x

Х.Тэмүүжин: Ардчиллын өртгийг багасгая. Сонгуулийн зардлаа бууруулья

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ТМ телевизийн “Контрол Комментатор” нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Ц.Энхбаттай ярилцжээ.

-Яг одоо юу хийж байна. Эрдмийн ажлаа л хийгээд байна уу?

-Цааснууд дээрээ сууж байна. Өмнө нь хийж байсан ажил. Бодлогын чиглэлээр ажилладаг, нийгэмд ямар асуудал байна гэхээсээ илүү тодорхой асуудлыг яаж шийдвэрлэх боломж байна, бидэнд ямар нөөц байна, хувилбарууд нь ямар байх вэ, эрсдэл болон давуу талуудаа яаж харах вэ гэдгийг л судалдаг хүн шүү дээ. Тэр чиглэлээрээ юмаа хийгээд л явж байна.

-Намтайгаа ойрхон ажиллаж байна уу?

-Ойрхон ойрхон. Ерэн оноос хойш ардчилал, шинэчлэлийн салхийг үлээж, өөрчлөлтийг манлайлж явсан Ардчилсан нам цаашид тэр зорилгоо үргэлжлүүлж чадах уу үгүй юу, олон нийтийн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар дээр оршиж байсан тэр хүч өнөөдөр байна юу, үгүй юу гэдэг дээр бас нийгэмд эргэлзээ тогтчихлоо шүү дээ. Тийм учраас бид дахиад бодох ёстой.

-Улс оронд маш шийдлээ хүлээсэн маш олон асуудал хуримтлагдчихлаа шүү дээ. Шийдвэрлэх цаг нь ч тулсан байх?

-Шийдвэрлэх цаг нь бол аль эрт ирчихсэн. 2008 онд л шийдвэрлэх ёстой байсан. 2012 онд боломж байсан. Харамсалтай нь ашиглаж чадаагүй. Шийдлээ хүлээсэн асуудлууд улам бүр л овоороод байгаа.Зоригтойхон шиг урагшаа алхаад хийхгүй бол овоорсон энэ их асуудлууд чинь сүүлдээ энэ улсыг дараад нураах л байх даа.

-Та бол улстөрч хүн. УИХ-д хоёр удаа сонгогдсон, одоо ч улс төрд ойр байгаа хүн. Монгол Улс ер нь дампуурлынхаа ирмэгт ирчихсэн юм биш үү?

-Олон хүн ер нь л доод цэгтээ ирчихлээ гэж хэлж байгаа. Би бол үүнээс муу цэг ч байгаа л гэж харж байгаа. Олон хүн асуудал хаана байна гэдгийг олж хараад байна. Энэ болохгүй байна, энэ таалагдахгүй байна гэхээрээ бүгд л уургын морь шиг ярьж байна. Хоёрдугаарт, тэр асуудалтайгаа холбоотой дайсан бүтээхдээ маш сайн байна. Энэнээс болсон гэж нэг нөхрийг дүүжилж байгаад шороо шавхайгаа цацаад, эцэс төгсгөлгүй популизм хийж байна. Мухар гудамж руу л уралдаад байна шүү дээ. Асуудлыг шийдэх шийдлээ хараад, хувилбар нь энэ байна  гээд ажил хэрэгч санал гаргаж байгаа нь ховор байна. Улс төрийн намууд нь ч тэр, намуудынх нь лидерүүд ч тэр, ард иргэдтэйгээ яг адилхан хоосон шүүмжлэгч нар болчихсон. Тэгсэн хэрнээ одоо байгаа энэ тогтолцоогоо өөрчлөх эр зориг байхгүй. Эсрэгээрээ тогтолцоогоо авч үлдэх сонирхолтой. Ямар ч эерэг үр дүнг хүсэхгүй, зүгээр л олон нийтийн сэтгэл зовинол дээр тоглосон хүмүүс байна. Өнөөдөр л хүмүүсийн алга ташилтыг авч байвал маргааш юу болох нь ерөөсөө сонин биш. Нэг тийм популист уралдаан руу орчихлоо шүү дээ.   

-Тэрийгээ зарим нь их мундаг улс төр хийж байна гэж ойлгоод байна шүү дээ?

-Уг нь бол улс төр гэдэг чинь бодлого, шийдэл байхгүй юу. Манайхан бол эсрэгээрээ нийгмийн бухимдлыг хөөсрүүлээд, түүнийгээ сандал суудлын хэрүүл болгоод л сууж байна.

-Зул бөхөхөөсөө өмнө их бадамладаг гэдэг дээ?

-Зул бадамлах гэхээсээ илүү бараг түймрийн хэмжээнд оччихоод байгаа юм биш үү. Богино хугацаанд асаад унтрах бол нэг хэрэг. Гэтэл юу ч байсан хамж аваад түймэрдэх хэмжээнд ирчихэж байгаа юм биш үү. Эцсийн шийдэл юу вэ гэхээр хоёр л шийдэл гаргаж тавих гэж оролдож байна. Энэ улс орныг нэг эзэнтэй болгоё оо, нэг хүн гарч ирээд урт удаан хугацаанд удирдвал нэг эмх цэгцэндээ орж магадгүй гэсэн нэг хэсэг байна. Буцаад л нөгөө дарангуйлал руугаа орох тухай ярьж байна л даа. Нөгөө хэсэг нь доторх эзэн бүр дүүрч, гадна эзний тухай ярьж эхэлж байна. Улс орноо аль нэг хүчтэй улсын хатавчинд аваачиж наагаад мөнгөтэй болох, попуудынхаа  төлөөсийг төлөх тухай ярьж эхэлж байна шүү дээ.

Түүх хамгийн муу хувилбараараа давтагддаг гэж зарим хүмүүс ярьдаг. Би тэр онолд нэг их итгэдэггүй байсан. Одоо харахад муу хүмүүс муу цаг дээр буруу тийш нь салхийг эргүүлбэл магадгүй ч юм шиг байна. 1900-аад оны эхэн үед Манж гүрэн нурж унаад түүний үр дүнд Монгол орон туурга тусгаар улсаа бөхлөх гэж оролдож байх үед, Манжийн тарж бутарсан улс дотор бас нэг улс байгуулагдангуутаа задарч байгаа улсуудад эзэн суух гэж оролдсон. Үүний үр дүнд гамин цэргүүд Монголд орж ирээд, хэдэн лам нар нийлээд “Монголын автонамийг буулгая, сайн дураараа гэрээ байгуулаад танай улсад дагаар орьё” гээд явж байсан түүх бий. Түүнтэй ижил үйл явц өнөөдөр болж эхэлж байна. Тэр үед цэргийн хүч ороод ирэх вий гэдэг айдас хүйдсээс болоод лам нар ийм юм ярьж байсан бол өнөөдөр засгийн эрхэнд гарсан хэдэн булчинтай нөхөд мөнгөний шунал дээр улс орноо аваачиж өгөх гэж байна шүү дээ.

