/Зууны мэдээ сонин/ “Өөр мэдээ” булангийн энэ удаагийн зочноор залуу жүжигчин Т.Анхзулыг урьжээ. Тэрбээр Монголын тав дахь Жульеттагаар тодроод байгаа юм.
-Гэгээн хайрын өдөрт зориулсан “Ромео, Жульетта” жүжиг энэ удаад шинэхэн жүжигчнээр өнгө нэмлээ. Залуу уран бүтээлчийн хувьд театрын тайзнаа анх жүжигчин бүхний мөрөөдлийн дүрээр гарна гэж төсөөлж байв уу?
-СУИС-д орохоосоо өмнө “Ромео, Жульетта” жүжгийг үзэж байсан. Жульетта бол таны хэлдгээр миний үеийн охидын болоод эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр. Би ч ялгаагүй дотроо битүүхэн мөрөөддөг байлаа. Надад энэ боломжийг өгсөн багшдаа үнэхээр их баярлаж байна. Итгэлийг нь алдахгүй юмсан гэж чин сэтгэлээсээ хүссэн.
-Шинэхэн Жульеттаг уншигчид илүү танихыг хүсэж байгаа. Найруулагчийн хараанд өртөж, гол дүр авна гэдэг оюутан бүсгүйн хувьд асар том хариуцлага, нэр хүндийн хэрэг байх?
-Намайг Түвшинсайханы Анхзул гэдэг. СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Манай ангийн багш Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар. Би багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Хамгийн анх театрт “Гамлет” жүжгийг үзээд театрын жүжигчин болохоор шийдсэн. Багш маань миний шалгалтын ажлыг үзсэнийхээ дараа Жульеттагийн дүр дээр ажиллах санал тавьсан.
Долоо хоногийн хугацаанд хоёр үзэгдэл бэлдээд театрын захирал, найруулагч нарт шалгуулж тэнцсэн. Жульетта хэмээх гайхалтай дүр миний амьдралын хуудсыг цоо шинээр бичлээ.Урлагийн замналд тэмүүлсэн мөрөөдлийг минь хурцалсан театрын хамт олон болон дэмжиж тусалсан бүх хүнд “баярлалаа” гэж хэлье.
-У.Шекспирийн энэ зохиолтой анх хэзээ танилцаж байв?
-Анх X ангид байхдаа зохиолыг нь уншиж байсан. Зохиолоороо бол сонгодог бүтээл. Харин театрын тавилт илүү орчин үеийн шийдэлтэй, их нарийн мэдрэмж, сэтгэл шаардсан жүжиг. Зохиолтой нь харьцуулахад олон ялгаа бий. Мөн дэлгэцийн бүтээл болчихсон учраас хүн бүхэн энэ хайрын түүхийг мэднэ. Тиймээс үзэгчдэд өмнөх Жульетта нараас өөр мэдрэмж, сэтгэгдэл үлдээхсэн гэж хичээсэн.
-Анх Жульеттагийн дүрд сонгогдсоноо мэдэхэд юу бодогдсон бэ?
-Оюутан надад ийм том уран бүтээлд тоглох боломж олдоно гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Анх сонсоод сандарч, их догдолсон. Тэр үе миний амьдралын хамгийн сайхан, хэзээ ч мартамгүй мөч байлаа. Хүүхэд байхаасаа мөрөөдсөн дүр минь шүү дээ. Үүнээс гадна найзууд минь надтай адилхан их баярласан. Жүжгээ бэлдэж байхад үс, нүүрийг минь янзалж өгөөд л. Тэр хүмүүсийн итгэл найдвар, дэмжлэг мөрөөдөлдөө хүрэх, илүү ихийг бүтээх жигүүр минь болж байна.
-Найзуудаас гадна гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай удамд урлагийн хүн байхгүй. Би анхных нь болох гээд л хичээж байна. Намайг СУИС-д орно гэхэд дэмжих хүн ховор байсан. “Ромео, Жульетта” жүжигт тоглох тухайд жүжгийнхээ хяналтад ороод тэнцсэний дараа л гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрсөн.
-Та Монголын тав дахь Жульетта боллоо. Гэхдээ өмнөх бүсгүйчүүдээс насны хувьд арай бага юм?
