Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын төлөөллийг цуглуулан улс төрийн томоохон мэдэгдэл хийлээ. Экс Ерөнхийлөгчийн “уулзалт ярилцлага” нэрийн дор хийсэн улс төрийн мэдэгдлийн үг, үзүүр нь эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг чиглэв.
Тэрээр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийг “Х.Баттулга бол хулгайч. Хулгайч хулгайчдаа их гарын хулгайч. Тэр зангаа л гаргаж байна. Х.Баттулгад хүний нөөц гэж байхгүй, хулгайч нар л түүнийг дагадаг. Тийм учраас хүн томилох ёстой албан тушаалд хулгайч нараа томилдог” хэмээн доромжлов. Бас илтэд басамжлав. Харамсалтай нь энэ үг байгаа оноод зогсохгүй нийгмийн нэлээд хэсэгт таашаал өгч буйг хэлэх хэрэгтэй. Учир нь, энэ бол тэдний хэлэхийг хүссэн ч хэлж чаддаггүй, хэлсэн ч Х.Баттулгад хүрдэггүй, хаданд хашгирсан цуурай мэт дэмий өнгөрдөг байсан үг, үзэл бодлынх нь хэлтэрхий юм. Харин энэ удаа Ерөнхийлөгч асан өөрийн амаар энэ үгийг хэлж, нийтээр хэлэлцэх сэдэв болгож чадлаа. Ядаж л “Хэн нь илүү хулгайч вэ?”
Ялангуяа “Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахиад Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана” гэсэн нь тавласан өнгө аястай сонсогдож болох ч яг үнэндээ аливаа зүйлийн мөн чанарыг заавал хуруугаар имэрч, шүдээр хазаж, бүр нэг яс махаараа мэдэрч байж таньдаг монголчуудын сайнаар хэлбэл “няхуур”, муугаар хэлбэл жаахан “мулгуу” байдлыг л ясанд нь тултал хэлсэн хэрэг л дээ.
Хүний сайн мууг танихдаа ч тэр. Энэ хүн ийм хүн шүү, ийм ийм туршлагатай, намтар түүхтэй, холхон байгаарай гэж хэн хичнээн хашгираад ч сонсохгүй. Заавал өөрийн биеэр, яс махаараа мэдэрч байж итгэдэг зантай. Одоохондоо монголчууд Х.Баттулгаас, У.Хүрэлсүхээс уйдаагүй, залхаагүй, хашраагүй л байна. Яагаад гэвэл ядуурал нь ясандаа тулаагүй, муйхарлал, мулгуу байдал нь Монголыг сүйтгэж дуусаагүй байна аа л гэсэн үг. Бүүр нэг ёроолдоо тулсны дараа нэг “ёо” гэж дуугарах байх.
Хаанаас нь ч харсан Ц.Элбэгдорж бол Х.Баттулгын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй, алдаатай ч оноотой Ерөнхийлөгч байсан. Гэхдээ зарим үед хэн хэлснээсээ илүү юу хэлсэн бэ гэдэг нь чухал байдаг. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй. Монголчуудын амьдрал дээрдсэн үү? Үгүй. Ядаж л ёс суртахууны түвшинд бага ч гэсэн урагш алхсан уу? Бүр ч үгүй. Баахан хүнийг хужаа хувхайгаар нь дуудаж, нийгмээ хагалан бутаргасан. (Гэхдээ энэ нь монголчуудын тал хувь нь хужаа гэсэн үг биш шүү) Тэгсэн хэрнээ нөгөө “хужаа”-даа өөрөө очоод тэврүүлчих дөхсөн. (Нэг хэсэг Монголыг Шанхайн цэрэг, улс төрийн эвсэлд нэгтгэнэ, тэндээс баахан зээл тусламж орж ирнэ гээд яаж сандаргалаа даа)
Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор монголчуудын амьдрал дээрдээгүй (угаасаа дордох зүй тогтолтой байсан юм чинь) гэдэг үнэн, өрнөөсөө салаагүй, ядуурал улам нэмэгдсээр байгаа нь ч үнэн. Х.Баттулгын амьдрал дээшилж өрнөөсөө гарсан нь ч бас үнэн. Түүний нэр дээрх төмөр замын 280 сая ам.долларын (760 орчим тэрбум төгрөг) хэргийг АТГ хааж, Аж үйлдвэрийн паркийг Ерөнхий сайд албан ёсоор татан буулгалаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө үүрч явсан “ял”-ыг л сэгсэрснээс биш өрөөлд тус нэмэртэй нэг ч зүйл хийсэнгүй ээ. Энэ ч бас үнэн.
Ялын тухайд “гүтгэлэг” гэж битгий хэлээрэй дээ. УИХ-ын гишүүн, одоо ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ гишүүний намынхаа бага хурал дээр хэлсэн үг юм шүү. “М.Энхболд оо, Ерөнхийлөгчийн сонгуулиар чи ял авах гэж байсан хүнийг өршөөгөөд өөрийнхөө өрсөлдөгчөөр захиалаа биз дээ” гэж. (Хэрвээ гүтгэсэн гэж үзвэл Л.Оюун-Эрдэнэ л гүтгэсэн)
Экс Ерөнхийлөгчийн яаруу сандруу хийсэн энэ удаагийн мэдэгдлийн цаад учир шалтгаан, алс хэтийн зорилго юу болохыг мэдэхгүй ч, ямар ч байсан Х.Баттулгатан болоод У.Хүрэлсүхтэн нарын бий болгох гэж зүтгэж байгаа “хонгилоор” алхахгүй гэдгээ ил цагаан, чангаар хэллээ. Тийм болохоор Ерөнхийлөгч Х.Баттулгад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асныг АТГ-т шалгуулахаар өгсөн 170 хуудас материалаа хэвлэл мэдээллээр цацах үлдлээ. АТГ лав Ц.Элбэгдорж дээр хэрэг нээгээгүй юм байна.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (9)