Өдөр тутмын сонины нүүрэнд "Төсвийн хориг гэгч нь Номер 1-ийн шантааж уу" гэх гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Товчхондоо өнгөрөгч сард УИХ-аар баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан явдал нь улс төрийн шантааж, албан тушаалын барьцаа, наймаа байсан гэх утгатай. Нүдэндээ ч итгэсэнгүй.
Өмнө нь бас нэг иймэрхүү агуулгатай, "Шанхайн уулзалт ба Ордны бослого" нэртэй нийтлэл хэвлэгдэж байв. Бас л төсвийн төсөл дээр "шүгэл үлээсэн" дөрвөн гишүүнийг хэний ямар хатгаасаар хөдлөв? гэсэн хардлагатай.
Тэгээд өмнөх удаа тавьсан асуултынхаа хариултыг удаах нийтлэлээр гүйцээсэн байна. Яасан их завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа?!
Сар хүрэхгүй хугацааны өмнө дөө. Улсаараа, нийтээрээ, хэвлэл мэдээллээрээ 2025 оны Төсвийн хуулийг эсэргүүцэж, "Жинхэнэ зарлагын үүд, дампуурлын төсөв байна. Ямар ч үндэслэлгүй, үрэлгэн, үр ашиггүй төсөв боллоо. Зардлаа танахгүй бол улсаараа мөлхлөө, орлогоо зөв тооцоолооч ээ" гээд иргэд төдийгүй эдийн засагчид, мэргэжилтнүүд нь ярьж шүүмжилж байлаа. УИХ-ын цөөн ч болов гишүүн иргэдийн дуу хоолой болоод үгээ хэллээ. Тэр байтугай Төсвийн хуулийг эргүүлэн татуулахаар 30 гаруй гишүүд гарын үсэг зурсан байлаа.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн уулзалтаас буцаж ирмэгцээ намынхаа гишүүдийг нэг нэгээр нь дуудаж уулзаад, маргааш нь Төсвийн хууль ямар ч хориг, саадгүйгээр батлагдсан байдаг. Бүр гарын үсэг зурсан АН-ын гишүүд хүртэл гараа өргөсөн кк.
Ингээд иргэдийн хувьд, эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхний хувьд ганц найдвар тавьж байсан этгээд нь Ерөнхийлөгчийн институт. Тэр битгий хэл иргэний нийгмийн байгууллагаас хүртэл Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн. Уг нь тийм шаардлага ч байхгүй л дээ. Хориг тавих, тавихгүй нь угаасаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.
Тэгээд Ерөнхийлөгч Төсвийн хууль болон түүнийг дагалдаж орж ирсэн бүх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Мэдээж улсаараа нийтээрээ баяр хөөр, алга ташилт. Манай хэвлэлийнхэн ч үүнд зай талбайгаа харамлаагүйг санаж байна.
Тэр байтугай Төсвийн төслийг боож оруулж ирсэн Сангийн сайд нь хүртэл "Засгийн газар хоригийг дэмжинэ, УИХ хүлээж авна, тодорхой. Төсвийг алдагдалгүй батлах боломж байна" гэчихсэн, бүр нэг дөнгөнөөсөө суллагдсан "гөлөг" шиг хөөрч гүйсэн өдрүүд саяхан.
Гэтэл Төсвийн хоригийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн өдрөөс бүх зүйл урвуугаа эргэв. Сангийн сайд 1,2 их наядыг хэмнэвэл төсөв алдагдалгүй болно оо гэсэн. Харин УИХ-ын гишүүд "хамгийн багадаа 3,6 их наядыг хэмнэх шаардлагатай" гэж үзжээ. Үүний буруутан нь Ерөнхийлөгч буюу хоригийн эзэн боллоо. Араас нь "Ерөнхийлөгч төсвийн хоригоор Засгийн газрыг шантаажилсан байна, угаасаа төсөв гол асуудал биш байсан байна" гэх төлбөртэй залруулгууд. Мөнгө их төлсөн байх аа.
Тэгээд араас нь "Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэл байхгүй шүү, Бизнесийн байгууллагууд ямар ч ажил хийхгүй шүү" гэх сүрдүүлгүүд хөвөрч байна. Учир нь юу гээч, "Төр бол хаан, хамгийн том худалдан авагч, хамгийн том бизнес эрхлэгч, баялгийн эзэн, ажил олгогч. Төр байхгүй бол та нар хэн ч биш шүү" гэж л анхааруулж байгаа юм. Мэдээж төр гэдэг нь одоогийнхоор Засгийн газар. Засгийн газар орлого бүртгэдэг, татвар хураадаг, түүнийгээ хуваарилдаг учраас тэр.
