УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2025.01.29/ утааны асуудлаар гурав дахь хэлэлцүүлгээ зохион байгуулна. Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос хойш зуух, яндан солихоос эхлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх хүртэл олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Зарцуулсан хөрөнгө хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч үр дүнд хүрээгүй уг төсөл хөтөлбөрүүдийн араас хариуцлага яригдаж эхлээд байна.
Сайжруулсан түлшний хэрэглээнээс болж 2019 оноос хойш 400 гаруй иргэн амь насаа алдсан мэдээ бий. Гэвч албаныхан “Түлшийг стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Сорьцод шинжилгээ хийхэд стандарт хангасан” гэдэг тайлбар хэлсээр өдийг хүрсэн. Харин эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж, хорт хавдраар амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэх болсныг анхааруулсаар байна. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээр зөвхөн түлшинд хордож амиа алдсан хохирогчдын асуудал хөндөгдөхөөс гадна эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн асуудал ч сөхөгдөж таарна.
УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо иргэдийн шаардлагаар ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд утааны сонсгол хийхээр болсонтой холбогдуулж Байнгын хорооноос урьдчилсан байдлаар дээрх хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Өмнөх хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан байна.