Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой:
-
Эхнэр, нөхөр хоёулаа Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг байх. Хэрэв эхнэр эсвэл нөхөр нь Цэргийн тэтгэвэр эсвэл Халамжийн сангаас тэтгэвэр авдаг бол энэ зохицуулалтад хамрагдах боломжгүй.
-
Гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх. Хууль ёсны гэрлэлтийн гэрчилгээтэй байх шаардлагатай.
-
20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх. Гэрлэснээс хойшхи хамтын амьдралын хугацаа 20 жилээс дээш байх ёстой.
Эдгээр нөхцөлийг хангасан тохиолдолд, эхнэр эсвэл нөхөр нь нас барсан үед амьд үлдсэн хань нь талийгаачийн авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн өндөр насны тэтгэвэр дээрээ нэмэгдүүлэн авах эрхтэй.
Энэхүү зохицуулалт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд зөвхөн энэ өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой.