“Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамиртай ярилцлаа.
-Яагаад хөдөлгөөнөө “Хэвтүүл” гэж нэрлэсэн юм бэ? Хэвтүүл, Нэхүүл гээд их ойролцоо нэрүүд яваад байна л даа?
-Нэрийн тухай ярихаасаа өмнө өнөөдөр Монгол Улсад ямар үйл явц болоод байна вэ гэдэг талаар ярих хэрэгтэй болов уу. 2016 онд УИХ-ын сонгууль болсон. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Үүний ар дээр монголчууд хоёр хуваагдчихаад байна, улстөрчдөө дагаад. МАН парламентад үнэмлэхүй олонхи болсон. Тэгсэн хэрнээ өөрсдийнхөө явцуу эрх ашгаас болоод нам дотроо хоёр хуваагдчихлаа. Тэр хуваагдлаа улс орны хуваагдал болгож байна. Нэг нь нөгөөгөө намнахын тулд нэг хэргээр нөгөө хэргээ халхавчилж байна. Анх ЖДҮХС-гийн зээлийн хэрэг гарч ирсэн. ЖДҮ яриад ирэнгүүт 60 тэрбум, МАНАН, шударга бусын хонгил гэж ярьсан. Тэгэнгүүт иргэд “Өө энэ ЖДҮ чинь жижиг асуудал юм байна. 60 тэрбум чинь том асуудал юм байна” гээд төөрөлдчихсөн. Үүний төлөө төрийн мөнгөөр томоохон пиарын ажил хийж эхэлсэн. Эцэс сүүлдээ Монголыг хоёр хуваачихлаа. Монголчууд маань үүнийг сайн ойлгох ёстой. ЖДҮ ч, 60 тэрбум ч гэмт хэрэг. Гэмт хэргийг том, бага гэж ялгадаггүй. Хэрэг л бол хэрэг, хариуцлага хүлээдэг байх ёстой. Түүнээс биш энэ нь жижиг, тэр нь том хэрэг байгаа юм. Энийг нь дарсаны дараа тэрийг нь ярина гэж болохгүй.
Анх ЖДҮ-гийн асуудал яригдаад эхлэхэд ЖДҮ-чид бүгдээрээ айдастай байсан. Бултаж зугтсан. Гэтэл өнөөдөр “ЖДҮ яривал Зөрчлийн тухай хуулиар торгоно шүү” гээд эргээд ард түмнийг айлгаж эхэлж байна. Энэ маань юуг илэрхийлж байна гэхээр нөгөө “ЖДҮ”-чид маань өөрсдөө эрх мэдэлтэй болчихож. Нөгөө МАНАН, 60 тэрбум, “хонгил” гээд байгаа зүйлийнхээ оронд өөрсдийн гэсэн хонгилыг бий болгох гээд, өөрсдийгөө хамгаалах гээд байна шүү дээ. Энэ бол байж болохгүй зүйл.
Өнөөдөр Монголын нийгэмд энгийн иргэн байна уу, эрхтэн дархтан байна уу, бүгд хуулийн өмнө тэгш байх ёстой. Ямарваа нэг гэмт хэрэг үйлдсэн бол хэн ч байсан хариуцлага хүлээдэг байх ёстой.
-ЖДҮ-тэй гишүүдэд хариуцлага тооцуулья гэсэн чинь УИХ нь өөрөө аваад үлдсэн шүү дээ?
-Нэг хэргийг нөгөөгөөр нь барьцаалчихаад байна шүү дээ. 60 тэрбум, МАНАН гэдэг мангасаа дарчихаад дараа нь ЖДҮ-гээ ярина гэсэн, ярихаа больчихлоо. Одоо бүр оодроод “ЖДҮ яривал хохь чинь шүү” болсон. Нөгөө МАНАН, 60 тэрбумаа болохоор “Үүнийг 10 жил ярих ёстой юм шүү” гээд. Тэгж боломгүй байна. Хуульд “өнөөдөр энэ хэргийг, маргааш энэ хэргийг ярих ёстой” гэсэн ямар нэг алагчлал байхгүй. Хэрэг хийсэн л бол тухайн цаг үедээ шийддэг, хуулийн өмнө очиж мэдүүлгээ өгөөд зохих шийтгэлээ хүлээдэг байх ёстой. Өнөөдөр тийм юм алга. Ард иргэдийн амьдрал бол өдрөөс өдөрт муудаж байна шүү дээ.
-Иргэдийн амьдрал доройтож байгаатай холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагууд хөдөлгөөнд орж эхэлсэн. Шатахууны үнэ нэмсэнтэй холбоотойгоор “Нэхүүл” хөдөлгөөн байгуулагдсан. Сүүлдээ МАНАН-гийн эсрэг тэмцэлд нэгдээд явсан. Түүнээс болоод олон нийт “Нэхүүл” хөдөлгөөн яг ямар тодорхой үүр дүнд хүрсэн юм бэ? гэдэг асуултыг тавьж байгаа. Та жишээ нь яагаад “Хэвтүүл” хөдөлгөөн байгуулсан юм, яагаад ингэж нэрлэв? Танай хөдөлгөөн яг юунд анхаарлаа хандуулж байна?
-Ер нь бол өнгөрсөн жилээс хэсэг залуучууд нийлээд хуулиас дээгүүр давсан МАН-ын энэ дур зоргыг яах вэ? гэж ярьж, ярилцаж байсан. ЖДҮ зээлийн асуудал босч ирснээр бүр өндрөө авлаа л даа. Ер нь болохгүй юм байна, энэ асуудал шийдэгдэхгүй нь ээ гээд, тэвчихээ байгаад энэ хөдөлгөөнийг байгуулаад, олон нийтэд зарлалаа.
“Хэвтүүл” гэдэг бол утга учиртай нэр. Хүннүгийн үеэс эхтэй нэр. Нууц товчоон дээр ч гардаг. Ордныг гадна талыг хэвтүүлүүд хамгаалдаг. Тухайн үед төр гэдэг бол ордон байжээ. Түүнийг хамгаалахын тулд хэвтүүлүүд байжээ. Хэвтүүлүүд нэлээд эрх дархтай байсан байна. Ямарваа гэмт хэрэг гарсан тохиолдолд хэвтүүлүүд тэр хэргийг шүүдэг, хууль цаазыг сахиулдаг байж. Өнөөдөр бол манайд хуулийг хэрэгжүүлдэг нэг ч байгууллага алга. Тиймээс бид эрх дархтаны нэхүүлүүд биш, ард түмний хэвтүүлүүд юм. Хууль бус зүйл, хулгай луйвраас ард иргэдээ хамгаалья, төр засгаа хамгаалья. Төр засаг гэдэг маань тэнд байгаа эрхтэн дархтан биш, төрийн институцүүдийг хэлж байгаа юм. Төр цэвэр тунгалаг байх ёстой.
Энэ эрхтэн дархтангууд чинь бие биенээ барьцаалчихаад, тэр барьцаан дээрээ Үндсэн хууль өөрчлөхөөс авахуулаад дуртайгаа хийхэд бэлэн болчихоод байна шүү дээ. Үүнийг зогсоохгүй бол болохгүй. Нөгөө айдастай байсан ЖДҮ-чид одоо бүгд зориг орчихсон явж байна шүү дээ. Яг хуулийн зүйл заалтаа хараад үзвэл 6-7 хууль зөрччихсөн байна. 6-7 хуулийн 30 гаруй зүйл заалтыг зөрчиж энэ ЖДҮ зээл гэдэг юмыг авсан байна. Тэгсэн мөртлөө үүндээ ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ерөнхий прокурор “Шалгах шаардлагатай” гээд санал оруулангуут хамгаалаад аваад үлддэг. Ийм байж болохгүй.
-Ерөнхий прокрор маань өөрөө “60 тэрбумын бүлэглэл” гээд ажлаа өгөхөөр болж байх шиг байна шүү дээ. Ард иргэдийн зарим хэсэг нь “Нэхүүл” хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн, эсвэл Ерөнхий сайдын захиалгатай хөдөлгөөн байна аа гээд дүгнээд эхэлж байх шиг. Таныг одоо “Хэвтүүл” хөдөлгөөн байгуулаад ЖДҮ-тэй тэмцэнэ гэхээр нөгөө “60 тэрбумын”, М.Энхболдын тал юм байна гэж харж байж ч магадгүй. Та ч түрүүн хэлсэн. МАН-ын хуваагдал улс орны хуваагдал, улс орны зовлон болж байна аа гэж. Тэгэхээр танай хөдөлгөөн хэн нэгний захиалгагүй, итгэл үнэмшлээрээ яваа гэдгийг юугаар батлах вэ?
-Бид төрийн эрх мэдэлтнүүдийн оролцсон гэмт хэргийн шинжтэй бүх асуудал дээр эсэргүүцлээ илэрхийлж оролцоно. Үүнд нь 60 тэрбум ч орж байгаа. Тэр 60 тэрбумын чинь үр дүн энэ ЖДҮ гэмт хэрэг байхгүй юу. 60 тэрбумын үр дүнд эд нар эрх мэдэлтэй, сандал ширээтэй болж авлаа. 65 суудал авлаа. Тэр эрх мэдлээ ашиглаад нөгөө “ЖДҮ”-г чинь авчихсан байна шүү дээ. МАНАН ч гэсэн мөн адил.
Маш олон залуучуудтай бид уулзаж, ярилцсан. ЖДҮ нь гэмт хэрэг юмаа, 60 тэрбум нь хэрэг биш юмаа гэж ярьж байгаа нэг ч залуу хүн алга. Бид 60 тэрбумыг, МАНАН бүлгийг, ЖДҮ гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой. Тэр концессийн хулгайг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой. Түүнээс биш танай, манай нам яриад хоёр, гурав талцаж хуваагдах ямар ч шаардлага байхгүй. Гэмт хэрэг хийсэн л бол хуулийн өмнө очдог байх ёстой. Тэгэхгүй зөвхөн нэг хэсгийг нь авч ярьдаг байвал бид шударга байж чадахгүй. Шударга байя аа л гэвэл хэнийг нь ч алагчлалгүй хуулийн өмнө хэвтүүлэх ёстой. Тиймээс энэ хөдөлгөөн маань нэлээн удаан үргэлжилнэ. Мэдээж энэ хүмүүс сайн дураараа хариуцлагаа хүлээгээд хуулийн өмнө очихгүй байх. Гэхдээ сонгууль болно. Сонгууль болтол бид энэ хэргийг байнга ярина. Энэ хүн чинь 60 тэрбумтай, концесстой, ЖДҮ-тэй холбоотой, энэ хүн МАНАН-гийн хүн байгаа юм. Энэ хүнийг битгий сонгооч ээ гэж байнга сануулна.
-60 тэрбум, ЖДҮ-тэй тэмцэнэ гэхээр таныг сөрөг хүчний хөдөлгөөн юм болов уу гэтэл МАН, АН-ын МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ гэх юм. Тэгэхээр таны ард хэн, эсвэл ямар ашиг сонирхол байгаа юм бэ?
-Бидний ард хэн ч байхгүй. Бидний ард эрх ашиг нь хөндөгдсөн иргэд л байгаа. Хэрвээ бид энэ үйл явдлын ард нь суугаад "За тэгж байгаад болох байлгүй" дээ гээд яваад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Ажил бизнесээ хөөгөөд, гэр бүлээ хамгаалаад суугаад байвал хэн ч бидний өмнөөс шийдэж өгөхгүй. Тийм учраас бид ирээдүйнхээ сайн сайхны төлөө томоохон хэмжээний өөрчлөлт хийх ёстой. Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрөхөд Монгол Улсад юу өөрчлөгдсөн бэ? Энэ жил 30 жилийн ой нь болох гэж байна шүү дээ. Гэтэл нөгөө нэг эрхтэн дархтангууд нь улам эрх дархтай болоод, шинэ эрхтэн дархтангууд бий болчихсон байна. Мэдээлэлд ойр байгаа хэсэг нь төрөөс нэн хөнгөлөлттэй зээл, үйлчилгээ авч байна. Гуравхан хувийн хүүтэй зээлийг тэрбум тэрбумаар нь авч байна. Гэтэл жирийн ард иргэд яаж байна. Өдрийн зээл гэж 10 хувиар хүүлж аваад бүх юмаа алдаж байна. Өнөөдөр бид хэний төлөө амьдраад байгаа юм бэ, энэ хэдэн эрхтэн дархтангуудын төлөө амьдраад байгаа юм уу? Хэрэв тийм биш бол эрхтэн дархтангуудын дур зоргыг өөрчилмөөр байна. Монголын төрийг өөрчилмөөр байна. Үүний төлөө ард иргэд маань өөрсдөө боловсрох хэрэгтэй байна. Маш олон залуучууд байна, өөр бодолтой. Тэр залууст либерал үзэл, хүний эрх, эрх чөлөө гэж юу юм бэ? гээд сургалт хийсэн. Сургалт хийсний үр дүнд нөгөө нэг хуваагдал байхгүй болж, нэгдэж эхэлж байна. Тэгэхээр монголчууддаа мэдээллийг маш сайн өгөх хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийнхэн маань энэ төрлийн сургалтанд маш сайн хамрагдаж, тэр мэдлэгээ иргэддээ өгөх, иргэдээ боловсролтой болгох хэрэгтэй байна. Онлайн сургалтыг ард иргэддээ өгч байх хэрэгтэй байна. Тэгэхгүй, мэдээлэл хомс байгаагаас болоод нөгөө эрхтэн дархтангууд чинь ард иргэдийг талцуулж хуваагаад, түүгээрээ өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад байна.
-Хамгаалуулаад байна. Мөн үү?
-Хамгаалуулаад байна. Одоо та нар хараарай. Жирийн иргэдийн эрх ашиг тэнд яригдаж байна уу? Үгүй. Албан тушаалтан өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан зүйл л ярьж байна шүү дээ. Ингэж болохгүй. Бид ардчилсан шинэ нийгэмд дэвшиж ороод 30 жил хөгжлөө. Түүний үр дүн хаана байна? Гэтэл Өмнөд Солонгосыг ард түмэн нь хагас, бүтэн сайнгүй жагссаар байгаад бүхэл бүтэн хоёр Ерөнхийлөгчөө хээл хахуулийн хэргээр унагаад авлаа. Хуулийн өмнө аваачлаа. Японд тав, аравхан минут хуралдаанаасаа хоцорсон сайд нь өөрөө ёс зүйгээ бариад сайн дураараа огцорч байна. Саяхан болсон Армяны үйл явдлыг хар. Зургаан сая хүн амтай улсад 300 мянган иргэд эрх ашийнхаа төлөө гудамжинд гарахад бүгдийг өөрчилж байна.
2012-2016 онд АН-ын бүх дарга нар Гүржид очсон, туршлага судалсан. Тэнд бас бүгдийг өөрчилж чадсан, бид ч гэсэн өөрчлөх ёстой. Энэ хэвээрээ хүлээн зөвшөөрөөд суугаад байхаар баялаг бүтээгчид нь, ард түмэн нь хоосроод эрх дархтангууд нь баяжаад, тэр баялгаа булаацалдаад ард түмнээ хувааж байна.
-МАНАН бүлэглэлийн эсрэг, 60 тэрбумын эсрэг гээд УИХ-ын гишүүд нь хүртэл оролцоод томоохон жагсаал хийсэн. Тэр хөдөлгөөнд та оролцсон уу? Одоо “Хэвтүүл” хөдөлгөөн бас жагсаал зохион байгуулах гэж байна. Та нарын төсөөлж байгаагаар хэр олон хүн оролцоно гэж бодож байна?
-УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан жагсаалд би оролцоогүй. Яагаад гэвэл нөгөө хуваагдсан намын хуваагдсан хэсэг нь өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд жагссан учраас би оролцоогүй.
-Та тэгж хардаж байна уу?
-Анхнаасаа л тэгж харагдаж байсан шүү дээ?
-Танай хөдөлгөөнийг бас хэн нэг хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалаагүй гэдэгт иргэд хэр итгэх бол?
-Бүгдийг нь л хуулийн өмнө аваачья л даа. Энийг нь хамгаална, энэнд нь хариуцлага тооцно гэсэн ялгаварлал л гаргахгүй байя. Тэгэхээр итгэж үнэмших байлгүй дээ. Бидний зорилго бол бүгдийг нь хуулийн өмнө аваачих ёстой. Хэрвээ хэрэг хийгээгүй бол хийгээгүй гэдгээ нотлоод л яваг л дээ.
