Засгийн газрын өнөөдрийн /2024.03.13/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
С.Амарсайхан:
-"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Дүнжингарав" худалдааны төв орчимд болсон газ дэлбэрлэлтийн хэргийг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа. Газтээвэрлэж явсан автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан гэдэг дээр хөндлөнгийн шинжээчид ажиллаж байна.
Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамны холбогдох албаныхан мэргэжлийн хүмүүстэй хамтран шалгаж дууссан. ШУТИС-ийн лабораторид орон сууцны төмөр, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрөгч баасан гаригт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарснаар дөрөвдүгээр сарын 1-н гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газраар, нийслэлийн төсвөөс газ дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна" гэв.
Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав захын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан 60 тоннын цистерн дэлбэрсний улмаас дөрвөн хүний амь үрэгдэж, 14 хүн түлэгдэж, хүнд, хөнгөн гэмтэл авсан юм. Мөн 90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн иргэн эмчилгээ авалгүй нас барсан билээ.
Ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас өмнө мэдээлж байв.