-Тархины булчин хөгжөөгүй, биеийн булчин хөгжсөн хүмүүс хааш нь ч аваачиж магадгүй болоод байна аа даа?

-Улс орноо урагш татах, асуудлаа шийдэх тал дээр толгой нь ажиллахгүй байна. Бүхнийг хүчээр шийдэх гэдэг, юуг ч байсан хүчээр нухчин дарна, юуг ч байсан хүчээр олж авна гэсэн л бодолтой хүмүүс чинь тархи нь ажиллахгүй болохоор мөнгө ажиллана л гэж бодож байна л даа. Тэр мөнгөө олохын тулд дотооддоо том компаниудаа тонож дээрэмдэхийг бодож байна. Тэр мөнгө нь хүрэлцэхгүй гэвэл гадагшаа улсаа зараад мөнгө олно гэсэн бодолтой байх шиг байна.

-ШХАБ-ын тухай яриаг хэлж байна аа даа?

-Улс орны суурь эрх ашгаас хол шийдэл олж харж байх шиг байна. Нүүрээ ил гаргаад хоосон ярихдаа ямар их эх оронч байдаг билээ. Гэтэл эх оронч байна гэдэг зүгээр л хоосон, цавчаа яриа нэг хэрэг. Ийм ороо бусгаа цаг үед, олон талт харилцаан дунд улс орныхоо эрх ашгийг авч явна гэдэг зөвхөн яриад өнгөрөх асуудал биш. Толгойдоо нэлээн сайд бодож боловсруулж, алсын хараатай хөдлөх ёстой. Монгол Улсын эдийн засгийн маш олон боломжийг хааж, үгүй хийчихээд өөрсдийнхөө хийсэн тэр балгийг нуухын тулд “Ийшээ орж байж л асуудлыг шийднэ” гээд улс орныхоо тусгаар тогтнол, бие даасан гадаад бодлого, гуравдагч хөршийн харилцаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал, ардчиллаар золиос хийгээд орчихож болохгүй л дээ.

-Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил гишүүн маш тодорхой ярьсан байна лээ. ШХАБ-д элсэнэ гэдэг бол нэг урсгалтай зам юмаа, орсон хойноо эргэж гарах боломжгүй ээ. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой гэж ярьсан?

-Мэргэжлийн дипломатч, гадаад бодлогын чиглэлээр олон жил ажилласан, геополитик судалсан, олон улсын нөхцөл байдлыг илүү сайн мэддэг хүмүүсийн яриаг сонсохоор бид хоёр хөрштэйгээ найрсаг харилцах ёстой. Хоёр хөрштэйгээ найрсаг байхаасаа гадна гуравдагч ертөнцтэй харилцаатай байх ёстой. Хоёр хөрш маань хоорондоо өрсөлдөж байгаа нөхцөлд бидний тусгаар тогтнол их эмзэг болж байна. Тиймээс зөрчилдөөнт байдлаас хол, гэхдээ харилцан ойлголцолтой байх ёстой. Маш олон хувилбарт зам байсаар атал тэр бүгдийг хаагаад, эргэх урсгалгүй мухар гудамж руу аваачаад хаагдчих нөхцөл байдал руу улс орноо чирж орчих гээд байна л даа. Мөнгөнд нүдээ хаалгачихаад явж байгаа хүмүүсийн хувьд энэ нь өнөөдөртөө гарц байж магадгүй. Харин маргааш, нөгөөдөр бол 1900-аад оны эхэн үед Монголын автономийг устгасан тэр үеийн түүхийг дахин бүтээснээрээ монгол хүн бүхний хараалын үзүүрт нэр нь өлгөгдөнө шүү дээ.

-Улс төр судлаачдын ярьж байгаагаар Монголын төр хамгийн сулхан үедээ ирчихсэн байна гэж дүгнээд байна. Гаднынхан ч ярьж байна. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү гуайтай би ярьж байлаа. Тэр бол Монгол судлаач хүн, манайд ажиллаж байсан хүн. Бас биднийг гаднаас нь харж байгаа хүн. Тэр хүн бол “Монгол улс маш их баялагтай, ард түмэн нь их чадвартай” гэж ярьдаг юм. Гэтэл яагаад Монгол улс ийм ядуу байна вэ? Сүүлийн 28 жил удирдсан улстөрчидтэй, тэдний явуулсан бодлоготой л холбоотой болов уу гэж би хараад байна?

-Хөндлөнгийн хүн биднийг бодвол асуудлыг бодитой, бие даасан байдлаар харах чадвартай. Дотор нь байгаа хүн бол өөрийн туршлага, найз нөхөд, намын хэлхээ холбооноосоо болоод харьцангуй субектив үнэлчих гээд байдаг. Би ч гэсэн тэр хүний яриаг нэг бус, хэд хэдэн сонсч байлаа. Тэр хүмүүсийн ярьж байгааг сонсоход хоёр, гуравхан зүйл Монголыг аварч байна. Муу ч, сайн ч нэг ардчилсан тогтолцоо байна. Хэрвээ ардчилсан сонгууль байгаагүй бол М.Энхболд гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгох их өндөр түвшний тохиролцоо бүр сонгуулийн өмнө хийгдчихсэн байсан гэж байна. Олон нийтийн санаа бодол цөөн тооны эрх мэдэлтнүүдийнхээс өөр байсан учраас бичигдсэн сценариас өөр хүн сонгогдсон байхгүй юу. Муу ч сайн ч ардчилал гэдэг зүйл Монголд байна. Цөөхөн тооны  эрх мэдэлтэй нөхөд Монголын хувь заяаг зурдаг цаг өнгөрсөн гэдгийг харуулж байна шүү дээ. Энэ бол хөгжлийн нэг үзүүлэлт мөн үү, мөн.

Нөгөөтэйгүүр хувийн өмч дээр суурилсан зах зээл, эдийн засгийн оролцоо байна. Цөөн тооны монополиуд, улс төр бизнесийн бүлэглэл бүхнийг барихаас илүү аль болох олон хүнийг оролцуулах гэж оролдож байгаа эдийн засгийн олон талт систем чинь бас явах гээд л, болих гээд арай ядан урагшилж байна шүү дээ.

