Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийн таамаглалаа танилцууллаа.
АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий:
“2018 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 2017 онтой харьцуулахад бага зэрэг саарч 3.8 хувьтай байна. Үүнийг бид сайн үзүүлэлт гэж харж байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өсөлтийн гол хүчин зүйл. Гэхдээ өсөлтийг сааруулах эрсдэлтэй хүчин зүйл нь нүүрсний экспорт, тэр дундаа тээвэрлэлтэд гарч буй бэрхшээлүүд юм.
2019 оны хувьд эдийн засгийн өсөлт эрчимжиж 4.3 хувь болно гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Инфляцийн хувьд 2018 онд 8 хувь, 2019 онд 7 хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Төсвийн алдагдал 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувьд хүрнэ гэж үзсэн. Гол шалтгаан нь зарлага нэмэгдэж, татварын шинэчлэлийн улмаас орлого буурах магадлалтай юм” гэлээ.
АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен Азийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Тэрбээр "Ази номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлтөө тэлэх боломжууд байна. Эдийн засгийн өсөлт нь бүс нутгийн хэмжээнд 2017 онд 6.1 байсан, 2018 оны өсөлтийг 6 хувь, 2019 оны өсөлтийг 5.9 хувь байна гэж таамаглалаа.
Харин инфляци 2017 онд 2.2 хувь байсан бол 2018 онд 2.9 хувь болно. Шалтгаан нь олон улсын зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт байна.
Энэхүү төсөөлөлд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс нь одоо авч хэрэгжүүлж буй худалдааны хамгаалах арга хэмжээ байна гэдгийг онцлов.