Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, 2024 онд зам засвар, шинэчлэлийн ажилд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж. Гэсэн хэдий ч шинээр зам барихаас гадна, ашиглаж буй замуудын арчилгаа, засварыг цаг тухайд нь хийх нь илүү чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ талаар хэлэхдээ:
“Жил бүр бид замын засвар арчлалтын санхүүжилтийн хүсэлт гаргадаг ч ердөө 30-40 хувь нь л батлагддаг. Үүнээс үүдэн олон улсын болон улсын чанартай авто замуудад чанаргүй засвар хийгдэх, эсвэл бүр засваргүй удах асуудал үүсэж байна” гэв.
Зам арчилгаа, засварын шинэ тогтолцоог бий болгож байна
Өмнө нь нүх гарсан замыг нөхөхөд л санхүүжилт олгодог байсан бол одоо замын ашиглалтын бэлэн байдлыг хангах түвшнээр санхүүжилт олгох шинэ тогтолцоог бий болгожээ. Энэ нь зам эвдрэхээс өмнө урьдчилан сэргийлэх, тогтмол засвар арчилгааг хийдэг механизмыг дэмжих зорилготой юм.
Гэхдээ уг санхүүжилтийн шинэ тогтолцоо хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд өндөр хөрөнгө шаардагдах тул алхам алхмаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Хариуцлагын тогтолцоо чангарч байна
- 2023 онд зам засварын ажлыг чанаргүй хийсэн 10 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
- Компаниуд гүйцэтгэлийн баталгааг мөнгөн хэлбэрээр өгөх журам хэрэгжиж эхэлсэн. Хэрэв гүйцэтгэгч компани замаа засварлаж чадахгүй бол уг хөрөнгөөр нь өөр компаниар засвар хийлгэх зохицуулалт хэрэгжиж байна.
- Даатгалын шаардлага тавих болсон. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч компаниуд замын чанарыг тодорхой хугацаанд баталгаажуулах үүрэг хүлээж, хариуцлагаа нэмэгдүүлэх болжээ.
Замын засвар, арчлалтыг урьдчилан төлөвлөж, тогтвортой санхүүжилтээр хангахгүй бол чанаргүй засвар, богино настай авто зам зэрэг асуудал цаашид ч үргэлжилсээр байх эрсдэлтэй. Иймээс энэ чиглэлээр хуулийн зохицуулалтыг сайжруулж, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам