“Түшиг уул” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Карьер” ХХК-ийн ерөнхий зөвлөх тэрбээр ажил, амьдралынхаа 36 жилийг Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, Геологи, уул уурхайн салбарт зориулсан бөгөөд өдгөө юуны учир ийн өгүүлэх болсон талаар “Ажлын нэг өдөр” буландаа урьж оролцуулж ярилцлаа.
-Юуны өмнө өөрийнхөө талаар Та манай уншигчдад танилцуулахгүй юу?
-1982 онд Дарханы Барилгын техникум төгсөөд Дарханы бүхий л томоохон өргөтгөлийн үйлдвэрүүд дээр ажилласан. Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн албанд анх татагдаж ирээд байлдагчаас ажлын гараагаа эхэлж байсан. ОХУ-ын эрдэм, чадалтай олон хүний буянаар барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үед хатуухан хэлбэл ажлаа хийж чадсан нь барилгын инженер, чадахгүй нь хуулийн байгууллагын хаалга татдаг тийм л хууль үйлчилдэг байлаа. Хариуцлага, сахилга, дэг журам өндөр байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ бүхэн үгүй болж хэн дуртай нь барилгын салбар руу хошуурах болсон. Үүнийг дагаад барилгын шинжлэх ухаан, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд мөрддөг норм норматив ч үгүй болсон. Уг нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн шинжлэх ухааны институт, геологийн шинжлэх ухааны институт хоорондоо салшгүй нягт холбоотой, хамтын уялдаатай явснаар бүтээн байгуулалт өрнөдөг. Асар нарийн шинжлэх ухаан атал 1990 оноос хойш энэ бүхнийг албаар дампууруулсан. Үнэнийг хэлэхэд дээд дарга нар улсын төсвийн хөрөнгийг дураараа идэж, үгүй хийхийн тулд Барилгын зургийн институт, Хөдөө аж ахуйн зургийн институтыг татан буулгасан. Үүний хор уршгийг өнөөдөр энгийн иргэд “хүртэж”, барилгын салбарынхан бүтээн байгуулалт биш “үхлийн архив” болох өндөр, өндөр цамхгууд барьж, үндэсний аюулгүй байдал алдагдаж байна.
-Яагаад үндэсний аюулгүй байдал алдагдаж байна гэж. Сүүлийн жилүүдэд баригдсан барилга, байшингууд бүгд чанаргүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн гэж үү. Арай л хэтрүүлээд байх шиг?
-Монгол Улсад барилга барьж байгаа захиалагч болон гүйцэтгэгч барилгын компаниудын барилгын инженерүүд арматур, цемент, элс, дайрганы физик, маханик шинж чанарууд болон түүхий эдүүдийнхээ химийн найрлагуудыг огт мэддэггүй учир шаардлага хангасан барилга яаж барих вэ дээ. Цементийн химийн найрлагыг лабораторийн инженерүүд бага зэрэг мэдэх байх. Харин арматурын химийн найрлага, цемент, дайрганы химийн найрлагыг огт мэддэггүй. Жишээлбэл, олон улсад М-425, М-525 маркийн цементээр барилга, байшин барихаа больсон. Гэтэл манайд М-425 маркийн цемент ашиглаж байна. Энэ талын мэргэжлийн хүн Монголд бий, харамсалтай нь Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн сургууль төгссөн эрдэм бодис минерлогийн инженерүүд маань өнөөдөр гудамжинд лааз өшиглөөд явж байна. Үнэндээ манай улс шиг барилгын шинжлэх ухаан нь хэдэн, зуун жилээр хоцорсон улс орон хаана ч байхгүй. Энэ бүхэн зөвхөн шинжлэх ухааны институтыг нурааснаас л үүсэлтэй.
