x

Намууд, нэр дэвшигчдэд оногдуулах шийтгэл тохирсон эсэхийг Цэц хянаасай

Улс төрийн намгүйгээр ардчилал оршин байх боломжгүй. Гэтэл, Монгол Улс дахь хамгийн авлигажсан инстүүц нь нам болчхоод байдаг. “Бөгсөө үмхий гээд тайрч хаядаггүй” гэж ардын үг бий. Авлигын уурхай болсон одоогийн намуудыг цэгцлэх хэрэгтэй. Ингэж цэгцлэх эн тэргүүний арга зам бол түүний санхүүжилтийг ил тод болгох явдал. Ингэж ил тод байлгах одоогийн хуульд буй цор ганц үр нөлөөтэй байж болох санкц бол Сонгуулийн тухай хууль дахь "хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй" байх тухай заалт юм. Гэтэл, энэхүү заалт Үндсэн хууль зөрчсөн тухай иргэний мэдээллээр үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц 2019.01.16-ны өдөр Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товложээ. Цэц одоогийн нөхцөлд энэ зохицуулалтаас өөр улс төрийн санхүүжилтийг ил тод болгох үр нөлөөтэй санкц байхгүй гэдгийг анхаарч, санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд гаргаагүй бол тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохируулан сануулах, торгох, улсын төсвөөс өгөх санхүүжилт (төрийн санхүүжилт)-ийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хасах, дараагийн сонгуульд оролцуулахгүй байх шийтгэлийг хүлээлгэвэл Үндсэн хуульд нийцнэ гэж шийдвэрлээсэй гэдэг үүднээс энхүү нийтлэлийг бичив.  

Улс төрийн нам хамгийн их авлигажсан инстүүцийн нэг болсон

Монголд улс төрийн нам, эвслийн сонгуулийн үеийн санхүүжилт, зардлын талаарх мэдээлэл хэр нээлттэй байдаг талаар эхлээд авч үзье. Монголд намууд санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлэхийг Улс төрийн намын тухай хуулийн 20.3-аар шаарддаг боловч үүнийг хэрэгжүүлэх механизм байдаггүйгээс ингэж мэдээлдэггүй. Зөвхөн сонгуулийн үеийн зарцуулалтын тайлангаа хязгаарлагдмал хүрээнд хагас дутуу ил гаргадаг. Иймээс, нам, эсвэл, нэр дэвшигч сонгуульд хэдэн төгрөг зарцуулдгийг бүрэн бодитойгоор мэдэх боломж одоо алга. Гэхдээ сонгууль явагдаж байгаа байдлыг харахад асар их хэмжээний мөнгө зарцуулдаг нь тодорхой. 2016 оны УИХ-ын сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигчдийн зөвхөн албан ёсны тайланд ирүүлсэн мэдээллээр 34.36 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Сонгуулийн бусад үед эсхүл албан бусаар хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байгааг бид мэдэхгүй.

Авлигад хамгийн их автсан инстүүцэд улс төрийн намууд багтдаг болоод олон жил болж байна. Намууд маш их далд санхүүжилт авдаг. МАН-ын 60 тэрбумын яриа, ЖДҮ-ийн сангийн шударга бус хуваарилалт, АН-ын албан тушаалд нэр дэвших дэнчин, сонгуулийн дараах хууль бус халаа сэлгээ нь үүнийг нотолно. Сайдад нэр дэвшигчдэд Монголын толгой баячууд олноор багтдаг болсон нь хэн их мөнгө төлснөөрөө нэр дэвшсэн гэж ойлгогддог. Сүүлийн жишээ гэвэл 2016 оны 7 сард сайдад нэр дэвшүүлсэн анхны 15 хүн. Мөн, МАХН, МҮАН, ИЗНН гэх жижиг намуудын санхүүгийн эх үүсвэрийн тодорхойгүй, бүрэн тайлагнадаггүй байдал асуудалтай. Жишээлбэл, МАХН-аас нэр дэвшиж томилогдсон Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба намын санхүүжилт босгох зорилгоор авлига авсан нь тогтоогдож 5 жилийн хорих ял авсан ч уг намын удирдлага ямар ч хариуцлага хүлээгээгүй. Мөн, Академич С.Нарангэрэл багшийг 10 тэрбум төгрөг өгвөл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлье гэсэн санал тавьсан тухай ярилцлага хэвлэгдсэн. Ийм илт авилгын шинжтэй мэдээлэл явж байхад шалгаж байгаа эсэхийг олон нийтэд мэдээлэхгүй байна. Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох 2017 оны судалгаагаар авлигад хамгийн их өртсөн таван байгууллагын 2-т улс төрийн нам оржээ. Улс төрийн намгүйгээр ардчилал хэрэгжих боломжгүй учраас түүнийг авлигаас ангид болгох нь нэн тулгамдсан асуудал болоод байна.  

