Улсын Их Хурлын чуулганы пүрэв гаригийн (2024.12.26) үдээс хойших хуралдаанаар 3-р ДЦС-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Үдээс хойших хуралдаан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгээр эхлэв.
Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавив.
Тэрбээр хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших 100 хоногийн хугацаанд 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллахдаа тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийх, улс орны тогтолцоо, эрх зүйн болон намуудын үзэл баримтлал, мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд бүхий л боломжоо дайчлан үр дүнд хүрч эхэлж байгааг дурдсан юм. Мега төслүүд гацсан суурь шалтгааныг нэгдүгээрт, олон улсын геополитикийн нөхцөл байдал болон тусгай албадын шууд ба шууд бус нөлөөлөл, хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр, эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, хувь улс төрчид, гуравдугаарт, их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акт гэсэн нөлөөллүүдийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явж ирснээс болсон гэж Ерөнхий сайд дүгнэн хэлсэн юм. Мөн тэрбээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт Шанхай хотод гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж эхний галаа асаасан, Булангийн орнуудад айлчлал хийж үнэ чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчний экспорт зэрэг асуудлыг шийдвэрлэснээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн байгааг мэдээлж, урьдчилсан байдлаар 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайн гарч байгааг болон 2025 оныг нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан тухай мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” болон Монгол Улс, Франц Улстай хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж хэлэлцүүлж байна гээд тогтоолын төслүүдийг товч танилцуулав.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар хоёр тал 2003 оноос санал солилцож эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсоор ярьж, энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр зөвлөмж, Улсын Их Хурал тав, Засгийн газар 45 тогтоол гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалжээ. Хоёр улсын Засгийн газар хооронд хийх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгой компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49, 17, 17, 17 байх зэрэг асуудал оруулснаас болж боомтын хил холболтын төмөр замын төсөл улс төрийн гацаанд орсон хэмээн Ерөнхий сайд дүгнэж, жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компаниуд, Таван толгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашгаас шалтгаалан улс төрийн эсэргүүцэл бий болсон, боомтын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг, бусад хил холбох боомтын асуудлууд, нийгмийн томоохон төслүүд давхар гацаж, хоёр улсын харилцаанд ч мөн асуудал үүссэн тухай Засгийн газрын тэргүүн өгүүлэв.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх тооцооллыг Засгийн газар хийсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд, Эрээний боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэйгөө төмөр замаар холбогдох хоёр дахь боомт болох бөгөөд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг холбох боломж, эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2028 он гэхэд 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 000 ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд энэ төсөл үндсэн шийдэл болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Уллсын Их Хурлын тогтоолын төсөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад дараах чиглэлүүдийг баримталж ажиллахыг Ерөнхий сайдад зөвшөөрөхөөр тусгасан байна. Үүнд,
- 1.Монгол, Хятадын Гашуун сухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс,Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн өндөр дээд түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх
- 2.Монгол, Хятадын Гашуун сухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхгурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх
- 3.Монгол, Хятадын Гашуун сухайт, Ганц мод боомтын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллагаандаа“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аливаа бусад этгээдэд шилжүүлэхгүй байх
- Гашуун сухайт ганц мод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалаар жишиг болгож гэрээгээр үйлчлэх хугацааг 16 жилээр тогтоох
- Гашуунсухайт-Ганцмодчиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-аас 2029 онд 27 сая тонн, 2030 оноос эхлэн 20 сая тонноос бууруулахгүй байх
- 6.Гашуунсухайт-Ганцмодбоомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаар барьж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг хоорондоо зөрөх.
- ХилийнГашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” нийтлэг зарчмыг баримтлах
- 8.Гашуунсухайт-Ганцмодбоомтын хил дамнасан төмөр зам барих, түүний холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцох боломжоор хангах
- 9.Бүгд Найрамдах Хятад Ард Улсынхил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа зардал, алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх
- 10.Гашуунсухайт-Ганцмодбоомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх
- 11.Сэргээгдэх эрчим хүчний экспорт,эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг асуудлыг энэхүү гэрээний үргэлжлэх 16 жилийн хугацаанд байгуулж, хамтран ажиллахыг судлах зэрэг асуудлуудыг оруулсан байна.
Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн дагуу Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч боомтуудад төмөр замын хилийн боомт ажиллахаар тогтож, Хятадын талаас Ганцмод, Сэхээ, Зүүн хатавч боомтууд хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгасан болон харин Монголын талаас бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжээгүйг онцолсон юм. Иймд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх, эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг асуудлыг тусгасан байгааг дурдав.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Ж.Ганбаатар, П.Батчимэг, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, Ж.Золжаргал нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, парламентын үүрэг бол олон жил гацаж, улс орны хөгжлийг боомилсон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх, нийгэм, эдийн засаг илүү өндөр өгөөжтэй, үр ашигтай байх бодлого, чиглэлийг тодорхойлох юм гээд, БНХАУ, ОХУ, Францын “Орано майнинг” групптэй хийх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэж байгаа нь 10-30 орчим жилийн хугацаанд гацсан эдгээр төслүүдийг бодит ажил хэрэг болгох онцгой чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх шийдвэр гэдгийг тэрбээр дурдаж, эдгээр асуудлуудад ач холбогдол өгч, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг Улсын Их Хурлын гишүүдэд уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тавьсан төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй уялдуулан Улсын Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Ж.Баясгалан, Ө.Шижир, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, О.Батнайрамдал, П.Батчимэг, Г.Ганбаатар нарын зэрэг 24 гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалд улстөржихгүй, агуулга, ач холбогдлыг том зургаар харж шийдвэрлэх, Ерөнхий сайдын илтгэлд дурдагдсан хил дамнасан бүлэглэл гэдэг хэн хэн байсныг зарлаж, хариуцлага тооцох, улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, гишүүний тангарагтаа үнэнч байх, маргаан үүссэн тохиолдолд аль улсын арбитраар шийдвэрлүүлэх, эдийн засгийн ерөнхий тооцоолол нь ямар болох, нүүрс худалдах, худалдан авах үнийг тогтоохдоо ямар аргачлал баримтлах, үнийг 16 жилийн турш тогтвортой байлгах, эсэх, Тавантолгойн ордоос нэг тонн нүүрс олборлох өөрийн өртөг ямар байдаг, гуравдагч талын оролцоогүй гэдгийг юу гэж ойлгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцох, энэ шийдвэрийг гаргасны дараа ажил урагшлаагүй, үр дүн гараагүй гэсэн бүтэлгүй тайлан тавиад сууж байхгүй байх, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаанд Хэрлэн-Говь, Орхон-Говь төслүүд хамрагдаж байгаа эсэх зэрэг асуудлаар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин төмөр замын холболт, нүүрс тээвэрлэлт, том зах зээл дээр нүүрсээ гаргаж зарахтай холбоотой асуудал бол маш том өрсөлдөөн байсан, Хятадын зах зээлд Монголын нүүрс өрсөлдөх чадвартай байх уу, зарж байгаа нүүрснээсээ бид илүү өндөр ашиг авч чадах уу гэдэг энэ өрсөлдөөнд Монгол Улс 16 жил ялагдсан гээд, үүнд тусгай албадын оролцоо байсан гэдгийг Ерөнхий сайд оновчтой дүгнэлээ гэсэн юм. Энэ өрсөлдөөн Монгол Улсад популизм, төрийн данхайлт, хуулийн байгууллагуудын тогтолцооны авлигыг галзууруулсан хэмээн тэрбээр онцолж, эдгээр алдаа завхралуудаа засахгүй бол энэ байдлаараа 16 жил үргэлжилнэ гэлээ.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад харилухдаа Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар Хятадын тал оруулсан хөрөнгө оруулалт, алдагдсан боломжоо тооцоолж ирүүлсэн, харин манай тал одоогоор 18,5 их наяд төгрөгийн боломж алдагдсан гэж тооцоололд байгааг дурдаж, 16 жилийн турш нэг үнээр явахгүй, одоо “Эрдэнэс Тавантолой” ХК-ийн БНХАУ-ын компаниудад борлуулж байгаа суурь үнэ дээр Хятадын таван тоомтын дундаж үнийн дунджаар тооцсон индексийг нэмсэн жишиг үнийг баримтлах бөгөөд улирал тутамд шинэчилнэ гэсэн юм. Мөн маргаан гарах тохиолдолд Сингапурын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр төсөлд тусгаад явж байгаа болон Хятадын талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орд газарт хувь, хувьцаа эзэмших тухай, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх тухай, царигийн тухай асуудлыг дахин хөндөхгүй болсон талаар тайлбарлалаа. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам нээгдсэнээр манай улсын нүүрсний экспортын орлого 2025-2029 онд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум доллароор, 2030 оноос эхлээд 11.0 тэрбум ам.доллароос дээш хэмжээгээр нэмэгдэх юм. Ганцмодны боомт руу манай улсын өргөн царигтай төмөр зам шууд орж, задгай вагоноо хөмрөх маягаар буулгах бол Хятадын нарийн царигтай төмөр зам манай улсын Гашуунсухайт боомт руу орж ирж, тэнд нүүрсийг чингэлэгт ачих бөгөөд нарийн төмөр замаар гаргах ачааны хэмжээ 20 сая тонн, өргөн төмөр замаар гаргах ачаа 10 сая тонн байхаар тооцож байгаа юм. Цаашид экспортод гаргах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК талбай дотроо Онч хараат, Бортолгой уурхайнуудыг нэмж нээх бөгөөд эдгээр ордод урьдчилсан судалгаа хийгдсэнийг компани өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэх юм. Төмөр замаар ачаа тээвэрлэх, ачих, буулгах үй ажиллагаатай холботой бүхий л нэмүү өртөг Монголын талд үлдэх үр өгөөж байх болно гэдгийг Засгийн газрын гишүүд онцлов.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Сайд илтгэлдээ, 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тус сангийн төрөлжсөн сан болох Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, хуваарилалт, хөрөнгийн удирдлагын асуудлыг хуульчилсан талаар дурдаж, Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувийг, Хуримтлалын санд уул уурхайн олборлолт ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьд ноогдох ноогдол ашгийг төвлөрүүлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хүртээх, тэдгээрийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцын хэрэгцээнд зарцуулж байхаар зохицуулсныг тодруулан тайлбарлалаа. Эдгээр сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хуульчилсан талаар тэрбээр тодорхой танилцуулаад, харин Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж болохоор заасан боловч тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч 5.0 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газар тогтоож, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасан зарчим, түүнд нийцүүлэн гаргасан Үндэсний баялгийн сангийн орлого бүрдүүлэх зарчимтай нийцэхгүй байна гэлээ.
Иймд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаар бий болсон татварын бус орлогыг иргэдийн хадгаламж хуримтлалын санд төвлөрүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны тусгай төлбөрийг улсын төсөвт төлөхөөр заасныг өөрчилж иргэдийн хуримтлалын сан хадгаламжид төвлөрүүлэх, тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч 5.0 хувиас хэтрэхгүй байхаар заасныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох зохицуулалтуудыг тусгажээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулав. Тэрбээр хуулийн төслүүдийг Засгийн газраас яаралтай хэлэлцэхээр өргөн мэдүүлснийг дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйлийг хүчингүй болгох нь хуулийн бусад зохицуулалтад хэрхэн нөлөөлөх, хууль баталснаар орон нутгийн хөгжлийн санд үзүүлэх нөлөөлөл болон борлуулалтын үр ашгийн тооцооллын талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг цаашид бизнесийн зарчмыг анхаарах шаардлагатай байгаа талаар болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн доод хэмжээг тогтоох асуудлыг судалж үзсэн, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар татвар, хураамж, бүрдүүлэлтэд ямар ахиц дэвшилд гарч байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим болон холбогдох хууль тогтоолын хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр нэмэгдсэнээр орон нутагт бий болох үр өгөөжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан тухай мэдээлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд эдийн засгийн үр өгөөжийн тооцооллын талаар санал хэлсэн байна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Б.Уянга, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд татварын бус орлого гэдэгт ямар ямар орлогыг тооцох, Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуулиудын зөрчлийг хэрхэн шийдэрлэх, Хуримтлалын сангийн хөрөнгийг хэрхэн иргэн бүрд тэгш шударга хүртээх, Францын “Орано майнинг” компанитай байгуулах гэрээний төсөлд гадаад ажилтны тоо хэмжээ, төлбөрийн хөнгөлөлт болон гадаадын мэргэжилтэн, монгол ажилтнуудын цалингийн зөрүү, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хэрхэн тусгаж байгаа, бусад орлогоос ялган хуримтлалын санд хөрөнгө төвлөрүүлэх журмын тухай, иргэдийн 1072 хувьцааны тодорхой хувиудыг сонгуульд санал авах зорилгоор оюутны төлбөр, тэтгэвэр зэрэгт зарцуулсныг буцаах боломжтой эсэх, шнээр төрсөн хүүхдүүд шууд хувьцаа эзэмшигч болдог байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өгч, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын орлого арвижих боломж бүрдсэн болон “Орано майнинг” компанитай байгуулах гэрээнд Монгол Улс өөрийн эзэмших 34 хувийнхаа 10 хувийг ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр авах, 24 хувийг АМНАТ болон татварыг орлогод нь дүйцүүлэн Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалт тусгаж буй талаар ярьсан юм. Уг гэрээнд тусгаж буй энэ зохицуулалтыг хуульчлахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Ерөнхий сайд тодотгон танилцуулсан юм.