-Гэмт хэрэгт холбоотой гэж хардаж сэрдэж, таамаглаж байгаа бүхнээ л хуулийн өмнө аваачья гэж үү?
-Тийм. Хууль л бүгдийг шийднэ шүү дээ. Түүнээс биш хэн нэгний харснаар, хардаснаар шийдэж болохгүй. Зөв сэтгэлтэй байхад хууль хэрэггүй гэсэн бас нэг яваад байна лээ. Тэгж болохгүй. Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Дагаж мөрддөг хууль ёстой улс. Хуульд юу гэж заасан байна, түүгээр л явах ёстой. Түүнээс биш, энэ сайхан сэтгэлтэй юм, хэргийг дараа нь шийдье гэсэн юм байхгүй. Дээр үед, Хүннү, Сүннүгийн үед хааны зарлигаар, хааны хүслээр хэн нэгнийг өршөөнө, өршөөхгүй гэдэг байсан байх. Өнөөдөр чинь XXI зуун. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Би иргэн учраас хуулийн өмнө очоод таслагддаг, эрхтэн дархтангуд нь хамгаалагддаг байж болохгүй.
-“Хэвтүүл” хөдөлгөөнөөс зохион байгуулах жагсаал маань хэзээ болох билээ?
-Гуравдугаар сарын 2-ны (маргааш) бямба гаригт Сүхбаатарын талбайд болно. Бид ямар ч байсан мөнгө төлж хүмүүс цуглуулахгүй. Хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө өөрсдийнхөө хүсэл эрмэлзлэлээр ирэх ёстой.
-Та яагаад мөнгө төлж ирүүлдэг гэж бодоо вэ?
-60 тэрбумын, МАНАН-гийн эсрэг жагсаалд оролцуулахын тулд хүн бүрт 40 мянган төгрөг төлсөн гээд соошлаар битүү л явсан шүү дээ. Оролцож байгаа хүмүүс нь “Би 40 мянгыг авсан, тэндээс тэгж авчирсан” гээд ярьсан шүү дээ. Энэ бол нууц мэдээлэл биш. Гэхдээ тэр нь батлагдах юм уу, үгүй юу мэдэхгүй. Ямар ч байсан бид тийм арга хэмжээ авахгүй. 100 хүн ирнэ үү, 200 хүн ирнэ үү хамаагүй. Бид иргэдээ хүлээнэ.
-Жагсаал хийх эрхээ авсан уу? Манай эрх баригчид чинь нэг уран аргатай шүү дээ. Жагсаал зохион байгуулах тэр өдөр нь талбай дээр ямар нэг нээлттэй өдөрлөг ч юм уу өөр арга хэмжээ зориуд зохион байгуулаад жагсаал хийлгэдэггүй.
-Одоо зөвшөөрөл авдаг тэр систем нь байхгүй болсон. Тэдэнд тийм жагсаал хийнэ шүү гээд бүртгүүлдэг,. Бүртгүүлсний дараа төрийн зүгээс аюулгүй байдлын арга хэмжээ авдаг. Хоёр талаасаа хамтарч ажиллана гэсэн үг. Ямарваа нэг үймээн самуун гаргахгүй байх талаар бид ажиллана. Гаднын туршлагыг судалж үзлээ л дээ. Солонгос гэхэд жишээ нь иргэд нь хагас сайн өдөр болгон гарч жагсаж байна. Хариуцлагаа хүлээтэл нь жагсдаг. Бид бас тэгэхийг зорьж байна. Тийм байгаасай гэж хүсч байна. Тэрний төлөө зүтгэнэ. Энэ хагас сайнд ажилтай байгаад оролцож чадаагүй хүмүүс нь дараагийн хагас сайнд ирээд, үгээ хэлээд оролцоод явдаг ч юм уу. Сонгууль хүртэл энэ арга хэмжээнүүд байнга явж байх ёстой. Яагаад гэвэл 2020 онд ард иргэд маань энэ хүмүүст дахиад хууртаж болохгүй. Одоо энэ сонгуулиудаа хар. Бүх сонгууль мөнгөний сонгууль болчихсон. Цагаан сар болохоор гишүүд нь тойргоороо явж баахан бэлэг тараадаг. Тэр хэний мөнгө вэ? Үнэн хэрэгтээ тэд ариун цагаан хөдөлмөрөөрөө тэр их мөнгийг олсон гэхэд би лав эргэлзэж байна. Ард түмний мөнгийг л тарааж байгаа шүү дээ.