Улс төрийн санхүүжилтийг зохицуулах шаардлага

Улс төрийн нам бол иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж хэрэгжүүлэх ёстой. Сонгуульд амжилт гаргасан хэмжээгээр төрийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцдог тул өндөр хариуцлага хүлээнэ. Тиймээс, намын санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хуулиар нарийвчилж зохицуулахгүй бол болохгүй. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын төр, компани, хувь хүнээс эсхүл тодорхойгүй эх үүсвэрээс хандив авахыг хуулиар хориглодог. Түүнчлэн, улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд иргэн болгон оролцох, нөлөөлөх боломжийг харьцангуй тэгш байлгах үүднээс сонгуулийн үед иргэнээс авах хандив нь гурван сая төгрөгөөс, хуулийн этгээдээс авах хандив нь 15 сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэж Сонгуулийн тухай хуульд заасан. Сонгуулийн бус үед иргэний өгөх хандив 1 сая, хуулийн этгээдийн өгөх хандив 10 сая төгрөгт багтах ёстой. Мөн, зөвхөн УИХ-д суудалтай намууд төрийн санхүүжилт авах хууль үйлчилж байна. Нэг талаас, УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, УИХ-д суудал бүхий намд сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Нөгөө талаар, УИХ суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, улсын төсвөөс санхүүжилт олгодог.

Улс төрийн санхүүжилтийн хуулийг олон улсын сайн туршлага, өөрийн орны онцлогт тохируулан яаралтай боловсруулж батлах шаардлага бий болсон ч одоог хүртэл энэ ажил хийгдээгүй байна. International IDEA (Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн) болон Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин” судалгааг 2018 онд гүйцэтгэжээ. Энэ судалгаагаар хувь хүн, хуулийн этгээдийн хандивын дээд хязгаар (тааз)-ыг инфляцтай уялдуулан тогтоох, хуулийн этгээдээс авах хандивын хэмжээг багасгах (ирээдүйд халах), хуулийн этгээд хандив өгсөн бол 2 жилийн дотор тендерт оролцохгүй байх, дэнчингийн мөнгө хураадгийг зогсоох зөвлөмж өгснийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн, улсын төсвөөс өгдөг санхүүжилт намын орлогын дийлэнхийг эдлэх хэрэгтэй ч өнөөдөр Монголд нийт орлогын 20 хүрэхгүй хувийг эзэлж буй нь хандив, дэнчингээр санхүүжилтээ босгохоос өөр аргагүй байдал хүргэдэг. Иймээс, улс төрийн намын санхүүжилтийг УИХ дахь суудлын тоогоор бус харин сонгуульд иргэдээс авсан саналын тоогоор хуваарилах, ингэхдээ сонгуулийн болон сонгуулийн бус намын үйл ажиллагааны гол санхүүгийн эх үүсвэр болгохоор инфляцтай уялдуулан хангалттай тогтоох нь зүйтэй. Сонгуульд оролцсон нам, эсвэл, нэр дэвшигчээс санхүүгийн тайланг нарийвчлан бүрэн гаргуулдаг болох, ил тод болгох, бүрэн хэмжээний хөндлөнгийн аудит хийдэг болгох, энэ тал дээр Үндэсний аудитын газрыг хараат бус болгох, чадваржуулах зэргээр хяналтын инстүүцийг бэхжүүлэхийн зэрэгцээ хариуцлагын оновчтой тогтолцоо бий болгох гэдэгтэй санал нэг.

Сонгуулийн хандивын тааз, төрийн санхүүжилт зэргийг бодитой тогтоож, ил тод тайлагнах, хянах, хариуцлага хүлээлгэх үр нөлөөтэй механизмыг бий болгохгүй бол зөвхөн мөнгөтэй хүмүүс, эсвэл мөнгөтэй хүнээс мөнгө авсан улс төрчид, намууд сонгуульд ордог, ялдаг байдал руу ордог. Үүний үр дагаварт улс төрийн нам иргэдийн ашиг сонирхол гэхээсээ илүү мөнгө өгсөн хэн нэгний явцуу ашиг сонирхлыг хангадаг болно. Улс төрийн намын санхүүжилтийг цогц шийдэхгүйгээр бид авлига, тэгш бус байдал, хүний эрхийн зөрчил, ядуурал, ажилгүйдэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй. Нөгөө талаар, бүх иргэний хувьд сонгох, сонгогдох эрхийн үнэ цэнэ адил тэгш байх ёстой. Улс төрийн санхүүжилтийг сайн зохицуулахгүй бол сонгох, сонгогдох эрхийн үнэ цэнэ нь ялгаатай болдог. Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг улс төрийн тэгш бус байдал болгохоос сэргийлсэн механизм байхгүй бол мөнгө улс төрийн шийдвэр гаргахад голлох нөлөөтэй болно. Тиймээс иргэдийн улс төрийн тэгш эрхийг хамгаалахын тулд улс төрийн санхүүжилтийг ардчилсан улс орнуудад нарийвчлан зохицуулдаг.

Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол сонгуульд бүртгэхгүй байхыг эсэргүүцэж Цэцэд 2010 болон 2018 онд хандсан тухай

Сонгуулийн хандивын болон зарцуулалтын тааз, хандив авч болохгүй этгээд зэргийг заасан зохицуулалтыг тунхаг төдий болгохгүйн тулд намуудаас сонгуулийн тайланг нь тодорхой хугацаанд заавал авдаг. Зардлын тайлангаас санхүүжилтийн зохицуулалт хэрэгжсэн эсэхийг хөөж судлах боломжтой болдог. Тиймээс нам, эсвэл, нэр дэвшигч тайлан гаргах үүргийг заагаад зогсохгүй энэ үүрэг хэрэгжих баталгааг хуульчлах ёстой. Ийм баталгааны нэг бол сонгуулийн тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй тохиолдолд хүлээлгэх шийтгэл. Ийм зөрчилд шийтгэл ногдуулах одоогийн Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Цэцэд хандсан тухай нийтлэлийн эхэнд дурдсан. Энэ талаар ярихын өмнө 2010 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ярихгүй бол болохгүй.

2005 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.3.6 буюу “санал хураалт дууссанаас хойш нэг сарын дотор нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол СЕХ тухайн нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзана” гэсэн заалтыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн заалтууд, тодруулбал сонгох, сонгогдох эрх, намын гишүүний хувьд нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж Цэц 2010.01.22-нд шийдсэн байдаг. Гэхдээ Цэц яагаад ингэж шийдэх болсон үндэслэлээ дурдаагүй орхисон. Тухайн үеийн УИХ-ыг төлөөлж байсан гишүүдийн зүгээс тус хуулийн 26.3.5 сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй, харин ч түүний баталгаажуулсан бөгөөд бүх намд адилхан хариуцлага хүлээлгэж байгаа нь ялгаварлан гадуурхал биш гэсэн үндэслэл гаргасан. Харамсалтай нь, Цэц эдгээр үндэслэлд хариу огт өгөлгүйгээр шийдсэн.

Хожим 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5-д санал хураалт явагдсан өдрөөс хойш нам, эвсэл 45 хоногийн дотор, нэр дэвшигч 30 хоногийн дотор зардлын тайлангаа СЕХ-д гаргаж өгөөгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй гэсэн заалт орсон. Уг заалт нь 2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн гэж үзэн иргэд Цэцэд 2018 онд ханджээ. Нээлттэй нийгэм форумаас 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд хийсэн мониторингоор 11 нам, хоёр эвсэл, 386 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа өгсөн ч нэг нам, нэг эвсэл, 112 нэр дэвшигч тайлангаа өгөөгүйг гаргаж тавьжээ. 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5-ыг эсэргүүцэж Цэцэд мэдээлэл гаргасан иргэд бол хуулийн хугацаандаа тайлангаа өгөөгүй, хариуцлагагүй хандсан Иргэний зориг-Ногоон намынхан гэж хэвлэлд бичжээ.

2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон заалтыг 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5 дугаар заалтаар агуулгаар нь сэргээсэн үү, үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй болчхоод байгаа юм. Одоогийн хуулийн зохицуулалт нь 2010 онд хүчингүй болсон заалтаас зарчмын хувьд ялгаатай учраас агуулгаар нь сэргээгээгүй гэх үндэслэлтэй. Өмнөх хууль дээрх 30 хоногийн дотор тайлангаа хүргүүлэх ёстой гэх зохицуулалт энэ удаад 45 хоног болон сунгагдаж илүү урт хугацаа өгсөн. Мөн, 2010 оны хуульд сонгуульд бүртгэхээс татгалзана гэж ерөнхий заасан байсан. Харин одоогийн хуулиар дараагийн сонгуульд л бүртгэхгүй буюу нэг удаагийн сонгуульд оролцуулахгүй гэж тод тусгасан. Түүнчлэн, одоогийн хуулиар нам, эвсэл төдийгүй нэр дэвшигчээс тайланг авдаг болсон нь илүү хариуцлагажуулсан. Өмнөх хуулиас ийм ялгаатай учир Цэц үүнийг шинэ маргаан гэж үзэх ёстой. Хэрвээ Цэц адилхан заалтыг сэргээсэн гэж үзэх юм бол 2010 онд гаргасан шийдвэрээ эргэж харах боломжтой. 

2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5 нь Үндсэн хууль зөрчсөн эсэх анализ

2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5 нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үү гэдгийг Үндсэн хуулийн зарчмынхаа дагуу анализ хийж харах хэрэгтэй. Эрүү шүүлтээс ангид байх, үзэл бодолтой байх зэрэг цөөн эрх, эрх чөлөө бол туйлын буюу хэзээ ч хязгаарлаж болохгүй эрхүүд. Харин, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох, улс төрийн намд эвлэлдэн нэгдэх зэрэг үндсэн эрх, эрх чөлөө бол туйлын эрх биш тул зайлшгүй үндэслэл байвал хязгаарлаж болдог. Гэхдээ уг хязгаарлалт манай улсын Үндсэн хуулиар наад заах нь гурван янзын шаардлагыг хангасан байх ёстой. Тиймээс, хугацаандаа тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байгаа нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа ч энэ нь зүй ёсных эсэхийг мэдэхийн тулд эдгээр гурван шаардлагыг хангасан уу гэдгийг нэг бүрчлэн харья.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 1.2-т зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх учраас үндсэн эрхийн хязгаарлалтыг зөвхөн хуулиар тогтоох ёстой. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн санхүүжилтийг зохицуулж, зарцуулалтын тайланд юу оруулах уу, хэзээ, хэнд гаргах уу, гаргахгүй бол яах уу гэдгийг тодорхой заасан учраас энэ шаардлагыг хангасан гэж үзэж болно.

Хоёр дахь шаардлага нь гэвэл үндсэн эрхийн хязгаарлалт өөрөө зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх ёстой. Үндсэн хуулийн 19.3-т зааснаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд сонгогдох болон бусад үндсэн эрхийг хязгаарлаж болно. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь бүхэлдээ сонгох, сонгогдох эрхийг тэгш үнэ цэнэтэй байлгах төдийгүй иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэхэд чиглэдэг тул энэ шаардлага мөн хангагдсан.

