Австралийн нэгэн иргэн зүрхний архаг дутагдлын улмаас донорын эрхтэн хүлээж байх хугацаандаа хиймэл титан зүрхний тусламжтайгаар 100 хоног амьдарсан анхны хүн болжээ. Энэ нь эмнэл зүйн томоохон амжилт болохыг мэс заслыг гүйцэтгэсэн Австралийн судлаачид онцолсон байна.
Шинэ Өмнөд Уэльс мужийн 40 настай эрэгтэй сайн дурын үндсэн дээр хиймэл зүрх суулгуулсан Австралийн анхны иргэн, дэлхийн зургаа дахь хүн болсон бөгөөд уг технологийг ашиглаж хамгийн урт хугацаанд амьдарсан өвчтөнөөр бүртгэгджээ.
Титан зүрх суулгах туршилт ба дэлхийн анхны тохиолдол
- АНУ-д 2023 онд хийсэн таван мэс заслын үед өвчтөнүүд донорын зүрхийг шилжүүлэн суулгах хүртлээ хамгийн ихдээ 27 хоног хиймэл зүрхтэй амьдарсан байна.
- Австралийн иргэний хувьд хиймэл зүрхийг 2023 оны 11-р сарын 22-нд Сидней хотын Гэгээн Винсентийн эмнэлэгт Пол Янс удирдан суулгажээ.
- Тэрбээр уг төхөөрөмжтэй 100 гаруй хоног амьдарсны дараа гуравдугаар сард донорын зүрх шилжүүлэн суулгуулжээ.
Шинэ үеийн хиймэл зүрхний онцлог
- Калифорнид төвтэй BiVACOR компани энэхүү хиймэл зүрхийг зохион бүтээжээ.
- Соронзон хөвөгч технологи ашиглаж, эрүүл зүрхний хэвийн үйл ажиллагааг бүрэн орлох байдлаар бүтээгдсэн.
- Зүрхний хоёр ховдлын дутагдал нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүдэд зориулан тус төхөөрөмжийг туршиж байгаа аж.
Энэхүү анхдагч туршилт нь дэлхий даяар зүрхний өвчний эцсийн шатанд орсон хүмүүст найдвар төрүүлж буй технологийн дэвшилтэт шийдэл болохыг судлаачид онцолж байна.
Эх сурвалж: BBC