Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай өвөлжилт, мал аж ахуйн салбарын тухай ярилцлаа.
-Танай аймгийн хувьд өвөлжилт ямар байна. Өвөл, хаврын бэлтгэлээ хэр хангасан бэ?
-Өвлийн бэлтгэлээ сайн хангасан. Аймгийн нийт нутгаар өвс багатай түүндээ таарсан цастай өнтэй өвөл болж байна.
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн гол шалтгаан болж байна гэж байгаа. Завхан нутагт цөлжилт ямар байдалтай байна вэ?
-Ер нь гайгүй. Хур бороо бага жил ургамлын гарц мэдээж буурдаг. Гэвч сүүлийн жилүүдэд газрын гарц буурах хандлага ажиглагдаж байна. Илт мэдэгдэхүйц цөлжилтийн шинж тэмдэг одоогоор алга.
-Бэлчээрийн даац хэтэрч асуудал үүсгээд байгаа. Танай аймагт энэ асуудал ямар хэмжээнд байна вэ?
-Манай аймагт энэ жил 3.5 сая толгой мал тоологдсон. Бэлчээрийн даац хэтэрсэн. Энэ асуудал малын тоо толгойтой ч холбоотой биш. Хамгийн гол нь бэлчээрийн зохистой менежментийн асуудал чухал. Иймд бид өнгөрсөн жил малчдын зөвлөгөөн зохион байгуулж бэлчээр ашиглалтын журамтай болсон. Түр журмаа баталсан. 2018 оны наймдугаар сараас эхлээд бэлчээр ашиглалтын журмын хэлэлцүүлэг зохион байгуулж эцэслэн баталлаа. Ингэснээр тодорхой үр дүн гарч эхэлж байна. Тухайлбал, бэлчээрийн зохистой байдал бий болсон. Мөн малчид бэлчээрийн нөөц бүрдүүлэх, оновчтой ашиглах давуу тал гарч байгаа юм.
-Тэгвэл бэлчээрийг зохистой ашиглахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бэлчээр ашиглалтын уламжлалт аргууд бий. Үүнээс гадна гар тэжээл бэлтгэх гарын авлага бэлтгэж малчдад тараасан. Тэгэхдээ бэлчээрийг хэрхэн зохистой ашиглах тухай оруулсан. Жишээлбэл, өвөлжөөндөө буусан үеэс эхлээд уулын бэлээсээ орой руу нь малаа бэлчээдэг уламжлалт арга байдаг. Гэтэл өнөөдөр хааш нь хамаагүй малаа бэлчээж байгаа юм. Энэ нь бэлчээр хомсдох нэг шалтгаан болж байгаа юм. Нөгөө талаас сүргийн бүтцийн асуудал бас бэлчээр ашиглалтад нөлөөлдөг. Сүргийн бүтцэд бэлчээр талхлалт ихтэй малын төрлийн тоо толгойг бууруулах нь чухал. Манай аймагт сүргийн бүтэц харьцангуй зөв байгаа. Ялангуяа, ямаан сүргийн эзлэх хувь энэ жилийн малын тоогоор буурсан үзүүлэлт харагдаж байна. Нөгөө талаар намар малдаа тарга хүч сайн авахуулах ёстой. Тарган мал өвөлдөө бэлчээрийн зохистой нөхцөлийг бүрдүүлж өгдөг талтай. Туршлагатай малчдаас залуусыг сургах, малчдын залгамж халааг хангах асуудал их чухал. Иймд нутаг бүрийн шилдэг малчдыг урьж малчдын зөвлөгөөнд сургалт хийдэг.
-Завхан аймагт одоо тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Дэд бүтцийн асуудал хамгийн хүнд юм. Тухайлбал, эрчим хүч байна. Бүх сум эрчим хүчний сүлжээнд холбогдсон ч ачааллаа даахгүй байх асуудал гардаг. Иймд эрчим хүчний шугамуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Зам харилцааны асуудал нааштай шийдэгдэж байгаа. Одоогоор Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ онд бүрэн ашиглалтад орно. Загастайн давааны 67 км хатуу хучилттай замын барилгын ажил энэ хавар эхэлнэ. Одоо Говь-Алтай-Завхан чиглэлийн 200 км замын ажлыг эхлүүлэх шаардлага бий. Энэ зам зөвхөн Завхан аймгийн асуудал биш. Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлал хөгжүүлэх тойрог замын нэг юм. Энэ замын тойргийг ойрын хугацаанд гүйцээх ёстой. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт, аялал жуулчлал хөгжих бүрэн боломж бий. Мөн агаарын тээвэр бэрхшээлтэй байна. Манай аймгийн нисэх буудал шороон зурвастай. Ийм учраас онгоцны хүрэлцээ муу байдаг. Онгоцны нислэг өнөөдрөөс түр зогсоно. Нисэх онгоцны буудлыг хатуу хучилттай зурвастай болгох ажил хожуу эхэлсэн. Ажил нь 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ирэх зун ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЗТХЯ-нд санал тавиад учир байдлаа танилцуулаад явж байгаа.
-Онгоцны нислэг яагаад түр зогсох болов. Нисэх буудлын зурвастай холбоотой юу?
-Тийм. Онгоц хөөрч, буух зурвастай холбоотой.
-Тэлмэн суманд цахилгаан станц барихаар болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Гэрээ хийх ажил үндсэндээ дууссан. Барилгын ажил нь энэ хавар эхлэх байх. энэ цахилгаан станц зөвхөн Завхан аймаг биш, баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нөгөө талаас эрчим хүчний гаднаас хараат бус байдлыг бий болгоно.
-Энэ цахилгаан станц тэгээд хэдэн онд ашиглалтад орох вэ?
-Барилгын ажил нь эхэлвэл 18 сарын хугацаанд барина гэсэн төлөвлөгөөтэй.
-Жижиг дунд үйлдвэрлэл орон нутагт хэр хөгжиж байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зарцуулах хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгогдохгүй байгаа. Ялангуяа, нэлээд том гажуудал үүссэнийг хүн бүр мэдэх болсон. Энэ үйлдвэрлэлийн зээл орон нутагт очихгүй, эзэддээ хүрэхгүй өдий хүрсэн. Ийм учраас эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Бид өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой ажил хийж байна. Ингээд өрх бүрийг үйлдвэрлэгч байлгах зорилт тавьсан. Тухайлбал, 2016 оноос эхлээд оёдол эсгүүрийн сургалт сум бүрт зохион байгуулсан. Үүнд 1126 эмэгтэй хамрагдсан. 2017 онд эсгий, эсгий эдлэл хийх сургалт бас зохион байгууллаа. 2018 онд ахисан шатны сургалт хийлээ. Ингээд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна. Мөн бүтээгдэхүүний нэр төрөл олширсон. Саяхан “Хамтын хүч хөгжлийн гарц” гэсэн Завхан аймагт өрхийн үйлдвэрлэлийн түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Эхний жил 25 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Өнгөрсөн онд 56 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ онд 101 сая төгрөгийн борлуулалт хийсэн дүн гарлаа. Мөн Эрдэнэт хотод Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Өрхийн үйлдвэрлэлд жаахан урам өгвөл чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ганц статистик хэлэхэд 2018 онд манай аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний борлуулалтыг өмнөх онтой харьцуулбал 2.3 дахин өссөн. Боловсруулах үйлдвэрийн борлуулалтын орлого 3.2 дахин өссөн дүн бий. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжээд өгөхөөр айл бүрийн орлого нэмэгдэж эдийн засгийн үр өгөөж дээшилж байгаа юм. Өрхийн үйлдвэрлэл цаашдаа жижиг дунд үйлдвэрлэл болж хөгжих ёстой. Үүнд төрийн тодорхой дэмжлэг байх хэрэгтэй. Тэгэхээр орон нутагт эрх мэдлийг нь өгөх шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэлээс эхлэн томорч хөгждөг эдийн засгийн хуультай. Харин бид энэ хуулийг алгасч хийх гээд алдаж буй зүйл бий.
-Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн тулгуурын нэг. Гэвч байгаль орчин сүйтгэдэг учраас орон нутгийн иргэд дургүйцдэг. Завхан аймгийн хувьд уул уурхайн асуудал ямар хэмжээнд байна вэ?
-Завхан аймаг уул уурхайгаас ангид байна гээд зарлачихсан. Намайг ажил авахад аймгийн хэмжээнд уул уурхайн 99 лиценз байсан. Бид тодорхой шаардлага тавьж, тэмцсэн. Үүний үр дүнд 20 лицензийг хүчингүй болгосон. Одоо 79 лиценз хүчин төгөлдөр байна. Намайг ажил авснаас хойш уул уурхайн 93 лиценз олгох санал орж ирсэн. Бид бүгдэд нь татгалзах санал өгсөн. Өнөөдөр нэг ч лиценз шинээр олгоогүй. Нийт газар нутгийнхаа 26 хувийг аймгийнхаа тусгай хамгаалалтад авсан. Харамсалтай нь уул уурхайн лиценз олгохдоо орон нутгийн саналыг харгалзахгүй дээрээс шууд олгох явдал хэвээр байсаар байна. Тэгэхээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой. Уул уурхайн лиценз олгох гэж байгаа бол аймгийн даргаас биш ард иргэдээс асуудаг болгох учиртай. Ингэх юм бол төрийн эрх мэдэл иргэдэд жинхэнэ утгаар нь хүрнэ. Бид байгалийн баялгаа ухаж амьдрахаас илүүтэй байгалийн сайхнаа үзүүлж амьдардаг систем нэвтрүүлэх хэрэгтэй. Завхан аймгийн хувьд уул уурхайг бус аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтална. Ийм учраас аялал жуулчлалын хөгжлийн мастер төлөлвлөгөө боловсруулж байна. Энэ онд багтааж батлуулна.
-Тэгвэл жуулчдад юу үзүүлэх, ямар ямар үйлчилгээ нэвтрүүлэх бодолтой байна вэ?
-Завхан аймаг бол байгалийн үзэсгэлэн цогцолсон говь, хангай, тал хээр хосолсон нутагтай. Монгол орны бүхий л үзэсгэлэнт газруудыг Завханаас үзэж болно. Ийм учраас манай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх маш олон боломж бий. Бид мастер төлөвлөгөөнд аль цэгт ямар хэлбэрийн аялал жуулчлал хөгжүүлэх, түүнийг дагаад өрхийн ямар үйлдвэрлэл, жижиг бизнес хөгжиж болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тусгаж байна. Одоогоор аялал жуулчлалын есөн гайхамшгаа тодруулсан. Энэ бол есөн цэг биш цогцолбор юм. Тухайлбал, Отгонтэнгэр хайрхны бүс нутагт л гэхэд Бадархундага нуур, рашаан болсон хайлдаг элс, тэр хавийн хөшөө дурсгал, Нарованчин гэгээний хийдийн туурь зэрэг үзэж сонирхох олон газар багтаж байгаа. Хар нуурын бүс нутагт элсний дороос ундран урсч байгаа Мухартын гол, Их Монгол элс, Бор хярын элс, Сэнжит хад зэрэг зүйл бий. Мөн Баян нуурын бүст Жаахан нуур, Зэгэст нуур, Холбоо нуур, Бор хярын элсэн манхан багтдаг. Тэсийн шугуйн бүс нутагт Нисэхийн шугуй, Эвэртэй мод гэж дэлхийд хаана ч байхгүй үзэсгэлэнт газар бий. Бүст нуурын бүс нутагт Тэлмэн нуур, Ойгон нуур эртний түүхт хүн чулуун хөшөөнүүд зэрэг орно. Идэрийн голын бүс нутагт Ногоон нуур, уулын таг дээр оршдог Цагаан нуур байгаа. Мөн 10 гаруй метр өндөр хүрхрээтэй. Тэгэхээр эдгээр бүс нутагт тухайн газар орны онцлогийг тойргоор яваад үзэх боломж бүрдүүлэх юм.
Т.Жанцан "Ардчилал таймс" сонин