Гуравдугаарт, уг хязгаарлалт нь сая дурдсан гурван ашиг сонирхлын аль нэгийг хамгаалахад зайлшгүй, тохирсон байх ёстой. Үндсэн хуулийн 1.2-т төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим бол шударга ёс гэж заасан. Зөрчлийн шинж чанарт тохирсон ял шийтгэлээр шийтгэх гэх утга үүнд буй. Хөнгөн зөрчилд хүнд шийтгэл эсхүл ноцтой зөрчилд хэт хөнгөн шийтгэл ногдуулбал шударга бус. Үүнтэй адилхан зүй ёсны зорилго хангахын тулд аливаа үндсэн эрх дээр тавьж буй хязгаарлалт нь тухайн зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх хэрэгтэй. Энэ шаардлага нь тухайн эрхийг хэт их хязгаарлахгүй байх, зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн олон арга замаас тухайн эрхийг хамгийн бага хязгаарлаж буй арга замыг сонгох, уг хязгаарлалтыг урвуулан ашиглахаас сэргийлэх зэрэг агуулгатай. Сонгуулийн тухай хуулийн 60.5 нь зайлшгүй буюу тохирсон байх шаардлагыг хангасан эсэхийг тогтоохын тулд нарийвчилсан шинжилгээ хийх хэрэгтэй.

Манайд улс төрийн нам, нэр дэвшигчийг сонгуулийн тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-26 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгодог юм. Хэрэв Цэц дараагийн сонгуульд бүртгэхгүй гэх заалтыг хүчингүйд тооцвол тайлангаа хугацаанд нь өгөөгүй нам, эвсэл, нэр дэвшигч зургаан сая 720 мянгаас найман сая 320 мянган төгрөгөөр л торгодог болно гэсэн үг. Ганц дан энэхүү торгууль тохирсон, үр нөлөөтэй байж чадах уу гэвэл эргэлзээтэй. Учир нь, дээр хэлсэнчлэн намууд ил болон далд хэлбэрээр олон арван тэрбум төгрөг сонгуульд зарцуулдаг. Ийм их мөнгө эргэлдэж байхад 10 хүрэхгүй сая төгрөгөөр торгох шийтгэл тухайн нам, эвсэл, нэр дэвшигчдэд тайлангаа өгөх сэдлийг нь төрүүлэх нь юу л бол. Хариуцлага хүлээлгэдэггүй эсхүл хэт хөнгөн шийтгэл ногдуулдаг байдал нь ардчилсан процессод итгэх олон нийтийн итгэлийг ноцтой эвддэг. Ил тод байдал, тайлагналгүйгээр хандивын болон зарцуулалтын хязгаарлалт, хориглолт хэрэгжих боломжгүй.

Олон улсад тайлангаа хугацаандаа гаргаагүй эсхүл дутуу гаргасан зэрэг зөрчилд дийлэнхдээ улсын төсвөөс өгөх дэмжлэгийг зогсоох болон торгох шийтгэл хэрэглэдэг. Гэвч манайд энэ 2 шийтгэл хэрэгжиж үр дүнгээ өгөх боломж одоогоор алга. Жишээ нь, ХБНГУ-д нам санхүүгийн тайлангийн мэдээллээ буруу өгсөн бол тухайн мэдээлсэн дүнг 2 дахин нугалж төлүүлдэг. Гэтэл, манайд 6-8 сая төгрөгөөр нэр төдий торгох заалттай. Мөн, манай намуудын санхүүжилтийн 80 хүртэлх хувийг нь иргэдийн хандив, маш бага хувь нь улсын төсвөөс өгдөг тул улсын төсвөөс өгөх санхүүжилтийг зогсоох шийтгэлийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй. Улсын төсвөөс өгөх санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад, ихэнхийг нь МАН, АН хоёрт л өгдөг. УИХ-аас гадна буй намуудад төсвөөс дэмжлэг бараг өгдөггүй. Нэгэнт улсын төсвийн дэмжлэг намын санхүүжилтийн маш бага хувийг эзэлдэг байхад тайлангаа гаргаж өгсөнгүй гэх шалтгаанаар улсын төсвийг хориглох нь төдийлөн үр нөлөөгүй.