Гурав дахь олон урьгалч үзэлтэй холбоотой иргэний нийгэм. Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь хэн байхаасаа үл шалтгаалаад олон нийт юу бодож байгаагаа илэрхийлээд, өөрөө өөрийнхөө хүсч байгаа зүйлийг үнэ цэнэтэй гээд гудамж талбайдаа жагсаад, зарлаад явж байгаа нийгмийн орчин байна. Дөрөв дэхь нь энэ хүмүүсийн шударга ёсны эрэл хайгуул. Энэ бүгд чинь нийлээд Монгол Улсын хөгжлийн нэг ололт.

Энэ ололтод хамгийн их аюул болж байгаа зүйл бол популизм. Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр байж олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж байгаа улстөрчдийн хий хоосон хийрхэл энэ бүгдийг нураана. Нөгөөх нь авлига, хулгай. Хөгжлийн боломжийг хулгайлж байдаг зүйл чинь ерөөсөө л авилга шүү дээ. Популизм авилга, хоёртойгоо тэмцэж чадахгүй бол ардчилал ч сүйрнэ, эдийн засаг ч сүйрнэ, хувь хүний хөгжлийн асуудал ч доошоо орно. Нөгөө шударга ёс, хуулийн байгууллагууд чинь ч хэн нэгний гар хөл, хэсэг бүлэг хүмүүсийг хамгайлдаг бамбай болоод дуусна.

Ингээд харахаар бид популизм, авилга хоёртойгоо тэмцэж чадаж байна уу? Эсвэл бүр дэвэргээд, орон зайг нь бэлтгэж өгөөд, тахин шүтээд, тавиад туучихав уу? Сүүлдээ авилгачид, хулгайчид нь авилга, хулгайгаараа популизм хийгээд, нэг хулгайч нь нөгөөгөө дарах тэмцэл болгоод, ард түмэн “Аа заа, ялсан тал нь баатар юм байна. Хувийн шударга ёсыг хууль гэж ойлгох юм байна” гээд толгой дээрээ тавиад суух гэж байна шүү дээ. Энэ бүхэн монголчуудыг мухар гудамж руу нийтээр нь шахаж аваачаад, нэг нэгийгээ хэмлэсээр байгаад дуусгаад, үндэстнийхээ хувьд дуусах аюул болж хувирч мэднэ. Ийм  л зүйлийг тэр хүмүүс хэлээд байна л даа. Та нарт цэгцтэй бодлого алга. Тэр бодлого чинь бодит мэдлэг дээр суурилахгүй байна. Асуудлаа зөв харахгүй байна. Энэ бүхнийг чинь хий хоосон популизм орлочихлоо гээд.

Хоёрдугаарт нөгөө шударга ёс, төрийн үр ашигтай үйл ажиллагаа, оновчтой бодлогыг чинь авилга аваад явчихлаа. Хичнээн зөв зүйтэй санаа гарсан ч араас нь авилга орж ирээд, үр шимийг нь аваад явчихаар иргэдэд хоосон бодлогоос өөр юу ч үлдэхгүй байна. Тэгэхээр олон нийт “нийгэм шударга биш байна” гээд уурладаг.

Тиймээс олон нийтэд хандаж хэлэхэд хулгайч нарыг хооронд нь зодолдуулаад нэг талд нь гарах тухай биш, харин хулгайчдыг бүгдийг нь зайлуулах, хулгайч, хулгайч бишийг нь ялгаж салгаад шахах ёстой юм байна. Хулгайч нарыг хооронд нь зодолдуулаад алга ташихын оронд хуулийн өмнө хэвтүүлэх, хууль дээр нь байдаг юм шүү гэдгийг харуулах ёстой.

-Нэг хэсэг нь хулгайч болоод, нөгөө хэсэг нь хулгай хийгээгүй гээд хоёр талдаа л ялгарах нь ээ дээ?

-Энэ зөв ялгарлаа хийхгүй бол сүүлдээ том хулгайч, бага хулгайч, шинэ МАНАН, хуучин МАНАН, концесс иддэг, ЖДҮ иддэг гэх мэтчилэн хулгайч нарын хуваагдалтай улс болж хувирах гээд байна шүү дээ. Бие биенээ шүүмжлэх болохоороо “Чи хулгайч” гээд ил цагаан хэлчихдэг мөртлөө хариуцлага тооцох болохоороо хамгаалаад суучихдаг. УИХ-ын чулган дээр харлаа шүү дээ. Чи хулгайч, би хулгайчч гэж хэрэлдэж байснаа хуулийн байгууллага орж ирээд “шалгая” гэхээд бүгдээрээ “Үгүй ээ” гээд хамгаалаад суучихдаг. Эцсийн дүндээ хууль ёсыг үгүй хийгээд хулгайч нарыг дэглэм л энэ улсад тогтох нь байна шүү дээ. Энэ бүхэн чинь гаднын нүдээр харахад ямар ч ойлгомжгүй байхгүй юу.

-Найман жил Ерөнхийлөгч хийсэн экс Ерөнхийлөгч нь одоогийнхоо Ерөнхийлөгчөө “Хулгайч” гэж олон нийтийн сүлжээгээр зарлаад, одоогийн Ерөнхийлөгч нь бас өмнөх Ерөнхийлөгчийнхөө хулгай хийсэн баримтыг шалгуулна гэж 170 хуудас материал хуулийн байгууллагад аваачиж өгөөд л. Энэ бол дотроо ч асуудал, гадагшаа ч асуудал гэж би хувьдаа хараад байна?

-Он солигдож байх үед би хэлсэн дээ. Манай улстөрчид бариа нь тодорхойгүй популист уралдаанд орсоон гэж. Хаана хүрэхээ, яаж дуусахаа мэдэхгүй, хэн юу ярихыг таашгүй. Хэн илүү худлаа ярьж, хуурмаг дүр бүтээж чадсан нь сонгуулийн барианд орно гэсэн бодолтойгоор жил хагасын уралдаанд орлоо.

-Марафон эхэлчихлээ дээ?

-Эхэлчихсэн. Нэг л их “тэр хулгайч”, “энэ хулгайч”, “би мэднэ” гэсэн гэрчлэлийн уралдаанд орчихлоо. Тэгвэл үүнийгээ гэрчлээтэх гэвэл нэг нь ч шүүхийн өмнө очихгүй л байх. Нэг нэгэндээ барьцаалагдчихсан учраас. Хоёрдугаарт, хуулийн байгууллагууд маш хүнд сорилт руу орчихлоо. Асуудлыг нь шийдээд, нотлох баримтуудыг хөөгөөд явах гэхээр урагш нь алхуулахгүй. Тэгсэн мөртлөө олон нийтэд болохоор “тээр ингээд хуулийнхан ажилладаггүй байхгүй юу” гэдэг шаантагтай. Хуулийнхныг гүйцэд ажиллуулахгүй мөртлөө “хуулийнхан захиалгаар ажиллалаа” гэдэг.