-Хуулийн зохицуулалт байхгүй учраас л хуулийн цоорхой ашиглаад бэлэг тараагаад байна гэдэг шүү дээ. ЖДҮ-гийн зээл дээр гэхэд “Энэ хүмүүс бол албан тушаалын нөлөөгөө ашигласан болохоос биш эрх мэдлээ ашиглаагүй юмаа” гэдэг. Нөлөөгөө ашигласан гээд хариуцлага тооцох гэхээр Эрүүгийн хуулиас тэр заалтыг нь хасаад хаячихсан байх жишээтэй. Тэгэхээр танай хөдөлгөөнийхөн жишээ нь гудамжинд гарч жагсья гэхээсээ илүү энэ хуулийн ийм заалтыг эргүүлж оруулж ирье ээ. Ийм хуулийн заалт байхгүй учраас ийм зүйл болоод байна аа гэж болдоггүй юм уу?
-Бид нэлээд олон том хуульчидтай ажиллаж байгаа. ЖДҮХС-гийн зээлийн асуудал дээр хууль байхгүй гэж болохгүй. Эрүүгийн хуульд байна, Ашиг сонирхлын зөрчлийн тухай, Авилгатай тэмцэх тухай, УИХ-ын тухай хуульд хориглосон заалтууд байна. Гишүүний ёс зүйн дүрэм, гишүүний тангарагт хүртэл байгаа шүү дээ.
-Гэсэн хэдий ч Эрүүгийн хуулиар жишээ нь энэ хүмүүсийг “албан тушаалаа ашиглаж гарын үсэг зурсан” гэж үзэхгүй байгаа шүү дээ. Б.Батзориг сайд дээр бол яах аргагүй гарын үсэг зурсан учраас нэг удаа дээлийг нь тайлаад орхисон. Нөгөөдүүл нь болохоор “Би зүгээр л дэмжээд өгөөрэй гээд утсаар ярьсан. Түүнээс биш гарын үсэг зур гэж албадаагүй, би өөрөө гарын үсэг зураагүй” гээд тойроод гарчихсан. Эрүүгийн хуулиас нөгөө “нөлөөллөө ашиглах” гэдэг заалтыг хасаад хаячихсан учраас?
-Монголд л ингэж яриад байгаа болохоос биш бусад оронд бол үүнийг гэмт хэрэг гэж үздэг. Би сая хэллээ шүү дээ. Японы сайд тавхан минут хурлаасаа хоцорсны төлөө ёс зүйн хариуцлага хүлээлээ гэж. Ёс зүй гэдэг юмыг бид маш томоор харах ёстой. Манайд бол ёс зүй гэдэг зүйлийг бүрэн устгаад, байхгүй болгоод байна. Албан тушаал, эрх дарх гэдэг мөнхийн юм биш. Тиймээс албан тушаал хашиж байгаа хугацаандаа хүн ёс зүйтэй л байх ёстой. Ёс зүй болгоныг цаасан дээр буулгах боломжгүй.
-Хуулийг үл тоож байгаа, өөртөө зориулж хуульд өөрчлөөд, тэр нүхээр нь гараад явчихаж байгаа хүмүүс ёс зүйтэй байна, ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж байх уу? Хуулиар хүлээлгэж чадахгүй байгаа хариуцлагыг ёс зүйгээр хүлээлгэнэ гэдэг бүтэшгүй мэт л сонсогдож байна?
-Тэгвэл тэр хүмүүсийг ёс зүйгээ дагадаг, хариуцлагаа хүлээдэг болтол нь ард түмэн өөрсдөө гудамжиндаа гараад жагсах хэрэгтэй. Эцсийн дүндээ өөрсдийнх нь эрх ашиг шүү дээ. Өнөөдөр иргэний нийгмийнхэн нь гэхэд хоёр хуваагдчихлаа гэж та сая хэллээ. Энэ нь 60 тэрбумынх, тэр нь ЖДҮ-гийнх гээд. Одоо больё л доо. Хууль байхгүйгээс ингээд байна гэж та хэллээ. Үгүй. Бүх юмыг хуулиар зохицуулна гэж байхгүй. Түүний оронд ёс зүйтэй хүмүүсийг л гаргаж ирье.
-УИХ-ын даргыг огцруулахад жишээ нь, 40 гишүүн гарын үсэг зурчихаад байхад “Хууль байхгүй шүү” гээж суусаар байгаад хоёр сар болсон. Хууль гаргуулж байж огцорсон шүү дээ. Тэгэхээр та нарын энэ тэмцэл үр дүнд хүрнэ, хариуцлага тооцуулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна?
-Хэрвээ эд хуулийн өмнө очихгүй бол дараа нь сонгууль гэж нэг юм байна. Ард түмэн сонголтоо хийнэ ээ. Бид сонгууль хүртэл энэ хүмүүсийг ярина аа. Энэ хүмүүсийг битгий сонгоорой гэж. МАН, АН-д ч гэсэн маш олон зөв бодолтой залуучууд байгаа. Тэр хүмүүсийг бас бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна. Нэгдэх байх гэж найдаж байна. Өөр олон хөдөлгөөнүүд, намууд байна. Тэр хүмүүс маань бас нэгдээд гудамжиндаа гарья. Өөрсдийнхөө алдсан боломжийг эргүүлж авья.
Уг нь бол бид “Бидний өмнөөс шийдвэр гаргаад, амьдралыг сайжруулаад, бүтээн байгуулалтыг гялалзуулаад өгөөрэй” гэж энэ хүмүүсийг сонгосон. Гэтэл байхгүй. Өөрсдийнх нь л амьдрал сайжирсан. Тэгэхээр бид тэдэнд өгсөн эрх мэдлээ л буцаагаад авчихья. Алдсан боломжоо эргүүлж авья. Тийм биз дээ.
-Засгийн газар болохоор “Дундаж цалин сая гараад явчихлаа. Эдийн засгийн өсөлт 6 хувь давчихлаа. Болж байна, бүтэж байна” гээд байгаа шүү дээ?
-Төгрөгийн ханшийн уналт ямар байгаа билээ?
-Бараг 60 хувь...
-Тэгвэл цалин нэмэгдсэн гээд байгаа сая 100 мянган төгрөг чинь цаас болох гэж байна шүү дээ. Ханшийн энэ хэлбэлзэл дээр Монголбанк болон маш олон хүмүүс мөнгө хийж байгаа.
-Та ардчилсан нийгмийн үнэт зүйлийн талаар сургалт хийж байна гэлээ. Бас сая хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Бага багаар мөнгө гараад л байгаа шүү дэ. Э.Тамир гэдэг хүн тийм баян хүн үү? Хаанаас энэ санхүүжилт гарч байна гэдгийг яривал хүмүүсийн эргэлзээ бага ч гэсэн арилах байх?
-Өөрсдөө дундаасаа гаргаад л явж байгаа. Хүний нэг нэг сая төгрөг гаргаад үйл ажиллагаа санхүүжүүлсэн. Сургалт бол харьцангуй өртөг багатай шүү дээ. Нэг багш авчираад, зохион байгуулж байгаа хүмүүс маань дундаасаа 10-20 мянган төгрөг цуглуулаад, ус ундаагаа бэлтгээд сургалтаа хийдэг. Сургалт бол маш чухал. Сургалт хийж байж л хүмүүсийн дунд “Энэ нь буруу, энэ нь зөв юм байна” гэдэг ойлголттой болж байна. Төр гэдэг чинь Засгийн газрын кабинет, олонхи цөөнхөөрөө ялгараад дээрэм хийх тухай биш юм байна. Төр гэдэг чинь огт өөр юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Уг нь төр засаг нь энэ сургалтыг хийж байх ёстой. Хууль зүйн яам, Боловсролын яам хийх ёстой. УИХ-ын бас нэг чиг үүрэг нь хууль таниулах. Гэтэл өөрсдөө ч хуулиа мэдэхгүй л явж байна шү дээ.
-Сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Хэдий мөнгөний ханш унаж байгаа ч гэсэн зарим хүний хувьд мөрөөдөж байгаа мөнгө байж магадгүй. Энэ мөнгө хөрөнгөө зориулаад нийгмээ эрүүл саруул болгохын төлөө явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нийгмээ өөрчилмөөр байна, ирээдүйгээ сайн сайхан болгомоор байна гэдэг таны энэ итгэл үнэмшил улс төрийн итгэл үнэмшил юм биш биз? Магадгүй дараачийн удаа “эднийг битгий сонго, биднийг сонго” гэдэг улс төрийн сонирхол байгаа юм биш биз?
-Мэдээж би энэ улс орныг өөрчилмөөр байна. Тэр өөрчлөлтөд гар бие оролцмоор байна. Хэрвээ миний түрүүн хэлсэн шиг ажил, бизнесээ хөөгөөд, зөвхөн гэр бүлээ гээд явбал юу ч өөрчлөгдөхгүй. Бид бүгдээрээ нийгмийн амьтан. Гэртээ сайхан байж болно. Гадаа гараад бусадтайгаа нүүр тулна. Амьдрал ямар байна, хүмүүс ямар их уур уцаартай байна. Үүнийг яаж өөрчлөх юм? Дорвитойхон шиг хөдөлж, хүн бүр оролцож байж л өөрчилнө. Сонгох эрх нь ард түмэнд байна.
-2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг үү?
-Би тэрийг хэлж мэдэхгүй. Тэр бол тухайн цаг үеийн асуудал. Миний хэлэх зүйл бол би энэ өөрчлөлтөд гар бие оролцмоор байна. Гудамжнаас нь эхлээд үзмээр байна. Сонгууль бүрээр худлаа ярьж гарч ирдэг хүмүүсийг дахин дахин сонгомооргүй байна. Илүү бүтээлч, ёс зүйтэй хүмүүсийг сонгомоор байна. Тэгэхийн тулд ард иргэдэд мэдээлэл сайн өгөх ёстой.
-Сонгогчдын боловсрол ямар байна гэж та бодож байна. УИХ-ын гишүүд нь яагаад бэлэг тараагаад, тэдэн бөх төрүүлүүлсэн, тэдэн айраг түрүү авсан гэдэг тайлан тавиад явж байдаг юм бэ? Энэ сонгогчдын боловсролтой холбоотой юу? Сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Сонгуулийн тогтолцоо ямар байх нь хамаагүй. Сонгож байгаа хүмүүсээ мэдээллээр хангаж, боловсролтой болгох ажлыг л бид хийх ёсой. Хичнээн сайхан сонгууль хийгээд, хичнээн сайхан хууль батлаад тэрийгээ ойлгоогүй, үзээгүй, хараагүй, эрх мэдэлтэнгүүд тэрийг нь үл тоож, дээр нь дэвсэлж байхад түүнийг мэдээгүй бол бид юунд ч хүрэхгүй. Ард түмэнд “энэ хоёр чинь хоёулаа адилхан хар хэрээ шүү” гэдгийг л ойлгуулах ёстой. Хэн эрх мэдэлтэй байхаас үл хамаараад тэр зам нь явж байдаг, цахилгаан станц нь баригдаж байх ёстой шүү дээ. Гэтэл байхгүй. Миний эрх ашиг ороогүй учраас гээд бүгдийг гацааж, зогсоож байна. Төр хэтэрхий их аж ахуйн ажил руу орсон байна. Өнөөдөр бүх буруугаа Үндсэн хууль руу чихэж байна. Үндсэн хуульд ийм заалт байхгүй юм чинь би аясан ч яадаг юм гэж байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Та иргэддээ хандаж юу хэлмээр байна? Хагас сайн болгонд “Хэвтүүл” жагсаал болох юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Гуравдугаар сарын 2-нд буюу хагас сайн өдөр эхнийхээ цуглааныг хийнэ. Энэ жагсаалд улс төрийн бүх хүчний эрүүл саруул бодолтой хэсэг, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, иргэд маань ирээд, дуу хоолойгой өргөөд, энэ нийгмийг өөрчлөх тал дээр нэг талдаа гармаар байна. Хоёр талд гарах биш. Үүнд хүн бүрийн оролцоо чухал шүү л гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Parliament TV
Сэтгэгдэл (6)