Тэгэхээр зөвхөн одоогийн нөхцөлд тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй нам, эсвэл, нэр дэвшигчийг бага хэмжээгээр торгохын зэрэгцээ дараагийн сонгуульд оролцуулахгүй байх нь тохирсон шийтгэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ, дараагийн сонгуульд бүртгэхгүй байх гэдэг бол сонгогдох эрхийг эдлүүлэхгүй байх агуулгатай, хамгийн хүнд шийтгэлүүдийн нэг учраас түүнийг зөвхөн хамгийн ноцтой зөрчилд эцсийн арга болгон хэрэглэдэг болох нь шударга ёсонд нийцэх бөгөөд тайлангаа заавал гаргадаг болгохын тулд одоо байгаа хуулиудыг энэ зарчмаар улам сайжруулах хэрэгтэй гэж Цэц шийдвэрлэх нь зүйтэй. Тодруулбал, тайлан гаргахтай холбоотой зөрчилд ногдуулах шийтгэлийг тодорхой хуульчлах ба шийтгэл нь зөрчлийн шинж чанарт тохирсон шатлал бүхий байх хэрэгтэй. Жишээ нь, тайлангаа гаргахдаа хуулийн хугацаа хожимдуулсан зэрэг жижиг зөрчил гаргасны төлөө сонгуульд огт оролцуулахгүй эсвэл сонгогдсон суудлыг нь хураан авдаг байх нь хэт хүнд шийтгэл. Энэ мэт зөрчилд ногдуулах шийтгэлийн төрлийг олшруулах, оновчтой хуульчлах шаардлага бий. Тухайлбал, тайлангаа хуулийн хугацаанд ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол түүнийг харгалзан үзэж хүлээн авдаг байх, хугацаандаа зардлын тайлангаа хүргүүлээгүй бол сануулах эсхүл бага хэмжээний торгууль ногдуулах заалт оруулж болно. Хэрэв сануулсаар байтал зардлын тайлангаа огт хүргүүлээгүй татгалзвал их хэмжээний торгууль ногдуулах эсхүл энэ үүргээ удаа дараа, ноцтой зөрчсөн тохиолдолд дараагийн сонгуульд оролцуулахгүй байхаар зааж болно. Тайлангаа бусдыг төөрөгдүүлэх зорилгоор худал мэдээллийг санаатайгаар оруулах зэрэг ноцтой зөрчил үйлдсэн бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх шийтгэлийн хүрээг хязгаарлахыг "Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин" судалгаанд зөвлөсөнтэй санал нэг байгаа ч уг шийтгэлийг халах санал нь бодитой биш. Учир нь, Монгол Улс дахь одоогийн эрх зүйн орчин хэвээр байгаа тохиолдолд дараагийн сонгуульд бүртгэхгүй байх шийтгэлийг хуулиас хасвал сонгуулийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх сэдэл төрүүлэх өөр шийтгэлгүй болно.

Монголд яваандаа торгууль ногдуулах болон улс төрийн санхүүжилтийг хязгаарлах шийтгэлүүдийг түлхүү ашигладаг болох хэрэгтэй юм. Улс төрийн нам, нэр дэвшигч болон хандивлагчид хуулийг зөрчихгүй байх сэдэл төрүүлэхүйц хангалттай хэмжээгээр торгуулийн шийтгэлийн хэмжээг өгсөх нь чухал шинэчлэл болно. Мөн, төрийн санхүүжилтийг иргэдээс авсан саналаар нь намуудад хүрэлцэхүйц хэмжээгээр хуваарилдаг болбол намуудыг мөнгөний хамаарлаас гаргахад тустай төдийгүй тайлангаа хугацаандаа өгөөгүй бол энэ дэмжлэгийг хэсэгчлэн эсхүл бүрэн зогсоох байдлаар зохицуулж тайлагналыг үр нөлөөтэй болгож болно. Үүнийг хийж чадсан тохиолдолд бид дараагийн сонгуульд бүртгэхээс татгалзах зохицуулалтыг халах эсхүл цөөн онцгой тохиолдолд хэрэглэхээр хязгаарлах боломжтой. Санхүүгийн хариуцлага хүлээлгэх тогтолцоог эрх баригч нам, эвслийг шүүмжлэгчдийг шийтгэх хэрэгсэл болгож ашигласан Аргентин, Гүрж зэрэг улсад гарч байсан гэдэг. Ийм байдлаар хариуцлагын тогтолцоог урвуулан ашиглах явдал гаргахгүйн тулд уг асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэй байх ёстой, мөн СЕХ, Үндэсний аудитын газрыг илүү хараас бус, үр нөлөөтэй болгох хэрэгтэй.

