x

Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна

"Төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй болгоогүй үед цаашдаа овойж оцойтлоо хуримтлалтай болохгүй"

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Баялгийн сангийн тухай хуульд “…уул уурхайн ордын 34 хувьд ногдох орлого Монгол Улсын иргэдийн хуримтлал байна” гэж заасан. Өнгөрсөн долоо хоногт Баялгийн сан руу иргэн бүрийн эхний хуримтлал шилжсэн. Хаанаас ямар мөнгө шилжиж оров гэдэг дээр зарим иргэд тодорхой мэдээлэлгүй байна. Эндээс ярилцъя?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдээлэл хийхдээ “Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Хувьцаа эзэмшигч иргэн бүрд дунджаар 350 орчим мянган төгрөгийн ногдол ашиг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляци зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно. Нэг, хоёрдугаар сараас шийдвэр гарч, үлдсэн хэсгийг олгоно” гэсэн юм. Тэгэхээр хэд хоногийн өмнө таны дансанд орсон мөнгө бол 1072 хувьцааны ногдол ашиг. Ойролцоогоор 400 гаруй тэрбум төгрөг тараагдсан байх. Олон ахмад, тухайн үед оюутан байсан иргэд хувьцаагаа борлуулж, мөнгө болгосон иргэд дээр дурдсан хэмжээнээс бага мөнгө авсан байх.

-Иргэд уул уурхайн үр шимийг хүртэж байна гэж ойлгож болох уу?

-Мэдээж өнгөц харвал тийм. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийж эцэслэн баталгаажсаны дараа нэгж хувьцаанд оногдох ногдол ашиг тодорхой болох учиртай байсан.

-Өнөөдрийн байдлаар Үндэсний баялгийн сан буюу Ирээдүй өв санд дөрвөн их наяд төгрөгийн хуримтлал үүсчээ. Энэ нь “Үндэсний баялгийн сан дахь хуримтлалын эхлэл” гэдгээрээ яах аргагүй чухал болов уу?

-Баялгийн сан нь Ирээдүйн өв, Хуримтлалын болон Хөгж лийн сангаас бүрдэж байгаа. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах зорилготой юм. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхэд зориулагдаж байгаа. Хөгжлийн сан нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан.

-Гурван сангийн алинд нь хэдэн төгрөг хуримтлагдсан талаарх мэдээлэл тодорхой байна уу?

-Яг аль санд нь хичнээн төгрөг хуримтлагдсан эсэхийг тооцох арай эрт байна. Ирэх оны нэгдүгээр улиралд тодорхой болох болов уу. Ирээдүйн өв нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлого зэргээс бүрдэнэ. Өмнө нь энэ сангийн хөрөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй байх хуультай байсан хэдий ч гурван жил дараалаад хүүхдийн мөнгө өгчихсөн учраас нийт дүнг одоогоор хэлэх боломжгүй байна. Хуримтлалын сан нь уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмших хувьцаанд ногдох бүх ногдол ашгийг, Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэх хуулийн зохицуулалттай.

-Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн гол “өгөөж” юу байх вэ?

-2024 оны УИХ-ын сонгуулийг угтаж Ирээдүйн өв санг Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэх хоёр сантай болгосон. Ирэх жилүүдэд уул уурхайн орлого буюу АМНАТ, стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ашиг, төрийн өмчит уурхайнуудын ашгаар Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван санг зэрэг санхүүжүүлж, иргэдээ ядуурлаас гаргаж, эх орноо өрийн хавхнаас гаргана гэж МАН-ынхан УИХ-ын сонгуулиар баахан пиардсан. Өөрөөр хэлбэл, төрийн савраас энэхүү сангуудыг гаргаагүй байгаа үед дараачийн ЖДҮ сан, Боловсролын сан, ХАА-г дэмжих сан болж хувирна.

-Дээрх мөнгийг бэлнээр зарцуулахгүй, харин эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулах зохицуулалттай. Хугацаатай хадгаламж гэж ойлгож болно гэсэн. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэх байх?

-Энэ Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж байх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Тусгаар тогтнол” нэртэй баялгийн сангийн хуулийг өргөн барьсан ч эрх баригчид огт авч хэлэлцээгүй. Тус “гологдсон” сангийн тухай хуулийн амин сүнс нь баялгийн сан төсвийн “далд халаас” байх ёсгүй гэсэн энгийн логик дээр үндэслэгдсэн байсан. Өмнөх сангийн тухай хуулиудын алдаа завхралыг давтахгүйн тулд удирдлага зохион байгуулалт, хяналтыг нь Засгийн газраас тусад нь салгах маш чухал заалт орсон байв. Менежментийг нь гадаад болон дотоодын хувийн хэвшлийнхэн хийхээр тусгасан. Мөн ямар нэгэн халамжийн сан болгож болохгүй. Үндэсний баялгийн сан үүрэг зорилгын хувьд уул уурхайн компаниудаас цуглуулсан мөнгөө иргэдэд тараагаад өгчихдөг байвал сан байх хэрэг байхгүй. Үндэсний баялгийн сангийн орлогыг төрийн өмчит компаниас биш, харин уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Харин уул уурхайн салбарт төрийн өмчит салбарын оролцоог аль болох хязгаарлахгүй бол хулгай, луйвар салахгүй гэж тооцсон. Тиймээс төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгоход анхаарлаа хандуулах гэсэн амин чухал заалтууд байсан. Харамсалтай нь, МАН-ын хэт олонх өөрсдийн өргөн барьсан хуулиа хүчээр батлаад явсан. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиудаасаа зарчмын ямар нэгэн ялгаагүй хууль батлагдсан. Тиймээс овойж оцойтол хуримтлал бий болно гэдэгт би лав итгэхгүй байна. Эргэж түүхээ хар гэж хэлмээр байна.

-Засгийн газар Үндэсний баялгийн санг Хөгжлийн сантай илүү холбох зорилгоор Хөгжлийн банкийг экспортын банк буюу сонгодог Эксим банк болгох хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэж үзжээ. Энэ дээр юуг зайлшгүй анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Норвегийн баялгийн санг Сангийн яамных нь харьяа “NBIM” гэх тусгай банк удирдаж, сангийнхаа мөнгийг том төслүүдэд хөрөнгө оруулах замаар өсгөж байдаг. Гэтэл тус банктай чиг үүргээр адилхан манай Хөгжлийн банк өөрөө төрийн томчуулд их наядаар хэмжигдэх дүнгээр тоногдож, данс нь улайж, дампуурлаа зарлахын ирмэг дээр санжганаж байгаа. Нэр өөрчлөхөөр гайхамшиг болохгүй. Төрийн савраас холдуулж байж л зөв замд орно шүү дээ.

-МАН, АН, ХҮН намын удирдлагууд Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт орсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан. Энэ хууль хэрэгжиж эхлээд оны эцсийн анхны үр дүн гарлаа гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Нийлэхгүй. Үр дүнг нь ганц жил болоогүй байхад, мөрдөх ёстой хуулиудаа уландаа гишгээд таван цаас талын нэг тараачихсанаа анхны үр дүн гэж хөөрцөглөж огт болохгүй.

-Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их хааныхаа нэрээр “Chinggis fund” нэршлээр танигдана гэсэн үг” гэж шийдсэн. Арав гаруй жилийн өмнө Их хааны нэрээр бонд гаргаж өр тавьж байсан бол өнөөдөр баялгаа хуваадаг сангийн нэр болгож байгаа нь бас нэг дэвшил болов уу. Та энэ талаар байр сууриа хуваалцахгүй юу?

-2008 оны УИХ-ын сонгуулиар МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5 сая, АН “Эрдэнийн хувь” нэрээр 1.0 сая төгрөг хувьцаа тараахаар амлалт өгсөн. УИХ-д МАН 45, АН 28 суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулсан. 2009 онд Хүний хөгжил санг байгуулж, 2010 онд тус сангаар дамжуулан иргэн бүрд “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг тараах Засгийн газрын тогтоол гарч байлаа. Ингээд бэлнээр тэрбум гаруйтай ам.доллар тарааж Хятадаас уул уурхайгаа барьцаалан асар их хэмжээтэй зээл авсан. Ингэж улс орон өрөнд унах эхлэл тавигдаад зогсохгүй улс төрийн “шоу” стратегийн ордоос санхүүжүүлэх, халамжийн хавтгайрал эхэлсэн түүхтэй. Удалгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны сонгуулийн үеэр иргэн бүрээс “Эрдэнэс Таван толгой”-н 322 ширхэг хувьцааг нь 1.6 их наядаар худалдаж авч, өрийн данс зузаарсан. Дараа нь Ирээдүйн өв санг байгуулсан. Тус сангийн мөнгийг 2030 он хүртэл бэлэн тараахгүй гэж хууль баталсан. Гэвч 2020 оноос эхлэн хүүхдийн мөнгө тус сангаас тарааж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэчнээн гоё нэр өгөөд ч ажиллах зарчим нь нэг байвал ялгаагүй “Буруу зүгт будаа тээж байна” гэж ойлгож болно. Өнөө, маргаашдаа бид энэ бүхнээ огт мэдэхгүй хөөрцөглөж байна. Амаа барих цаг тун удахгүй ирнэ гэж би харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 1 цаг 44 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 2 цаг 49 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 3 цаг 22 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 3 цаг 33 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 3 цаг 59 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов 4 цаг 41 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа 5 цаг 17 мин Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ 7 цаг 14 мин Х.Нямбаатар: 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлж, давхар шаталтат зуух тараана 8 цаг 17 мин Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид” 9 цаг 3 мин Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ 9 цаг 23 мин Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана 9 цаг 35 мин Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 12 цаг 26 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 12 цаг 39 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 12 цаг 51 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 13 цаг 3 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 13 цаг 11 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 13 цаг 24 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа Өчигдөр 19 цаг 05 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа Өчигдөр 18 цаг 34 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top