Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр тооцвол эрэгтэйчүүд нэг өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг, эмэгтэйчүүд 8 цаг 13 минутыг хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн бүтэц хүйсээс хамаарч ихээхэн ялгаатай байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд зарцуулдаг бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр буюу гэрийн ажил, хүүхэд асрах, ар гэрийн халамжинд зориулдаг байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн нийт цагийн 71.6 хувь нь хөлстэй хөдөлмөр бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн цагийн 44.6 хувь нь хөлстэй хөдөлмөрт ногдож байна.
Энэхүү судалгааг Жендерийн үндэсний хороо, Европын Холбоо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүүжилтээр 2023 онд хийсэн бөгөөд хүйсийн тэгш бус байдал хөдөлмөрийн салбарт хэрхэн илэрч буйг тодорхойлсон чухал баримт бичиг болжээ.
Эх сурвалж: Жендерийн үндэсний хороо, Европын Холбоо, НҮБ-ын Хүн амын сан.