Олон улсын сайн туршлага

Гадны улсуудад намуудын сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хэрхэн хянадаг вэ, сонгуулийн зардлын тайлан авдаг уу, тайлангаа ирүүлээгүй тохиолдолд ямар шийтгэл оноодог юм бол гэсэн асуудлыг товч авч үзье. International IDEA байгууллага 176 улс санхүүгийн үүргээ гүйцэтгээгүй нам, нэр дэвшигчид ямар шийтгэл хүлээлгэдэг талаар судалгаа хийсэн: нийтдээ 10 орчим төрлийн шийтгэл хүлээлгэдэг. 176 улсын 140-д нь торгох, 96 улсад шоронд хорих, 56 улсад тухайн намд төрөөс өгдөг санхүүжилтийг зогсоох шийтгэл ногдуулдаг. Манай улсынх шиг сонгуульд нэр дэвших эрхийг нь хасдаг шийтгэл Франц, Афганистан, Индонез, Кени зэрэг 32 оронд бий. Жишээлбэл, Кени улсад зарцуулалтын тайлангаа хүргүүлээгүй нэр дэвшигч, намыг торгох эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих шийтгэлийн аль нэг эсхүл алин алинаар нь шийтгээд зогсохгүй нэмээд нам, нэр дэвшигчийг тухайн сонгуульд оролцуулдаггүй ажээ.

Шийтгэл нь хэт хөнгөн эсхүл хэт хүнд байж болохгүй. Нэг талаар, Гватемал, Португали, Франц зэрэг улсад нэр төдий торгууль ногдуулдаг нь намуудыг сахилгажуулж чаддаггүй гэж үздэг. Жишээлбэл, Францад хориглосон эх сурвалжаас хандив авах, 7500 еврогийн дээд хязгаараас давсан хандив авахад ердөө 3750 еврогоор торгодог нь хууль бус хандивыг зогсоох арга хэмжээ болж чаддаггүй гэнэ. Нөгөө талаар, хэт хүнд шийтгэл тодорхойгүй байдал үүсгэдэг, заримдаа хүссэний эсрэг үйлчилдэг учраас түүнийг хэрэглэхээс татгалзаж эхэлдэг. Хууль зөрчсөн улс төрчийг хасах (Франц, Энэтхэг) эсвэл хууль зөрчсөн намыг шууд тараах (Сенгал) гэсэн хүнд шийтгэл нь улс төрчийн ноцтой үр дагавар үүсгэдэг тул түүнийг хэрэглэхээс бараг дандаа татгалздаг. Мөн, Польшид нам хугацаандаа тайлангаа гаргаагүй, хандив холбоотой хууль зөрчсөн бол зөрчлийн шинж чанараас хамааруулан төсвөөс өгөх дэмжлэгийг 3 хүртэл жил зогсоох эсхүл намыг бүртгэлээс хасах шийтгэлийг Сонгуулийн комисс ногдуулдаг. 2011 онд нэг намыг бүртгэлээс хасаж, өөр нэг намын дэмжлэгийн зогсоожээ.

МУИС-ийн Хууль зүйн зүйн сургуулийн профессор,

хууль зүйн доктор О.Мөнхсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 29 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 19 цаг 51 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 32 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 43 мин Энгийнийг ухаалгаар 21 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 18 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top