Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрөгч сард мэдээлэл хийхдээ "Он гарснаас хойш нэг их наяд 130 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 9693 зээлдэгчид өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн байна. Орон нутагт гурван хувийн хүүтэй зээлийг 2613 иргэнд өгсөн бол Улаанбаатарт олгогдсон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж буй иргэдийнх байна. Ирэх онд 1,2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно" гэсэн билээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилго нь анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын яндангийн тоог бууруулах, агаарын бохирдлыг багасгахад чиглэж байсан. Гэвч зээлийн зарцуулалт нь төдийлөн байгаа онохгүй, зээл авсан иргэдийн дийлэнх нь өмнө орон сууц авсан иргэд байгааг судалгаагаар харуулжээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь гурав болон дөрөв дэх орон сууцаа авсан байна. Тодруулбал,
Хөтөлбөрт хамрагдсан 118000 иргэний:
-10 хувь нь орон нутагт орон сууцтай иргэд дахин орон сууц авсан
-49,6 хувь нь Улаанбаатарт орон сууцтай иргэд дахин орон сууц авсан байна.
Түүнчлэн ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ өсч байгааг ч судалгаагаар тогтоожээ. Тиймээс ипотекийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд Монголбанк болон Хот байгуулалт, барилга, орон сууцжилтын яамнаас тус тусын хувилбарыг дэвшүүлээд байгаа юм байна.
Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн хүүг бүсийн ялгавартай тогтоосноор зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой. Хотын төвийн А бүс буюу төвлөрөл ихтэй газарт зээлийн хүүг зургаан хувь биш, 8-10 хувь болгож нэмэгдүүлбэл зээлийн эх үүсвэр хоёр их наяд төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой" гэжээ.
Харин ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд "Ипотекийн зээлийн хөтөлбөрийг орлогын ялгавартайгаар хэрэгжүүлнэ. Дундаж орлоготой болон анх удаа орон сууц авч байгаа иргэдээ дэмжих бодлого баримтална. Талбайн хэмжээ нэмэгдэх тусам зээлийн хүү нэмэгддэг байх (60м.кв хүртэл 6 хувь, 80м.кв хүртэл 8 хувь гэх мэт) зохицуулалт хийх шаардлагатай. Шаардлагатай зохицуулалтуудыг хийж чадвал зээлийн эх үүсвэрийг 35 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой" гэсэн байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үнэхээр л зорилтот бүлэгтээ хүргэнэ, анх удаа орон сууц авч байгаа иргэдээ дэмжиж, гэр хорооллынхныг орон сууцжуулахад чиглүүлнэ гэвэл дээр хэлсэн хоёр арга хэмжээг хамтад нь авах ч боломжтой юм.