-Би 20 насандаа Жульеттагийн дүр дээр ажиллалаа. Энэ дүрийн зарим онцлог зан чанар надад их, бага хэмжээгээр байгаа гэж боддог. Тиймээс их ойр санагдаж байсан. Хайрыг мэдэрч, хайрынхаа төлөө үнэнчээр тэмүүлж буй тэр бяцхан охины хийж буй үйлдэл, үг бүрийг нь хэлэхдээ би өөрийн эрхгүй илүү ихээр дүрдээ автаж байсан.
-Зохиол дээрээ Жульетта 14 настай гэж гардаг байх аа?
-Хэдийгээр насны хувьд бага ч гэлээ тэр хайр сэтгэлийн үнэ цэнэ, ямар ариун нандин болохыг мэддэг. Тиймээс чин сэтгэлдээ үнэнч байхын тулд үхлийг сонгож байгаа юм.
-Тэгвэл Т.Анхзул амьдрал дээрээ яг Жульетта шиг байж чадах болов уу?
-Жульеттагийн гаргаж буй зан араншин, зоригтой шийдвэрүүдийг харахад надтай төстэй тал бий. Тэрбээр жүжгийн турш хүмүүсийн хайрыг татсан мөртлөө энэ насны бүсгүйд баймгүй чухал алхмуудыг хийдэг.
-Таны өмнө жүжигчин О.Дөлгөөн, Г.Номуун гээд туршлагатай жүжигчид энэ дүрийг бүтээсэн. Эгч нараасаа зөвлөгөө авсан уу?
-Би өнгөрсөн жил энэ жүжгийн олны хэсэгт гарч байсан юм. Тухайн үед Номуун эгч Жульеттагийн дүрийг бүтээж байлаа. Дүрээ хэрхэн бүтээж байгааг нь, үгээ яаж хэлж байна гээд үйлдэл бүхнийг нь их ажигладаг байсан. Энэ удаад Номуун эгч намайг дэмжиж, тусалсан. Үргэлж юу хэрэгтэй байна, ямар бэрхшээл тулгарч байна, ойлгохгүй зүйл гарвал эгчээсээ асуугаарай гээд л. Миний хажууд туршлагатай, чадварлаг Жульетта байгаад үнэхээр их баярласан. Харин Дөлгөөн эгчтэй уулзах боломж гарсангүй.
-Харин Ромеогийн дүрийг бас л энэ цагийн шилдэг залуу жүжигчдийн нэг Б.Шинэбаяр бүтээж байна. Хамтрагчтайгаа хэр ойлголцож байна?
-Шинээ ах их сайн хамтрагч. Жүжгийн турш намайг хөтлөөд л явчихсан. Хамт тайзнаа гарахад их түшигтэй хүн шиг санагдсан шүү. Дүрээс гадна бэлтгэлийн үед юуг анхаарах хэрэгтэйг хүртэл хэлж өгсөн. Гэгээн хайрын илэрхийлэл болсон энэ гайхалтай бүтээлд мундаг ахтайгаа хамт тоглосондоо үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Нэгэнт л хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон мөнхийн бүтээлд орь залуу нас, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээ мөнхөлсөн ийм сайхан бүсгүйгээс хайрын тухай асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Би хайрыг өөрийн эрхгүй сэтгэлээс минь гадагшилж, бусдын төлөө зовж байгаа зовнилтой зүйрлэмээр санагддаг. Гэхдээ хайр их олон янз. Сэтгэлийн дуудлагаар нийлсэн хосууд байхад амьдрахын эрхэнд нэгэн цул болсон нь ч бий. Салж холдсон ч гэлээ хайр байж л байдаг. Тэгэхээр хүмүүний амьдралыг мөнхөд гэрэлтүүлж, услагч нь яахын аргагүй хайр юм.
-Магадгүй бидний ярилцлагыг цаашлаад зургаа, долоо, 10 дахь Жульетта болох азтай бүсгүй уншиж байгааг үгүйсгэхгүй. Тэдэнд юу гэж хэлэх вэ?
-Ер нь залуу хүнд бага зэрэг хор шар байх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ хар атаа жөтөө биш шүү. Уран бүтээлийн төлөөх цагаахан хор гэж ойлгоорой. Аливаа зүйлд шантралгүй тэмүүлэх нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний алхам байдаг юм байна. Ирээдүйнхээ төлөө шантрахгүй байж, аливаа зүйлийг чадахгүй байсан ч, чаддаг болохын төлөө хичээж, чин сэтгэлээсээ хийгээрэй.
Зууны мэдээ