Ингээд татвар төлөгчид, иргэд /хамгийн ядуу хүн худалдаж авсан ширхэг талхнаасаа татвар төлдөг/ хэн ч биш болов. Маргааныг зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дундын асуудал гэж зарлав, Манай Ерөнхий сайд! Маргаан таслахдаа хүрвэл мань мэт, жирийн иргэд, бизнесүүдэд ямар ч хожилгүй, хамааралгүй гэнэ ээ.
Гэхдээ үүнээс өмнө зарчмын нэг асуудал байна. Төсвөө яаж хумих юм бэ, хумисан төсөв оруулж ирж чадах юм уу, үгүй юу? Эсвэл улс төрийн, институц хоорондын зөрчил гэж шалтаглаад өнгөрөх юм уу? Төсөв санаачлагч нь Засгийн газар, төсөв батлагч нь УИХ, хориг тавьсан нь Ерөнхийлөгч. УИХ нь хоригийг хүлээгээд авчихсан /бүр 2/3 буюу дийлэнх олонхиор/ байхад Ерөнхий сайд ямар арга хэмжээ авах юм. Ямартай ч нэг төсөв оруулж ирж таарна. Тэрийг ядаж үзмээр байна.
Ингэхэд төсвийг тэлсэн анхны Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ биш. Ерөнхий сайд С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулад төсвийн анхны тэлэлтийг хийж байлаа. Монгол Улс анх удаагаа гаднаас, гуравдагч орноос хөрөнгө оруулалт татаад, анхны төслөө хөдөлгөөд. Энэ бол төсвийн тэлэлт мөн. Орлого нэмэгдэж байж зарлагаа тооцоолдог. Энэ тэлэлт айл бүрийн хаалгаар орж байлаа. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа "Чингис" бондыг гаргаж, нийслэлд маш их хэмжээний бүтээн байгуулалтыг хийсэн.
Атал МАН, сүүлд Л.Оюун-Эрдэнэ засагласан жилүүдэд Монголд ямар эерэг өөрчлөлт авчирсан бэ? Төгрөгийн ханш гурав дахин суларсан, иргэдийн худалдан авах чадвар гурав дахин буурсан. Атал "Монголын эдийн засгийг тэлэх бодлого явуулсан анхны ерөнхий сайд байлаа, ААН-үүдээ дэмжих бодлого явууллаа" ч гэх шиг. С.Баярын үед жишээ нь Оюутолгойн гэрээг байгуулсан учраас эдийн засаг тэлсэн. Тэр тэлэлт дээр нь Н.Алтанхуягийн Засгийн газар маш их бүтээн байгуулалт хийсэн. Хамгийн сүүлд батлуулсан төсвийн орлого 4,7 их наяд, зарлага 5,6 их наяд төгрөг л байв. 2016 онд АН сонгуульд ялагдаж, засаг шилжих үед төсвийн орлого 3,6 их наяд, зарлага 7,7 их наяд төгрөг байжээ.
Гэтэл сая УИХ-аар батлуулсан төсвийн орлого 31,9 их наяд, зарлага нь 35,6 их наяд. Энэ мөнгө чинь иргэдийн нуруун дээр ирдаг шүү гэж аминдаа хэлэх гэсэн үг. Өнгөрсөн найман жилийн дотор иргэдийн орлого нэмэгдсэнгүй, амьдрал сайжирсангүй. Зүгээр төгрөгийн ханшийн уналт, амьдралын чанаргүйдэл. Ам.долларын ханш 2 дахин нэмэгдэж байхад манай төсөв 10 дахин нэмэгдсэн. Ямар ч үйлдвэрлэл, бүтэгдэхүүн нэмэгдээгүй мөртлөө шүү дээ.
Ерөнхийлөгч хориг тавьсан явдал нь улс төрийн, албан тушаалын шантааж байсан байж магадгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүн бөгөөд Ерөнхий сайд бол өөрт ноогдсон хариуцлагаа л үүрэх ёстой. Төсөв тэлэхээр амьдрал сайжирдаг гэдэг худал үгээ эхлээд буцаах ёстой. Сүүлийн найман жилд төсөв байж болох, эрүүл хэмжээсээс давсан. Тэгээд амьдрал юугаар сайжирсэн бэ?
Төрийн албан хаагчдын цалинг нэмэх гээд, нэмэхгүй гээд байгаа шантааж чинь 10-хан хувь. Атал амьдралын чанар, амьжиргааны төлбөр хэд дахин нэмэгдсэн бэ? Сүүлийн 10 жилд Монголд ямар бүтээн байгуулалт бий болсон, хаанаас ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн бэ? Аль нь ч байхгүй байхад төсвөө тэлээд, өрөө нэмээд яваад байгаа нь яг хэний төлөө вэ?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)