-Эсвэл хонгил яриад уу?

-Бариад хийчих гэхээр “шударга бусын хонгил руу орчихлоо” гэнэ. Бариад хийхгүй болохоор “хуулийн байгууллага ерөөсөө ажлаа хийхгүй байна” гэнэ. Аль аль талд ээлжлээд мешок шиг л балбаад байдаг. Шударгаар, хариуцлагатайгаар ажлаа хийдэг хүмүүсийг ажиллах боломжгүй болтол нь шахаад  зөвхөн “манай фракцийн, миний” гэдэг өрсөлдөөн рүү оруулчихсан. Үүний үр дүнд хоёр л зүйл дээр унана. Хэрэгждэггүй хууль, хуулиа хэрэгжүүлж чаддаггүй хуулийн байгууллага хоёр.

Албан ёсны хуулийн байгууллага нь зогсолтгүй унахаар зөрүүлээд авилгачид, популист улстөрчдийн л нэр хүнд өснө. Хувь хүн толгой дээр, хууль нь хөлд гишгэгдсэн байдал л үүснэ. Үүнийг Rule of Man буюу хувь хүний засаглал гэдэг. Бидний хамгийн их жигшсэн, 70 жил яваад “болсонгүй ээ” гээд зугтсан тэр тогтолцоогоо ухамсаргүйгээр эргээд үйлдвэрлэж байна аа л гэсэн үг.

-Шударга бус тогтолцоо шүү дээ?

-Хуулиас гадуурх шударга ёс бол хувь хүний өс хонзон л болж хувирдаг шүү дээ. Нийгэмдээ үр ашгаа өгөх ёстой олон нийтийн хүсээд байгаа шударга ёс мөн үү, эсвэл шударга ёс нэрийн дор өрсөлдөгчөө намнаж, өс хонзонгоо авч байна уу гэдгийг ялгах боломжгүй болно.

-“Эрх мэдэлтэй хүмүүс хэн нэгнийг барьж хориход ямар ч зардалгүй” гэж ярьдаг шүү дээ. Тэр нь олон нийтэд таалагдах бас нэг сайхан хэлбэр?

-Дуу шуугиантай баривчилгаа, дуу шуугиантай зарласан хэргүүд шүүх рүү очсон тохиодол байна уу? Бүгд л замхарсан. Чи намайг инэж байгаа бол би чамайг ингэнэ шүү гэсэн харилцан шаантаг зоочихсон учраас хэн нь ч шүүх рүү явахгүй.  

-С.Баярыг гаргасан, Д.Дорлигжав, Ч.Сайханбилэгийг ч гаргасан?

-Эхлэл дээрээ хичнээн дуу шуугиантай, дуулаинтай ярьдаг билээ. Хүнийг барьж хорих бол ерөөсөө асуудал биш. Хууль ёстой оронд бол хүнийг тэгж барьж хориод байдаг ч юм биш. Эцсийг нь хүртэл явах чадвартай л хуулийн байгууллага байдаг. Манайд бол тийм чадвартай хуулийн байгууллага алга байна. Барьж хорих хэмжээний л хуулийн байгууллагатай болоод хувирчихлаа. Хуулийн байгууллагын бүх шатанд хараат бус бие даасан байдлаар, хуулиа дээдлээд, асуудлыг бодитойгоор хараад мөрдөн шалгаж, үр дүн гаргадаг тогтолцоог хорин хэдэн жилийн дотор бий болгож чадсангүй.

-Дарга нар нөлөөлөөд байна аа даа?

-Ганц дарга нар биш. Хуулийн байгууллага дотор улс төрийн, мөнгөний, танил талын нөлөө маш хүчтэй байна. Шүүхийн байгууллагыг дотроос нь ч, гаднаас нь ч харахад 10-15 жилийн өмнө шүүмжилж байсан яг тэр байдлаараа байна. Цус ойртсон байна, ах дүүсээрээ шүүгч хийж байна, төрөл саднаараа нийлээд мөнгөний том хэргүүд дээр ажиллаад, амьдралаа аваад явж байна. Хоёрдугаарт, шүүхийн томилгоо “Миний хүн, айлын хүн” гэдэг алагчлалтай явчихлаа. Өнөөдөр хүчтэй байгаа улс төрийн бүлэглэл нөгөөдүүлээ шүүх, хуулийн байгууллагаар айлгах гэж оролддог, өш хонзонгоо тайлах гэж хуулийн байгууллагыг ажиллуулдаг болчихлоо. Энд нэг хэсэг нь хамаатан саднаараа мөнгө хийгээд, нөгөө талд нь нэг хэсэг нь улс төрийн хонжоо олоод байдаг. Ийм хоёр схем хуулийн байгууллага дотор яваад байна.

Гуравдугаарт хууль, шүүхийн байгууллага мөнгөтэй болчихлоо. Улстөрчид бол ирээд л явдаг. Харин нөгөөдүүл нь 10-20 жилээр тогтвортой байж байдаг. Дараагийн бүлэг нь гараад ирэхээр өмнө нь очиж ёслоод “Таны даалгаврыг би сайн биелүүлнэ ээ” гээд, үүрэг даалгавраа аваад оршин тогтноод байдаг. Улстөрчдийг бол ард түмэн сонгодог. Таалагдвал дахиад сонгоно, таалагдахгүй бол огцруулаад хаяна. Гэтэл нөгөө хүмүүсийг ард түмэн сонгодоггүй. Тэгсэн мөртлөө төлбөрөө төлөөд, даалгавраа гүйцэтгээд цаашаа яваад байна. Тэднийг түшиглэсэн бизнесийн том бүлэглэлүүд улс төрийг мэдэх гэж, бизнесийг шийдэх гэж, хуулийн салбарыг мэдэх гэж оролдож байна.

-Үүнийг тэгээд яаж өөрчлөх вэ?

-Хуулийн маш том өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Боловсон хүчний, системийн ч алдааг засварлах хэрэгтэй болж байна.

