Богд хааны музейд нээгдсэн “Монгол уран хатгамал” үзэсгэлэнд оролцож буй уран хатгамалч С.Будтай ярилцлаа.
-Та энэ үзэсгэлэнд ямар бүтээлээрээ оролцож байгаа вэ?
-Энэ жил би эрэгтэй, эмэгтэй хос даалингаараа оролцож байна. Эмэгтэй даалин дээрээ таван тансаг мөн зэндмэнэ эрдэнийг гаргаж ороосон. Өнгөрсөн жил Бурхан багш, Ногоон дара эхийн цуврал зүү ороох хатгамлаараа оролцож Хаан бүтээлийн шагнал хүртсэн. Хүмүүс зүү ороох хатгамлыг зөвхөн даалин хийдэг гэж ойлгоод байдаг ч урлаж чадах юм бол бүр нарийн хэмжээнд хийх боломжтой урлал.
-Таны энэ хоёр бүтээл “Том бүтээл”-ийн тоонд ордог тийм үү?
-Уран хатгамлыг том хэмжээтэйгээр бүтээх хэцүү. Учир нь уран хатгамал хүний алган дээр бүтээгддэг. Ногоон дара эх, Бурхан багш хоёр бол хэмжээ бусад чанараараа ч миний хамгийн том бүтээл мөн. Уран хатгамлаар бурхны дүрийг бүтээлийн түвшинд аваачхыг зорьж хийсэн. Ногоон дара эх бүтээлдээ Дондогдулам хатны үеийн шүр сувд, метал утаснаас нь оруулсан. Бусад материалыг нь ч гэсэн тухайн үеийнхээр нь хийсэндээ үнэ цэнэ нь оршиж байгаа юм.
-Та хэдэн наснаасаа үйл хийж сурсан бэ?
-Анх би зүүх ороох хатгамлыг Хөдөлмөрийн хичээлээсээ сурч байлаа. Тэр хичээл дээр манай монгол үндэстний үйл урлалыг сайн зааж сургадаг байсан шүү дээ. Харин 2007 оноос хойш өөрөө зүү ороох хатгамлаараа дагнан ажилласан. Энэ үйлээ би ажил, амьдралаа болгоод явж байна. Миний хань бас оёдог. Манай нөхөр 2013 оноос хойш оёж эхэлсэн. Эхлээд зоосон ширээ сүлжиж миний бүтээлүүдийн зургийг гаргадаг байсан бол одоо өөрөө зүү ороодог. Намрын улсын уралдаанаас манай нөхөр дөрөвдүгээр байр эзэлсэн. Би тэр уралдаанаас Ногоон дара эх бүтээлээрээ “Уран хатгамалч” цол хүртлээ.
-Үйл урлалыг гэрээрээ хийгээд сайхан амьдрах боломж маш их байгаа гэж ойлголоо. Та энэ талаараа хүмүүстэй хуваалцана уу?
Бололгүй яах вэ. Нөхөр бид хоёр таван хүүхэдтэй. Бид уран хатгамлаа оёод хангалттай сайхан амьдраад явж байна. Том охиноо энэ орлогоороо их сургуулийг нь төгсгөөд Америк руу сургуульд явууллаа. Бид хүмүүсийн захиалгыг гүйцэтгэхдээ тэр хүн энэ бүтээлийг маань насан туршдаа харж, хадгалж явах юм гэж чин сэтгэлээ зориулж урладаг. Үүний маань ач буян эргээд ирдэг байх аа.
-Хүмүүс уран хатгамлаар ямар эдлэлийг хамгийн их захиалж хийлгэдэг вэ?
-Даалин л их хийлгэдэг. Зүү ороох хатгамал бөх эдэлгээтэй гэдгээрээ даалинд үнэхээр нийцсэн урлал. Монголчууд даалинг өдөр тутам хэрэглэдэг байсан учраас уран хатгамал эдэлгээг нь бүр удаан болгодог байж. Гэхдээ уран хатгамлыг зөвхөн даалинд биш өөр зүйлд оёж болно гэдгийг батлан харуулахыг хичээж байгаа. Энэ дагуу бүс, гутал энгэрийн тэмдэгт хүртэл хийж үзлээ. Богд хааны ордон музейн лого болох соёмбыг шүр, оюу оруулаад энгэрийн тэмдэг болгож хатгасан. Хүн өөрөө учрыг нь олоод зургийг нь өөрөө гаргаад оёх юм бол уран хатгамлаар ямар ч дүрсийг гаргах боломжтой.
-Манай өвөг дээдэс үйл урлал хийхдээ муу үг хэлж, муу үйл хийдэггүй дэг жаягтай. Энэ тухай үйл хийдэг хүний хувьд хэлж өгнө үү?
-Тийм шүү. “Уран хүний утас зүү богинохон байдаг” ч гэдэг юм уу уламжлагдаж ирсэн хэллэгүүд байдаг. Энэ бүхнийг би цаанаасаа учир утгатай, ортой үгс гэж ойлгодог. Их нарийн үйл хийж байхад үнэхээр урт утас сүвлэчхээд даллаж татаж байснаас богинохон утсаар оёход цаг хугацаа, нарийн нямбай ажиллагаа нь хамаагүй илүү байдаг. Ер нь илүү дутуу үйлдэл хийгээд байх юм бол төвлөрч чадахгүй шүү дээ. Хамгийн багадаа гэхэд 3-4 цаг маш гүнзгий төвлөрч ажиллах болдог. Энэ нь өөрөө бараг бясалгал шиг ажил л даа. Бурхнаа бүтээж байхдаа би тодорхой хэмжээнд надаас хамааралгүй бурхны оршихуй орж ирдэг гэдгийг мэдэрсэн. Би хэчнээн хурдан оёлоо ч тэр үйлс бүтэх цаг хугацаа гэж байдаг юм билээ. Тиймээс Ногоон дара эх оёхдоо муу үйл хийхгүй байхыг хичээсэн. Хоол ундны тал дээр хүртэл хорио цээр байдгийг бүрэн дагаагаагүй ч гэсэн Ногоон дара эхийн тарнийг уншиж оёсон. Ажлаасаа энэ бүхнийг суралцаад явж байгаа. Хуучны шүр сувд одоо олдохоо байсан цаг. Гэтэл Ногоон дара эхийг урлаж байхад цаанаасаа л бүтээд олдоод байсан. Үндэсний уламжлалаа сэргээх ажил хийж байгаадаа үнэхээр дурлаж оёдог.
-Оёдол үйл хийхэд үндэсний уламжлал, ёс заншил, бэлгэдлээ сайн мэдэх хэрэгтэй болно. Энэ бүхнийг хэрхэн судалж мэддэг вэ?
-Гүнзгий судлаад бичиг ном шагайгаад суух цаг бага. Гэхдээ монгол зургийн номуудаас харж суралцдаг. Миний багш Монгол Улсын уран хатгамалч, төрийн оёдолчин, гавьяат Б.Цэрмаа гэж хүн байсан. Багшаасаа олон зүйлийг сонсч бас сурсан. Миний бурхантай хоёр бүтээлд багшийн маань үлгэр дуурайлал, зөвлөгөө маш их нөлөөлсөн. Бүтээл бол зөвхөн хувь хүнийх байдаггүй л дээ. Нөхөр бид хоёр голчилж амьд амьтан буюу дүрс оёдог. Аливаа бүтээлийг цорын ганц байлгахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл нэг хүнд оёод өгснөө нөгөө хүнд давтан оёх эрхгүй гэсэн үг л дээ.
-Монголчууд сар шинээр гэртээ шинэ үйл эсгэх, оёх, наад зах нь л гэхэд утас зүүний савтай байхыг машид эрхэмлэдэг. Яагаад эмэгтэй хүн үйл хийдэг байх учиртай юм бэ?
-Маш сайхан асуулт байна. Ямар ч гэр бүл хос багана мэт өрхийн тэргүүн, эзэгтэй хоёр дээр тулгуурлаж байдаг. Өрхийн тэргүүн хүн гадуур ажлаа хөөцөлдөнө. Эмэгтэй хүн гэрийнхээ ажлыг хөтөлнө. Эр нөхөртэйгөө барьцаад хаа хамаагүй яваад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн оёдол үйл хийж байхдаа тэсвэр тэвчээртэй болж, үүнээсээ ур ухаанаа тэлэх замыг олдог юм болов уу гэж боддог. Удаан хугацаагаар үйл хийнэ гэдэг хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Үүнээс гэр бүлийн бат бөх байдал шалтгаалдаг байх гэж боддог. Айлын эхнэр болгон юм оё гэсэн үг биш. Гэхдээ үйл мэтгэдэг байвал зохистой гэсэн үг л дээ. Наад зах нь гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа яаж стрессээ тайлах вэ гээд л. Энэ утгаараа эмэгтэй хүн жаахан ч үйл хийдэг байвал зүгээр гэж боддог. Эзэгтэй нь үйл урладаг бол айл гэр төвшин амгалан байна.
-Та анх Хөдөлмөрийн хичээлээс үйл сурсан. Одоо энэ хичээлийн үүрэг дунд сургуульд бага болсон юм шиг санагддаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Би анх энэ хичээл дээр юм оёх дургүй байсан. Дүн авах нь л чухал байсан. Гэтэл багш маань их сайн багш байж. Тэр үед уламжлалт оёдлын аргачлалыг бидэнд бүгдийг нь заасан. Дуртай болтол нь заажээ. Тэгээд бүх төрлөөр нь юм хийлгээд дүн тавьдаг байлаа. Дургүй байсан би гэтэл 20 гаруй жилийн дараа Хөдөлмөрийн хичээлээрээ амьдраад явж байна шүү дээ. Бид Хөдөлмөрийн хичээлээр уламжлалт өв соёл, үйл урлалаа хүүхдүүдэд зааж сургаж үлдээхгүй юм бол өөр хаана, яаж заах юм бэ? Нэг ангийн 20 хүүхдээс бүгд оёдолчин болох албагүй. Гэхдээ бүгдээрээ энэ уламжлалыг мэддэг болоод гарахад болно. Нэгээс хоёр нь хатгамалчин болж болно шүү дээ. Бидний үеийнхэн бүгдээрээ яаж ийгээд уранхай цооройхойгоо оёчихдог. Гэтэл одооны хүүхдүүд чадахгүй байна шүү дээ. Хөдөлмөрийн хичээл одоо үед үүрэг, үр нөлөөгөө алдаж байгаад харамсдаг. Энэ хичээл хөвгүүдэд ойр зуурын ур чадвар суулгадаг байсан. Гэтэл одоо хадаас тэгш хадчих гэрийн эзэн ховор болж байна. Энэ хичээл тэгэхээр гэрийн эзэн, гэрийн эзэгтэйг бэлтгэдэг байсан юм болов уу гэж ойлгодог. Мөнгийг нь төлөөд хүнээр хийлгэж болох л байх. Гэхдээ айлын эр хүн гэдэг чинь жижиг сажиг эвдрэл гэмтлээ өөрөө янзалчихдаг байх хэрэгтэй шүү дээ.
-Үйл хийхэд нүдний ур, гарын ур, ухааны ур ордог. Ухааны урыг өөртөө хэрхэн суулгадаг юм бол?
-Хатгамал хийхдээ өнгөний зохицол, хатгалт гээд бүхнийг бодож тунгааж байгаа учраас олон жилийн явцад ухааны ур бий болдог байх. Хүн болгонд авьяас байдаг. Харин түүнийг 99 хувийн хөдөлмөрөөр торддог гэдэг. Энэ үгийг би ортой гэж боддог. Хүн эхлээд алдаж онон хийж, тэвчээртэй хөдөлмөрлөх явцдаа тэр туршлагыг, мэдлэгийг хуримтлуулдаг.
А.Мөнхжин