x

Төрийн "мотортой" бизнес

Улс үндэстний хөгжил цэцэглэлт, энх амгалан амьдрал нь улс төрийн ардчиллын чанар, чөлөөт зах зээлийн эдийн засгийн суурь болон шинийг санаачлах чадвараас хамаардаг. Эдгээрийн дотроос чөлөөт зах зээлийн эдийн засаг нь аль хэр бат бэх суурьтай байгаа эсэх нь иргэдийн амьдралын түвшинд хамгийн их нөлөөлдөг. Чөлөөт зах зээл нь эдүгээ ихээхэн шүүмжлэл дагуулах боллоо.

Чөлөөт зах зээлийн буюу капиталист эдийн засгийг нийгмийн тэгш бус байдлыг өөгшүүлдэг, хүн төрөлхтнийг хэрэглээний нийгэм рүү түлхэж, улмаар цаг уурын өөрчлөлтийг бий болгосон гэх зэргээр сүүлийн үед ихэд шүүмжлэх боллоо. Чөлөөт зах зээл нь эдийн засгийн харилцааг зөв зохицуулж чадахгүй гэх үзэл ч хүчтэй гарч байна.

Өнөөдөр капитализмыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг нь шударга өрсөлдөөн бүхий чөлөөт зах зээлийн, нөгөө нь шударга бус өрсөлдөөн буюу төрийн “мотортой” эдийн засаг. Сүүлийнхийг нь крони (crony) капитализм гэж нэрлэдэг. Чухам энэ крони капитализм эдүгээ ихэнх хөгжиж буй орнуудад эрчимтэй тэлж, улмаар чөлөөт зах зээлийн эдийн засгийн нэр хүндийг бүхэлд нь унагаж байна. Крони капитализмаас болоод хүмүүс капитализмыг дэмжихээ больж байна гэж Wall Street Journal (2015) бичжээ.

Крони капитализм (танил талын бизнес) гэдэг нь тухайн орны төр засгийн шийдвэр нь найз нөхөд, танил тал, холбоотныхоо компанид хөнгөлөлттэй зээл, тусгай зөвшөөрөл олгох, бусад компани оролцох боломжийг хязгаарлах зэргээр тухайн салбарт яваандаа монополь тогтоох боломж олгохыг хэлж байна. Энэ бүхнийг тохируулан гаргасан шийдвэр, хууль, журмын хүрээнд хийгддэг учир авлига гэж үздэггүй. Харин хуульчлагдсан хулгай гэж хэлдэг.

Крони капитализмын индекс

Ер нь крони капитализм гэдэг нэр томьёо нь 1997-98 оны Азийн эдийн засгийн хямралын үед гарчээ. Энэ хямралын суурь шалтгаан нь крони капитализм гэж Калифорнын Их сургуулийн судлаач Андрью Маккинтайр Индонез, Тайландын жишээн дээр тайлбарлажээ. Зүүн өмнөд Азийн олон орныг хамарсан энэ хямрал “халуун мөнгө” буюу хүүгийн зөрөөн дээр богино хугацаанд ашиг хийх зорилготой их хэмжээний мөнгө гаднаас оруулснаар тухайн оронд хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөж эдийн засгийн хөөсрөлтийг үүсгэж, төдөлгүй эдийн засгийн хямрал дагуулав. Энэ их мөнгөний шилжилт, хөрөнгө оруулалтыг эдгээр орны төр засгийн удирдлага, тэдний хамаатан садан, найз нөхдийн (cronies) оролцоотой хийсэн ажээ.

The Economist сэтгүүл саяхнаас (2014, 2016 онуудад) “Крони капитализмын индекс” гаргажээ. Эхлээд монополь үүсэх өндөр магадлалтай, тусгай зөвшөөрөл (лиценз) шаарддаг, төрөөс маш их хамааралтай: 

  1. казино

  2. нүүрс ба мод бэлдэх

  3. батлан хамгаалах

  4. хадгаламж татдаг банк

  5. дэд бүтэц

  6. онгоцны буудал

  7. үл хөдлөх үндсэн хөрөнгө ба барилга

  8. ган ба бусад металл боловсруулах

  9. ашигт малтмал олборлох

  10. ус түгээх, харилцаа холбооны үйлчилгээ зэрэг арван салбарыг сонгожээ. Тэгээд Forbes сэтгүүлийн мэдээллээс тухайн салбарт байгаа тэрбумтнуудын хөрөнгийг улсынх нь ДНБ-тэй харьцуулан энэ индексийг гаргажээ. Харьцаа их байх тусам крони капитализмаас болж эдийн засаг нь хохирдог ажээ.

