2017 оны долдугаар сарын 1-нээс Монголын нийгэмд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тамхины хяналтын тухай хууль, Татварын Ерөнхий хууль гэх мэт Монгол Улсын салбар эрх зүйг зохицуулсан хуулиудын эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай биш, ийм төрлийн гэмт хэрэгт тооцогдохооргүй зөрчлүүдийг түүж шингээсэн энэ хууль УИХ дээр хэлэлцэгдэх үедээ ч маргааны сэдэв болж байсан.
Хуулийн гажиг тогтолцоо өнөөдөр нийгэмд бас нэг завхралыг бий болгоод байгаа юм. Хуулийн “но” одоо ч илэрсээр… Түүний нэг нь энэ хуульд улсын төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, санхүү мөнгөний шийдвэр гаргадаг албан тушаалтанд ногдох хариуцлагын механизм байхгүй, орхигдсон байгаа баримт.
Энэ асуудлыг Татварын мэргэшсэн зөвлөх, эрх зүйч Н.Түмэнбаяр сөхөж, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад байна. Энэ талаар түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
-Зөрчил гаргасан төрийн албаны, санхүүгийн эрх мэдэлтэй албан тушаалтанд ногдох шийтгэлийн арга хэмжээг Зөрчлийн тухай хуулиас хассан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Та үзэж, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан гэж дуулсан. Энэ талаарх асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Энгийнээр тайлбарлахад Зөрчлийн тухай хууль бол Монгол улсын салбар эрх зүйг зохицуулсан олон хуульд байсан Эрүүгийн хуулиар шийдэхгүй, зөрчилд тооцож ирсэн заалтуудын нийлүүлсэн хууль юм.
Энэ хуульд ямар нэгэн зөрчил гаргасан иргэнийг ямар салбарын ямар албан тушаалтан шалгаад, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Жишээ нь, ойн байцаагч ой сүйтгэсэн хүнийг сүйтгэлийн хэмжээнээс хамаараад торгоод явчихна. Хүн гүтгэсэн гомдол ирвэл цагдаа шалгаад, прокурор хянаад, үндэслэлтэй байна гэж үзээд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг торгоод явуулна. Иргэд ч торгуулна. Ийм тов тодорхой заалтууд бий.
Харин санхүүгийн зөрчил гаргасан төрийн албан хаагчид энэ хуулиар ямар ч шийтгэл хүлээхгүй. Зөрчлийн хуульд зөрчил шалгах эрхтэй албан тушаалтнуудын жагсаалтаас санхүүгийн улсын байцаагч гэсэн томьёог хайгаад олохгүй.
Уг нь санхүүгийн зөрчил гаргасан этгээдэд ногдуулдаг санкцууд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай гэсэн энэ гурван хуульд байсан.
Гэтэл Зөрчлийн хуулийг боловсруулж батлахдаа энэ гурван хуулиар дээрх санкцуудыг хасаад оронд нь “энэ хуулийг зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна” гэсэн мөр тавьчихсан хэрнээ заалтуудыг Зөрчлийн хуульд тусгаагүй.
Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтуудыг зөрчсөн хэрэг гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан.
-Тэгэхээр таны Цэцэд өгсөн үндэслэл нь Зөрчлийн тухай хууль гэхээсээ илүү хүний эрхийн тухай асуудлыг хөндөж гэж ойлголоо, зөв үү?
Хүний эдлэх эрхийг аль нэг төр эсвэл хэн нэгэн хүн өгдөггүй, бүтээдэггүй. Хүний эрх бол хувь хүний эрх зүйн байдлын суурь эрх юм. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сонгох сонгогдох, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрх байдаг бөгөөд тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан.
Хүний эрхүүд нь нэг нь нөгөөгөөсөө илүү давуу жишээ нь эдийн засаг, нийгмийн эрхийг хүлээн зөвшөөрөөд улс орны хөгжлийн дараагийн шатанд улс төр, иргэний эрхийг зэрэг бусад эрхийг чинь төрөөс хангая гэсэн асуудал байдаггүй. Товчхондоо хүний эрх хуваагдашгүй, нэг нь нөгөөгөөсөө салшгүй.
Олон улсын хүний эрхийн эрх зүйд хүний эрхийг бүхэлд нь авч үздэг бөгөөд ямар нэгэн байдлаар ялгаварлаж зарим нэг хүний эрхийг бусад хүний эрхээс илүүд авч үзэх ёсгүй гэсэн зарчим байдаг.
Таны асуусанчлан Үндсэн хуулийн Цэцэд өгсөн асуудал бол Зөрчлийн тухай хуулийн тухай гэхээсээ илүү хүний эрхийн тухай юм. Төрөөс хууль батлах замаар системчлэн иргэдийг ялгаварлан гадуурхаж, хууль шүүхийн өмнө тэгш байж ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхийг зөрчиж байна гэсэн үндсэн агуулагатай.
-Санхүүгийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад ногдох шийтгэлтэй холбоотой заалтуудыг салбарын хуулиудаас авсан. Ингэчихээд энэ заалтуудыг Зөрчлийн хуульд шингээлээ гэсэн хэрнээ энэ заалтууд нь Зөрчлийн хуульд байхгүй байна гэдэг өөрөө асуудал байх. Хуулийн автор болж гүйсэн гишүүдийн хайхрамжгүй явдал уу, санаатай үйлдэл үү гэсэн асуулт ч гарч ирнэ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Зөрчлийн тухай хууль батлагдахын өмнө, жишээ нь Төсвийн тухай хуулийн 70.4-т “Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараах шийтгэл ногдуулна:” Тендерийн хуулийн 56.1-д “Энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан захиргааны шийтгэлийг эрх бүхий улсын байцаагч ногдуулна:” гэх мэтээр Санхүүгийн улсын байцаагч, эсвэл шүүгч торгууль оногдуулдаг байсан. Санхүүгийн хяналт шалгалт хийх эрхтэй улсын байцаагчид төрийн хяналт шалгалтын хамгийн анхны хүрээ бүслүүр юм л даа.
Сүүлийн үед гарч байгаа улсын хөрөнгө шамшигдуулж байгаа хэргүүд нь их хэмжээтэй, урхагшсан шинжтэй байгаа нь эдгээр гэмт хэргийг бага дээр нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжгүй байгаатай холбоотой.
2014 онд МХЕГ-т төвлөрч байсан энэ хяналт шалгалтыг явуулдаг байцаагч нарыг салбарын яамд руу тараачихсан. Яам тамгын газар санхүүгийн байцаагчтай байх уу, үгүй гэдгээ өөрсдөө шийддэг. Тэр байцаагч нь улсын эд хөрөнгөд хохирол учруулсан дарга, нягтланг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгах эрхгүй.
Санхүүгийн байцаагч нь ард нийтийн санхүүгийн ашиг сонирхлыг хамгаалж, санхүүгийн луйвар, залилан, хууль тогтоомжийн зөрчлийг дагнан шалгаж, төрийн өмнөөс өмчлөлийн эрхийг хамгаалах ёстой байтал дарга нараасаа бүрэн хамааралтай, өөрөөр хэлбэл, улс төрийн намаар дамжин гарч ирсэн нийгмийн нэг бүлэг, давхарга бусдаасаа давуу эрх эдэлж байна.
Жирийн ард түмэн бид хүүхдээ машины урд суудал суулгаад, аюулгүйн бүсээр бүслэхгүй явах юм бол торгуулна. Хүүхэд чинь цэргийн албаны зарлан дуудлагад очихгүй бол бас торгуулна. Хувийн аж ахуй эрхэлдэг иргэд санхүү, татварын тайлангаа хоцроож өгсөн бол бас торгуулна. Хэнийг хэдэн төгрөгөөр торгохыг маш нарийн заагаад өгсөн хэрнээ эд хөрөнгийн зөрчил гаргаад байгаа, төсвийн мөнгө шамшигдуулаад байгаа албан тушаалтан торгуулахгүй, шийтгэл авахгүй. Энэ тухай заалтыг хуулиас бүүр аваад хаясан байна гэдэг бол асуудал мөн биз дээ. Товчхондоо энэ бол “хуулийн хулгай” мөн.
-Төсвийн тухай, тендерийн тухай, төрийн болон орон нутгийн тухай эдгээр хуулиудыг зөрчигсдөд хариуцлага хүлээлгэх асуудал нь Захиргааны зөрчил биш үү?
-Үгүй. Зөрчил, түүнийг шалгах арга хэмжээ нь төрийн захиргааны шийдвэр гэж хэсэг хугацаанд үзсний сөрөг үр дагавар нь ирээдүйд гарах зөрчлийг хянах зохицуулах боломжийг хязгаарлаж, энэ нь гэмт хэргийн гаралтад бодитой нөлөөлж ирсэн. Тийм ч учраас Зөрчлийн бие даасан хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг УИХ-аас 2017 онд батлан гаргасан. Гэтэл эдгээр хуулиудын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна.
“Зөрчлийн хуулийн Тусгай ангийг Эрүүгийн хуулийн Тусгай ангитай адил байдлаар бүлгүүдэд хуваажээ. Тусгай ангид 220 гаруй хуулийн захиргааны бүх зөрчлийг төрөлжүүлэн нэгтгэснээр аль ч төрлийн зөрчилд шийтгэл оноохдоо зөвхөн нэг хууль хэрэглэх боломжтой болсон юм. Ингэснээр ижил зөрчилд хоёр хуульд хоёр өөр төрлийн шийтгэл оноодог, ял завшуулдаг байдал арилжээ”. Хууль санаачлагчид тухай үедээ яг ингэж хэлж, бичиж байсан. Түрүүн хэлсэн 3 хуулийн зөрчигсдөд хүлээлгэх заалт хаачсан бэ, хэн аваад хаана нуучихваа. “Төрөлжүүлэн хуваасан”, “зөвхөн хууль хэрэглэх боломжтой болсон”, “хоёр хуульд хоёр өөр төрлийн шийтгэл оноодог, ял завшуулдаг байдал арилжээ” л гэнэ. Гэтэл шүүгч, санхүүгийн байцаагч торгууль оногдуулах заалтууд харин ч бүр эсрэгээрээ ор мөргүй “хулгайд алдагджээ”
Сая тантай уулзахаас өмнө Өдрийн сонингийн нэг дугаар /2018.10.26 № 213/ харж байлаа. Энд АТГ-ын мэдээлэл байна. “…албаныхаа мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн …аймгийн ….албаны дарга Б.Д нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.”
Энэд би хууль зөрчсөн үйлдэл илрүүлсэн АТГ-ын талаар биш ямар шийтгэл оногдуулсан байгааг анхаарахыг хүсэж байна. Цалингийн хэмжээг бууруулах “сахилгын шийтгэл”. Бүх зүйл хууль журмын дагуу чоно цатгалан, хонь бүрэн гэдэг шиг. Албан тушаалтнууд хууль зөрчөөд ийм л шийтгэл авч байна. Сануулах, цалингийн хувиар шийтгэх. Ердөө л энэ.
Түүнчлэн шүүхээс Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангид нэгэнт заагдаагүй эрх зүйн зөрчилд шийтгэл оногдуулах ямарч боломжгүй болж байгаа бөгөөд гагцхүү хэн нэг албан тушаалтан л Төрийн албаны хуульд заасан сануулах, цалингийн хувиар шийтгэх төдийгээр хууль зүйн хариуцлагыг хязгаарласан.
Зөрчлийн тухай хуулийн 2.3.4-т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.” Энэд “сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн байгаа биз.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9.1.5.-д “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны…шийдвэр хүчин төгөлдөр бол… зөрчлийн хэрэг нээхгүй” гэсэн байна.
