Өнгөрөгч бямба гаригт “Хэвтүүл” хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулахаар хотын төв талбайд тайван жагсаал зохион байгуулав. Хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “Энэ удаагийн жагсаалд 400 гаруй иргэд ирж нэгдсэн” гэлээ.
Өмнө нь УИХ-ын таван гишүүний зохион байгуулсан МАНАН бүлгэмийн эсрэг жагсаалд 1500 орчим хүн цугласныг жагсаал зохион байгуулагчид нь “60 мянга орчим иргэд нэгдлээ” хэмээн мэдээлж байсантай харьцуулахад ханатай тоо. Амралтын өдрийн жагсаалд харьцангуй цөөн хүн оролцсон боловч ЖДҮХС-гаас зээл авахаар удаа дараа төслөө өгөөд хоосон хоцорсон иргэд өөрсдөө ирж үгээ хэлсэн нь уг жагсаалыг амь оруулсан гэхэд болно.
МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар ЖДҮХС-гаас зээл авахын тулд иргэд, аж ахуй нэгжүүд төрийн есөн байгууллагаар орж, 30 төрлийн бичиг баримт бүрдүүлж, нийт 36 шат дамжлага туулан санд төслөө өгдөг байна. Энэ бүх материалыг бүрдүүлэхэд нийтдээ 33 хоногийг зарцуулдаг аж. Харин ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ердөө гуравхан хоног хангалттай байсан гэдгийг бид мэднэ.
“Нүүрсний” хэмээх Л.Гансүхийн хэрэг
2015 оны есдүгээр сарын 22-нд Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг зүйл ангиар таван жилийн хорих ял оноожээ. 2016 оны гуравдугаар сарын 23-нд Улсын дээд шүүх ялыг хэмжээг дөрвөн жил болгон бууруулж, Л.Гансүх нь ялынхаа 2/3-ыг эдлээд магадлангаар суллагдсан.
Тухайн үед Л.Гансүх “Би шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш ээ. Би ямар ч тушаал шийдвэр гаргаагүй, гарын үсэг зураагүй. Би зүгээр л Ерөнхий сайдад зөвлөх үүрэгтэй улс төрийн ажилтан. Тиймээс надад тулгаж байгаа эрүүгийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж эсэргүүцсээр байсан боловч шүүх “Та хэдийгээр гарын үсэг зурах, шийдвэр гаргах эрхгүй боловч албан тушаалын нөлөөгөө ашиглан бусдаар шийдвэр гаргуулсан байна аа” гэж хэлээд ялласан. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХК-ийн захирлын гаргасан шийдвэрт Ерөнхий сайдын ахлах зөвлөх нөлөөлсөн гэж үзсэн хэрэг.
Болсон явдал гэвэл Л.Гансүх нь Засгийн газраас гаргасан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Багануур ХК-иас нүүрс ачуулж хотод оруулж ирээд, нүүрсээ шигшээд шигшсэн нүүрсээ гэр хорооллынхонд 80.000 төгрөгөөр худалдаалсан. Тухайн үед портер нүүрсний хар захын үнэ 220 мянган төгрөг байлаа. Харин шигшүүрээс гарсан “шороо” буюу нунтаг нүүрсийг (товарын нүүрс гэж нэрлэдэг) “Багануур” ХХК-ид буцааж ачуулснаар компанийн алдагдлыг хаасан байдаг. Гэвч хуулийн байгууллага цахилгаан станцын зууханд орсон нунтаг нүүрсийг тонн тутмыг нь 20.000 төгрөгөөр үнэлээд Л.Гансүх нарыг “Улсад 3,2 тэрбум төгрөгийг хохирол учруулсан” хэмээн үзэж ял шийтгэсэн байдаг юм.
Үнэндээ бол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “Эл Эс Би” компанийн “Багануур” ХК-тай байгуулсан гэрээнд Л.Гансүх нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэх баримт болон гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй. Тийм ч учраас одоо хэр нь тэрээр хууль, шүүхийн байгууллага өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн үзэж, гомдолтой явдаг нэгэн. Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг зүйл ангиар өөрт нь эрх олгогдоогүй албан тушаалтныг “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгаж, шүүхээр тасалсан анхны бөгөөд сүүлийн тохиолдол гэх юм билээ.
“ЖДҮ” хэмээх албан тушаалтнуудын хэрэг
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард УИХ, Засгийн газрын гишүүдийн “сүрэглэн” оролцсон ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирсэн. Одоогоор хорь гаруй УИХ, Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий аудитор, Ерөнхий прокурорын орлогч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдоод байгаа. Тэднээс хоёр сайд (Б.Батзориг, Я.Содбаатар), нэг дэд сайд (БХБ-ын дад сайд Ш.Лхамсүрэн) уг хэргийн улмаас ажил, албан тушаалаа өгсөн ч хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй.
УЕП М.Энх-Амгалан эхний дөрвөн гишүүнийг гэмт хэрэг үлйдсэн нь баримтаар нотлогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар УИХ-д оруулж ирсэн боловч УИХ дахь олонхи “Түдгэлзүүлэлгүй шалга. Шалгагдаж нотлогдоод шүүхэд шилжсэнийх нь дараа бүрэн эрхийг нь ярина” гээд аваад үлдсэн.
Түүнээс хойш даруй хоёр сар өнгөрчихөөд байна. Харин “60 тэрбумын эзнийг буулгачихаад дараа нь ЖДҮ-чидтэй хариуцлага тооцно” гэж яриад байсан “шударгуу” таван гишүүн маань “ЖДҮ бол гэмт хэрэг биш. Ер нь Засгийн газрыг унагах гэсэн улс төрийн ажиллагаа байсан” шахуу юм яриад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зээл авсан гишүүд, албан тушаалтнууд өөрсдөө гарын үсэг зурж, шийдвэр гаргаагүй учраас “албан тушаалаа урвуулан ашигласан” (Эрүүгийн хуулийн 22.1) гэдэг зүйл ангид хамаарахгүй гэнэ. Тэд зүгээр л “Миний төслийг дэмжээд өгөөрэй” гээд утасдахаар нь ХХААХҮ-ийн сайд нь уулгалаад, гэм зэмгүй гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгчихсөн юм байх.
Ингэдэг гэдгийг нь мэдээд 2015 онд УИХ-аар баталсан шинэ Эрүүгийн хуульд “Албаны эрх, нөлөөгөө уруулан ашиглах” (өөрөө шийдвэр гаргах эрхгүй боловч шийдвэр гаргах эрхтэй этгээдэд нөлөөлөх) гэдэг зүйл ангийг уг хуулийн 22.2-т бичсэн байсныг 2017 онд Х.Нямбаатар нар хуульд өөрчлөлт оруулахдаа аваад хаячихсан. “Яагаад энэ зүйл ангийг авч хаясан юм бэ, та нар?” гэж асуусан чинь ажлын хэсгийн бас нэг гишүүн нь “Шүүхийн практикаас харвал Л.Гансүхийг 22.1-д (хуучнаар 263.2) заасан зүйл ангиар ялласан учраас “албаны эрх, нөлөө” ч гэсэн энэ зүйл ангидаа багтах юм байна гэж бодоод давхардуулахгүйн тулд хассан юмаа. Даанч Л.Гансүхээс өөр энэ зүйл ангиар шийтгүүлсэн хүн алга” гэнэ ээ. Харин ар дээр нь намынх нь нөхөд “Наадах чинь манай зүйл анги биш байна аа. Хүн хэлмэгдүүлэхгүй шүү, нөхөд өө” гээд гишүүний бүрэн эрхээр халхавчлагдаад сууж байна даа.
Товчхондоо "Нүүрсний" хэмээх Л.Гансүхийн хэрэг, УИХ-ын гишүүдийн оролцсон ЖДҮ гэмт хэрэг хоёр манай хууль, шүүхийн байгууллагуудын гаргадаг ялгаварлал, улстөрчид нь шүүх, хуулийнхныг хүссэнээрээ удирдаж ирсний бас нэг тод жишээ юм даа. Нэг нь иргэдэд хямд нүүрс тараагаад яллуулна, нөгөө хэсэг нь иргэдээсээ боломжийг нь хулгайлаад ял завшина. Мөн үү?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (3)