Нийслэлийн удирдлагууд дахиад л Зайсангийн хуучин гүүрээр оролдож эхэллээ. Саяхан даа, сэрүүн намраар шаваад, хөлдөөгөөд зассан Энхтайвны гүүрээсээ (нарийн яривал Энхтайвны гүрнээс тэмээтэй хөшөө хүртэл) ч сургамж аваагүй бололтой.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг хийнэ. Шугамын холболтыг хийж дууссаны дараа арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ" гэжээ.
Гэвч энэ нь хуучин гүүрний нас ердөө ганцхан сараар л сунгагдаж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сард хуучин гүүрийг нэг мөр нураах юм байна. Гүүрийг нураасны дараа 18 метр өндөр шонт сууриудыг босгож, газар гэссэний дараа гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлыг эхэлж, наадмын өмнө долдугаар сарын 10 гэхэд шинэ гүүрээ ашиглалтад өгөх гэнэ.
Үндсэндээ Монголд урьд өмнө болж байгаагүй том "бүтээн байгуулалт" болно гэсэн үг. 225 метр урт, хоёр эгнээ төмөр бетон гүүрийг зургаан сарын дотор барьж ашиглалтад оруулна гээд амлачихлаа.
Өмнө ашиглалтад орсон шинэ гүүрийн ажлыг 2022 оны есдүгээр сард эхэлж, жилийн дараа буюу 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байлаа. Барилгын ажил жил тойрон үргэлжилсэн гэсэн үг. Гэтэл хуучин гүүрийг нураагаад шинээр барих ажлыг зургаахан сарын хугацаанд хийнэ гэх. Үнэн болов уу, үлгэр болох уу?
Хэрвээ үнэн байсан бол өнгөрсөн зун намрын зургаан сард хийчихгүй, дүн өвлийн хүйтэн, ид ачаалал, түгжрэлийн үеэр эхэлж байгаа нь бас л оньсого, таавар юм даа. Намаржин үргэлжилсэн "бордюр ажиллагаа" ид өвлийн хүйтэнд "гүүр ажиллагаа"-гаар үргэлжилж, баахан амьтны хөл туших бололтой. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг дээ.
Ингэхэд хуучин гүүр нь шинээсээ юугаараа муу, шинэ нь юугаараа илүү юм бол? Хотын дарга нарын хэлээд байгаа "Ашиглалтын түвшин стандартын D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй" гэдэг нь яг юундаа байна? Нэг нь бохирын шугамтай, нөгөө нь бохирын шугамгүй, яг адилхан хоёр гүүр л харагдаж байна.
Б.ЗАЯА