Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны дараа "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулах, хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан.
Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж, Франц улсын “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсчээ.
Уг төслийн талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд дээр хийжээ.
УИХ тогтоолын төслийг баталсан тохиолдолд "Орона майнинг" компани ураны олборлолт хийх боломжтой болох юм. Ингэхдээ Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Зөөвч-Овоо” ордод уусган баяжуулах технологиор олборлолт явуулна. Төслийн ажил хугацаандаа эхэлбэл уурхайн олборлолт 2028 оноос ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.
Мөн МАН-ын бүлэг энэ асуудлаар мэдээлэл сонссоны дараа намын бүлгийн дэд дарга нарыг сонгожээ. Намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, Г.Дамдинням, У.Отгонбаяр нарын дөрвөн гишүүнийг сонгосон байна.