-Ерэн оны сүүлээр юм даа. Монголд улс төр ч, зах зээл ч, хэвлэл мэдээлэл өөрчлөгдөөд явж байсан үе. Тэгэхэд олон улсын байгууллагын нэг хүн надад хэлж байсан. Зүүн Европын орнуудад улс төр, зах зээл, хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт явагдсан. Гэхдээ хууль, шүүхийн засаглалд ерөөсөө салхи орсонгүй, хийж чадсангүй гэж?

-Пост коммунист орнуудын нийтлэг зовлон энэ. Зүүн Европын орнуудаас хууль, шүүхийн системээ өөрчилж чадсан орон нь Герман улс. Яасан гэхээр социализмын үед энэ системд ажиллаж байсан хүмүүсээ бүгдийг нь тэтгэвэрт гаргаад, баруун Германаас хуульчид авчраад суулгачихсан. Бусад оронд бол тийм боломж байгаагүй. Казакстан жишээ нь Англиас шүүгч авчирах гэж оролдож байна шүү дээ. Бид ямар гаднаас хуульч авчиралтай нь биш. Хүссэн хүсээгүй дотооддоо байгаа нөөцөөр шийдэх гэж оролдохоор хуулийн салбарын энэ зөрчил үүсч байгаа байхгүй юу.

Эдийн засгийн салбарт  жишээ нь хүнийг хувийн өмчтэй болгочиход л хүссэн хүсээгүй хөгжөөд, алдаа оноогоо цэгцлээд явж байна шүү дээ. Ардчилал хүссэн хүсээгүй иргэдэд сонголтыг өгчихөөр тэд сонголтоо хийгээд, асуудлаа шийдээд явчихаж байна. Гэтэл хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл чинь юун дээр очоод унадаг вэ? Хичнээн сайн хууль гарсан ч боловсон хүчин дээрээ очоод унадаг. Нөгөө хуулийн байгууллагын эрх мэдлийг атгачихсан хүмүүс тэр өөрчлөлтөд дургүй. Өөртөө таалагдаагүй өөрчлөлтийг хүссэнээрээ нураах хэмжээний бодит эрх мэдэлтэй сууж байна. Өөрлөлт таалагдаагүй байна аа гээд нэг улс төрчтэй хэлхэгдээд өөрчлөлт хийж байгаа хүнийг дурын гэмт хэрэгтэн болгож зарлаад тоглочих боломжтой эрх мэдэл. Тийм учраас энэ салбарыг шинэчлэхэд маш хүнд. Тийм учраас Зүүн Европын улс орнуудад шинэчлэл хийх гэж оролдсон оролдлого болгон нь эхэндээ бүтэлгүйтэж байсан. Яагаад гэвэл тэнд мөнгөтэй, нөлөөтэй, бодит рэх мэдэлтэй хүмүүс сууж байгаа.

-Ул сууриар нь шинэчлэхэд хэцүү юм байна?

-Сууриар нь өөрчлөхөд хэцүү. Тиймээс бүгд хийж чадаагүй. Гэхдээ зарим улс орнууд нь хийж чадсан. Эхлээд шилжилтийн маягийн Үндсэн хууль хийчихээд дараа нь ул сууртай судалгааны үндсэн дээр тогтвортой Үндсэн хуулиа хийгээд, түүндээ тааруулаад хууль, шүүхийн байгууллагынхнаа аттестатчилсан. Та нарын өмнөх туршлага болон мэдлэг чинь энэ шинэ Үндсэн хуулийн хүрээнд үнэ цэнэгүй байна аа гээд. Манайх бол тэгж хийж чадаагүй. Хуучин хүмүүс нь ямар ч шинэ хууль орж ирсэн хуучин арга барилаараа хийх гэж оролддог. Өөрийнх хийж байгаа ажлыг жаахан өөрчлөөд, шинэ нийгмийн шаардлагад нийцүүлээд, хүний эрхийн мэдрэмж шаардаад эхлэнгүүт таагүй хандаж эхэлдэг. Та хэрвээ санаж байгаа бол 2016 оны хавар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг шинээр бичээд, өмнө огт байгаагүй Хууль сахиулах ажиллагааны хууль гэж цоо шинэ хууль гаргаад хууль сахиулах болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг ажлыг стандартад оруулах гэж оролдоход тухайн үеийн цагдаа, тагнуул, АТГ-ын дарга гурав эсэргүүцэл бичээд, Ерөнхий сайдыг шахаад, Ерөнхий сайд нь тэдний үгэнд ороод өргөн барьсан хуулиа татах хэмжээний юм болж байлаа шүү дээ.

-Тэгтлээ их эсэргүүцэхэд хүрсэн ямар өөрчлөлт байсан юм бэ?

-Энэ хуульд албан тушаалтнуудын маш их эсэргүүцэж байсан 3, 4-хөн заалт байдаг юм. Нэг нь “хорих 461-р ангид хүнийг хорьчихоод дээр нь гүйцэтгэх ажил явуулахыг хоигоно” л гэсэн заалт. Хорих ангид гүйцэтгэх ажил явуулахыг хориглочихоор гадуур байлгаад тусгай арга хэрэгслээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулах сонирхолтой болж эхэлнэ. Дэлхийн улс орнуудад тийм л байдаг. Яагаад заавал хүнийг хориод, өөрийг нь, гэр бүлийг нь айлгаж дарамталж байгаад өөрөөр нь хэргийг нотлуулах гэж оролддог юм. Эрүүгийн процессийн хуулиар хүнийг өөрөөр нь хэргийг нотлуулахыг хориглосон шүү дээ. Гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа хүн өөрөө нэг номерийн ач холбогдолтой нотлох баримт буюу эх сурвалж юм гэж үздэг Вешынскийн арга чинь аймшигтай эрүүдэн шүүх, хэрэг тулгаж хүлээлгэх арга барилыг үйлдвэрлэсэн байхгүй юу. Бид 1992 онд тэр зарчмаасаа сална гэж хэлсэн боловч одоо хүртэл салж чадаагүй л яваа.

Хоёрдугаарт төрийн байгууллага хуульд заасан онцгой бүрэн эрх, мөрдөн шалгадаг нууц далд арга, техник хэрэгслээ ашиглаад хэн нэг хүнийг шалгасан бол тэр шалгасан материалуудаа нэг бол шүүхэд нотлох баримт болгож өг. Шүүхэд нотлох баримт болохгүй бол тэр хүнд нь буцааж өгөөд “Бид ийм ажил хийсэн, тантай холбоотой ийм мэдээлэл төрийн байгууллагад авагдсан учир та үүнийг өөрөө устгаж болно. Хэрвээ энэ ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэхэд эргэлзэж байвал хуулийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж болно” гэдэг ийм зарчмыг хуульчилсан. Энэ зарчим далд аргаар хүний нууцад нэвтэрдэг тэр байгууллагуудын зүрхэнд нь орсон байх аа. Хамгийн их цочирдож сандарсан, хүчтэй эсэргүүцсэн нь энэ зарчим байсан.

