Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элссэн байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 6364 хоршооны 22359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.
Архангай аймагт энэ хөдөлгөөний хүрээнд 514 хоршооны 2008 гишүүн 57.8 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.
Зөвлөгөөний үеэр хоршоологчид зээл олголт, эргэн төлөлт, татвар, даатгалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, тэргүүлэх сайн туршлагуудаа хуваалцав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ:
- Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтмолжуулах боломжтойг онцоллоо.
- Хоршоологчид төвлөрсөн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн болох ёстойг дурдав.
- Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор хоршоодод газар олгох ажлыг эрчимжүүлнэ гэж мэдэгдэв.
- Хоршооны гишүүдийг чадавхжуулах, стандарт нэвтрүүлэх, олон улсын туршлага судлах боломжоор хангана гэж амлалаа.
Зөвлөгөөнд оролцсон хоршоологчид “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт тогтвортой үргэлжилснээр малчдын орлого тогтмолжих, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, хүнсний хангамж сайжрах, орон нутгийн төвлөрөл нэмэгдэх давуу талтай гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар