн хэргийн талаар гомдсон талууд янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Би энд огт эмзэглэдэггүй. Учир нь ардчилсан нийгэмд албан тушаалтныг хардах эрх иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага хэнд ч байх ёстой гэж би боддог. Шүүгч, прокурор гээд хуульч нар иймэрхүү гал авахад сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Нөгөө талаас, би жилдээ 300-400 орчим хэрэг шийдвэрлэхэд оролцдог. Ингээд бодохоор шүүгчээр томилогдсоноос хойш 3000 орчим хэрэг шийдвэрлэсэн, үүний цаана гомдсон талыг тоолж барахгүй. Өөртэйгээ зөрчилдөн барин хуулийн дагуу алхаа цохих үе зөндөө тохиолдоно. Гомдсон, хардсан үг болгонд хэвлэлийн бага хурал, ярилцлага, мэдэгдлээр хариу өгөөд явбал хэзээ үндсэн ажлаа хийх вэ? Энд ярилцахыг зөвшөөрсөн учир нь намайг хүнд гэмт хэрэгт холбож мэдэгдэл гаргасан. Ингэхдээ Монгол Улсын сайд болон Улсын их хурлын нэр бүхий гишүүд энэ мэдэгдлийг хийсэн учир би тайлбар хийх нь зөв гэж бодсон. Завсар зайгүй нүдэх бөмбөрийн нүргээн дунд лимб сонсогдохгүй гэдэг. Чөлөө олдсон дээр тайлбараа өгсөн нь зүйтэй гэж бодлоо.
-Өөрийг чинь Эрдэнэтийн 49 хувийн маргаанд их холбоод байгаа. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гээд байгаа л даа?
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэсэн урт нэртэй хууль бий. Энд ямар шийдвэр гаргахад оролцож болохгүй талаар зохицуулсан, ингэхдээ өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан бол 2 жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон. Миний хувьд дээр хэлсэнчлэн, 2009-2011 оны хооронд ХХБ-д ажиллаж байсан учир энэ заалтыг зөрчөөгүй. Шүүх хурал дээр ч энэ талаар хэлж, хариуцагч байгууллагуудаас асуухад татгалзахгүй гэсэн байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд хэрэгт Худалдаа хөгжлийн банкний талаар огт байхгүй, харин “Монголын зэс” гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир би бас зориуд цохож асуусан байдаг. Ер нь энэ банктай холбоотой хэд хэдэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон, шийдвэрүүд нь янз бүр гараад явсан байдаг. Хэнд ч гэсэн ажил хэргийн холбоотой түүх байдаг л биз дээ.
-Ер нь ямар шийдвэр гарчихсан юм бэ?
Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, бид Эрдэнэтийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юу гэдэг маргаан огт биш. Харин Улсын их хурлаас 23 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй “хэлцэл” хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. “Хэлцэл” гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол “тохиролцоо” хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Тэгтэл Засгийн газар тогтоол гаргахдаа Эрдэнэтийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ыг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн.
-Тэгэхээр бүртгэлтэй холбоотой маргаан юм байна ш дээ?
Тийм. Шүүхийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд уншаагүй юм шиг байна лээ. Улсын их хурлын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хянасан байдаг. Энэ дүгнэлтэд мөн хэлцэл хийх замаар хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. Ийм байхад хүч түрэх байдлаар УИХ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчсөн Засгийн газрын дээрх тогтоолыг зөв гэж дүгнэх боломжгүй. Улсын дээд шүүх жишиг тогтоодог. Хэрвээ дээрх алхамыг зөв гэж шийдвэл хожим адил шийдэх учиртай. Хэрвээ нэг өглөө сэрэхэд Таны нэр дээр байсан хөрөнгийн бүртгэлийг зөвшөөрөлгүй өөрчилж, эздийг нь томилоод, шүүх үүнийг Үндсэн хуульд ницэж байна гээд шийдээд байвал хүний эрх талаасаа юу болох вэ? Зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэдэг зарчим бол социалист нийгэмд байсан. Одоо зөв зорилгод, мөн зөв аргаар хүрэх ёстой гэсэн зарчим хуулийн ертөнцөд үйлчилдэг гэж би хардаг. Уг нь УИХ-ын гишүүд өөрсдийнх нь баталсан тогтоолыг зөрчсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байхад харин ч шүүхэд талархмаар юм.
-Өөрөө ганцаараа энэ шийдвэрийг гаргасан мэтээр ярих юм?
Би хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон болохоос ганцаараа шийдвэрлээгүй гэдгийг зориуд хэлэе. Бас нэг зүйл хэлэхэд би танхимын тэргүүний хувьд бүх шүүх хурлы даргалдаг. Түүнээс сонгож даргалдаг юм биш. Мөн хурал даргалж байгаа хүн хамгийн сүүлд зөвлөлдөх тасалгаанд саналаа хэлэх хуультай. Зарим хэрэг миний санал ч байхгүй шийдвэрлэгддэг. Тиймээс намайг удирдаад ийм шийдвэр гаргуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа. Бас намайг ХХБ-ны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Би тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банканд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан байхгүй.
-Ер нь процесс нь яаж явсан юм бол?
Дээр хэлсэнчлэн энэ бол өмчийн маргаан биш, харин бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Энэ маргааныг задлаад үзвэл иргэн, захиргааны журмаар явж, 3 шатны 9 удаагийн шүүх хурал болж, тухай бүртээ шийдвэрүүд гарсан байдаг. Энэ бүх шүүх хуралд 3 шатны 27 орчим шүүгч оролцсон бөгөөд агуулгаараа бүх шийдвэр нь “Монголын зэс корпорейшн” компаний талд гарсан. Мэдээж үндэслэл нь янз бүр учир өөрчлөлт орсон зүйл байгаа, гэхдээ үндсэн зарчмыг би дээр хэлсэн. Тэгэхээр ганцхан М.Батсуурь удирдаад, хувийн компанид үйлчилсэн зүйл огт байхгүй. Бас 3 шатны шүүх хуралд бүгдэд нь намайг оролцсон гэсэн байна лээ. Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд хуулийн сургууль төгссөн, би ч хичээл заалгаж байсан. Гэхдээ эрдэм огт сураагүй нөхөр байна. “Суусан цэцнээс явсан тэнэг” гэдэг үг сайдад лав тохирохгүй юм байна. Хууль төгссөн хүн ийм юм яриад явахаар хэлэх үг ч олдохгүй юм. Нэг шүүгч анхан шатан дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе. Шат бүрт өөр шүүгч оролцож, хэргийг шийдвэрлэдэг. Шүүгч гэдэг хүн чинь Тангараг өргөсөн, асар их бие даасан хүмүүс байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэн ч байсан Үндсэн хуульд тангараг өргөсөн бол дээрх шийдвэр гаргах байсан гэж бодож байна.
-Төрийн мөнгөөр авсан, мөнгө угаасан гэж тайлбарлаад байгаа?
“Монголын зэс корпорейшн” компаний нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт Эрдэнэтийн 49 хувийг авахдаа хэний мөнгөөр, ямар компаниуд оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Дахин дахин хэлэхэд энэ бол бүртгэлийн л маргаан. Бүргэлийн маргаанд бүртгэл үнэн зөв явагдсан эсэх нь чухал. Харин тэр босгосон, эсхүл зээлсэн мөнгө нь хэнийх байсан гэдэг нь өмчлөлийн маргаан учир иргэний журмаар, хэрвээ мөнгө угаасан гэвэл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Захиргааны шүүх Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хүчингүй болгохдоо дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэж огт хэлээгүй. УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлээд дахин шийдвэр гаргах эрх байгаа. Хэрвээ төрийн мөнгөөр авсан гэвэл УИХ-д 23 дугаар тогтоолдоо өөрчлөлт хийх эрх мөн байгаа. Яагаад энэ алхамаа авахгүй, бүртгэл шийдвэрлэсэн маргааныг өмч шийдвэрлэсэн болгож тайлбарлаад, шүүх тойрсон хэрүүл үүсгээд байгаа нь хачирхалтай. Шүүгч бусдад таалагдах гэж биш, зөв гэж үзсэн шийдвэр гаргадгаараа зарим улс төрчдөөс ялгаатай. Хэнд ч таалагдахгүй шийдвэр гаргах үе ч байдаг. Шүүхэд сэтгэл дурдуур үлдсэн хэн бүхэн ийм арга замаар эсэргүүцэл тэмцэлд уриалаад байвал юу болох бол.
-Эцгийн чинь компаниар 70 сая доллар орсон, гарсан, тэр компани Эрдэнийн 49 хувийг авахад оролцсон гээд байсан?
Үнэнийг хэлэхэд энэ талаар мэдэгдэл, нэвтрүүлэг зэргээс мэдээ авсан учир зориуд тодруулсан. Миний аавыг Д.Мишиг гэдэг. Хүмүүс Д.Миша гэдгээр нь сайн танидаг. Тэр компанид 2011-2015 оныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад ажлаа өгсөн. Ажиллаж байхад нь 70 сая долларын гүйлгээ огт хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд эхний мэдэгдэл дээрээ энэ тухай зөв хэлсэн боловч дараа дараагийн мэдэгдэл дээр хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан гээд бүүр хадуураад явсан. Энэ тухай ааваас асуухад огт мэдэхгүй, АТГ-т ч гэсэн мэдүүлгээ ингэж өгсөн. Түүнээс Улсын их хурлын гишүүдийн хэлж байгаачлан тэр компанийг үүсгэн байгуулаагүй, хувь эзэмшдэггүй, Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани юм билээ. Миний аав энэ компанид ажиллах байх хугацаанд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй, огт холбоогүй гэдгийг цохон хэлэе.
-Ажлаа яагаад өгсөн юм бол?
Биеийн эрүүл мэндийн шаардлагаас. Миний аав энэ жил 71 нас хүрч байна. 1977 онд Дулааны 3 дугаар цахилгаан станцад слесариар ажилд орсоноос хойш тус станцын ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайд болтлоо дэвшин ажилласан. Мэдэгдэл хийгээд байгаа зарим хүмүүс шиг даргын цүнх бариж гүйгээд сайд болоогүй. 1996 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд бизнест хөл тавьсан. Тэрнээс хойш 2015 оныг хүртэл ажиллаж байгаад одоо гэр зуур байгаа. Сая битүүний өдөр хагалгаанд ороод тэнхэрч ядаж байхад нь УИХ-ын гишүүд удаа дараа худал мэдэгдэл хийгээд, АТГ-аас асууж байцаагаад тиймхэн л байгаа. Гэхдээ гэмт хэрэг хийсэн биш, удахгүй үнэн тодроод л гараад ирнэ. Худал сүржин болов ч хоосон, үнэн алгуур болов ч жинтэй гэдэг үг байдаг даа.
-Хэрвээ Та энэ асуудалд хамааралгүй юм бол яагаад нэр бүхий УИХын гишүүд дахин дахин мэдэгдэл хийгээд байгаа юм бол?
Намайг АТГ-д өгнө гэж 3 удаа хурал хийлээ. Одоо өгч байгаа, өгчлөө гээд хэдэн хэвлэлийн бага хурал хийх юм бүү мэд. Үүнийг хүлээлгүйгээр би өөрөө энэ 70 сая долларын хэрэгт холбоотой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу намайг Худалдаа хөгжилийн банкны хуульч болгож харагдуулаад байгаа асуудлуудаар АТГ-д хандаж байгаа. Иргэний журмаар ч гэсэн нэр төрөө сэргээлгэнэ. Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд хагас дутуу, худлаа мэдээлэл дээр суурилж, иргэдээ төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах боломжийг олгоосой гэж хүсч байна. Миний санаа зовоож байгаа зүйл бол энэнээс илүүтэй өөр ашиг сонирхол байх вий гэдэгт байгаа.
- Тухайлбал ямар ашиг сонирхол?
