УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэв.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжсэнээр "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив
Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай журмаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 70 хувь гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас хуулийн төслийг 2024.12.25-нд өргөн мэдүүлж, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна.
Мөн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэж, гишүүдийн 83.1 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.