2016 оны индексийг гаргахдаа 23 орныг хамруулжээ. 2014 онд энэ индексийг Хонгконг, 2016 онд Орос тэргүүлжээ. Хойд хөршид дээрх арван салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгө Оросын ДНБ-ий 18 хувьтай, крони бус салбарт 1.8 хувьтай тэнцэж байна.

52735eee4475d328418fd6285ca79864.png

Монголын цэцэглэн хөгжиж буй крони бизнес

Манай улсын тухайд энэ индексийг гаргах боломж улам бүр бүрдсээр байна. Монгол улсад дээрх арван салбараас нүүрс, арилжааны банк, дэд бүтэц, үл хөдлөх үндсэн хөрөнгө ба барилга, ашигт малтмал хайж олборлох, харилцаа холбооны салбарууд хамааралтай. Тэгвэл төр засгийн шийдвэр гаргагчид, өмнөх удирдлагууд оролцоогүй ямар нэг салбар энд байна уу? Манайд өөрийн бизнесийн салбартай холбоотой хууль баталдаг гишүүд, төсвийн мөнгөөр өөрийн бизнест давуу боломж олгодог сайд, өөрийн банктай гишүүд бол олон байна.

Монополь үүсэх магадлал бага салбаруудад ч манай улсад крони капитализм хөгжиж байна. Өөрийн ББСБ-гүй, эсвэл хувийн их дээд сургууль байгуулаагүй, хувьчлалаар аль нэг объект аваагүй, эсвэл ямар нэг орд газрын лицензгүй, газар аваагүй, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй төрийн түшээдийг Монгол улсад олоход хэцүү болжээ. Тэд бүгд л өөрийн бизнест ашигтай хууль журам гаргуулж, хөнгөлөлттэй зээл, тусламж авч бизнесийн давуу боломжийг өөрсдөдөө, хамсаатнууддаа олгож ирлээ.

Монголын төр олон төрлийн сан байгуулж, төрийн банктай болж, гадаадад бондоор зээл авч, өөрсдийн компаниудаа санхүүжүүлэв. Богд уулын бүх ам, нийслэлийн бүх парк, үнэ цэнэтэй газрыг хуйвалдан борлуулав. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны хөнгөлөлттэй зээл нэрээр нийтийн хөрөнгөөр өөрсдийн банк, барилгын компаниудыг санхүүжүүлэв. Үнэ хөөрөгдөж, иргэдийн худалдан авах чадвар навс унав. Төлж чадахгүй их зээл валютаар авсан учир төлбөрт нь төгрөг сулрав.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн олон тэрбум төгрөгийг УИХ-ын 15 гишүүн хувааж аваад ББСБ-аараа дамжуулаад угаасан нь саяхан илэрсэн ч, өмнөх авлигын олон хэргийн адил чимээгүйхэн мартуулах зам руугаа шилжиж байна.

Ийнхүү крони капитализм буюу төрийн “мотортой” бизнес ид цэцэглэж байгаа Монгол улсад авьяас чадвар, хувийн хөрөнгө, ур чадварт суурилсан бизнес улам явахгүй болж, ажлын байр хумигдаж, иргэд нь гадаад орныг зорих боллоо.

Крони капитализмтай зөвхөн хувийн бизнесийн холбоод, юуны өмнө хуулиар хариуцсан үүрэгтэй Худалдаа Үйлдвэрийн танхим идэвх санаачилгатай тэмцэж чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлэх цаг болжээ. Оройтвол биднийг Венесуэлийн хувь заяа хүлээж байгаа.

Төр засагтай холилдож ойрхон зайг хурдан явах уу, эсвэл чөлөөт өрсөлдөөнөөр хол зайд баттай явах уу гэдгийг монголын компаниуд сонгох цаг ирлээ.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 52 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 14 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 55 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 5 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 12 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 41 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top