Япончууд 500-600, Солонгосчууд 400-500 жилийн настай газар хөдлөлтийн 12 балл-д тэсвэртэй барилга байшин барьдаг бол манайхан 30-40 жилийн настай барилга ч барьж чадахгүй байна. Инженерийн ганцхан алдаанаас болж хормын дотор бүх зүйл үгүй болдог. Иймээс бид орон сууц, инженерийн барилга байгууламжуудын гол хүчин зүйл болох элс, дайрганы хими, физик, механикийн стандартуудыг зайлшгүй баримталж ажиллах ёстой юм. Гэтэл манайхан үүнийг тоож анхаардаггүй. Үнэнийг хэлэхэд, манай барилгачид химийн ганц элемент болох SiO2 мэдэхгүйгээс үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байна. Мэдээж Улаанбаатар хотод “Чингис”, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудал зэрэг стандартын дагуу баригдсан гарын таван хураанд багтахаар хэдхэн барилга бий. Эдгээр барилгыг гадныхан өндөр өртгөөр, стандарт, норм журмын дагуу барьсан учраас тэр. Харин бусад нь Туул голынхоо шороогоор барилгаа барьсан. Тодруулбал, элсэн дэх кварци буюу SiO2 нь 50-60 хувийн агууламжтай, шорооны агууламж нь 10-20 хувьтай шороогоор бетон зуурч байна. Шороо нь органик, цемент нь органик бус учраас шороо нь цементээ 10-15 жилийн хугацаанд идэж үгүй хийдэг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд баригдсан бүх барилга үүнд хамаатай. Аюул хаяанд ирсэн гэж хэлээд буйн учир энэ. Газар дээр нь очоод шалгавал бүгд ан цав үүсч, хэзээ мөдгүй салж унах аюул тулчихсан байгаа. Үүнд нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь нийслэлийг бүтэн тойрсон газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүд юм. Уг нь газар хөдлөлтийн үед байшин, барилга доод тал нь 40-60 минут тэсвэрлэх ёстой. Гэтэл манай барилгууд 5-10 минут л тэсэх болов уу. Дээр нь манай барилгынхан ном уншихгүй, биеэ дайчлахгүй, адаглаад өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь гай тарьж байна уу, гавьяа байгуулж байна уу гэдгээ мэддэггүй. Иймээс барилгын салбарт ажил амьдралаа зориулсны хэрэг юу билээ, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга, ширхэглэлийн химийн найрлага MNS6713:2018” стандартыг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд батлуулсан юм.
-Өмнө нь ямар стандарт мөрддөг байсан юм бэ. Яагаад шинэчлэх болсон талаар танилцуулахгүй юу?
-Аливаа улс орон 2 хон зүйлд гол анхаарлаа хандуулдаг. Эхнийх нь, цэвэр усны ундаргаа хамгаалах, хоёр дахь нь бетон зуурмаг, арматур, цементийн чанар стандартын байдлыг чанд сахих. Онц чухал түүхий эд материал гэсэн үг. Тухайн улс орны нийт ард иргэдэд хамаатай буюу иргэдийн үл хөдлөх, орон байрны аюулгүй байдал, амь настай шууд хамааралтай болохоор тэр. Өмнө нь 1960 онд батлагдсан стандартыг баримталдаг байсан. Энэ нь 3-4 давхар баригдах барилга байшинд тохирох стандарт. Гэтэл одоо 10 ба түүнээс дээш давхартай барилга байшин сүндэрлэж байна шүү дээ. Иймээс нэн даруй шинэчлэх хэрэгтэй байсан. Харамсалтай нь, энэ стандартыг ойлгож, дэмжиж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамаарах зүйл гэдэгт санаа зовсон мэргэжилтэн, дарга, сайд Барилга хот байгуулалтын яам болон холбогдох бусад байгууллагад байгаагүй учраас энэ стандартыг батлуулах гэж миний бие нийгмийн хариуцлагаа ухамсараж 10 гаруй жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулсан.
Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн техникийн үнэлгээний хороонд ч энэ талын мэдлэгтэй хүн байхгүй. Ер нь энэ стандартыг баталснаар ямар үр ашиг, өгөөжтэй талаар мэдэхийг ч хүсдэггүй. Энэ стандарт зөвхөн барилгын салбарт хамааралтай биш. Асфальт болон бетон авто зам барихад ч баримтлах ёстой. Өнөөдөр барьж босгосон зарим авто зам нэг жил байтугай гурван сарын нас даахгүй байна. Элсээ угааж баяжуулахгүй, хийх ёстой дайргаараа хийгээгүй учраас ийм байдалд орж байна. Нөгөө талаар манайх шиг авто замаас нь тоос гардаг улс орон байна уу. Баяжуулсан элсийг ашиглавал ийм зүйл хэзээ ч болохгүй. Бидний ганц алдаа энэ. Аргаа бараад стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа БХБЯ, ЗТХЯ, МХЕГ, НЗДТГ гэх мэт төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийдэг албан тушаалтангуудыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмлжлэлийн тухай хуулийн дагуу шүүхэд өгч, хариуцлага тооцуулах арга хэмжээ авах гэж байна.
Үүний зэрэгцээ улс орны аюулгүй байдал, бүтээн байгуулалтад хэрэгтэй буюу шохойн чулуу, арматурын болон цемент, химийн стандартыг ч боловсруулж дууссан. Гэвч Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Техникийн хорооны комиссын гишүүд ямарч шинжлэх ухааны мэдлэг, боловсролгүй учраас оруулж байгаа шинжлэх ухааны стандартуудыг ойлгохгүй, мэдэхгүйгээсээ болж техникийн хорооны хурал дээр үл ойлголцлууд, маргаан гарч улмаар тухайн стандарт батлагдахгүй олон арван жил болдог. Харин одоо Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмлжлэлийн тухай хуулинд мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс орохоор зааж өгсөн тул асуудал нааштай шийдэгдэх байх.
-Таны боловсруулсан стандартанд элсэн дахь кварцын агуулга SiO2 88,2 хувьтай гэж заажээ. Үүнийг тодруулж тайлбарлахгүй юу?
-Элсэн дахь кварци нь туйлын хатуу биетүүд, Моссын шаталбараар 7-д ордог монголоор цахиур, оросоор кварци. Энэ нь тухайн орон сууцны бат бэхийн чанарыг илтгэдэг. Өндөр хөгжилтэй оронд SiO2 –ыг 97 хувьтай хэрэглэдэг бол ядуу буурай орнуудад хамгийн доод норм болох 88,2 хувиар стандартчилж өгсөн байдаг. Харин уулын дайрганы марк 1000-1400 байх ёстой. Ийм байхын тулд дайрган дахь SiO2 өндөр байх ёстой. Мөн л ядуу буурай орнуудын хэрэглэдэг хамгийн доод норм 73,42 хувиар стандартчилсан.
-Стандарт батлагдсан тул Туул голынхоо ай сав газарт элс, хайрганы олзворлолт явуулахаа больж стандартын шаардлага хангасан барилга орон сууц баригдаж эхлэх нь гэж ойлгож болох уу?
-Үнэхээр олзворлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. Зөвхөн монголчууд ч биш Хятад, Солонгосын компаниуд ч сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэлж нийслэлчүүдэд маш их гай тарилаа шүү дээ. Иймээс төр засаг холбогдох төрийн байгууллагууд түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензүүд, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, тохирлын гэрчилгээг олгохдоо дээрх стандартыг баримталж олгодог байх хэрэгтэй. Тодруулбал, олзворлож байгаа элсээ олон улсад хэрэглэж байгаа техник технологийн дагуу баяжуулж SiO2 88,2 хувьд хүргэх, органик бодис болох шороо, тоос тоосонцорын хэмжээг 1м3 элсэнд 0,1 хувиас ихгүй байх ёстой гэхэд болно. Ингэж стандарт тогтоогоогүй тохиолдолд байшин барилгууд газар хөдлөлтийн 9 балл байтугай 5 баллд ч тэсэхгүй. Хатуухан хэлэхэд тухайн байшинд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг аврах боломжгүй нурна. Хүмүүсийг айлгах гэж ингэж хэлсэнгүй. Энэ бол бодит үнэн.
-Үнэхээр бодит байдал ийм аюултай байдалд хүрсэн юм бол өнөөдрийн байдлаар манай барилгууд хэдэн настай гэж та хэлэх вэ?
-15-20 жилийн настай. Та өөрөө ч гэсэн байшингийнхаа насыг тодорхойлж болно. Барилгын чинь подваль, хана, тааз, шал гэх мэт хийц эдлэлүүдэд ан цав, хагарал цууралт өгсөн бол миний барилга зээлээ төлөхөөс өмнө нурна гэж бод. Би худлаа сүрдүүлээгүй. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хагархай ваар, ан цав үүссэн аяга, шаазан хэр уддаг билээ. Яг л түүнтэй адил.
-Одоо тэгвэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн сургуульд эрдэс бодис минерлогийн чиглэлээр олон, арван залуучуудыг сургах ёстой. Тэд барилгын материалын үйлдвэрүүдийн химич, химийн технологийн инженерүд болж ирнэ. Тэр болтол барилга барихаа түр зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс ОХУ-ын барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн институт, шинжлэх ухаан технологийн институтэд хандаж хөндлөнгийн буюу гурав дахь ч этгээдүүдийн мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөө авах ёстой. Энд Засгийн газар гар татах хэрэггүй.
-Та барилгын салбарыг бүхэлд нь харлуулсан, сэтгэл түгшээсэн ярилцлага өглөө. Үнэхээр хэлж ярьсан зүйлдээ Та итгэлтэй байна уу?
-Би итгэлтэй байна. Яагаад гэвэл, та бидний амьдарч байгаа орон сууцнууд нөгөө алдар нэрээ дуудуулсан гоё, гоё нэртэй орон сууцны хорооллын барилга, зочид буудлууд, өндөр өндөр офиссын цамхгууд бүгд ан цав үүсч хагарал цууралтууд үүссэн байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр шаардлагатай гэж үзвэл ОХУ-аас энэ талын мэргэжилтнүүдийг дуудаж үнэлэлт дүгнэлт өгүүлж чадна.
-Таны ажлын нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?
-Барилгын салбараас гадна геологи, уул уурхайн салбарт 26 жил ажиллаж байна. Монгол орон бол байгалийн асар их баялагтай орон. Тийм учир хэд, хэдэн орд газруудад Герман Улсын техник технологи, шинжлэх ухааныг нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ер нь миний бие Үндсэн хуулиар олгосон “Газрын доорхи баялаг бүх ард түмний баялаг мөн” гэдэг хуулийг эрхэмлэн явдаг. Иймээс хэдэн сайхан орд газруудад баяжуулах үйлдвэр бариад ард түмэнд нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, эдийн засаг, үйлдвэрлэл, шинэ техник, технологи хүнд байгаа өнөө үед ард түмэндээ бага ч гэсэн тус болохын төлөө ажиллаж байна.
-Компанийнхаа талаар танилцуулахгүй уу?
-Манай компани 35 жилийн түүхтэй. Монгол Улс дахь барилга, барилгын материалын үйлдвэрлэл, төмөр зам, авто зам, эрчим хүч, уул уурхай, инженерийн барилга байгууламжуудад өргөн хэрэглэдэг бетон зуурмагт ордог олон улсын стандартын шаардлага хангасан кварцын элс, дайргын зориулалтын үндэсний цорын ганц үйлдвэр юм. Тийм болохоор бид туйлын хариуцлагатай ажилладаг.
Эх сурвалж: БАРИЛГА.МН СЭТГҮҮЛ