Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзжээ. Мань хүн шууд л “2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Цзедун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэх”-ийг түүнээс хүссэн байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдсэнээс хойш шинэ сайд нарын хийсэн эрээвэр хураавар элдэв мэдэгдлүүдийн дэргэд эрээ цээргүй сонсогдох ч гэлээ байгаа оносон ганц үг болов. Нэгдүгээрт Мао дарга энэ ордонг барьж өгсөн гэдгийг санасан нь сайн хэрэг. Хоёрдугаарт шинэчлэн барих талаар бодсон нь бүр сайн хэрэг. Олон ч Засгийн газрын үед “засварын мөнгө” л гуйж явсан даа, ордынхон.
Жишээлбэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан гишүүн “Аав маань тээврийн жолооч хүн. Тийм учраас би энэ салбарыг мэднэ” гэж эргүүтсэн байна лээ. Жолооч гэдэг бол жолоо мушгидаг л хүн, сайд гэдэг бол төрийн бодлого барьдаг хүн гэдгийг одоо бага ангийн хүүхдээс асуусан ч хэлэх болсон үе. Хэрвээ жолоочийн хүүхэд л энэ салбарын мэддэг юм бол У.Хүрэлсүхэд Б.Энх-Амгалан ямар хэрэгтэй юм. Тэр ч гэсэн жолоочийн хүүхэд.
Аягүй бол Б.Энх-Амгалан ч гэсэн аль нэг насандаа жолоо барьж үзсэн л байгаа. Тэгвэл Улаанбаатарын замд явж байгаа бүх халтуурчид “энэ салбарыг удирдах” мэдлэг туршлагатай гэсэн үг биш. Харин мэдэхгүйгээ мэдээд, салбарынхнаа сонсох л хэрэгтэй юм даа, Б.Энх-Амгалан сайдын хувьд. Тэртэй тэргүй жил гаруйхны хугацаа үлдээд байхад салбарын бодлого, зохицуулалтаар нэг их оролдоод байхгүй шиг, мөрөөрөө суудлаа бөглөөд сууж байсан нь бараг өлзийтэй.
Түүний дэргэд “Би багш хүн болохоор Боловсролын салбарыг мэднэ” гэх нь арай үнэмшилтэй сонсогдох ч тэр бүр мэдээд байсан нь бас ховор. Багш хүн бол багш л хүн байдаг. Харин боловсролын салбарт энэ салбарын асуудлыг хамгийн сайд мэддэг сайн менежер буюу удирдагч хэрэгтэй. Багш бол багшаа л хийсэн нь дээр. Тиймээс Ё.Баатарбилэг ч гэсэн “Цөм хөтөлбөрийг зогсооно. Сурагчдын ачааллыг бууруулна” энэ тэр гэсэн элдэв лоозунгаа хойш тавиад барилгаа барьсан нь дээр. Гол нь салбараар нь тоглохгүй байх явдал чухал гэдгийг дээр хэлсэн.
Тэртэй тэргүй Засгийн газрын тэргүүнд нь “Монгол Улсыг хэрхэн авч явах вэ?” гэдэг бодлого байхгүй (дөнгөж он гарсны дараа л хэсэг нөхдийг тойруулж суулгаад “Та нар бодлогоо гаргаад ир” шахуу юм ярьж байсан) замын дундаас орж ирсэн сайд салбарын бодлогыг урагш татна гэж байхгүй ээ. Түүнийхээ оронд багш нарынхаа цалин цавуунд анхаар. Ядаж л цалин, урамшууллын системийг яавал зөв болгох вэ? Яаж сургалтын чанартай нь уялдуулах вэ? гэх мэтчилэн.
Эсвэл зүгээр л байшингаа барь. Гаднаас мөнгөө гуйдаг санж уу, өөрөө төсөвлөдөг санж уу хамаагүй. Спортын ордныхоо л ажлыг эхлүүлчих. Энэ бол нэг жилийн настай сайдад хангалттай том “бодлого”. Яагаад гэвэл манайд байгаа ганц ордон нь нурж унах дээрээ тулаад арван жилийн нүүр үзэж байна. Арван жилийн өмнө “Ардын эрх сонин”-д ажиллаж байхад л “Ордон нурлаа. Булан тохойгоосоо хөгцрөөд нураад, тамирчдын бэлтгэл хийхэд хэцүү боллоо. Засварын мөнгө хайрла” гээд явж байсан. Хэн нь хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй ч одоо ч тэр янзандаа л байгаа.
Спортын ордон гэхээр манайхан улсын шигшээгийн хэдэн тамирчнаа л боддог. Сагсны тэмцээн, бөхийн барилдаан зохион байгуулдаг газар гэж ойлгоод, тэр хүрээнд л хараад байдаг. Одоо байгаа гурван давхар барилгаа ядаж арван давхар болгоод заалны бүх спортуудаа оруулж ир л дээ. Хүүхэд залуучуудын сонирхож байгаа бүх спортын төрөл, хөгшчүүлийн бие бялдраа чийрэгжүүлэхэд тохирсон танхимууд ч багтах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж спортын ордон болно оо доо. Тэгээд барьж дуусгасныхаа дараа ханан дээр нь нэрээ алтан үсгээр бичнэ үү, яана уу хамаагүй. Түүнээс биш Буянт-Ухаад барьсан спорт цогцолбор шиг “циркийн манеж” хийчихээд ордон гэж яриад байж болохгүй.
Л.Оюун-Эрдэнэ сайд л гэхэд нэг Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жил байтугай дөрвөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд авч чадаагүй амлалтыг сарын дотор амлалаа. Үүний дэргэд хүнд хэрэгтэй ганц барилга бариад үлдээчих нь Боловсролын сайдын "бодлого" болж мэдэх л юм. Тэнэсэн сум тархинд гэдэг шиг...
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (4)