Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримтлахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарах аж.
Халамжийн бодлогыг дараах чиглэлд өөрчлөхөөр тусгажээ:
- Зорилтот бүлэгт хүргэх үйлчилгээ – Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өнчин хүүхдүүд зэрэг зайлшгүй хамгаалах шаардлагатай бүлэгт чиглэсэн дэмжлэгийг сайжруулах
- Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хөдөлмөрт бэлтгэх – Сургалт, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Мэргэжлийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх – Нэн шаардлагатай тусламж шаардлагатай иргэдэд чанартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Отгонбилигийн хэлснээр, өрхийн амьжиргааны түвшний судалгааг шинэчилж, халамж авах шаардлагатай эсэхийг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатай байгаа аж. Тухайлбал, хүнсний эрхийн бичигт хамрагдаж буй иргэдийн мэдээлэл 2017-2019 оны судалгаанд тулгуурласан хэвээр байгааг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн халамжийг зөв системтэй болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулна” гэж онцолсон. Халамжийн улсын төсөв 2.2 их наяд төгрөг байгаа ч үүний 1.5 их наяд нь хүүхдийн мөнгөнд зарцуулагдаж байгааг тэрбээр дурдав. Мөн цалинтай ээжийн хөтөлбөр, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, орон сууцны зээлийн бодлого зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд шинэчлэхээр ажиллаж байна.
Шинэ хуулийн төслийг 2025 оны хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж, олон талын хэлэлцүүлэг зохион байгуулж буйг албаныхан мэдээллээ.
Эх сурвалж: ГБХНХЯ