Богино хугацаандаа хуулийн байгууллагуудын удирдлагыг ямар нэгэн зүйлтэй холбон буруутгаж байгаад солиод, өөрсдийн хүнийг байршуулах. Болж байгаа үйл явдлыг хараад байхад Ерөнхий прокуророос ЖДҮХС-ын зээлтэй холбоотой нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ-д оруулах болгонтой зэрэгцээд хуулийнхныг харлуулах юм яваад байгаа нь тун хачирхалтай. Мэдэгдэл хийгээд байгаа гишүүд өөрсдөө ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар отг дугарахгүй байгаа нь бас сонин. Намайг чиглэдэг нь ч тохиолдол биш гэж бодож байгаа. ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг эрүүгийн журмаар явж дийлэхгүй байгаа учраас хэсэг хуульчид үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсныг би дөнгөж мэдсэн. Уг нь шүүгчид нөлөөлсөн бол албан тушаалтныг 10 жил нийтийн албанд томилохгүй гэсэн хууль байсан. Харамсалтай нь Зөрчлийн хуульд оруулах нэрийн дор алга болгосон. Одоо ч шүүгч нар луу дайрах, нөлөөлөхөд улс төрч нарт асуудалгүй болсон доо.
- Алсдаа ямар ашиг сонирхол байна гэж?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал явж байгаа. Энд шүүгч нарыг хугацаатай томилох талаар төсөлд тусгасан байна лээ. Энэ нь одоо байгаа Үндсэн хуулийн ололтоос ухраад зогсохгүй НҮБ-ын баталсан “Шүүгчийн хараат бус байдлын зарчим”-ыг зөрчсөн зүйл болно. Дэлхий энийг туршаад болохгүй гэдгийг ойлгосон учир НҮБ түвшинд чуулж, батлуулсан нь дамжиггүй. Шүүгч хугацаатай томилогдоно гэдэг нь үндсэндээ “даалгавар”-тай томилогдоно гэсэн үг. Хэрвээ даалгавар муу хийвэл дахиж томилогдохгүй. Мөн прокурорыг Ерөнхий сайдын мэдэлд буюу гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулах санал орсон нь тун буруу гэж бодож байна. Манай Үндсэн хуулиар Ерөнхийлөгч намаас биш, бүх ард түмнээс сонгогдож, бүрэн эрхийн хугацаанд намын харъяаллаа түдгэлзүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө хэрэгжүүлдэггүй учир шүүгч, прокурорыг томилох онцгой бүрэн эрхийг олгосон гэж харж байгаа. Энэ нь ч зөв гэдгээ харуулж байгаа. Монгол Улсын Төрийн тэргүүн шүүгч, прокурорыг дуудаж хэрэг яаж шийдвэрлэх даалгавар өгсөн гэж би лав сонсоогүй, надад ч тийм үүрэг даалгавар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч өгч байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчид байгаа энэ эрхийг Ерөнхий сайд буюу угтаа ялсан намын даргад өгөх нь том ухралт. Дээрх өөрчлөлтийг хийхийн тулд шүүх эрх мэдлийг харлуулж байх вий гэж санаа зовж байна.
-Хэвлэлээр шүүгч нарын талаар янз бүрийн зүйлс л явах юм?
Шүүх бол ардчилсан нийгмийн хамгийн сүүлчийн цайз. Энд худалд туйлдсан хүн үнэнийг эрж ханддаг. Энэ цайз ард түмний итгэл дээр л зогсож байдаг. Энэ итгэлийг эргүүлбэл шүүхийг нурааж, өөрийнхөөрөө шүүхийг байгуулахад л амархан болгоно. Хэрвээ хуульч хүн, тэр дундаа шүүгч гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. Тэр нэр дурдагдаад байгаа шүүгч нар өөрсдийн асуудлаар АТГ-т тайлбар, мэдүүлгээ өгөөд явж байгаа гэж сонссон. Мэдээж шүүгч, прокурорт хүн л болсон хойно алдаа байхыг үгүйсгэхгүй. Түүнээс санаатай муу зүйл хийгээд явдаггүй байх. Тэрийг засах, сайжруулахын тулд УИХ, Засгийн газартай хамтрахад үргэлж бэлэн. Үйлийн үр гэж юм бий. Зөв, буруу хэзээ нэг цагт тунгаагдана. Шүүгч нар гэмтэй бол үүнийгээ ч мөн л үүрнэ. Эцсийн эцэст бид чинь шүүгч байна уу, УИХ, Засгийн газрын гишүүн байна уу ялгаагүй, Эрлэг Номуун хааны өмнө тэгш эрхтэй л нүглээ шүүлгэнэ шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (5)