Улсын хөрөнгө завшиж гараа угаасан албан тушаалтны хувьд Нэгд: Санхүүгийн зөрчлийг нь Зөрчлийн хуулийн дагуу шалгах эрхтэй хүн байхгүй. Хоёрт: Төсөв, тендер, төрийн өмчийн хуулийг зөрчигсдөд хүлээлгэх Зөрчлийн хуулийн дагуу шалгах, тогтоох, шийтгэх, торгууль ногдуулах хуулийн заалт байхгүй. Гурав: АТГ-т баригдлаа гэхэд сануулах эсвэл цалингийн хувиар хасуулах эрх зүйн орчин үйлчилж байна. Хуулийн төгс хамгаалалт биш гэжүү.
Гэтэл жирийн иргэдийн хувьд Зөрчлийн хууль хэрхэн үйлчилж байгааг дурдах нь илүүц биз.
-Үндсэн хуулийн цэц асуудлыг авч хэлэлцээд ямар шийд гаргах бол? УИХ, хууль санаачлагч гишүүд нь энэ заалтуудыг санаатай орхигдуулсан уу, алдаа гаргасан уу гэдгээ эргэн харна гэж Та бодож байна уу?
-Үндсэн хуулийн цэц миний мэдээллийг авч хэлэлцэнэ байх гэж бодож байна. Зөрчлийн тухай хууль гэдэг чинь өөрөө нийгмээ ялгаварлан гадуурхсан хууль болчихсон байна шүү дээ.
Өнөөдөр улсын төсвөөс гарч байгаа хөрөнгө чинь хяналтгүй гарч байна гэсэн үг. Жаран тэрбумын хэрэг гэж яриад л байна. Тэр юу ч биш. Зөрчлийн тухай хуулийн ард 60 их наядын хэрэг, түүнээс ч аюултай юм үүний ард нуугдаад, бугшиж байхыг үгүйсгэх аргагүй.
Төрийн төсвийн эрх мэдэл бүхий “дарга анги” гэсэн нийгмийн тодорхой давхарга бий болчихоод байгаа. Эдгээр нийгмийн бүлэг хүмүүст Зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй байна. Монгол Улсын хэмжээнд санхүүгийн эрх мэдэлтэй, мөнгөн дээр гарын үсэг зурдаг 30 мянган албан хаагчид бий гэсэн судалгаа байдаг юм билээ. Төсвийн эрх мэдэл бүхий өөрөөр хэлбэл ард нийтийн өмнөөс хөрөнгө мөнгө захиран зарцуулдаг албан тушаалтнууд бүгд ороод энэ. Гэтэл тэдний гаргасан санхүүгийн зөрчлийг тусад нь ангилаад, толгойг нь илээд сууж байж болохгүй.
Сонгуульд мөнгө тарааж гарч ирдэг, гарч ирээд албан тушаалуудаа зардаг, эргээд төсвийн хөрөнгөөр гараа угаадаг этгээдийг хуулийн хамгаалалтад авдаг ийм л улс төрийн систем бий болчихоод байна.
Ер нь бол, Зөрчлийн хууль байх ёстой, нийгмийн дэг журам, сайн сайхны төлөө цагаа олсон хууль. Гэвч энэ хуулиас гадуур давуу эрхтэй хэн ч байж болохгүй. Санхүүгийн байцаагч нарт зөрчлийн хэрэг шалгах эрх олгоё гэхээсээ илүү Монгол улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж хэнийг ч албан тушаал, эрхэлсэн ажил, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй байж бүгдээрээ шударга байцгаая гэсэн үндсэн санаатай юм. Хүний эрх бол жам ёсных бөгөөд хэн ч бидэнд түүнийг бүтээж өгдөггүйтэй адил мөн хязгаарлах ёсгүй.
Нийгэмд болж байгаа асуудлыг шүүмжилдэг хүмүүс зөндөө байна. Гэхдээ би энэ асуудлыг үгүйсгэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Монгол хүн бол эх орондоо эв нэгдэлтэй, эрх чөлөөтэй амьдарч, ажиллаж, зовлон бэрхшээл, амжилт ололтыг хамт туулах үндэс нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх явдал юм. Гэтэл энэ хууль иргэдийг нийгмийн байдал, албан тушаал, эрхэлсэн ажлаар нь ялгаварлаж байгаа учраас асуудлыг би энэ талаас харж, сөхөн хөндөж байгаа юм.
Д.Оргил uptown.mn