Үүний дараа “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг мөн Н.Учрал сайд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зөөвч овоо, Дулаан уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөснийг сайд илтгэлдээ дурдаад, Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, олборлолт, ашиглалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой гэлээ.
Зөөвч Овоо төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” компанийн 34 хувийн энгийн хувьцааны ноогдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТ-т 717 сая ам.доллар буюу нийтдээ улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрүүлэх тооцоолол гаргасан байна. Харин 34 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколын дагуу 10.0 хувийн давуу эрхийн хувьцаа, тусгай АМНАТ-өөр орлуулж 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ноогдол ашиг, АМНАТ-т 2.0 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийтдээ улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрүүлэх ажээ. Үүнээс 34 хувийн энгийн хувьцааны санхүүгийн өгөөж илүү мэт боловч энэ нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үед хөрөнгө оруулагч зардлыг удирдах, төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр татвар хураамжийг бууруулах боломжтой байдаг тул Засгийн газар анх тооцсон ноогдол ашгаа хүртэж чадахгүй байх, төслийн өгөөж тодорхой хугацаагүйгээр хойшлох зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байдгийг Н.Учрал сайд сануулсан юм. Иймд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулж, ноогдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн төслийн үр өгөөжийг шууд хүртэх боломж бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.
Засгийн газар 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжид ноогдол ашиг хүртэх, хувьцаанд ноогдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл болзлын дагуу худалдан авах, түүнчлэн компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах зэрэг компанийн тодорхой чухал шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрхтэй байхаар талууд хэлэлцээрийн явцад тохиролцоонд хүрсэн байна. Түүнчлэн АМНАТТ-ийн хувь хэмжээг талуудын хооронд байгуулсан протоколыг үндэслэн ураны хүдрийн баяжмалын зах зээлийн үнийг харгалзан 5.0 хүртэл хувь байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн төслийн ТЭЗҮ-д тулгуурлан олон улсын фаст стандартын дагуу санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж хөрөнгө оруулагч талтай тохиролцсоноор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан байна. Хэрэв Монголын талын шууд хүртэх үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд талууд энэ хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөжийн тохируулга хийх, хөрөнгө оруулагч нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар гэрээнд тусгасан байна. Түүнчлэн хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, нэмэгдсэн өртгийн албан татвар, АМНАТ, гаалийн тариф, гаалийн татвар гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулах, харин байгаль орчны салбарын албан татварыг огт тогтворжуулахгүй байхаар харилцан тохиролцжээ.
АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга инфляцад тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгасан байна. Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх, бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байх, олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологиор явуулах, ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан төслийн бүх үе шатад байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх талаар хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохиролцож гэрээнд тусгаад байгаа аж. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэх Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр 1.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тус тус тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгажээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, М. Мандхай, Б.Жаргалан нар асуулт асууж, хариулт авсан байна. Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, О.Батнайрамдал, Д.Үүрийнтуяа, Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв. Хувьцаа эзэмших хувилбаруудын санхүүгийн тооцооллууд, тэдгээрийн хоорондын зөрүү, төслийн дотоод өгөөжийн хувь ямар байх, Оюутолгой ХК-ийн хувь эзэмшлийн энэ байдлаар шинэчилбэл ямар тооцоолол гарах, цөөн оролцогчтой шар нунтагийн зах зээлийн ямар үнийг суурь болгож авах, нэмж өөр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүсэх, эсэх, мөн “Кожеговь” ХХК-аас шилжүүлэн авч буй тусгай хэлэлцээрээр шийдвэрлэх дөрөв дэх тусгай зөвшөөрөл, хүхрийн хүчлийн үйлдвэр барих, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах, өмчлөлийн хувийг холбогдох хуулиудад нэг мөр болгож цэгцлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон компани бизнесийн үйл ажиллагааны үр дүнгээс өмчлөлийн хувь хэмжээний дагуу хуваарилж буй ногдол ашиг харилцан орлуулах нь зохистой эсэх, байгаль орчинд хор хохиролтой зүйл гэрээнд тусгахгүй байхад анхаарах, энэ асуудлыг олон улсын хэмжээнд хэрхэн зохицуулж буйг судалж, дэлхийн ураны зах зээлийн бусад оролцогчдын саналыг авах, “Орано майнинг” компанийн урьдчилсан ТЭЗҮ олон улсын жишигт нийцэж байгаа, эсэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг Улсын Их Хурлын гишүүд хөндөн ярьж, дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын чуулганы мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВт, дулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулж, тус станц Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг, нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг гэлээ. Өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөл болохыг сайд онцлоод, энэ эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Засгийн газар тус станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан бөгөөд эхний үе шатад цахилгаанаар 50 мВт-ын, дулаанаар 100 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих, хоёрдугаар үе шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг буулгаж суурин дээр нь цахилгаанаар 250 мВт-ын, дулаанаар 400 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих төслийн зургийн ажлыг хийж гүйцэтгэх юм.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг тус станцыг өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг илэрхийлсэн бөгөөд мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “ДЦС 3” ТӨХК болон “Интер Ровэ Экспорт” компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. “Интер РАО Экспорт” компани төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж 2022 оны есдүгээр сард “ДЦС 3” ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна. Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж харилцан зөвшилцжээ. Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сард хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой зөвшилцсөн бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 48 дугаар захирамжаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгосны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу энэ оны есдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрт төслийн зураг төсөл боловсруулах инженерийн судалгаа шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС 3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын “Интер РОА Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.
Хуулийн төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод уг асуудлаар санал дүгнэлтээ ирүүлснийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзсэн байна. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Н.Алтаншагай, Х.Болормаа, Ч.Анар, Б.Батбаатар нар хуулийн төслийн талаарх ойлголтыг иргэд олон нийтэд зөв өгөхөд анхаарах, Сингапурын арбитр хэлэлцээрийн аль эхийг албан ёсны эх хувь гэж үзэх, төслийн өртгийн талаар, Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны өнөөгийн байдлын талаар, төслийн хэрэгжих хугацаа, үр дүнгийн талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Х.Болормаа, Б.Жаргалан, Ч.Анар, Г.Хосбаяр, Г.Тэмүүлэн нар цаашид эрчим хүчний салбарын үйл ажиллагааг сайжруулах, эрчим хүчний хангалтгүй байдлыг анхаарах зэрэг асуудлаар үг хэлсэн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хоёр хөрштэйгөө харилцах харилцаагаа манай улс эн тэнцүү сайжруулах шаардлагатай байгааг чухалчилж, 20 сая ам.долларын зураг төслийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир эрчим хүч, нефть шатахуун зэрэг зарим чухал бүтээгдэхүүнээр ОХУ-аас хамааралтайг сануулж, энэ хамаарлыг арилгах, Эгийн голын усан цахилгаан станцын төслөө урагшлуулахад энэ хамтын ажиллагаа чиглэх учиртай гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ОХУ-ын эрчим хүчний технологийн хөгжлийн түвшин, ашигт үйлийн коэффициент ямар байгаа талаар асууж, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендер зарлаж шийдвэрлэх асуудлыг хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа дэлхий дахинд нүүрсний цахилгаан станцад санхүүжилт өгөх улс орон байхгүй болоод байгааг хэлж, хугацаа алдах тусам боломж хомсдоно гэдгийг анхааруулсан юм. Тог цахилгаангүй атлаа мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярих ичгэвтэр хэмээн тэрбээр хэлж, эхний шатанд ямар ч байсан зураг төсвийг хийлгээд үзье, болохгүй бол үгүй гэж хэлэх боломж бидэнд бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндэсний аюулгүй байдлын асуудалд ухаантай хандах ёстойг дурдаж, эрчим хүчний үнэ нэмсэн дарамтыг иргэд ухаалаг хүлээж авсныг сануулаад, иргэдийнхээ энэ эрсдэлийг дахин нэмэхгүйгээр асуудлыг зоригтой, хэрсүү шийдэж ажиллах шаардлагатайг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо.
Дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн, Аюулгүй байдал гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)