-Төрийг нам бий болгож байна. Гэтэл Монголын хамгийн том намууд нь авилгад хүчтэй идэгдсэн. 2012 онд холимог системээр сонгууль явуулахад жишээ нь хэн намдаа хамгийн их мөнгө өгснөөсөө хамаараад хамгийн дээгүүр бичигдэж байлаа шүү дээ. Та өөрөө жагсаалтад бичигдэж байсан хүн, мэдэх байлгүй?

-Манай намууд энэ нийгэмд юу илүү үнэ цэнэтэй байна, тэрний араас л үнэрлэж явна. Нийгэмд хүний эрх, шударга ёс үнэ цэнэтэй байвал намууд тэрний араас явна. Улс төр гэдэг чинь олон нийт ямар шалгуураар сонгож байна, тэрийг нь дагаж хөдөлж байдаг эд. Улстөрч байх ч бас л өрөвдөлтэй шүү дээ. Олон нийт алиа салбадай хүсч байвал алиа салбадай болох гээд л явна. Гэтэл энэ нийгэмд мөнгө илүү үнэ цэнэтэй болоод ирлээ. Клиентелизм буюу харилцан ашигтай наймаанцал хүчтэй болоод эхэллээ. Хулгайг нь дэмжиж байвал харилцан ашигтай, хулгайлсан мөнгөө хуваадаг бол бас харилцан ашигтай гэх мэт. Нийгэм нь тийм нэг увайгүй, ёс зүйгүй, зарчимгүй юм руу явчихаар намууд нь бас тийм болоод хувирчихсан. Сонгогчид мөнгө нэхэж байгаа учраас намууд мөнгөтэй байх ёстой. Өөрт нь мөнгө байхгүй бол мөнгөтэй хүмүүст хандах ёстой гэдэг зарчим руу орсон. Хэн илүү мөнгө цуглуулна, эсвэл хэн илүү мөнгөтэй байна тэр хүн сонгогдох магадлалтай. Нөлөөллийн тогтолцоо нь мөнгө болоод эхлэнгүүт намууд өөрөө мөнгөний пирамид болоод хувирчихсан. Түвшин түвиндээ үнэ цэнэтэй, хамгийн дээр нь хамгийн их мөнгөтэй нь, хамгийн доор нь хамгийн бага мөнгөтэй нь гэх мэтчилэн. Ямар ч үзэл баримтлалгүй, хөгжлийн болдлогогүй, зарчимгүй. Зөвхөн мөнгө бүхнийг шийднэ гэж үздэг. Ийм нам төрийн эрх мэдэлд хүрэхээрээ яах бол?

-Тэрийгээ л хийнэ шүү дээ?

-Нэг бол зарсан мөнгөө олно, үгүй бол зарцуулах мөнгөө олно гэдэг зарчмаар нөгөө мөнгөний пирамид чинь албан тушаал руу гүйгээд орчихож байна шүү дээ. Тэрний хамгийн тод жишээ нь МАН-ын 60 тэрбумын схем. Нэр хаягтайгаа, зурсан схемтэйгээ гарч ирлээ. Үүнтэй төстэй схем бүх намууд дээр адилхан яваад л байна. Яагаад гэвэл сонгогчид намыг тэр өнцгөөс нь хараад байна. Энэ схемийг эвдэхийн тулд бусад улс орнууд яасан бэ гэхээр “ерөөсөө ардчиллын өртгийг багасга аа” л гэж байна.  Ардчиллыг өртгийг багасга, эрх мэдлийг сааруул, пирамидынхаа оройг буулга, пирамидаа алга болго л гэдэг зарчим.

-Бид ингэж чадах уу?

-Их л юм хийнэ дээ. Улс төрийн намын хууль тогтоомжийг өөрчилж, намуудад нэг жигд, адилхан шаардлага тавьж байж энэ асуудал цэгцэрнэ. Хоёрдугаарт үнэнч байдал.

-Хэнд үнэнч байх вэ гэж үү?

-Тэр намын бодлого, үзэл баримтлалд үнэнч үү, эсвэл хэн нэг даргад үнэнч үү? Энэ өрсөлдөөн намууд дотор яг мөнгөтэйгээ адилхан явчихсан.

-Бас л нэг асуудал?

-Ноцтой асуудал. Нохой мэт үнэнч байх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх тухай яриа. Зарчим зөрчигдөхөд түүнийг эрүүл саруулаар шүүмжлэхийн оронд “баавгайн тал уу, манай тал уу” гэдг шиг юм яриад цусаа гартал зодолдож байгаа байхгүй юу. Мөнгө, үнэнч байдал хоёроор системчилдэг загвар хаана байдаг вэ? Ерөөсөө л мафи шүү дээ. Мафиозуудад ямар зарчим үйлчилдэг вэ? Мөнгө олох ёстой, үнэнч байх ёстой. Амь насаа алдах хамаагүй, бүлэглэлдээ, эзэддээ үнэнч байх ёстой. Энэ хоёр шалгуураар харахаар чинь манай улс төрийн намууд мафи буюу гэмт хэргийн бүлэглэл болчихоод байна.

-Тэгэхээр энэ бүлэглэлийг яаж задлах вэ?

 -Үүнийг намын дотоод ардчиллаар л шийддэг юм байна. Дотоод ардчилал гэдэг нь дарга цэргээ шүүмжлэх чадвартай, зөв зүйлийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой, намынхаа олон нийтийн оролцоог хангадаг систем байдаг юм байна. Энэ талаар хуулийн өөрчлөлтийг хийнэ ээ. Нам бол бодлогын өрсөлдөөнийг оруулж ирдэг ардчиллын систем болохоос биш хаалттай дарангуйллын систем биш.

Хоёр дахь намын санхүүжилт. Намын санхүүжилтийг ил тод болгож, бүрэн хяналтанд оруулдаг юм байна. Төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгөөд түүнийхээ төлөө санхүүжилтэд нь хөндлөнгийн аудит оруулах эрхтэй байдаг юм байна.

-Манай намууд бол намын гишүүддээ ч тайлан тавьдаггүй шүү дээ?

-Ардчилал хөгжсөн орнуудад намын гишүүддээ тайлан тавих байтугай намд огт хамааралгүй иргэдэд ил тод тайлан тавих тухай ярьж байна. Хоёрдугаарт мөнгөөр бүхнийг худалдаж авдаг энэ системийг зогсоохын тулд ардчиллын зардлыг бууруулах тухай ярьж байна. Сонгуулийн зардлыг бууруулах тухай ярьж байна. Хэрвээ сонгуулийн зардлыг бууруулахгүй бол сонгуульд дундаж ангийн нэг ч төлөөлөгч оролцох боломжгүй, зардлыг нь дийлэхгүй. Ардчиллын зардал буурахгүй болохоор сонгууль зөвхөн хэдэн олигархийн л асуудал болж хувирч байна шүү дээ. Дундад зуунд жишээ нь улс төр гэдэг өөр цустай, язгуур угсаатай хэдэн хүний л эзэмшил байсан шүү дээ. Чөлөөт зах зээл рүү ороод ардчиллын зардлыг хэт өндөрт шидчихээр улс төр гэдэг хэдэн олигархийн л тоглолт болж хувирч байна. Улс төрийг, эдийн засгийг, оюун санааны хөгжлийг дундаж ангийнхаа түвшинд оруулж ирэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэдгээ бодож эхлэх ёстой.

Одоо зах зээлээ, эдийн засгийнхаа бүтцийг харахаар дундаж ангийн тоглолт тэнд харагдахаа байчихлаа. Маш том хэдэн компанийн л тоглолтын талбар болоод явчихлаа. Яагаад ЖДҮ-ийн зээл гэдэг юмыг анх ярьсан бэ гэхээр зах зээл дээр тоглох чадвартай дунд ангийг бий болгохын тулд л байсан юм шүү дээ. Дундаж анги бол нийгмийн тогтвортой байдлыг хангадаг, итгэлцлийг бүрдүүлдэг, зөрчилдөөнийг багасгадаг нийгмийн том суурь. Гэтэл тэр суурь луу хийсэн эдийн засгийн хөшүүргийг улстөрчид нь хулгайлаад, тэдэнд очих байсан боломжийг нөгөө сонгосон төлөөлөгчид нь булаачихаар тэд хаачих вэ? Зах зээл дээр өрсөлдөх гэхээр олигархиуд нь булаагаад эзэмшчихдэг. Улс төрд өрсөлдөх гэхээр мөнгөтэй хүмүүс нь намуудыг нь хувааж аваад, эзэмшээд ардчилалд дуу хоолойгоо гаргах боломжийг нь хаачихдаг. Нийгмийн оюун санаанд хандах гэхээр дахиад нөгөө хэвлэл мэдээллийг нь худалдаж аваад хэлэх үгийг нь боочихдог. Тэгээд нөгөө дундаж анги маань үгээ хэлэх талбар ч байхгүй, эдийн засгийн тоглолт хийх орон зай ч байхгүй, үзэл бодлоо нэгтгээд улс төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх оролцоо ч байхгүй. Бүгдийг нь хаалттай болгочихсон учраас дундаж анги яг элсэн цаг шиг доошоо нурж байна. Шударга ёс хайгаад хууль шүүхийн байгууллагад хандья гэхээр тэд нь эсвэл дээрээсээ захиалгатай, үгүй бол мөнгөний уяатай.

Манай бизнес эрхлэгчид ил цагаан ярьж байна шүү дээ. Анхан давах шатны шүүхийн шийдвэр ямар ч хамаагүй. Дээд шүүх дээр очоод дээд шүүхийн хэдэн гишүүдэд төлдгийг төлөөд том олигархиуд нь шийдвэрээ авчихдаг. Бидэнд хуулиар хамгаалагдах ямар ч боломж алга гэж.

Энэ бүхнээс болоод манай дундаж анги яг л нэг элсэн цаг шиг гоожиж байна. Доошоо гоожоод хаа хүрэх вэ, ядуурал руу, хохирогчдын эгнээ рүү л орно шүү дээ. Дундаж анги маань ингэж доошоо урсаад нийгэм маань лийр хэлбэртэй болчихвол нөгөө зарим хүмүүсийн хүсээд байгаа хаос, эмх замбараагүй байдал руу л орно шүү дээ. Улс төрийн намыг өөрчлөх гэдэг маань сүүлдээ улс төрийн намууд дотор дундаж ангийнхаа дуу хоолойг яаж оруулж ирэх вэ гэдэг бодлого болж хувирч байна шүү дээ.

-Саяхан би нэг хэлэлцүүлэгт оролцлоо л доо. Хөрөнгийн биржийн, ноос ноолуурын хүмүүс цугласан байсан. Одоо ноолуурын улирал ид эхэлж айна. Хөрөнгийн биржээр дамжуулаад ноолуур худалдаж авах гэхээр Хятадын компанийн захиалгатай, тэдний гар хөл болсон манай хүмүүс төрийн ажлыг хийлгэхгүй байна гэж ярьж байна. Их эмзэглүүштэй юм сонслоо л доо. Энэ хэний буруу вэ?

-Хятадууд гэхээсээ илүү манай санхүүгийн эрүүл бус системтэй л холбоотой л доо. Бид сая жишээ нь ардчиллын тухай, хуулийн тухай, зах зээлийн тухай ярилаа. Гэтэл энэ зах зээлийн систем чинь өөртөө санхүүгийн эрүүл системийг шаардаж байна. Банкийг нь эзэмшсэн цөөн хүн зөвхөн мөнгө хүүлэх байдлаар амьдраад ирэхээр нөгөө бизнесүүд чинь банкны хүүд дарлуулаад дампуурч эхэлж байна. Сүүлдээ зүгээр л банкны төлөө ажилладаг болсон. Ажлын байраа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах, тогтвортой боломжийн ашигтай болчих юмсан гэдэг ойлголт байхгүй. Хүүгээ төлсөөр, түрээсээ өгсөөр байгаад л ажлын байр нь алга болоод дуусч байна. Эсрэгээрээ банкууд нь хүүлсэн мөнгөөрөө том том бизнес худалдаж аваад эхэлж байна шүү дээ. Дахиад сонирхлын зөрчлийн тухай ярихаас өөр аргагүй. Банк бол бизнесийг дэмждэг, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллага. Гэтэл одоо нэг гараараа мөнгө хүүлээд, нөгөө гараараа бизнес хийж байна. Мөнгө хүүлэх замдаа бизнесийн хамгийн их үр ашгийг татаж аваад, дампуурахаар нь орон зайг нь эзлээд, өөрийнхөө мөнгийг бага хүүтэй оруулаад эргэлдүүлээд явчихаж байна.

-Сүүлдээ бүр тархи угааж эхэллээ шүү дээ. ХХБ гэхэд Блуумберг телевизтэй, “Засгийн газрын мэдээ” сонинтой?

-Ганц ХХБ биш, Голомжт, Хаан, манайд байгаа бүх банк энэ зарчмаар ажиллаж байна. Тэгэнгүүт банк, улс төр, хуулийнхан холилдсон бүлэг үүсчихсэн. Саяын ноос ноолуурын асуудал гэхэд ноолуур цуглуулаад байгаа хүндээ байгаа юм биш. Монголчууд нь маш өндөр хүүтэй зээлтэй учраас урт хугацаатай бөгөөд бага хүүтэй мөнгөтэй мөнгө олж чаддаг хүмүүс нь өрсөлдөөнд ялчихаад байгаа байхгүй юу. Тэд нь мөнгөө барьж орж ирээд манай зах зээл дээр тоглолт хийдэг. Монголчууд нь болохоор маш өндөр хүүтэй зээлийг ББСБ-аас, бараг л ломбардаас мөнгө авч бизнес хийж байна. Нэг тэлд нь нөгөө ЖДҮХС гэдэг шиг гурван хувийн хүүтэй, нөгөө талд нь 30-40 хувийн хүүтэй мөнгөтэй хоёр хүн ноос ноолуурын зах зээл рүү орохоор хэн нь ялах нь ойлгомжтой шүү дээ. Тийм учраас үүнд хэн нь монгол, хэн нь хятад байх нь чухал биш. Ерөөсөө мөнгөний эх үүсвэр нь ямар хүүтэй, ямар хугацаагаар олгогдож байна вэ гэдэгт л байгаа. Манж, Хятадын үед монголчууд Хятадын пүүсийн өрөнд  баригджээ л гэдэг байсан. Тэрнээс бараг хэд дахин илүү хүүгээр монголчууд бие биенээ хүүлж байна. Тийм учраас бид банк санхүүгийн байгууллагаа либералчлахгүйгээр, өрсөлдөөнд оруулахгүйгээр, урт хугацаатай бага хүүтэй мөнгөний эх үүсвэр олж ирэхгүйгээр дундаж бизнес эрхлэгчдэд ямар ч боломж олдохгүй. Нэг бол олигархиудад зах зээлээ булаалгана. Нэг бол хятадуудад зах зээлээ булаалгана.

-Бидний ярилцлагын цаг дуусч байна. Нэг зүйлийг хэлээд ярилцлагаа дуусгая. Залуучууд нэг хөдөлгөөн бэхлүүлжээ. “Түмний 76” гэж нэрлэсэн байна. Ирэх дөрвөн жилд ийм ийм хүн биднийг удирдвал зүгээр юм уу гэдэг байдлаар нам намаас л хүн оролцуулсан байна. Анхны шатны 5000 хүний нэр гаргаад 300-г нь шигшсэн дотор таны нэр явж байна лээ. Тийм болохоор танд бас баяр хүргэе. Ард иргэд танд итгэж явдаг юм байна. Магадгүй та намаасаа нэр дэвших байх л даа?

-Яах вэ, хувь хүний хувьд зорилго байна. Шийдвэр гаргах түвшинд хулгайчдыг цөөлөх юмсан гэдэг бодол байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт дутуу хийсэн ажлуудаа гүйцээхсэн, бодож санаж байгаа зүйлээ бас хэрэгжүүлэхсэн гэж бодох байна. Гуравдугаарт улстөрчийн өв гэж байдаг. Нас дээр гарсан хойноо Б.Чимид багш шигээ “Ийм өв үлдээсэн юм шүү” гээд бахархах юмтай байхсан гэдэг мөрөөдөл бас байна. Санаа бол байна. Гэхдээ өрсөлдөөн бол ширүүн шүү дээ. Бидний өмнө маш их хэмжээний мөнгө, маш их үнэнч байдлыг шалгуур болгож тавина. Би чинь гэтэл хэн нэгэнд зулгуйдаад, хэрэгтэй үед амаа хавчаад явж чаддаггүй, тэвчмээргүй зүйлтэй таарвал хорон үгээр хэлчихдэг гэмтэй. Улстөрч хүнд байх чанар мөн ч юм уу, биш ч юм уу?

-Өнөөдрийн улстөрчид бол дуулгавартай л байх хэрэгтэй болчихоод байна шүү дээ?

-Дуулгавартай, эзэндээ үнэнч, хуц гэсэн газар нь хуцаад, хамхи гэсэн газар нь хамхиад байж байх ёстой бол би чинь бараг эсрэгээрээ байдаг хүн шүү дээ. Ер нь бол залуучуудын санаачилга, нийгмийн захиалга байна. Мөнгөний хойноос, эрх мэдлийн араас, бүлэг фракцийнхаа төлөө гүйхээсээ илүү өөрийн гэсэн зарчимтай, асуудлаа шийдэх шийдэл гарцтай хүмүүсийн  цуглах газар уг нь УИХ юм шүү дээ. Даанч шийдэл, гарц ярихаасаа илүү хов живээр зэвсэглэчихсэн, хулгайн замаар замначихсан нь тэр орон зайг бөглөчихөөр төрөөс хулгайгаас өөр юм олдохоо байчихлаа л даа. Дотор байгаа асуудлаа ярья гэсэн ч хов жив, хэрүүлээс өөр үйл хэрэг гэдэг юм алга.

-Танд баярлалаа. Би ч бас тантай адил монгол улс хөгжөөсэй, улс орныг багалзуурдсан энэ мафи маягийн бүлэглэлүүдээсээ салаасай гэж хүсч байна. Үүнийг төлөө бас таныг тууштай яваасай гэж бодож байна. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Содном (66.181.184.99)
    Манайх гадаадаас шүүгч хөлслөөс илүү хууль дүрмээ өөрчилөөд явбал болох байх. Хууль дүрэм сайн мэдэхгүй болохоор болох болохгүйг нь мэдэхгүй юм. Гэхдээ аливаа орлого олж буй этгээд олох ёстойгоосоо илүү олсон орлогоо нотолж чадахгүй л бол хуулийн хариуцлага хүлээдэг болох. Ямар нэгэн үйлчилгээ эрхлэгч хүн олны өмнө ноцтой буруу зүйл хийвэл тэр хүн болон ах дүү төрөл төрөгсөд нь дахин тэр төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй байдаг хуультай болбол болох байх.
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 21 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 35 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 42 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 48 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 9 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 11 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 25 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 35 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top